Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/606

 

       2022          06           09                                         2022/ДШМ/606

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл,

хохирогч Б.Цэлмэгийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Гт холбогдох 2105 02362 0723 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О... овгийн Б...ы Г..., 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, “Н...” компанид .... ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7-6 байрны 4 давхрын орцонд шалтгаангүйгээр хэрүүл, маргаан үүсгэж улмаар хохирогч Б.Цэлмэгийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун, зүүн доод зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун дээд талын 2 дугаар араа шүд, зүүн доод талын 2 дугаар шүд, дээд үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүд болон доод үүдэн зүүн 1 дүгээр шүдний ирмэг эмтэрч хугарсан, баруун завжны дотор салстын язрал, зүүн дээд талын 1 дүгээр их араа шүдний хүзүүвч хэсгийн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О... овгийн Б...ны Г....ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 181.000 /нэг зуун наян нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Цэлмэгт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Цэлмэг нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзсэн нь зүйн хэрэг. Гэвч анхан шатны шүүхээс Б.Гт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний хувийн байдал, шинж чанарт нь тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, Б.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үл таних хүмүүсд зодуулсны улмаас биедээ хүнд зэргийн гэмтэл авсан байдаг. Уг гэмтэл нь өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэт эдгэрээгүйн улмаас хүнд юм өргөх, хурдан гүйж харайх зэрэг хүчтэй хөдөлгөөн хийж чадахгүй байгаа. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-т “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж тус тус заасан. Шүүгдэгч Б.Г нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, цаашид хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-т заасан шудрага ёсны зарчимтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь эрүүл мэндийн шалтгааны улмаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэх боломжгүй байтал шүүгдэгч Б.Гийн хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал зэргийг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан нь шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Б.Гт торгуулийн ял оногдуулах боломжтой тухайд шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас биеийн байдалд нийцсэн хөнгөн ажил хийж гүйцэтгэж байгаа. Тодруулбал түүний төрсөн ах болох Б.Чинзориг нь Япон улсаас автомашин импортоор оруулан ирж худалдаалдаг бөгөөд Б.Г нь импортоор оруулж ирсэн автомашиныг худалдан борлуулах ажлыг хийж гүйцэтгэн худалдан борлуулсан автомашины үнийн дүнгээс хамааран тодорхой хэмжээний хувийг авч сар бүр дунджаар 2-3 сая төгрөгийн орлоготой ажилладаг. Мөн түүнчлэн түүний эхнэр болох Б.Энхцацрал нь хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд сарын цэвэр ашиг дундажаар 1.5-аас 2 сая хүртэлх төгрөг болно. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгуулийг төлж барагдуулах эдийн засгийн бүрэн боломжтой болох нь харагдаж байна. Иймд шүүгдэгч Б.Гийн хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч Б.Цэлмэгийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хууль ёсны зарчимд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүгдэгчийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан гэдгийг түүний өмгөөлөгч хэллээ. Шүүгдэгч Б.Г үл таних хүмүүст зодуулж, гэмтэл авсан тухай ярьж байна. Эдгээр гэмтлүүд нь хүнд зэргийн гэмтэл эсэхийг бид мэдэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Г нь хүүхэд үеэсээ өдийг хүртэл танхайрсаар ирсэн байдаг. Анхан шатны шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа харьцангуй бага цагаар оногдуулсан ч хохирогчийн зүгээс Б.Гийг засран хүмүүжинэ гэж найдсан учир давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7-6 дугаар байрны 4 давхарын орцонд шалтгаангүйгээр хэрүүл, маргаан үүсгэж улмаар хохирогч Б.Цэлмэгийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч өмнө нь 2018 онд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан. Дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгааг прокуророос гэмт зан үйл нь засраагүй байна гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой 3-4 хуудас материал байдаг ч түүний эрүүл мэндэд ямар хохирол учирсан, яагаад тухайн ялыг эдлэх боломжгүй талаар эмч, шинжээчийн үйлдсэн баримт байдаггүй учир ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7-6 байрны 4 давхрын орцонд шалтгаангүйгээр хэрүүл, маргаан үүсгэж улмаар хохирогч Б.Цэлмэгийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун, зүүн доод зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун дээд талын 2 дугаар араа шүд, зүүн доод талын 2 дугаар шүд, дээд үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүд болон доод үүдэн зүүн 1 дүгээр шүдний ирмэг эмтэрч хугарсан, баруун завьжны дотор салстын язрал, зүүн дээд талын 1 дүгээр их араа шүдний хүзүүвч хэсгийн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Цэлмэгийн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед найз охин Г.Мөнх-Эрдэнэтэй түүний амьдарч байгаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгын 7-6 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт уулзаад зогсож байхад доороос үл таних 30 орчим насны эрэгтэй хүн согтуу, эхнэртэйгээ муудалцсан байдалтай гарч ирээд бид хоёр луу “дандаа энд зогсоно, золбин гөлөгнүүд, доошоо буу” гэж хэл амаар доромжлохоор нь “одоо буулаа” гэж хэлсэн. Тэгээд би тухайн эрэгтэй хүнтэй зөрөхдөө мөрлөчих шиг болсон бөгөөд тухайн эрэгтэй нь “чи одоо яагаад байгаа бацаан бэ” гэж хэлсэн. Тэр үед нь “Та чинь одоо яагаад байгаа юм бэ, одоо гарах гэж л байна шүү дээ” гэж хэлэхэд намайг зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохихоор нь би түүний биенээс түлхэхэд миний цамцнаас барьж аваад толгой дагз хэсэг рүү гараараа олон тооны удаа цохисон. Энэ үед манай найз охин болон тухайн эрэгтэй хүний эхнэр нь гэх хүн “болиоч” гэж хэлээд зогсож байсан. Би зодуулж байгаад зугтаах гэхэд намайг хувцаснаас барьж аваад миний толгой руу нэг удаа мөргөөд, гараараа хэд хэдэн удаа цохисон. Би мухарт шахагдаад цохиулж байгаад ухаан балартсан. Миний санаж байгаагаар дээрээс 4-5 удаа зүүн талын нүд болон шанааны хэсэгтээ дэвсүүлсэн. Тухайн эрэгтэй хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн харилцааны таагүй байдлаас болоод намайг цохиж, зодсон. Намайг “золбин гөлөг минь буу” гэж хэлэхээр нь би “буулаа” гээд зөрөхдөө түүнийг мөрлөчихсөн. Энэ үед “чи яагаад байгаа бацаан бэ” гэж хэлээд намайг зодсон. ...” /хх 27-28/,

гэрч Г.Мөнх-Эрдэнийн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний орой ...найз залуу Б.Цэлмэгийн хамт юм яриад зогсож байхад манай байрны 4 давхрын Б.Г ах доороос архи уучихсан, эхнэртэйгээ маргалдчихсан байдалтай гарч ирсэн. Тэгээд бид хоёр луу хараад “Хөөе та нар гар, зайл” гэж хөөгөөд манай найз залууг буланд шахаад гаргахгүй согтуурхаад байсан. Манай найз залуу Б.Г ахаас зугтаахад араас нь дагаж очоод толгой руу нь цохиод байсан. Тэгэхээр нь би айгаад сандраад доошоо хүмүүс байна уу гэж үзэхэд хэн ч байгаагүй бөгөөд буцаад очиход Б.Г ах манай найз залууг газар унагаачихсан, дээрээс нь дэвслээд толгой руу нь цохиод байсан. Энэ үед тэр ахын эхнэр нь нөхрөө татаад хажууд нь “болиоч” гэж хэлээд байсан. ...Өөрийн гар утсаараа найз залуу Б.Цэлмэгийг зодуулж байхад нь холоос бичлэг л хийж чадсан. Би “цагдаа дуудлаа” гэж хэлэхэд Б.Г ах манай найз залуу Б.Цэлмэгийг бүүр уурлаад дахин зодоод байсан. ...Ингээд салаад Б.Г ах эхнэртэйгээ гэр лүүгээ орсон бөгөөд манай найз залуугийн амнаас нь их хэмжээний цус гарсан, шүд нь далийчихсан, нэг талынх нь нүд хөхрөөд хавдчихсан, нүүр нь хүн харахын эцэсгүй болсон байсан. ...” /хх 30-31/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10385 дугаартай “...Б.Цэлмэгийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун, зүүн доод зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун дээд талын 2 дугаар араа шүд, зүүн доод талын 2 дугаар шүд, дээд үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүд болон доод үүдэн зүүн 1 дүгээр шүдний ирмэг эмтэрч хугарсан, баруун завьжны дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 38-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 150 дугаартай “...Б.Цэлмэгийн биед 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10385 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдээс гадна зүүн дээд талын 1 дүгээр их араа шүдний хүзүүвч хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Зүүн дээд талын 1 дүгээр их араа шүдний хүзүүвч хэсгийн хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 10385 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. ...” /хх 43-46/ гэх дүгнэлтүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг бөгөөд шүүгдэгч Б.Г согтуугаар, шалтгаангүйгээр хэрүүл, маргаан үүсгэж хохирогч Б.Цэлмэгийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун, зүүн доод зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун дээд талын 2 дугаар араа шүд, зүүн доод талын 2 дугаар шүд, дээд үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүд болон доод үүдэн зүүн 1 дүгээр шүдний ирмэг эмтэрч хугарсан, баруун завьжны дотор салстын язрал, зүүн дээд талын 1 дүгээр их араа шүдний хүзүүвч хэсгийн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Алтангэрэл “...Б.Г нь эрүүл мэндийн шалтгааны улмаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэх боломжгүй... шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас биеийн байдалд нийцсэн хөнгөн ажил хийж гүйцэтгэж байгаа. ...автомашиныг худалдан борлуулах ажлыг хийж гүйцэтгэн худалдан борлуулсан автомашины үнийн дүнгээс хамааран тодорхой хэмжээний хувийг авч сар бүр дунджаар 2-3 сая төгрөгийн орлоготой ажилладаг. ...Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгуулийг төлж барагдуулах эдийн засгийн бүрэн боломжтой болох нь харагдаж байна. Иймд шүүгдэгч Б.Гийн хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гомдолд дурдсан эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Б.Г нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэж байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ        

 

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ