Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2024/03150

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* оршин байрлах “А******* *******” ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоот хаягт оршин байрлах “Т******* а******* б*******” ХХК /рд:*******/-д холбогдох,

13,253,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “А******* *******” ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.М******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага “Т*******-А******* Б*******” ХХК-тай 2022 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан Бараа материал нийлүүлэх, засвар үйлчилгээ хийх тухай № 19 дугаар гэрээгээр байгууллагын өмчийн Dunapac Rc 35 маркийн зам индүүдэх тусгай зориулалтын индүүний мотор, диск хуваарилагч бэлтгэн нийлүүлэх үнэ 10.750.000 төгрөг, явах эд ангийн насос кропка засварын үйлчилгээний хөлс 1.200.000 төгрөг, нийт 11.950.000 төгрөгийн үнэ бүхий гэрээг бичгээр байгуулсан бөгөөд индүүний засварт хэрэглэгдэх мотор, дикс хуваарилагчийг бэлтгэн нийлүүлэхэд хэрэглэгдэх 10.750.000 төгрөгийг нийлүүлэгч талын хүсэлтийн дагуу түүний Голомт банк дахь дугаар дансанд 2022 оны 02 сарын 21- ний өдөр шилжүүлсэн. Уг гэрээгээр нийлүүлэгч тал 2022 оны 04 сарын 01-ний өдрийн дотор бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, 2022 оны 04 сарын 30-ны өдрийн дотор үйлчилгээний хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Ингээд индүүг 2022 оны 02 сарын 26-ны өдөр А******* аймгийн төвөөс Норд шаланц маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 850 литр түлш хийж тээвэрлэн нийлүүлэгчид хүлээлгэж *******өн. Үүний дараа бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа болмогц манай байгууллага нийлүүлэгч талтай холбогдоход ирсэн сэлбэг таарсангүй буцаасан учраас дахиад ирнэ гэж хэлэхэд нь тэгсэн юм байна гэж ойлгосон. Гэтэл түүнээс хойш сэлбэг өнөө маргаашгүй ирж байгаа гэж байснаа сүүлдээ сэлбэг ирсэн удахгүй янзлаад өгнө гэхээр нь манай байгууллагын нярав, жолооч, механикч нар 2023 оны 03 сарын 10-ны өдөр нийлүүлэгчийн засварын газар гэх газар очиход задгай хашаанд манай индүүний эд ангийг задлаад тавьчихсан байхаар нь ирсэн сэлбэг, хэрэгсэл нь хаана байна гэхэд 05 сарын 01-ний өдрийн дотор ирнэ, 05 сарын 20-ны өдрийн дотор бэлэн болгоод өгнө гэж хэлсэн байсан. Түүнээс хойш бэлэн болгож өгнө гэж хэлж явсаар гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй болохоор нь манай байгууллага 2023 оны 10 сарын 11-ний өдөр очиж өөрийн өмчлөлийн индүүгээ авсан. Одоо манай байгууллага дээрх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 10.750.000 төгрөг болон индүүг аймгийн төвөөс нийлүүлэгчийн хашаанд тээвэрлэж аваачиж өгөхөд зарцуулсан шатахууны зардалд 2.503.250 төгрөг, нийт 13.253.250 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Хэрэв нийлүүлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд манай байгууллага тухайн индүүг олон дахин тээвэрлэж хохирол учрахгүй байсан гэж үзэж байна.

Манай байгууллага 2022 он, 2023 онд бусад байгууллагуудаас тусгай зориулалтын индүүг түрээсэлж хэвийн үйл ажиллагаа хангаж ирсэн бөгөөд үүнтэй холбоотой учирсан хохирол, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэм буруутай талын хүлээх үүргийн гүйцэтгэлийг анц хэлбэрээр манай байгууллагаас нэмж нэхэмжлээгүй болно.

Иймд А*******-******* ******* болон “Т*******-А******* Б*******" ХХК-ний хооронд 2022 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан Бараа материал нийлүүлэх, засвар үйлчилгээ хийх тухай 19 дугаар гэрээнээс нийлүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 10.750.000 төгрөг болон учирсан хохирол 2.503.250 төгрөг, нийт 13.253.250 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгож өгнө үү.

1а. Манай компани хариуцагчтай гэрээ хийсэн. Гэрээгээр индүүний засвар үйлчилгээ хийхээр тохирсон. Сэлбэг 10,750,000 төгрөг, үйлчилгээний хөлс 1,200,000 төгрөгөөр тохиролцсон. 2022.4.1-нд засварлаж дуусахаар тохирсон. 2022.4.30-нд хөлс төлөхөөр тохирсон. 2022 оны 2 сард индүүг тээвэрлэн Улаанбаатарт хүргэсэн. Үүнээс хойш сэлбэг, үйлчилгээний хөлсний талаар ярилцсан боловч цар тахлаас болж хугацаа хожимдсон. Улмаар хариуцагчтай дахин холбогдоход сэлбэг ирээгүй гэсэн. Мөн 2022.5.1-нд сэлбэг ирнэ гэсэн боловч сүүлдээ утсаа авахгүй байсан. Ингээд манай инженер очиж үзэхэд индүүний эд ангийг салгаад орхисон байсан. Улмаар бид өөр засварын газар уруу ачуулсан. Үүний дагуу бид сэлбэгийн мөнгөө гаргуулахаар шаардсан боловч төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээнээс татгалзаж төлсөн төлбөр 10,750,000 төгрөг, хохирол 2,503,250 төгрөг, нийт 13,253,250 төгрөг гаргуулна. Дараагийн засуулах компани нь Улаанбаатар хотод байдаг юм гэв.

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Өөрийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 34 дүгээр албан тоот /хх7/, бараа материал нийлүүлэх, засвар үйлчилгээ хийх гэрээ /хх8-10/, Төрийн банкны төлбөрийн даалгавар /хх11/, нэхэмжлэх /хх12/, шаардах хуудас /хх14/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх15/, 2 ширхэг гэрэл зураг /хх16/, өөрийн ТУЗ-ын 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн хурлын 12 дугаар тогтоолын хуулбар /хх17/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 10,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,503,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

2.         Нэхэмжлэгч “А******* *******” ******* нь гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 10,750,000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 2,503,250 төгрөг, нийт 13,253,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.         Хариуцагч “Т******* а******* б*******” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Т.Энхдоржид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүхэд мэдэгдсэн утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

4.         Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдөр бараа материал нийлүүлэх, засвар үйлчилгээ хийх гэсэн нэртэй гэрээ байгуулжээ. /хх8-10/

Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн Дунафак RC-35 загварын жижиг доргиурт замын индүүнд мотор шинээр суурилуулах, явахын насос засварлах ажилд сэлбэг нийлүүлж, суурилуулах үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч нь 11,950,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Энэхүү харилцан хүлээсэн үүргээс үзэхэд хариуцагч нь сэлбэг болон үйлчилгээ худалдах, нэхэмжлэгч нь үнэ төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 10,750,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэх, Төрийн банкны тэмдэг дарагдсан төлбөрийн даалгавраар тогтоогдож байна. /хх12, 11

5.         Дээрх гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид нэмэлт хугацаа олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Үүний учир гэрээний зүйлийг гуравдагч этгээдээр засварлуулсан гэж тайлбарласан. Хариуцагч нь энэхүү тайлбарыг үгүйсгэж маргаагүй тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн.

Улмаар нэгэнт гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаан өгөх үүрэгтэй. Иймд хариуцагч нь гэрээнд заасан үүргээс ямар нэг хэсгийг гүйцэтгэсэн эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн төлсөн үнэ болох 10,750,000 төгрөгийг буцаан олгох үүрэгтэй.

6.         Нэхэмжлэлийн шаардлага болох 2,503,250 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбараа нэхэмжлэгч санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрээний зүйл болох замын индүүг Улаанбаатар хотод оршин байдаг гуравдагч этгээдээр засварлуулсан гэж тайлбарласан. Иймд индүүг Улаанбаатар хот хүртэл тээвэрлэлтэд гарсан гэх 2,503,250 төгрөгийн зардал нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

7.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Т*******-А******* б*******” ХХК-с 10,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А******* *******” *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,503,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 186,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД