Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1738002940099 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э.

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоот хашааны үүдэнд иргэн А.О-н толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоот хашааны үүдэнд иргэн А.О-н толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч А.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай гэрийн хаалгыг Эрдэнэмандах онгойлгоод “нааш ир хөгшөөн” гээд дуудахаар нь яасан бэ гэсэн чинь “пизда минь чи яахаараа миний машин зурдаг юм” гэхээр нь хувцасаа өмсөөд гэрийн үүдээр гартал толгой руу чулуугаар цохичихсон. Тэгтэл толгойноос цус асгараад унасан. Тэгэхээр нь яаж байна аа гээд бариад авсан чинь дахиж миний толгойн хэсэг рүү чулуугаар цохисон. Тэгээд толгой хэсэг рүү нэлээд хэдэн удаа чулуутай гараараа цохьсон. Би гараараа нэлээд хэдэн удаа хаасан. Хаасан гар, булчин хэсэг хөхөрсөн байгаа. ...Эрдэнэмандах бол намайг санаатай чулуугаар цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23 дугаар хуудас/,

Гэрч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн үед тэр залуу чи зурсан пизда минь гээд О-н толгой хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэгтэл О-н толгойноос цус гоожоод ирсэн. Тэгэхээр нь яагаад цус гарчихав аа гэхэд нөгөө залуу гартаа чулуу барьчихсан байсан. ...Атгасан гарын хэмжээтэй чулуугаар эхний удаа 2-3 удаа О-н толгой хэсэг рүү цохисон. Сүүлийн удаад нь О-н дагз хэсэг рүү 1-2 удаа цохисон. Манай нөхөр Дамдинсүрэн Отгонбаатарыг салгаж аваад нөгөө залууг барьж аваад салгасан. Манай нөхрийг барьж байхад тэр залуу дахин чулуу барьж аваад О-н толгойн ар хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О яая гэж орилоод явчихаар нь гүйгээд очтол О-н толгойн ар хэсэг рүү 2-3 удаа цохисон. ...тэр залуу чулуу авч ирсэн юм шиг байсан. Атгасан гарын чинээнээс том чулуу байсан. Эхний чулуугаар миний мэдэж байгаагаар О-н толгойн хэсэг рүү 2 удаа цохисон. Дараагийн чулуугаар толгой хэсэг рүү нь 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №604 дугаартай

  1. О-н биед гэмтэл тогтоогдлоо.
  2. О-н биед тархи доргилт, зүүн зулай, дагзанд шарх, баруун бугалганд цус хуралт, баруун сарвууны 1-р хуруунд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч А.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э-с 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт хохирлын талаарх нотлох баримтгүй байх тул хохирогч А.О нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Э-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738002940099 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг чулууг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Эрүүгийн 1738002940099 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

      7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч А.О нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Э-с иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг чулууг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН