| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00168/И |
| Дугаар | 155/ШШ2016/00320 |
| Огноо | 2016-03-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2016/00320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл А дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б.Д
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/00168/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Б.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Төв аймгийн Угтаалын Техник мэргэжлийн сургуульд явсан боловч тус сургуулиасаа гарсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 7 дугаар сард малчнаар элсэн орж, түүнээс хойш 1989 оны 12 дугаар сарыг дуустал хонь маллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, тамга тэмдэг дараагүй зэрэг зөрчилтэй, мөн ажиллаж байх хугацааны цалин хөлсийг аав, ээжийн нэр дээр бөөнөөр нь бичсэн зэргээс шалтгаалаад одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй болоод байна. Миний цалин хөлс авч байсан талаар 70 дугаар дансанд бичихдээ нутгийн хүмүүсийн дууддаг нэр Б.Дгоор, манай ээжийг Б гэдэг бөгөөд миний хойд аавыг А гэдэг байсан болохоор энэ овгоор тус тус бичсэн байна. Мөн манай сумын архив шатсан юм. Би тасралтгүй ажиллаж байсан. Иймд намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б.Дд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс олгосон 437 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх дээр А Д..., түүний ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний баримт болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар дансны хуулбаруудад Б.Д, А.Д гэсэн нэрээр тус тус бичигдсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Эхийн: эцэг эхийн нэр Наваанжанцан, нэр: Б, 1966/02/21-нд гэртээ төрүүлсэн, Бын Дг 1966/03/02-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 20-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 08/000667 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн нөхрийн: эцэг эхийн нэр Осоржамц, нэр А, эхнэрийн: эцэг эхийн нэр Наваанжанцан, нэр Б, нарын 1970/09/03-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 12-т 1970/10/21 өдөр бүртгүүлсэн гэх бичилттэй ***** дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч С.Д-ын ...ээж Б овоглодог юм. Хойд аав нь А гэж хүн байсан...Дг төрснөөс хойш эх Б нь А гэх хүнтэй гэр бүл болсон...нутгийн хүмүүс бид Д гэж дууддаг... гэх мэдүүлэг, гэрч Ц.Огийн ...ээж нь Б гэдэг хүн байсан, гэртээ гарсан хүүхэд...хойно нь ээж Б нь А гэх хүнтэй гэр бүл болсон...нутгийн хүмүүс Ан Д гэдэг...бид Д гэж дууддаг...албан ёсны нэр нь Д юм... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч Б.Д Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Дгийн 1983 оны 7 дугаар сараас 1987 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс Бын Дд 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин хөлс олгосон бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс олгосон 437 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Д-ын 8 дугаар ангиа төгсөөд тракторын курст 1 жил явсан...Б.Д нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадын Ан суурьт 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хоньчноор ажиллаж, 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. А нь суурийн ахлагч байсан... тасралтгүй ажиллаж байсан...би тус нэгдэлд 1971 оноос эхлэн 1991 оныг дуустал боловсон хүчин хийж байсан. Миний гаргаж байсан үеийн зарим баримт архивт байдаг... гэх мэдүүлэг, гэрч Ц.Огийн Б.Д нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 7 дугаар сараас эцэг, эхийн гар дээр гарч хоньчноор 1990 он хүртэл ажилласан...аав Агийн хонин суурьт ажиллаж байсан...би Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд бригадын шуудангийн жолоочоор 1982 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Б.Дгийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор шатсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.Дд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/76 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 04 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2736534 төгрөгийн хохирол учирч шатсан... гэх бичилттэй тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдлоо.
Хүсэлт гаргачийн гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10/77 дугаартай тодорхойлолт нь хэрэгт ач холбогдолгүй байх тул нотлох баримтад үнэлээгүй бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх нүд овогт Бын Дгийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА