| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0359/э/ |
| Дугаар | 0402 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 0402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Т.Ганзориг
Хохирогч Ю.Б-
Хохирогчийн өмгөөлөгч П.Ган-Очир
Шүүгдэгч Г.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 1725000000200 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ** оны ** сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа болокны цех ажиллуулдаг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт ял шийтгэлгүй, Г.Б
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 сарын 11-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Жемстаун баарны гадна талд Ю.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б- нь миний эхнэр рүү удаа дараа “ганц юм ууя, уулзая” гэх утгатай мессэж бичээд байхаар нь би нүүр рүү нь 2 удаа цохисон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Хохирогчид учирсан гэмтэл миний үйлдлээс болсон. Хохирогчид 600.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ю.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Булган сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Тэгээд Эрдэнэтэд ажлын шугамаар ирж Эрдэнэт хоттой танилцсан. Орой Жемстаунд хүлээн авалтанд ороод 12 цагийн үед тарсан. Тэгээд автобусандаа ороод коридорт нь зогсож байтал араас нэг хүн татсан. Эргээд харангуут нүүр лүү цохисон. Үүнээс болж үүдэн 3 шүд хугарсан. Хамар хугарсан. Хамраа янзлуулсан. Өнөөдрийг хүртэл өөрөөсөө мөнгө гаргаж эмчилгээ хийлгэсэн. Өнөөдөр 600.000 төгрөг хийсэн гэж байна. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй. Эхнэрийнх нь хувьд ажил хэргийн холбоотой. Нэг удаа “вино уудаггүй юм уу, уух уу” гэж мессеж бичиж байсан удаатай. Өөр янз бүрээр мессеж бичиж байгаагүй. Миний хувьд гомдолтой. Өнөөдрийн байдлаар хиймэл шүд хийлгэх төлбөр 4.000.000 төгрөг, эмчилгээний зардал 676.590, нийт 4.686.590 төгрөг болж байна. Үүнээс шүүгдэгчээс өгсөн 600.000 төгрөгийг хасч тооцоход 4.086.590 төгрөг үлдэж байна. Үүнийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай эмэгтэй төлөөлөгч нар суугаад би автобусанд орж ирээд суугаад байж байхад Б- орж ирж байх шиг байсан. Зүс таних залуу автобусанд орж ирээд Б-оо гараад уулзья гэж хэлээд нүүр лүү нь 2-3 удаа цохиж авсан. Бид нар тэр залууг салгаж аваад автобуснаас гаргасан чинь бөөгнөрөөд байж байхад нь Б- автобуснаас буугаад ирсэн чинь нөгөө залуу хажууд байсан порентер машины кабен дээр ачаагаар нь дамжаад гараад Б-ийг өшиглөх гээд үсрээд ирэхэд нь Б-ийг холдуулаад тэр залуу газар унаад манайхан дээрээс нь дараад хорьж байгаад тэр залууг машинуудаас нэлээн хол аваачсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,
-Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Энэ үед Б- автобусанд орж ирээд хойшоо суух гээд алхаж яваад нөгөө залуу автобусанд орж ирээд Б- хаана байна гэж хэлээд Б-ийг хойноос нь татаж эргүүлээд үгийн зөрүү байхгүй нүүр лүү нь 2-3 удаа цохиод авсан гэсэн мэдүүлэг / хх 24 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 961 дугаартай дүгнэлтэнд:
1. Ю.Б-ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд баруун 1, 2-р шүднүүд, дээд зүүн 1-р шүднүүдийн хугарал үүсчээ.
2. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, ямар ч дэс дарааллын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна.
3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 30 ху/,
-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3-13 ху/,
-Г.Б-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-38ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44 ху/
-Хохирлын баримт /хх 53-82, 100-109 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 102 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 110-111 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 сарын 11-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Жемстаун баарны гадна талд Ю.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ю.Б-ийн “...Тэгээд автобусандаа суугаад коридорт нь зогсож байтал араас нэг хүн татсан. Эргээд харангуут нүүр лүү цохисон. Үүнээс болж үүдэн 3 шүд хугарсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Оюунболд /хх 23 ху/, Д.Ганхуяг /хх 24 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд баруун 1, 2-р шүднүүд, дээд зүүн 1-р шүднүүдийн хугарал үүссэнийг тогтоосон 961 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч Ю.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт хиймэл шүд хийлгэх төлбөр 4.000.000 төгрөг, эмчилгээний зардал 686.590 нийт 4.686.590 төгрөг болсноос шүүгдэгчээс өгсөн 600.000 төгрөгийг хасч, үлдэх 4.086.590 төгрөгийг нэхэмжилж байна.
Хэрэгт хохирогч талаас эмчилгээний зардал 240.000 төгрөг, Медипас эмнэлгийн үзлэгийн төлбөр 20.000 төгрөг, рентгены төлбөр 30.000 төгрөг, эм тарианы төлбөр нийт 164.790 төгрөг, шатахууны зардал нийт 150.000 төгрөг, замын зардал 10.000 төгрөг, хоолны зардал 61.300 төгрөг, нийт 676.090 төгрөгний баримтыг ирүүлснийг шинжлэн судлаад хоолны зардал 61.300 төгрөгийг энэ хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн хасч тооцон үлдэх 614.790 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Шүүгдэгч талаас хохиролд төлсөн 600.000 төгрөг төлснийг дээрхи 614.790 төгрөгний хохирлоос хасч тооцон үлдэх 14.790 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Ю.Б- нь “хиймэл шүд хийлгэхэд 4.000.000 төгрөгний зардал гарна” гэж тайлбарлан нотлох баримтаар шүдний эмч Болдбаатарын Золжаргал гэсэн хувийн тамга бүхий бэлэн мөнгөний орлогын баримтыг ирүүлсэн байх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэ удаад хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Хохирогч нь энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-с 14.790 төгрөг гаргуулж хохирогч Булган аймгийн ** сумын **-р баг ** тоотод оршин суух Ю.Б-ид /***********/ олгож, 4.000.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА