Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2020/0134

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-эрдэнэ би, Жи Пи Эф ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Жи Пи Эф ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Жи Пи-Эф ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 914 тоот тушаал, 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 67 тоот тушаал, 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 341 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Уг маргаан үүссэн цаг хугацаа буюу анх 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тусгай зөвшөөрлийн талбайд очиж, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан үеэс маргаан бүхий асуудал олон нийтийн хараанд өртөж, улс төрчдийн шоу, энтертэйнмэнтийн нэг гол сэдэв болсоор ирсэн билээ.

Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн шүүх хуульд заасан үүргээ биелүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон маргааны агуулгыг хуульд заасан үндэслэл журмыг баримтлан хянах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна гэж итгэж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэг талд хэт давуу байдал олгосон байдлаар явагдаж ирсээр өнөөдрийг хүрлээ.

Улмаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай" хуулийг баталсан бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө. гэж заасан байх бөгөөд энэхүү зохицуулалтын хүрээнд маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайг ашиглан иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөх тухай зохицуулжээ.

Уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацаанд шүүхийн зүгээс маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 914тоот тушаал, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 67 тоот тушаал зэргийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж чадахгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно", мөн зүйлийн 66.2 дах хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана., гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ ийнхүү бичгээр гаргаж байгаа болно.

Иймд манай компанийн гаргасан энэхүү хүсэлтийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нь Жи Пи Эф ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 914 дүгээр тушаал, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 тоот Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Жи Пи Эф ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20-2/18 дугаар албан бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 д нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах..., 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгч Жи Пи Эф ХХК-ийн төлөөлөгчид тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Жи Пи Эф ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 914 дүгээр тушаал, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 тоот Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Жи Пи Эф ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ