| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0323/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/300 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч П.Итгэл
Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б-т холбогдох эрүүгийн 1738002760114 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Б-,
Шүүгдэгч А.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Балбархай гэдэг газар иргэн Р.Б-тай харилцан маргалдсаны улмаас түүнийг зүүн өгзөг рүү нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч А.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Балбархай гэдэг газар иргэн Р.Б-тай харилцан маргалдсаны улмаас түүнийг зүүн өгзөг рүү нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Р.Б-н: “...Бид 3 Б-гийнд ороход Б- гэртээ ганцаараа байсан. Бид нар мэнд ус мэдээд байж байтал Б- над руу уурласан маягтай чи битгий худлаа нээрээ юм яриад байгаарай гэхээр нь би урдаас нь би худлаа нээрээ юм яриагүй үнэн зүйл л ярьсан. Чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд тэднийхээс гарсан. Урьд нь 2017 оны 8 дугаар сард Б- өөрийнхөө хониноос 1 хонь мотоцикльтой хүний араар дүүрсэн Мөрөн явж байхаар нь би ээж болох Гаалиа гэдэг хүнд энэ талаар нь хэлсэн юм. Тэрэнд л уурласан юм шиг байна лээ. Бид 3-ыг гадаа гарахад Б- араас гарч ирсэн. Надтай маргаж байгаад хонго руу цохих шиг болсон. Тухайн үед надад хутгалсан гэж мэдэгдээгүй....намайг мотоциклиос буутал Д.Д- дээлийн чинь ар тал цус болсон байна. Яасан юм бэ гэхээр нь хартал цус болсон байхаар нь өмдөө шувтлаад үзтэл миний зүүн хонгоны гол хэсэгт хутгалсан байсан. Би тэр үед Б- намайг хутгалсан байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р тал/,
Гэрч Д.Д-ын: “...Би мотоциклийнх нь ачаан дээр дарсан байсан эмээлийг нь буулгах гээд хүлэгийг нь тайлах гээд татахад гарт нойтон зүйл баригдахаар нь гэрэл тусгаад хартал цус байсан. Тэгэхээр нь баярын дээлний ар луу гар чийдэнгийнхээ гэрлийг тусгаад хартал цус болсон байхаар нь чиний ар тал чинь цус болсон байна. Юун цус вэ гээд дээлийг нь тайлаад хартал зүүн талын өгзгөн дээр нь шинэхэн шарх үүссэн байсан. Тэр шархнаас нь цус гараад байсан. Тэгээд би юу болсон талаар Баяраас асуухад Б- намайг мотоциклийн араар суусан байхад хойноос цохих шиг болсон гэж байсан. Би Баярыг ийм байдалтай байгаа талаар эхлээд 103-т дараа нь 102-т мэдэгдсэн юм. Тэгээд 23 цаг өнгөрч байхад 103-н машин ирж Баярыг аваад явсан. Дараа нь би гэртээ харьсан. Намайг гэртээ ирээд байж байтал манай хажуу талын Б- манай гадаа ирсэн байсан. Тэгээд Б-г дуудаад байхаар нь гарсан. Би Б-д Баярын талаар хэлэхэд Б- би хутгалсан юмаа. Бие нь яаж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/,
Насанд хүрээгүй гэрч М.Б-: “...Манай малыг хардаг Баяраа ах манай ойролцоо байдаг Д.Д- гэдэг ахтай цуг манайд ирсэн. Тэгээд Д.Д- ах Баяраа ахын дээлний ар тал цус болсон байна гээд дээлийг нь тайлтал зүүн талын хонгоныхоо дээд талд нь 2 см орчим зүсэгдсэн бололтой шархнаас цус гараад байсан. Баяраа ах Б- намайг тэдний гаднаас мотоцикль дээр суугаад хөдлөх гэж байхад хутгалчих шиг болсон гэж байсан. Д.Д- ах түргэн дуудаж эмнэлгийн машин ирж Баяраа ахыг аваад явсан. Дараа нь би Д.Д- ахыг гэр лүү нь өөрийнхөө мотоциклиор хүргэж өгсөн. Намайг Д.Д- ахын гэрт байхад Б- ах тэдний гадаа ирээд Д.Д- ах асуухад Б- ах би уур хүрээд Баярыг хутгалсан юмаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р мэдүүлэг/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 596 дугаартай
- Р.Б-н биед гэмтэл тогтоогдлоо.
- Р.Б-н биед зүүн өгзгөнд шарх бүхий гэмтэл учирсан байна.
- Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
- Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч А.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн болох нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 43-р тал/
Эрүүгийн 1738002760114 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор улсын орлогод оруулахыг үүрэг болгосугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ