| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2110 00829 0428 |
| Дугаар | 2022/ДШМ/607 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ДШМ/607
2022 06 09 2022/ДШМ/607
Э.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
хохирогч Б.Сын өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч И.Ганбат, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлоор Э.Бд холбогдох 2110 00829 0428 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б... овгийн Э...ын Б..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадайс” амралтын газрын орчим хохирогч Б.Сын гэрт согтууруулах ундаа хэрэглэн “гэрт бөөлжиж, шүлсээ хаях” зэрэг зохисгүй үйлдэл гаргасны улмаас түүнтэй маргалдан 18-97 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээр түүнийг мөргөн унагааж улмаар үргэлжлүүлэн түүний дээгүүр автомашинаар удаа дараа дайран гарч, эрүүл мэндэд нь хүзүүний 7 дугаар нугалам, сээрний 1, 2 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавиргануудын хугарал, зүүн тохой, сарвуу, шуу, нурууны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б... овгийн Э...ын Б...ийг “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Э.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.С нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/252 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хүнийг санаатай алах, алахыг завдсан, санаатай хүнд гэмтэл учруулсан талаар хийсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Харин мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэж хуульчилсан. Миний үйлчлүүлэгч анхнаасаа алах зорилгогүй байсан нь хохирогчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Хохирогч мэдүүлэгтээ “бид хоёр гэрт ороход Гэрэлт-Од гэрт шүлсээ хаяад бөөлжих гээд, шээх гээд байхаар нь аваад гарсан юм” гэж мэдүүлсэн. Эндээс харахад Б.С гэж хүн гэрээс гарч ирэхгүй байхыг үгүйсгэхгүй. Хэзээ нэгэн цагт гарч ирнэ, эсхүл гараад ир, гараад ирэхээр чинь алъя гэсэн үйл баримт байхгүй. Субьектив тал нь гэмт этгээдийн санаа зорилго, хүсэл эрмэлзэл, ухамсар, оюун санаа зэрэгт үндэслэдэг тул гэмт хэргийн дотоод мөн чанарыг илэрхийлнэ. Хэрэгт авагдсан баримтаар алахыг завдсан баримт нотлогдохгүйгээс гадна, санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зуйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нотлоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, шинжээч Аригуунтөгс зөрүүтэй дүгнэлт гаргасан. Хавирга хугарсан талаар шинжээчийн аль ч дүгнэлтэд байхгүй. “Лазер мед“ эмнэлэгт үзүүлсэн цээж, нуруунд зөрүүгүй хугаралтай гэж бичигдсэн байгаа. “Мед трамма” эмнэлгийн дүрс оношилгооны хариу гэдэгт 8, 9, 10 гэж бичсэн. Гэтэл аль ч дүгнэлтэд зүүн 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал гэж байхгүй нөхцөл нь гэмтлийн зэрэг мэдүүлэгтэйгээ зөрж байгааг харуулж байна.
Анхан шатны шүүх нэгтгэн дүгнэхэд хүнийг алах гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаардах бөгөөд гэм буруугийн хэлбэр нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хохирлыг хүсч эсхүл хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байдаг.
Тогтоогдсон үйл баримтаас хууль зүйн дүгнэлт хийвэл хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь нотлогдсон, шүүгдэгч Э.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байна гэж дүгнэснийг хэт өрөөсгөл, таамаглалд үндэслэсэн, үндэслэлгүй гэж үзэж байна.
Тээврийн хэрэгсэл нааш, цааш холхисон бол хэдэн удаа, ямар чиглэлд хөдөлсөн гэдгийг тодруулах, хувцсыг бүгдийг нь буцааж өгсөн байдаг ба ямар урагдал үүссэн юм, хувцсанд хийсэн шинжилгээгээр тодорхой болох боловч шинжилгээ байхгүй. Тээврийн хэрэгслийн доод эд ангид үзлэг хийгээгүй. Согтолтын зэрэг тодорхойлоогүй. Гэрч Баярбатын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан мэдүүлэг зөрүүтэй. Гэрч Баярбат “Энэ хоёр маргалдаад гараад яваад орилоод байсан, амь авраарай гээд байхаар нь гарахад мөргөсөн байсан” гэдэг. Гэтэл ”Бид хоёр гараад буцаж орсон” гэж хохирогч өөрөө мэдүүлдэг. Тодруулбал гэрээс ухраад гарсан байтал Б.С байна гэдгийг яаж таних вэ, харагдах боломжгүй. Техникийн шинжээчийн дүгнэлт байхгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээс харахад цээж хэсгээр нэг удаа гарсан мэт харагдаж байна. Шүүгдэгч хүн мөргөх шиг болсон, нэг зүйл дээгүүр гарсан гэдэг, дээгүүр нь гарсны дараа Баярбат яаж байгаа юм бэ гэсэн. Баярбатын мэдүүлгээр “гэрээс гараад ирэхэд үүдэнд хохирогч машин доор байж байсан, хүүе буугаач гэхэд буухгүй яваад өгсөн” гэж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд “дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл, нэг удаагийн үйлчлэлээр” гэж дүгнэсэн. Машинаар мөргөсөн, унасан, дээгүүр нь гарсан гээд гурван удаагийн үйлчлэл гэж харагдахаар байна.
Хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтаар прокурорын яллаж байгаа зүйлчлэл тохирохгүй, миний үйлчлүүлэгч энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруугүй, харин согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хохирол, хор уршиг учруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.
Хохирогч Б.Сын өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Э.Б нь “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Гэрч н.Баярбат, хохирогч Б.С нар болсон явдлын талаар тодорхой мэдүүлдэг. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл байдаг. Э.Б нь тухайн үед Б.Сын бие махбодид гэмтэл учруулахаар тээврийн хэрэгсэл ашиглан санаатай дайрсан, алах сэдэл зорилготой байсан гэж үзэж байна. Энэ үйлдлийн улмаас Б.Сын биед хүндэвтэр гэмтэл учирсан байдаг. Тухайн үед Э.Бий үйлдлийг харж байсан н.Баярбат түүний үйлдлийг таслан зогсоогоогүй байсан бол Э.Б сайн дураараа Б.Сыг дайрч байсан үйлдлээ зогсоохгүй хохирогчийн амь нас хохирох байсан. Э.Б хохирогч Б.Сын дээгүүр машинаараа 3 удаа гарсан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан гэж дурдсан. Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гараагүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Бий үйлдлийг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг мэтээр тайлбарлаж байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Э.Бий үйлдэл болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг юм. Иймд шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогч Б.Сын өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Бий үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хүнийг алахыг завдсан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогддог. 1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр талд Б.Сын өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 54 дүгээр талд гэрч н.Ундралын өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 64 дүгээр талд гэрч н.Баярбатын өгсөн мэдүүлгээс үзэхэд тухайн өдөр Э.Б, Б.С нар маргасан үйл баримт тогтоогддог. Хоорондоо маргасны улмаас Э.Б нь Б.Сын дээгүүр машинаараа хэд хэдэн удаа гарсан нь шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт завдалтын тухай тодорхой зааж өгсөн байдаг. Завдах гэмт хэрэгт гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, шууд санаатай, тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхыг шаарддаг. Эдгээр шаардлагыг Э.Бий үйлдэл хангаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Б хохирогч Б.Сыг машинаар дайрч унагаан, дээгүүр нь гарч урагшаа явах, хойшоо ухрах зэргээр хэд хэдэн удаа мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. Энэ үйлдэл нь Э.Бий хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу гэрч н.Баярбат түүнийг зогсоосноор гэмт хэрэг төгсөөгүй. Мөн автомашинаар бусдыг дайрснаар бусдын амь нас, бие махбодид ноцтой хохирол учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж үйлдлээ үргэлжлүүлсээр байсан нь хүнийг алахыг завдсан гэдгийг нотолж байна. Түүнчлэн “Мед трамма” болон бусад компьютер томографын шинжилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эхний дүгнэлт зэрэг нь бүрэн биш, эргэлзээтэй байсан учир прокуророос дахин шинжээч томилсон. Дахин шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хавирганы хугарлуудыг тусгасан нь өөр хоорондоо зөрүүгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадайс” амралтын газрын орчим хохирогч Б.Сын гэрт согтууруулах ундаа хэрэглэн “гэрт бөөлжиж, шүлсээ хаях” зэрэг зохисгүй үйлдэл гаргасны улмаас түүнтэй маргалдан 18-97 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээр түүнийг мөргөн унагааж улмаар үргэлжлүүлэн түүний дээгүүр автомашинаар удаа дараа дайран гарч, эрүүл мэндэд нь хүзүүний 7 дугаар нугалам, сээрний 1, 2 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавиргануудын хугарал, зүүн тохой, сарвуу, шуу, нурууны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Ц.Ундралын “...2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 27 минутад миний хүү над руу залгаад “ээжээ намайг авраач” гэж орилсон. ...Яваад очтол миний хүү гэр дотор орон дээр хэвтэж байсан. Гар хуруу, хувцас, бие нь зулгаралт үүссэн их өвдөлттэй байсан. ...Болсон асуудлыг тодруулахад “...зуух руу шүлсээ хаяад, шээх гээд байсан учраас Сүхбат гэрээс гаргаад маргалдсан, харин Билгүүн машинаа асааж ирээд миний хүүг дайрсан. Нэг удаа дайрчихаад буцаж ухраад нэг мөсөн гүйцээнэ гээд орилоод байсан” гэсэн. Баяраа машины хаалгыг нь онгойлгож Билгүүнийг татахад дахин хааз дээрээ гишгээд дайрсан гэж хэлсэн. ...” /1хх 54-56/,
гэрч Н.Баярбатын “...Сүхбат “Баяраа ахаа авраарай” гэж гэрийн зүүн урд талд орилоод байхаар нь гараад хартал Сүхбат машины доод талд нь орсон, Билгүүн машины жолоон дээр суусан байдалтай байсан, би Билгүүнд хандаж “Наад машин доор чинь Сүхээ байна шүү дээ” гэж хэлсэн боловч Билгүүн надад хандаж “Яадаг юм, би наадхыг чинь ална” гэж машин доор Сүхбатыг байгаа үгүйг нь тоохгүй дээгүүр нь гараад гэрийн хажуу талаар яваад өгсөн. ...” /1хх 64-65/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2830 дугаартай “...Б.Сын биед хүзүүний 7-р нугалмын арын сэртэн, сээрний 1, 2-р нугалмын хугарал, зүүн тохой, сарвуу, шуу, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /1хх 69-70/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 554 дугаартай “...Б.Сын биед хүзүүний 7-р нугалам, сээрний 1, 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн талын 6, 7, 8, 9-р хавиргануудын хугарал, зүүн тохой, сарвуу, шуу, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 113-115/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх -18-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Э.Бийг “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Сын гэрт согтууруулах ундаа хэрэглэн “гэрт бөөлжиж, шүлсээ хаях” зэрэг зохисгүй үйлдэл гаргасны улмаас түүнтэй маргалдан тээврийн хэрэгслээр түүнийг мөргөн унагааж улмаар үргэлжлүүлэн түүний дээгүүр автомашинаар удаа дараа дайран гарч, эрүүл мэндэд нь хүзүүний 7 дугаар нугалам, сээрний 1, 2 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавиргануудын хугарал, зүүн тохой, сарвуу, шуу, нурууны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Р.Пүрэвлхам “...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтаар прокурорын яллаж байгаа зүйлчлэл тохирохгүй, миний үйлчлүүлэгч энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруугүй, харин согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хохирол, хор уршиг учруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Сын гэрт согтууруулах ундаа хэрэглэн “гэрт бөөлжиж, шүлсээ хаях” зэрэг зохисгүй үйлдэл гаргасны улмаас хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд хохирогч Б.Сын “...цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл миний баруун талаас мөргөөд, би газарт унаад байж байтал миний дээгүүр Билгүүн өөрийн машинтай гараад дахин урагш хойш бараг 2-3 удаа ухраад байсан. ...Баяраа, Гэрэлээ нар намайг машин доороос гаргах гэхэд Билгүүн машинаа холдуулахгүй байсан. ...дахин миний дээгүүр гарч цаашаа зугтаагаад явсан. ...” гэх, гэрч Н.Баярбатын “...Сүхбат “Баяраа ахаа авраарай” гэж гэрийн зүүн урд талд орилоод байхаар нь гараад хартал Сүхбат машины доод талд нь орсон, Билгүүн машины жолоон дээр суусан байдалтай байсан, би Билгүүнд хандаж “Наад машин доор чинь Сүхээ байна шүү дээ” гэж хэлсэн боловч Билгүүн надад хандаж “Яадаг юм, би наадхыг чинь ална” гэж машин доор Сүхбатыг байгаа үгүйг нь тоохгүй дээгүүр нь гараад гэрийн хажуу талаар яваад өгсөн. ...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Сыг санаатай алах зорилготой тээврийн хэрэгслээр түүнийг мөргөн унагааж, түүний дээгүүр автомашинаар удаа дараа дайран гарсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байх тул шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бий 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ