| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00319/И |
| Дугаар | 155/ШШ2016/00319 |
| Огноо | 2016-02-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2016/00319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч П.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б миний бие 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тус сургуулийн захирлын *** дугаартай тушаалаар сургалтын менежерийн ажилд орсон билээ. Гэтэл намайг Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй буруу тушаал гэж үзэж байна. Учир нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох заалтыг үндэслэх байтал, тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт болох хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл буюу ...хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа болно. Иймд Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар 10 жилийн дунд сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан. Тухайн үед багшлах эрх, багшлах эрхийн хөрвөх сургалт гэж боловсролын салбарт шаардаж байгаагүй. Сүүлд намайг суманд ажиллаж эхэлж байхад *** гэсэн индекстэй диплом авах шаардлагатай гэж үзэж байсан. Намайг сургуульд ажиллаж байхад багш биш програмисст мэргэжилтэй хүмүүс хүртэл багшаар ажиллаж байгаад багшлах эрхийн шалгалтаа өгөөд багшлах эрхтэй болж байсан. Дараа нь *** гэсэн индекстэй диплом авахаар сургуульд сууя гэхэд тухайн үед эдийн засгийн асуудлаас болоод сууж чадаагүй. Дараа нь найдвартай диплом гаргана гэсэн телевизийн зарын дагуу *** диплом гаргуулж аваад Хөвсгөл аймгийн **** сумын сургалтын менежерийн сонгон шалгаруулалтад орсон. Тухайн үедээ ажиллаж байсан захирал Л нь намайг багшлах эрхгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Би тухайн үедээ ажиллаж байсан бол одоо багшлах эрхийн шалгалт өгөөд цаашдаа ажиллах бүрэн боломжтой байсан. Миний бие Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох заалтыг үндэслэх байтал, тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д хууль буюу тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан... гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд намайг Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал П.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б нь 2014 оны 08 дугаар сарын .... өдөр манай сургуулиас зарласан сургалтын менежерийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн учир 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *** тоот тушаалаар сургалтын менежерийн албан тушаалд томилсон. Сургалтын менежерээр ажиллаж байсан Г.Бгийн багшлах эрхийн үнэмлэх авахдаа бүрдүүлсэн ********* дугаартай хөрвөх сургалтын диплом хуурамч болохыг тогтоосон МУБИС-ийн 2015 оны 3/1214, БМДИ- ийн захирлын 2015 оны 1/321, А/84 тоот албан бичиг мөн БСГ-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн албан тоот зэрэг нь сургалтын менежерийн албан тушаалын ерөнхий ба тусгай шалгуурыг хангахгүй болсон. Тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өөрийн гаргасан тушаалаа эрх зүйн үндэстэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн орон тоо гарсан байсан тул сул орон тоог нөхөх зорилгоор Боловсрол соёлын газраас шалгалтыг зохион байгуулж бүртгэх ёстой байдаг. Сургалтын менежерийн ажлын байранд тавигдах шаардлага нь 5 жилээс дээш жил ажилласан, багшлах эрхтэй хүн байдаг. Энэ шалгуурт тэнцсэн байсан учир би Г.Бг ажилд авсан. Ингээд ажиллаад явж байтал манайд шалгалт ирж Г.Бг D14 дипломыг хуурамчаар авч бүрдүүлсэн гэсэн асуудал үүссэн. Ажилдаа чадварлаг залуу боловсон хүчин байсан. Миний бие Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирлын тушаал, тоот, Боловсролын газрын даргын тоот зэргийг үндэслээд багшлах эрхгүй, хуурамч дипломтой гэсэн шалтгаанаар ажлаас халсан гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох заалтыг үндэслэх байтал тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан ...эрх бүхий байгууллага шаардсан...гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж, ажил олгогчоос Г.Бг мэргэжлийн бус, мэргэжлээрээ хөрвөх сургалтанд хамрагдаагүй учир багшлах эрхгүй, дээд байгууллагын шийдвэрийг биелүүлсэн гэх тайлбарыг гаргаж мэтгэлзэж байна.
Нэхэмжлэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуульд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс сургалтын менежерээр ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай Г.Бг ажилд авах тухай, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай Г.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх байна.
Ажил олгогч буюу **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал П.О нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэлээр Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгожээ.
Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан байх шаардлагатай ба ажил олгогч нь энэхүү хуулийн заалтыг зөрчиж Г.Бг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.
Мөн аймгийн Боловсрол соёлын газар нь орон нутагт боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг үндсэн чиг үүрэгтэй ба хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох талаар шаардлага гаргах хууль тогтоомжинд заасан эрх бүхий байгууллага гэж үзэх боломжгүй юм.
Иймд Хөвсгөл аймгийн **** сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай Г.Бгийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Г.Бгийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Бг Хөвсгөл аймгийн **** сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн **** сумын ерөнхий боловсролын сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН