| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0348/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/318 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал.
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгч Э.Д-, Г.Л- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Д-, Г.Л- нарт холбогдох эрүүгийн 1738003920138 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Л-,
Монгол улсын иргэн, Э.Д-,
Шүүгдэгч Э.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ...тоотод байрлах хашаанаас Б.Г-ын эзэмшлийн улсын дугааргүй мотоцикль хулгайлж 350.000 төгрөгийн хохирол,
Шүүгдэгч Э.Д-, Г.Л- нар нь 2017 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тооод байрлах хашаанаас Д.Х-гийн эзэмшлийн улсын дугааргүй хөх өнгийн Мустанг маркийн мотоцикль хулгайлж 350.000 төгрөгийн хохирол, 2017 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод байрлах хашаанаас иргэн А.П-ын эзэмшлийн улсын дугааргүй Каяак маркийн мотоцикль хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Э.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ...тоотод байрлах хашаанаас Б.Г-ын эзэмшлийн улсын дугааргүй мотоцикль хулгайлж 350.000 төгрөгийн хохирол,
Шүүгдэгч Э.Д-, Г.Л- нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тооод байрлах хашаанаас Д.Х-гийн эзэмшлийн улсын дугааргүй хөх өнгийн Мустанг маркийн мотоцикль хулгайлж 350.000 төгрөгийн хохирол, 2017 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод байрлах хашаанаас иргэн А.П-ын эзэмшлийн улсын дугааргүй Каяак маркийн мотоцикль хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Б.Г-ын “Би миний мотоциклийг Э.Д- гэдэг манай нутгийн залуу хулгайлсан гэж бодож байгаа. Ямар учраас хулгайлсан гэж бодож байгаа гэхээр Э.Д- өмнө нь хулгайн хэргээр шоронгоор явж байсан, мөн хулгай болсныг мэдээд Э.Д- дээр маргааш өдөр гэрт нь /Мөрөн сумын 10-р хороонд/ нь очиход Э.Д- байсан гэрээсээ гарч ирсэн. Тэгээд би Э.Д-гийн өөдөөс хашаа руу нь явж орсон. Тэгээд Дашдааваатай мэнд усаа мэдэлцсэн. Би Э.Д-гаас хэзээ модноос ирсэн юм бэ гэх мэт ойр зуурын юм Э.Д-гаас асуусан. Тэгээд байж байтал миний мотоциклийн цахилгааны утас Э.Д-гийн гэрийн зүүн хаяанд байсан. Яагаад би мотоциклийнхоо хөгжимний цахилгааны утсыг сайн мэдэж байгаа вэ гэхээр мотоциклио хулгайд алдахаасаа өмнө хөгжимнийх нь цахилгааны утсыг тасарчихаар нь хар өнгийн лентээр угаар нь сайн давхарлаж бэхлэж ороож байсан. Тэгээд Э.Д-гийн гэрийн гадаа байсан цахилгааны утсыг хараад өөрийнхөө лентээр ороосон цахилгааны утсыг шууд мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Гэрч П.Б-н “Миний найз Маам маань надруу 2017 оны 07 дугаар сард залгаад найз нь хөдөө самранд явах гэсэн юм, миний найз хямдхан зарчихмаар мотоцикль байна уу мэдэж байгаарай гэж хэлж байсан. Би тухайн үед нутгийн залуу Г.Л-той хамт айлын байшингийн засвар хийж байхдаа хямдхан зарчихмаар мотоцикль байна уу гэж асуухад найз нь өөрийнхөө унаж байгаа мотоциклио зарлаа гэж байсан. Би түүний мотоциклийг харахад хөх өнгөтэй хуучин мотоцикль байсан. Тэгээд би найз Маамдаа надтай хамт ажил хийж байгаа хүн маань мотоциклио зарна гэж байна гэж хэлсэн. Тэгээд Маам найз маань өөрөө Мөрөн суманд орж ирээд Г.Л-той уулзсан. Тэгээд найз Маам маань Г.Л-той ярилцаж байгаад мотоциклийг нь худалдаж авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч Б.Ц-йн “Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг өдрийг нь сайн санахгүй байна. Э.Д- нөхөр маань надруу залгаад чи мотоциклийн түлхүүх багаж аваад ир гэж хэлж байсан, тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэж асуухад манай найзын мотоцикль эвдэрчихсэн байна л гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний бие өвдөөд байна очиж чадахгүй гэж хэлээд очоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-р хуудас/,
Хохирогч Д.Х-гийн “2017 оны 07-р сарын 02-ны өглөө 04 цагийн үед би хөдөө явж ирээд дүүгийнхээ гэрийн үүдэнд буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-... тоотод байдаг хашааны гадаа БНХАУ-д үйлдвэрлэсэн хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг тавиад хулгайд алдсан. Гадаа 10 цагийн үед хөдөөнөөс орж ирээд тавьсан байсан. Тэгээд өглөө босоод ирсэн чинь л алга болсон байсан. Би хойноос нь мөрөөр нь яваад олоогүй тэгээд мөрийг нь алдсан 13-р баг тойроод яваад байсан мөр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
Хохирогч А.П-ын “2017 оны 07-р сарын эхээр 02-03-ны хооронд хөдөө Хөвсгөл аймгийн Галт сумаас орж ирээд мотоциклио Мөрөн сумын 13-... тоотод байдаг гэрийнхээ байшингийн цонхон доор 23 цаг өнгөрч байхад тавиад өглөө 06 цаг өнгөрч байхад босоод харсан чинь алга болсон байсан...БНХАУ-д үйлдвэрлэсэн, Каяак маркийн мотоцикль байсан. Энэ мотоциклио 2015 онд хувь хүнээс шинээр нь 1,3 сая төгрөгөөр бодож авсан юм. Хойрд амаржийнаа солиод өөр “Хурд” маркийн мотоциклийн амаржийн тавьсан байсан...Одоо ингээд бодоод байхад би 6-р сарын сүүлээр буюу 25-ны өдөр мал дээрээ байж байгаад Мөрөнд орж ирсэн байна лээ. Намайг хөдөөнөөс орж ирсэн өдрийн маргааш шөнө нь мотоцикль маань хулгаад алдагдсан. Тэгэхээр 6 дугаар сарын сүүлээр буюу 26-27-нд шилжих шөнө мотоцикль маань хулгайд алдагдсан. Үүнийг л залруулж яримаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66, 69-р хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.Д-, Г.Л- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Г.Л- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 117-р тал/, шүүгдэгч Э.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /106, 118-121, /-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1738003920138 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Д-, Г.Л- нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Э.Д-д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар, шүүгдэгч Г.Л-ид 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ