Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/631

 

 

       2022          06           16                                         2022/ДШМ/631

М.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч М.Мгийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/292 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Мд холбогдох 2205 00000 0637 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш... овгийн М...ын М..., 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

М.М нь 2021 оны 10 дугаар сард фэйсбүүкийн “Тэлмүүн Б” гэсэн хаягаар насанд хүрээгүй 13 нас 5 сартай Л.Агийн “Anulzgana Yaree”, “Anulzgana bnne” гэх хаягуудад зурвас бичин танилцаж, “дансаа өгчих мөнгө шилжүүлье” гэж дансны дугаарыг авсны дараа “чамайг данс явуулаад цахимаар биеэ үнэлдэг гэж бусдад тараана” гэх зэргээр зурвас бичин сүрдүүлж, насанд хүрээгүй Л.Агаар өөрийнх нь цээжний нүцгэн зургийг нь авхуулах, бэлэг эрхтэнээ гаргах, оролдох, цаасны цавуу шургуулах зэрэг садар самуун бичлэг хийлгэн авч, улмаар өөрийн компьютерт хадгалсан, мөн насанд хүрээгүй хохирогч Л.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт болох дээрх зураг, дүрс бичлэгүүдийг “цахим орчинд байршуулна” гэж сүрдүүлж, улмаар 5 удаагийн үйлдлээр нийт 110.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь данс руу шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш... овгийн М...ын М...ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэж, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 12.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.700.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан 12.700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн windows 10 рrо үйлдлийн системтэй F0-2F-74-4Е-АD-83 мак дугаартай суурин компьютерын процессор, уг компьютерт хийсэн үзлэгээр бэхжүүлж авсан 19 бичлэг хадгалсан 1 ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.М нь миний охиныг айлган сүрдүүлж, дарамтлан бэлгийн харьцааны талаар огт мэдэхгүй хүүхдийг маш их дарамталж ёс зүйгүй үйлдэл гаргасан. Одоо миний охин Ану сэтгэл санааны хувьд маш их айдастай, өөртөө итгэлгүй, ганцаардмал байдалтай болсон. Миний охин өөрийгөө нийгмийн харилцаанаас тусгаарласан. Сэтгэл зүйн хувьд хүнд байгаа. Байнга уур бухимдалтай, дуугаа хураасан байдалтай байдаг. Амиа хорлох тухай бодож байгаагаа ч хэлж байсан. Би 2022 оны 4 дүгээр сараас эхлэн ажлаасаа гарч охинтойгоо хамт байх болсон. Миний охин ийм хэцүү байдалд орчихоод байхад анхан шатны шүүхээс М.Мд торгох ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байгаа ба хийсэн үйлдэлд нь ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болормаагийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болормаа болон өмгөөлөгчийн зүгээс М.Мгийн үйлдсэн гэмт хэргийг нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлж зөв дүгнээгүй гэж үзэж байна. Хохирогч Л.А бага насны хүүхэд болохоо мэдэгдэж хэлсээр байхад “зургийг чинь олон нийтэд тараана” гэж айлган сүрдүүлж дарамталж удаа дараа бэлэг эрхтэнг нь оролдуулж мөн бэлэг эрхтэнд нь цаасны цавуу шургуулж бичлэг хийлгэж авч байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг гэж үзэж байна. Хохирогч дээрх үйлдлүүдийг өөрийн хүслээр хийгээгүй, М.Мгийн зааварчилгаагаар хийж байхад хүчингийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаагүй. Мөн хохирогчийг шүүх эмнэлэгт үзүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын “Хүүхдийн эрхийн тухай Венийн конвенц”-ын 34 дүгээр зүйлд оролцогч улсууд хүүхдийг бэлгийн замаар ашиглан мөлжих, хууль бус ажиллагаанд татан оролцуулах бүхий л хэлбэрээс хамгаалах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу оролцогч улсууд хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон талт шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүргийг олон улсын өмнө хүлээсэн байдаг. Иймээс М.Мг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “хүүхэд байх эрхийг боогдуулах” насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Мгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн талаар гомдолдоо дурдсан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүх хуралдааны явцад прокурорын санал болгосон ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хуульд заасан үндэслэл журмын дагуу процессын ажиллагаа явагдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчид торгуулийн ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагуудыг бүрэн дүүрэн хангасан учир прокуророос торгох ялыг санал болгосон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа зөрчилгүй явагдсан учир шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэдэг. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг тодорхойлохдоо гэм буруутай этгээдээс хохирогч руу шууд халдах, хохирогчийн бэлэг эрхтэн рүү өөрийн эд эрхтэн, өөр зүйлс оруулах зэргээр тайлбарласан байдаг. Энэ утгаараа шүүгдэгчийн үйлдэлд бусдыг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн шинж байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Шүүгдэгчийн зүгээс ямар үйл явц, байдлаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн талаар үнэн зөвөөр мэдүүлдэг. Хохирогчоос болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлдэг. Эдгээр хүмүүсийн хоорондоо бичсэн мессеж болон бичлэг зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар хураасан. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Мгийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй гэсэн байна. Энэ тухай бүрэн шалгаж тогтоосон. Шүүгдэгч хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй учир прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчлээгүй. Мөн шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Мг “2021 оны 10 дугаар сард фэйсбүүкийн “Тэлмүүн Б” гэсэн хаягаар насанд хүрээгүй 13 нас 5 сартай Л.Агийн “Anulzgana Yaree”, “Anulzgana bnne” гэх хаягуудад зурвас бичин танилцаж, “дансаа өгчих мөнгө шилжүүлье” гэж дансны дугаарыг авсны дараа “чамайг данс явуулаад цахимаар биеэ үнэлдэг гэж бусдад тараана” гэх зэргээр зурвас бичин сүрдүүлж, насанд хүрээгүй Л.Агаар өөрийнх нь цээжний нүцгэн зургийг нь авхуулах, бэлэг эрхтэнээ гаргах, оролдох, цаасны цавуу шургуулах зэрэг садар самуун бичлэг хийлгэн авч, улмаар өөрийн компьютерт хадгалсан, мөн насанд хүрээгүй хохирогч Л.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт болох дээрх зураг, дүрс бичлэгүүдийг “цахим орчинд байршуулна” гэж сүрдүүлж, улмаар 5 удаагийн үйлдлээр нийт 110.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь данс руу шилжүүлэн авсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүгдэгч М.Мгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа нарын гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг хангаж, шүүгдэгч М.Мг “хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэж, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг, “Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, дээрх торгуулийн ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 12.700.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан нөхцөл байдлыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлага хангагдаагүй тохиолдолд хэргийг шалгуулахаар прокурорт буцаахыг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсан.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна энэ хуулийн арвандолдугаар бүлэгт заасан журмыг баримталдаг ба яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах ба прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргах учиртай.

Гэтэл шүүгдэгч М.М нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байх бөгөөд прокурор ч энэ талаар тогтоол гаргаагүй байна.

Мөн шүүгдэгч М.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хэдий ч цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрэн хэлэлцээгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болормаагийн “...миний охин Ану сэтгэл санааны хувьд маш их айдастай, өөртөө итгэлгүй, ганцаардмал байдалтай болсон. Миний охин өөрийгөө нийгмийн харилцаанаас тусгаарласан. Сэтгэл зүйн хувьд хүнд байгаа. Байнга уур бухимдалтай, дуугаа хураасан байдалтай байдаг. Амиа хорлох тухай бодож байгаагаа ч хэлж байсан. Би 2022 оны 4 дүгээр сараас эхлэн ажлаасаа гарч охинтойгоо хамт байх болсон. Миний охин ийм хэцүү байдалд орчихоод байхад анхан шатны шүүхээс М.Мд торгох ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байгаа ба хийсэн үйлдэлд нь ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэх тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд заасан нөхцөл, шаардлагууд хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/292 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Мд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/292 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Мд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, 

      ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ