Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/630

 

       2022          06           16                                         2022/ДШМ/630

С.Үод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч С.Ү, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

хохирогч Б.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Үын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Үод холбогдох 2205 00000 0692 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б... овгийн С...ын Ү..., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа барилга угсралтын ажил эрхэлдэг гэх, ам бүл .... нарын хамт ... аймгийн ... сумын ... баг, .... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... байрны ... тоотод түр оршин суух хаягтай, /РД:..../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

С.Ү нь 2022 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайж” зочид буудалд хохирогч Б.Бямбадэлгэрийг “хэл амаар доромжилж агсам тавилаа” гэх шалтгаанаар гараараа нүүр рүү нь цохиж, “баруун ухархайн дотор хана, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, баруун зүүн дээд, доод зовхи, баруун алимны салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б... овгийн С...ын Ү...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Үыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч С.Ү нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үоос 4.385.500 /дөрвөн сая гурван зуун наян таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Бямбадэлгэрт олгож, хохирогч Б.Бямбадэлгэр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч С.Ү цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Үод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Үын өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогч Б.Бямбадэлгэр шүүгдэгч С.Үын нүүр хэсэг рүү түлхсэн. Энэ үйлдэл болсны дараагаар хамгаалагч гэх залуу, ресейпшн гэх эмэгтэй нар хохирогч Б.Бямбадэлгэрийг хоёр талаас нь барьсан байхад шүүгдэгч С.Ү түүнийг хэд хэдэн удаа цохиж байгаа үйл явдал камерын бичлэгт бичигджээ” гэжээ. Гэтэл гэрч Б.Батбаярын мэдүүлэг “...утсаа авахад үйлчлэгч эмэгтэй миний урдаас Цагаанаа ах /хохирогч/ энд хүнтэй зодолдоод, хүн зодоод байна” /хх-49/ гэх, камерын бичлэг, уг бичлэгт хийсэн тэмдэглэл “Бичлэгний 19:49-д фудволктой эрэгтэй лифтнээс буцаад гарч ирж байх бөгөөд наана нь зогсож байсан саравчтай малгайтай эрэгтэй зүүн гараараа лифтнээс бууж ирсэн эрэгтэйн нуур руу нэг удаа цохиж, хоорондоо заамдалцаж байна” /хх-11/ гэх, хохирогчид С.Ү цохиулаад хойшоо тэнцвэр алдаж байгаа байдал /хяналтын камерын бичлэг зургаар хх-21 дэх талд/, хамгаалагч эрэгтэй саравчтай малгайтай эрэгтэйг /хохирогч Б.Бямбадэлгэрийг/ доош нь дарж шалан дээр хэвтүүлээд хоёр гарыг нь гавлаж байгаа байдал /хяналтын камерын бичлэг зургаар хх-24 дэх талд/ зэргээс үзэхэд хохирогч Б.Бямбадэлгэр С.Ү руу дайрч давшлаад байсан учир хамгаалагч, ресейпшн нар хориглоод гарыг нь татсан байхад гараа мулталж аваад С.Үыг цохисон, түүнийг цохисоны дараа С.Ү үргэлжлүүлээд заамдалцаж байгаа үйлдэл харагдаж байна. Өөрөөр хэлбэл өөрт учирсан довтолгооны эсрэг буюу халдлага бодитой эхлэнгүүт хойшоо тэнцвэр алдангуутаа үргэлжлүүлэн заамдалцаж, цохисон үйлдэл байхад шүүх цохихыг түлхэх гэж хохирогчийн үйлдлийг зөөлрүүлж, зөвтгөх байр суурьнаас хандаж хууль зүйн үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн тодорхойлох хэсэгт “...гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Бямбадэлгэрийн зүй бус үйлдэл, үүнд зочид буудлын өрөөнд согтууран агсам тавьж, нэр бүхий хүмүүсийг хэл амаар доромжилсон, цохисон, шүүгдэгч С.Үыг нүүр хэсэг рүү нь эхэлж түлхэж байгаа зэрэг байдал нөлөөлсөн гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ нь шүүгдэгч С.Үод оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаас биш, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэжээ. Харин шүүх шийтгэх тогтоолын агуулгыг танилцуулахдаа тухайн нөхцөл байдал нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахгүй гэж тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь мөн хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл юм.

Мөн хэсэгт “харин хүний эрх чөлөөнд халдаж буй хохирогч Б.Бямбадэлгэрийн хууль бус үйлдэл байгаа боловч “С.Үын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн 2658 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан нь уг үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэдгийг үгүйсгэнэ.” гэжээ. Энэхүү дүгнэлтээс харахад хэний, ямар үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэдгийг үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй байна. Үүнээс гадна тухайн өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө С.Үын зургийг авч криминалистикийн шинжээч 043 дугаар бүхий дардасаар баталгаажуулсан байх бөгөөд /зураг №6 хүзүүг харуулав хх-100 дахь талд/ хохирогч Б.Бямбадэлгэрт боолгосон ул мөрийг нотлох баримтыг үгүйсгэсэн дүгнэлт шүүх хийгээгүй юм.

Мөн тодорхойлох хэсэгт “Прокурор хэдийгээр 29-нөөс 30-нд шилжих шөнө гэж яллах дүгнэлтдээ бичсэн боловч “1 дүгээр сарын 29” гэдэг өдөр эхэлснээс хойш буюу 01:00 цаг эхэлснээс хойш уг гэмт хэрэг гарсан...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно.” гэж заасан байдаг.

Гэвч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харахад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх 2-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/, хохирогчоор тогтоох тухай тогтоол /хх 28/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх 29/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 49, 51, 53/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх 68/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2205000000692 дугаар тогтоол /хх 69-71/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 74-76/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх 77/, мөрдөгчийн тогтоол /хх 132/, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх 140/, яллах дүгнэлт /хх 146-148/ зэрэг нотлох баримт нь 2022 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан гэж мөрдөн шалгаж ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал мөрдөн байцаах байгууллага, прокурор нь хуулиар харъяалсан тус тусын чиг үүргийг хэрэгжүүлдэг ба тэднээс гарч байгаа шийдвэр нь хуульд нийцсэн байхыг шүүх шаардах бөгөөд харин тэдний хууль зөрчсөн ажлын алдааг өөрийн үзэмжээр засаж шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байхгүй билээ.

Хохирогч Б.Бямбадэлгэр нь “Орбита” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 3.800.000 төгрөгийн зардал гарсан гэх бэлэн мөнгөний орлогын баримт, НӨАТ-ын баримтын огноо зөрүүтэй байна. Түүнчлэн хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байхад эмчилгээтэй холбоотой баримтын огноо зөрүүтэй байгаа нь уг эмчилгээг 4 долоо хоногоос хойш хугацаанд хийлгэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч С.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

 

Хохирогч Б.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг прокурор алдаж бичсэнийг залруулсан нь хуульд нийцсэн. Камерын бичлэг хэрэгт авагдсан учир үүнд нэмэлт тайлбаргүй. Миний үйлчлүүлэгч “Орбита” эмнэлэгт баруун нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Хагалгааны дараа эмнэлгээс И-баримт биш орлогын баримт гаргаж өгсөн. Өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд нотлох баримт болох учир И-баримт гаргаж өгнө үү гэж шаардлага тавьж, хэсэг хугацааны дараа И-баримт гаргуулан авсан учир он, сар зөрсөн. Хуурамчаар нотлох баримт үйлдсэн асуудал биш юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч, хохирогч нар нь хэрэг гарсан цаг хугацаанд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Хохирогч Б.Бямбадэлгэрийн зүй бус үйлдлийн улмаас хэрэг гарах болсон гэдэг нь тогтоогдсон. Хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэлтэй аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл камерын бичлэгээр тогтоогддоггүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэрэг гарсан цаг хугацааг тогтоох боломжтой байсан учир хэрэг гарсан цагийг залруулж бичсэн нь хуульд нийцсэн ажиллагаа болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч С.Үын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

С.Ү нь 2022 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайж” зочид буудалд хохирогч Б.Бямбадэлгэрийг “хэл амаар доромжилж агсам тавилаа” гэх шалтгаанаар гараараа нүүр рүү нь цохиж, “баруун ухархайн дотор хана, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, баруун зүүн дээд, доод зовхи, баруун алимны салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бямбадэлгэрийн “...намайг зодсон залуу “чи ийм л куртиктэй байсан биз дээ” гэхээр нь би “чамтай ярих юм байхгүй, чи цаашаа ор” гэж хэлээд тэр залууг лифт рүү түлхтэл хамгаалагч миний баруун гар өчөөд хажуугаас ресейпшн эмэгтэй ирээд миний зүүн гарыг бариад зогсож байтал нөгөө залуу шууд миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод мөргөсөн. Тэгээд хамгаалагч миний баруун гарыг өчиж гавлаад газар унагасан. ...” /хх 31-33/,

гэрч Д.Сонинзаяагийн “...өндөр биерхүү, улбар шар өнгийн, нимгэн ноолууран цамцтай залуу бууж ирээд “унтаагүй байгаа юм уу, унтдаггүй юм уу” гэж яриад зогсож байтал буудлын өрөө авсан Үнэнболд гэх залуу лифтнээс бууж ирээд надтай зогсож байсан залууг үгээр идээд маргаан үүсэх шинжтэй байсан. Би “унтаад амарчих” гэж хэлээд Үнэнболд гэх залууг дагуулаад лифт рүү дөхүүлсэн. Тэр залуу лифтэнд суух гэж байснаа больж улбар шар өнгийн ноолууран цамцтай залуутай хэрүүл хийх гээд өдөөд байсан. Үнэнболд гэх залуу нөгөө залууг дуудсан. Тэр үед би тейкны ард ирсэн байсан. Чимээ гарахаар нь би эргээд нөгөө хоёр залуу дээр очсон. Хамгаалагч бид хоёр хамт тэнд байсан ба тэр хоёрыг салгаж амраах гэж оролдсон. Үнэнболд гэх залуу нөгөө залуугийн нүүр хэсэгт нь цохисон. Би хамгаалагчийн хамт салгах гэж оролдсон боловч дийлээгүй. Тэр хооронд Үнэнболд гэх залуу нөгөө залуугийн нүүр хэсэгт олон удаа цохиод байсан. Тэр үед харахад зодуулсан залуугийн нүүр аймар цус болчихсон байсан. ...” /хх 44-45/,

гэрч Ц.Отгонлхагвын “...шөнийн 04 цагийн орчим үйлчлэгч доор байрлах хүлээн авахын утас руу залгаад “511 тоотод ороод ирээ, энд хүн агсам тавиад байна” гэж хэлэхээр нь би гараад очиход Цагаанаа /хохирогч Бямбадэлгэр/ гэх залуу тэр өрөөний хүмүүст агсам тавиад “та нар муусайн юмнууд юу юм, би эндэхийн захирал байна” гээд нэг жижигхэн залуутай муудалцаад байсан. Тэгээд муудалцаж байсан залуугийн хажууд байсан залуу руу Цагаанаа гэгч нь бас дайраад алгадаад байсан. Тэр явдлаас хойш үл таних намхан залуу найзыгаа өмөөрөөд Цагаанаа руу дайраад “чи миний найзыг цохидог хэн бэ” гээд давшлаад байхаар нь би “одоо ахын дүү нар энд байгаа хүмүүсээ амар аа” гэж хэлээд Цагаанаа гэх залууг аваад нэг давхарт бууж ирсэн. Тэгсэн тэр Цагаанаа гэх залуу ресейпшнтэй юм яриад байсан. Тэгснээ “би куртикээ авъя” гэж хэлэхээр нь би 5 давхар руу гарч өрөөнөөс нь хар өнгийн куртик аваад очтол Цагаанаа “энэ миний куртик бишээ, би ийм куртик өмсдөггүй” гэж хэлэхээр нь би “тэгээд ямар куртик өмсдөг юм” гэж асуусан чинь хажууд байсан зөөгч “савхин куртик” гээд дээшээ хамт гарч аваад буухад нөгөө жижиг залуу дагаад буугаад ирсэн. Би “дуудлагын жолооч дуудаад өгье” гэхэд Цагаанаа нөгөө жижиг залуутай дахиад маргалдаад алгадаад авахаар нь би Цагаанааг тэврээд хойш татаад байж байх хооронд үйлчлэгч тэр жижиг залууг татсан чинь гэнэт тэр жижиг залуу Цагаанааг 2-3 удаа цохиод авсан. Би “болио” гэж хэлээд дахиад зодолдох байх гэж бодоод Цагаанааг гавласан. Удалгүй Цагаанаагийн нүүр, нүд нь хавдаж цус болсон байхаар нь гавыг нь тайлаад ариун цэврийн өрөөнд оруулж цусыг нь угаалгаад зөөгч залуу аваад эмнэлэг явсан. ...” /хх 51/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2407 дугаартай “...Б.Бямбадэлгэрийн биед баруун ухархайн дотор хана, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, баруун зүүн дээд, доод зовхи, баруун алимны салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүссэн байна. ...” /хх 56-57/ гэх дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...саравчтай малгайтай эрэгтэй зүүн гараараа лифтнээс бууж ирсэн эрэгтэйн нүүр рүү нэг удаа цохиж, хоорондоо заамдалцаж байна. ...лифтний үүдэнд зогсож байсан эрэгтэй саравчтай малгайтай эрэгтэйн цамцнаас заамдаж байгаад нүүрэн тус газарт нь 3, 4 удаа цохиж байх бөгөөд хамгаалагч эрэгтэй саравчтай малгайтай эрэгтэй нь баруун гарыг барьсан чигээрээ, харин ресепшин эмэгтэй дундуур нь ороод салгаж байгаа байдалтай байна. ...” /хх 10-27/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг бөгөөд шүүгдэгч С.Ү хохирогч Б.Бямбадэлгэрийг “хэл амаар доромжилж агсам тавилаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, гараараа нүүр рүү нь цохиж эрх чөлөөнд нь халдан түүний эрүүл мэндэд нь “баруун ухархайн дотор хана, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, баруун зүүн дээд, доод зовхи, баруун алимны салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Үод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч С.Үын өмгөөлөгч Д.Баасансүрэн “...шүүх цохихыг түлхэх гэж хохирогчийн үйлдлийг зөөлрүүлж, зөвтгөх байр суурьнаас хандаж хууль зүйн үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...шүүх шийтгэх тогтоолын агуулгыг танилцуулахдаа тухайн нөхцөл байдал нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахгүй гэж тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь мөн хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл юм. ...хэрэгт авагдсан нотлох баримтууд нь 2022 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан гэж мөрдөн шалгаж ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал мөрдөн байцаах байгууллага, прокурор нь хуулиар харъяалсан тус тусын чиг үүргийг хэрэгжүүлдэг ба тэднээс гарч байгаа шийдвэр нь хуульд нийцсэн байхыг шүүх шаардах бөгөөд харин тэдний хууль зөрчсөн ажлын алдааг өөрийн үзэмжээр засаж шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байхгүй. ...Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, камерын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгдэгч С.Ү хохирогч Б.Бямбадэлгэрийг нүүр рүү нь цохиж байгаа үйлдэл тодорхой тусгагдсан байх бөгөөд энэ нь давхар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байх ба анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацааг шүүхээс зөвтгөж шийдвэрлэснээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, болсон үйл баримтад нөлөөлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тул шүүгдэгч С.Үын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Бямбадэлгэрийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогч Б.Бямбадэлгэр шүүгдэгч С.Үын нүүр хэсэг рүү түлхсэн гэсэн хэдий ч хохирогч Б.Бямбадэлгэрийн шүүгдэгчийг цохисон үйлдлийн улмаас шүүгдэгчид гэмтэл учраагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Үын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Үын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ        

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ