Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/308

 

2017          11               30                                                    308    

                

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж шүүгч Н.Нямсүрэн, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,

Иргэдийн төлөөлөгч Л.Оюунчулуун,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч Б.Д,

Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд, Д.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г-д холбогдох Эрүүгийн 201722000042 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Ч.Г.

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Д-г гэрээсээ гарч архи уулаа гэж бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэж Д.Д-ийн хэвлийн тус газарт 2 удаа хөлөөрөө дэвсэж биед нь хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал гэмтлийг учруулж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Д-г гэрээсээ гарч архи уулаа гэж бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэж Д.Д-ийн хэвлийн тус газарт 2 удаа хөлөөрөө дэвсэж түүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай хамаатан У, А нар над руу утсаар яриад Д-ийн биеийн байдал нь муу байна, орж ир гэсэн. Яагаад, юу болов гэхээр хүн зодсон гэж хэлсэн. Манай хүргэн Г манай охиныг юунаас болоод яагаад зодсоныг мэдэхгүй байна...Охиноо нас барах үед маш их хэцүү байсан. Хөдөөнөөс орж ирээд хүүхдээ харсан чинь хагалгаанд орсон байсан. Миний охин 3 хоног амьсгаатай байсан, ухаан ороогүй юм. Би өөрөө харж чадахгүй болохоор хамгийн бага хүүг нь эгчид нь асран хамгаалагчаар өгсөн. Ийм байдалд оруулсан нь надад үнэхээр хэцүү байна. Хүүг нь асран хамгаалагчаар өгөхгүй 8 сар болсон. Сая л асран хамгаалагч болохыг зөвшөөрч хүүг үрчлүүлэх болсон. Би шүүгдэгчээс хохирол гэж оршуулгын зардалд 2.096.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр 20-ны өдөр 12 цагийн үед гэртээ Улаанбаатар хотод байж байтал манай эгчийн хүүхэд У над руу утсаар залгаад Д эгч нөхөртөө зодуулчихлаа. Эмнэлэг дээр хагалгаанд орж байна, элэг бяцарсан, гол судас нь тасарсан, хэвлийгээр нь дүүрэн цус хурсан байна гэнэ. Эмч нар найдваргүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 45 минутанд дуудлага ирээд 17 цаг 52 минутанд хөдлөөд 18 цаг 12 минутанд Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоот хашаанд очоод гэрт нь ороход нэг эмэгтэй гэрийн галын урд суучихсан байсан. Хажууд нь хоёр эмэгтэй, нэг эрэгтэй том хүн байсан. Тэр өвчтөний даралтыг үзэж байтал ухаан алдчихсан, даралт нь 70/40-тэй уначихсан байсан. Намайг гэрт очих үед ухаантай, аягүй зовиуртай, авраач гээд орилоод байсан. Хажуу талд нь байсан хүмүүс нөхөр нь ирээд зодчихоод яваад өгсөн гэж хэлсэн. Түргэн дуудаач гэсэн чинь юундаа маяглаад, баашлаад байгаа юм бэ гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г надад хэлэхдээ Д архи ууж ирсэн. Тэгээд чи яагаад архи уусан юм бэ? гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д-г 2010 оноос хойш танина. Г-с айгаад байдаг хүн дээ, манай гэрт тухтай ч цай уудаггүй юм. Утас нь дуугарлаа бол шууд яараад л яваад өгдөг хүн. Гэрээс гардаггүй, байнга л гэртээ байж байдаг хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...Тэгээд ээж Д орны урд уначихсан байхад манай аав Г ээжийн элэг юм уу, бөөр хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Манай аав, ээжийг гадуур явлаа гээд хардаад өшиглөсөн. Ээж ёо ёо гээд газарт хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгснээ Г ах чи хэнтэйгээ, хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гээд байсан. Тэгэхэд нь Д эгч дуугарахгүй байсан чинь Д эгчийн шанаа руу нь Г ах гараараа цохисон. Тэгснээ Д эгчийг Г ах орноос татаж унагааснаа гэдэс рүү нь 2 удаа дэвсчихсэн. Тэгээд би болиоч гээд орилсон чинь болихгүй байсан. Тэгээд Д эгч дэвсүүлээд хажуу тийшээ тонгойсон байхад нь ар нуруу руу нь өшиглөсөн. Нүүр лүү нь бас өшиглөсөн. Тэр үед Д эгч эмнэлэг дуудаач гэж Г ахад хэлсэн чинь битгий худлаа баашлаад бай гээд дуудахгүй байсан. Д эгчийг Г ах орноос татаж унагаад гэдэс хэсэг рүү нь 2 удаа дэвссэн. Тэр үед Д эгч юу ч хэлж чадахгүй, дуугарч чадахгүй байсан. Д эгч хүрэн өнгийн зүйлээр бөөлжөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А эгч надад хэлэхдээ...тэгтэл Г ах орж ирээд ямар оройтож ирдэг юм, хаагуур хэнтэйгээ явж байгаад ирсэн юм бэ гэж хэлэхэд нь ээж дуугараагүй гэсэн. Тэгээд сууж байхад нь ээжийн шанаа руу Г ах цохисон гэсэн. Тэгээд орон дээр очоод сууж байхад нь манай ээж Д-г газарт унагаагаад элгэн дээр нь 2 удаа дэвссэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р тал/,

Шүүгдэгч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр өгсөн: “...Тэгэхээр нь би чи хэнтэй архи уусан юм бэ гэсэн чинь хэнтэй ч уугаагүй гэсэн. Тэгээд би амыг нь үнэртээд үзсэн чинь архи үнэртэж байсан. Тэгээд над руу уурлаад байхаар нь баруун гараараа шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн цаашаа болоод орон дээр суучихсан. Тэгээд янз бүрээр хэлээд байхаар нь хүйс хэсэг рүү нь баруун хөлөөрөө өшиглөчихсөн чинь манай эхнэр Д эвхрээд уначихсан. Тэгээд би тухайн үед согтуурхаад байгаа юмуу гэсэн чинь манай эхнэр Д ханиа би үхэх гээд байна ш дээ гэсэн. Манай эхнэр гаднаас ирэхдээ зүгээр ирсэн. Намайг гэрт Д-г өшиглөж байхад манай гэрт А, Л 2 байсан. А үүдний хавьд зогсоод Г ахаа болиоч гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-88-р тал/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаартай:

- Д.Д-н биед гэмтэл тогтоогдоо.

- Д.Д-гийн биед элэгний 3, 4-р сегментийн няцрал, венийн задрал, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

- Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

- Д.Д-н цусанд 0.8 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р тал/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай:

- Д.Д-н биед гэмтэл тогтоогдлоо.

- Д.Д-гийн элэгний үүдэн хэсгийн урагдал, элэгний үүдэн венийн урагдал, элэгний 4, 5, 6 дугаар сегментийн няцрал, хэвлийд шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Д.Д-н цогцост задлан шинжилгээгээр уушигны наалдац болон тархмал үүсгэвэрт эмгэгтэй нь тогтоогдлоо.

- Д.Д нь хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, элэгний үүдэн хэсэг, элэгний үүдэн венийн урагдал гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас барсан байна.

- Д.Д нь уг шалтгаанаар нас барсан гэх нь хэвлий дэх шарх, зулгаралт, элэгний үүдэн хэсэгт оёдол тавигдсан байдал, элэгний үүдэн венийн урагдал, элэгний няцрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, дотор эрхтнүүдийн цус багадалт зэрэг шинжүүдээр батлагдана.

- Эмч, эмнэлгийн ажилчид зохих журмын дагуу эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

- Эмч, эмнэлгийн ажилчид нь өвчтөнийг хүлээн авч, оношлож, яаралтай хагалгаанд орсон байна гэх дүгнэлт /хх-ийн 67-69-р тал/,

 Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11, 27-р тал/,

 Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19-р тал/,

 Хэргийн газрын нөхөн үзлэгийн схем зураг /хх-ийн 20-р тал/,

 Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21, 24-26-р тал/,

 Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65-66-р тал/,

Шүүгдэгч Ч.Г-ийн сэтгэцийн байдлыг тогтоосон Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай:

- Ч.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн өвчингүй, эрүүл байсан, өөрийнхөө үйлдлийг ойлгож, мэдэж байсан.

- Ч.Г нь одоо сэтгэл мэдрэлийн өвчингүй эрүүл байна. Хэрэг хариуцах чадвартай.

- Ч.Г нь сэтгэцийн хувьд эрүүл тул албадан эмчлэх шаардлагагүй болно.

- Ч.Г нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл, болсон хэргийн талаар зөв ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

- Ч.Г нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 129-р тал/

Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Г-г хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан ба түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112-р тал/-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь хохирогчид 2.096.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн 201722000042 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгчийн цагдан хоригдсон 257 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн куртик, хөх өнгийн жинсэн урт цамц, Адидас брэндийн хар өнгийн бэлтгэлийн цамц, Адидас брэндийн ногоон шаргал өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн цэцгэн судалтай бор ноосон өмд, ягаан өнгийн хөхөвч, бор өнгийн оймс, ягаан өнгийн дотуур өмд зэргийг устгахаар шийдвэрлэв.

2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Л, 2006 оны 6 дугаар сарын 6-ны өдөр төрсөн хүү Г.Л,  2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Г.А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ч.Г-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-г 5 /тав/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Ч.Г-д оногдуулсан 5 /тав/ жил 10 /арав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 257 /хоёр зуун тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Л, 2006 оны 6 дугаар сарын 6-ны өдөр төрсөн хүү Г.Л,  2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Г.А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн 201722000042 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн куртик, хөх өнгийн жинсэн урт цамц, Адидас брэндийн хар өнгийн бэлтгэлийн цамц, Адидас брэндийн нөгөөн шаргал өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн цэцгэн судалтай бор ноосон өмд, ягаан өнгийн хөхөвч, бор өнгийн оймс, ягаан өнгийн дотуур өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-д урьд авсан 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож 5916104244 тоот ХААН банкны данснаас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж шүүгдэгч Ч.Г-д олгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ХҮРЭЛБААТАР

                                     ШҮҮГЧИД                                Н.НЯМСҮРЭН

                                                                                      Н.АРИУНЖАРГАЛ