Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0954

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий би, Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******аас, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Я*******д холбогдуулан гаргасан ...улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Я******* тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...би тус хорооны даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 416 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, ******* дэнж, 29 дүгээр байр хаягт байрлах ******* ББСБ ХКК-д газар дээрх шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны бэлэн мөнгөний гүйлгээг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу шалган үзэхэд 2022 онд хийгдсэн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 21 удаагийн нийт 1,485,587,000.00 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлээгүй байсан тул илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу гүйцэтгэх захирал Э.Н*******д нэг мянган нэгжтэй тэнцэх торгуулийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ногдуулсан. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт ...энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.8, 4.1.10-т заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Санхүүгийн зохицуулах хороо, ... гэж заасны дагуу хэрэгжилтийг хангуулахаар ажилласан боловч Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.18 дахь заалтад заасан харьяалалд хамаарахгүй болохыг тухайн үед мэдээгүй буюу сайн нягтлаагүйн улмаас алдаа гаргасан болохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* тус шүүхэд хандан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий 3/02 дугаартай дүгнэлтийг ирүүлжээ.

Улмаар хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Я*******аас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.С*******ы 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/02 дугаар дүгнэлт-ийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******ы дүгнэлттэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Я*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******аас гаргасан ...улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Я******* зөвшөөрснийг баталж, Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******ы дүгнэлттэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Я*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ