Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/605

 

       2022          06           09                                         2022/ДШМ/605

Б.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/333 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Зт холбогдох 2109 00758 1609 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б... овгийн Б...ын З..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, “Н...” ХХК-д .... ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” гэх нэртэй оффисоос хохирогч Т.Билгүүний “автомат шүүгээ” захиалгаар худалдан авах зорилгоор интернэт банк ашиглан шилжүүлсэн 16.000.000 төгрөгийг “юань болгож Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б... овгийн Б...ын З...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Заас 14.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Билгүүнд олгож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.З гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хятадын засгийн газрын тэтгэлэгээр бизнес удирдлага мэргэжлээр докторын 2 дугаар курст суралцдаг. Улаанбаатар хотод тэтгэвэрт гарсан эцэг, эхийн хамт амьдардаг бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орохдоо үйлдсэн гэм буруугаа маш сайн ухамсарлаж, гэмшиж учруулсан хохирлоос тодорхой хэсгийг барагдуулж, үлдэгдэл хохирлоо өөрийн хөдөлмөрийн хөлсөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулах хуваарь гарган оролцсон боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял шийтгэсэнд гомдолтой байгаа тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эрх зүйн байдал, гэм буруугаа ухамсарласныг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж, хохирогч болон яллагдагч хоёрт хоёр талд гомдолгүй шийдэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг хэт хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч Б.З нь анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан 16.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг төлж, дийлэнх ихэнхийг төлөөгүй байсан боловч тогтмол ажил орлоготой болсон учир сар бүр хуваарь гаргаж, 2022 ондоо хохирогч Т.Билгүүнд хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг шүүхээс ял оногдуулахад харгалзаж болохуйц бодит нөхцөл байдлуудыг үл харгалзан, хохирлын дийлэнх ихэнх төлөгдөөгүй гэх үндэслэлээр хорьж шийтгэсэнд гомдолтой байна. Б.З нь хохирлын дийлэнхийг төлөөгүй хэдий ч 2022 оны 2 дугаар сараас “Нэйшнл кашмер силк” ХХК-д гадаад худалдааны менежерээр ажиллаж, цалинтай болсон байсан. Б.З нь мөн Хятад улсад боловсрол эзэмшсэн, мэргэжлийн хятад хэлтэй тул 2022 оны 6 дугаар сард Хятад улсаас хөрөнгө оруулалттай компанитай өндөр хөлсөөр ажиллах ажлын гэрээ байгуулж, давхар хөдөлмөр эрхэлж, хохирлыг цалин хөлсөөрөө бүрэн төлөх боломжтой талаар шүүх хурал дээр тайлбар, мэдүүлэг өгч оролцсон. Мөн хохирогч Т.Билгүүн нь Б.Зыг хорих нь буруу, хориулахгүйгээр өөр шийтгэл оногдуулж, ажлыг нь хийлгээд миний хохирлыг яаралтай гаргуулж өгөөч гэх зэргээр мэдүүлж оролцсон үйл баримтуудад шүүх бодитоор дүгнэлт хийлгүй хэт хатуу шийтгэж яллалаа. Эрүүгийн хариуцлага нь нэг талаас гэм бурууд тохирсон шийтгэх цээрлүүлэх зарчимтэй хэдий ч нөгөө талаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн хохирсон эрхийг нөхөн сэргээхэд онцгойлон анхаарах зарчимтай байдаг. Иймд Б.Зын төлөгдөөгүй үлдсэн 14.500.000 төгрөгийн хохирлыг ажил хөдөлмөрийг нь хэвийн эрхлүүлж, цалин хөлснөөс нь хэсэгчлэн хувааж, 2022 ондоо багтаан төлж дуусгахыг илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, өөр төрлийн ял оногдуулж эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэн тэнсэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар шүүхээс хугацаа тогтоож тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Б.Зын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Т.Билгүүн оролцсон. Оролцохдоо шүүгдэгчийг “миний хохирлыг барагдуулахгүй байж магадгүй нөхцөл байдал үүсэж байна” гэсэн агуулга бүхий зүйл ярьсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” нэртэй оффисоос хохирогч Т.Билгүүний “автомат шүүгээ” захиалгаар худалдан авах зорилгоор интернэт банк ашиглан шилжүүлсэн 16.000.000 төгрөгийг “юань болгож Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Билгүүний “...Би 2021 оны 4 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “автомат шүүгээ” захиалахаар болсон юм. Тэгээд урьдчилгаа төлбөр болох 16.000.000 төгрөгийг шүүгээ авах компанийн данс руу шилжүүлэх болсон. ...Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрилла” гэх нэртэй оффист байрлах ажлын байран дээр байхдаа компанийн данснаас интернэт банк ашиглан нийт 16.000.000 төгрөгийг 2.900.000 төгрөгөөр 5 удаа, 1.500.400 төгрөгөөр 1 удаа шилжүүлсэн. Тэгээд Б.З нь шууд шүүгээ авах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компанийн данс руу шилжүүлэх байсан бөгөөд мөнгө шилжүүлэхгүй удаад байхаар нь асуухад тэрээр “Хятадад ашигладаг данс хязгаарлагдсан” гэх зэрэг шалтгаан хэлж байсан. Тэгээд явсаар байгаад 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр уулзахад манай мөнгө болох 16.000.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явуулаагүй, Б.Зын дансанд байхгүй болох нь тодорхой болж Б.З нь өмнө 100.000.000 төгрөгийн өртэй байсан хүндээ өгсөн юм шиг байсан. Надад 16.000.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /хх 37-39/,

шүүгдэгч Б.Зын яллагдагчаар өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Номинзул нь надтай “Вий чат”-аар холбогдож “Монгол мөнгийг Хятад улсын юань болгож солиулах шаардлагатай байна, боломжтой юу” гэж асуухаар нь би “болно, хэдэн төгрөг юм бэ” гэж асуухад тэрээр “16.000.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 5023165960 дугаартай данс руу 16.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Би тухайн мөнгийг юань болгох гэсэн боловч миний данс ажиллахгүй байсан. Тэгэхээр нь би тухайн мөнгийг өөрийнхөө өртэй байсан хүмүүст өгч өрийг төлсөн. ...” /хх 79/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.Зын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Зыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд Б.Зын хувьд өөрийнхөө дансанд 16.000.000 төгрөгийг авсныхаа дараа “Хятадад ашигладаг данс хязгаарлагдсан” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох 16.000.000 төгрөгийг авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Б.Зын хохирогч Т.Билгүүний “автомат шүүгээ” захиалгаар худалдан авах зорилгоор интернэт банк ашиглан шилжүүлсэн 16.000.000 төгрөгийг “юань болгож Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлж өгнө” хэмээн хуурч шилжүүлэн авсан үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нар “...төлөгдөөгүй үлдсэн 14.500.000 төгрөгийн хохирлыг ажил хөдөлмөрийг нь хэвийн эрхлүүлж, цалин хөлснөөс нь хэсэгчлэн хувааж, 2022 ондоо багтаан төлж дуусгахыг илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, өөр төрлийн ял оногдуулж эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэн тэнсэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхээс хугацаа тогтоож тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Б.З нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж үүрэг хүлээлгэх ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Зын үйлдсэн “залилах” гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тодорхой шаардлага, нөхцөлийг хуульчилсан байх ба шүүгдэгч Б.З нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Б.Зыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/333 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/333 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ        

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ