| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0363/э/ |
| Дугаар | 0403 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 0403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1725000000198 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б. А,
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 сарын 14-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайгер баарны гадна Н.Т- болон түүний найзуудтай маргалдаж улмаар Н.Т-гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед би шар өнгийн үстэй байсан. Т- нь манай найз М-ийг алгадсан. Тэгэхээр нь би болиоч гээд хохирогчийн нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Хохиролд 500.000 төгрөг төлсөн. Тэр үед зургуулаа 1 шил архи уусан байсан. Нэг их согтуу байгаагүй. Хийсэн хэргээ ойлгож гэмшиж байгаа. Дахиж ийм хэрэг хийхгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Н.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг энэ өндөр залуу буюу сүүлд нэрийг нь мэдэж авч, уулзсан Б.Амарболд гэдэг залуу зодож нүүр лүү цохиж гэмтэл учруулсан юм. Амарболд миний нүүрлүү цохиж шүд гэмтээсэн гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,
-Гэрч Ж.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэмүжинг шар үстэй өндөр цагаан залуу зодсон гэсэн мэдүүлэг /хх 26-27 ху/
-Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...баар хаах цаг болоод 23 цаг 40 минутын үед баарнаас гараад үүдний хэсэгт зогсоод тамхи татаж байтал хоёр залуу гарч ирээд Улаанаагийн зогсож байсан газарт дөхөөд дүү ахыгаа шоолоод байна уу гээд муухай аашилсан. Тэр үед Улаанаа та юу яриад байна бид шоолоогүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал Амарболд ах нараа маргалдахаа больцгооё гээд гуйсан чинь тэр хоёр залуу Улаанаа, Амарболд хоёрыг дагуулаад цаашаа алхаад том том дуугараад яриад байсан, хэсэг хугацааны дараа зодоон болсон гэсэн мэдүүлэг /хх 28-29 ху/
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 801 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Н.Т-гийн биед доод баруун 1,2-р шүд, доод зүүн 1,2-р шүдний ганхалт, доод зүүн 2-р шүдний имтэрсэн хугарал үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Цаашид бүрэн эдгэрэх боломжтой. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 15 ху/
-Б.А-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 51-53 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36-37 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 сарын 14-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайгер баарны гадна Н.Т- болон түүний найзуудтай маргалдаж улмаар Н.Т-гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.Т-гийн “...Намайг энэ өндөр залуу буюу сүүлд нэрийг нь мэдэж авч, уулзсан Б.А гэдэг залуу зодож нүүрлүү цохиж гэмтэл учруулсан юм. Амарболд миний нүүрлүү цохиж шүд гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /хх 13 ху/, гэрч Ж.М /хх 26-27 ху/, Э.Э /хх 28-29 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед доод баруун 1,2-р шүд, доод зүүн 1,2-р шүдний ганхалт, доод зүүн 2-р шүдний имтэрсэн хугарал үүссэнийг тогтоосон 801 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ам-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА