| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2109 00449 0606 |
| Дугаар | 2022/ДШМ/679 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/679
2022 06 30 2022/ДШМ/679
Б.Бид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,
хохирогч “Сбэтэ Монголиа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Золзаяа,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/855 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч “Сбэтэ Монголиа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бид холбогдох 2109 00449 0606 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.... овгийн Б...ын Б..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ...ийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ...ын .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;
Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сбэтэ Монголиа” ХХК-иас ZVW30-1487194, AWS210-6025586, NHW20-3214915, NHW20-3283155, NHW20-3340534, NHW20-7700141, NHW20-7824126, ZVW30-5308040, ZVW41-3281531 гэсэн арлын дугаартай 9 ширхэг тээврийн хэрэгслийг урьд өмнө тээврийн хэрэгсэл худалдан авч байсан харилцааг урвуулан ашиглаж, улмаар “14 хоногийн дотор худалдаж, үнийг буцаан төлнө” хэмээн хуурч аван, тээврийн хэрэгслүүдийг бусдад зарсан атлаа үнэ төлбөрийг өөрт авч, 75.365.660 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б нь “Сбэтэ Монголиа” ХХК-иас автомашиныг нь борлуулахаар авахдаа хариу төлбөр хийх өөрийн санхүүгийн боломж, төлбөр хийх эх сурвалж, хугацааны талаар хэрхэн танилцуулж байсан, бодит байдал дээр боломж нь ямар байсан, бодит байдлыг гуйвуулсан, дарагдуулсан эсэх, эд хөрөнгийг буцааж төлөхгүй, эсхүл хагасыг төлөх зэргээр өөрт ашиг олох шунахай санаа зорилго агуулж компанийг хохироох санаа зорилго хэдийд үүссэн эсэх, автомашинуудыг өөрт шилжүүлэн авсан хугацаа зэргийг тодруулах шаардлагатай байна. Үүний тулд ганц Г.Билгүүний мэдүүлэг хангалтгүй, бусад шаардлагатай гэрч нарыг тухайлбал Пүрэвхүү, Азхүү гэгч нарыг олж тогтоон байцаах нь зүйтэй.
Мөн Б.Бийн “Сбэтэ Монголиа” ХХК-иас шилжүүлэн авсан гэх 9 ширхэг автомашины баримтуудыг хэрэгт хавсаргах, өөрөөр хэлбэл Ж.Төрмандахын нэрээр 30% төлбөрийг төлж захиалсан гэх автомашинуудыг бодит байдал дээр Б.Б шилжүүлж авсан эсэх, авсан бол ямар маркийн, ямар арлын дугаартай тээврийн хэрэгсэл авсныг холбогдох баримтыг үндэслэн тодруулах шаардлагатай. Жишээ нь “Сбэтэ Монголиа” ХХК-иас “Приус” маркийн NHW20-3214915 арлын дугаартай автомашины үнэ 181.000 Иений үнэтэй, үүнээс захиалга хийж төлөгдсөн дүн нь 40.000 Иен, үлдэх 141.000 Иений төлбөрийг Б.Б хариуцан төлөх ёстой гэжээ. Гэтэл “Сбэтэ Монголиа” ХХК-иас гаргасан баримт сэлтэд урьдчилгаа төлөгдсөн мөнгөн дүнгүүд зөрүүтэй баримтууд хавсарган өгсөн нь хохирлын талаар талуудын хооронд маргаан дагуулах нөхцөл болжээ. Үүний тулд үнэхээр бодит байдал дээр Б.Бийн шилжүүлэн авсан автомашинууд дээрх жишээн дээрх шиг үнэтэй эсэх, урьдчилгаа төлөгдсөн дүн, үлдэгдэл төлбөр зэргийн баримтыг хэрэгт хавсаргахаас гадна хохирлыг Монгол төгрөгт шилжүүлэн тооцох тохиолдолд Иений төгрөгтэй тэнцэх ханшийн лавлагааг авах учиртай.
Дээрх асуудлаас гадна Б.Бийн цалин бусад орлого юу байсан, хэрэгт холбогдох үеийн болон одоогийн эд хөрөнгийн байдлыг хувийн байдлын хамт тогтоох нь зүйтэй.
“Сбэтэ Монголиа” ХХК-иас үнийг төлөлгүй шилжүүлэн авсан автомашинуудыг зарж борлуулсны мөнгөн дүн шүүгдэгч Б.Бийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 31в байрны 10 тоот хувийн сууцанд шингэсэн хэмээн хохирогчийн зүгээс үзэж уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжлүүлсэн. Хэрэв хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх тохиолдолд дээрх үл хөдлөх хөрөнгөд хохирогчийн тодорхой хэмжээний мөнгөн дүн шингэсэн эсэх, барьцаанд буй эсэх зэрэг асуудлыг тодруулах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б... овгийн Б...ын Б...д холбогдох эрүүгийн 2109004490606 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч “Сбэтэ Монголиа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Золзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б нь урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч “Сбэтэ Монголиа” ХХК-аас нийт 9 ширхэг тээврийн хэрэгслийг “14 хоногийн дотор борлуулаад мөнгийг нь төлөе” хэмээн хуурч мэхлэн, залилж аваад, тухайн тээврийн хэрэгслүүдийг бусдад борлуулсан атлаа төлбөрийг нь өөртөө авч 75.365.660 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож яллагдагчаар татагдсан. Хэрэг бүртгэлийн болон эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад, мөн прокурор яллах дүгнэлт үйлдээд яллагдагчаар татсаны дараа ч Б.Б нь компанийн хөрөнгийг залилж гэмт үйлдэл, хохирлын хэмжээгээ бүхэлд нь хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо хэсэгчлэн барагдуулахаа прокурорын шатанд 4 удаа илэрхийлж хэргийг шүүх рүү шилжүүлэхгүй байхыг гуйж, шүүхэд хэрэг шилжсэний дараа 3 удаа хохирлоо барагдуулахаа амлаж мөн л элдэв аргаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанд оролцохгүй зугатааж байсан.
Шүүгдэгч нь гэм буруугийн үйлдэлдээ маргаагүй, учруулсан хохирлынхоо дүнд маргаагүй, шүүх хуралдаанд хуурч мэхлэн авсан 9 автомашины 1 автомашиныг нь хохирогчийнх бус өөр этгээдийнх хэмээн нотлох баримтгүйгээр маргасан. Хэдийгээр 9 автомашинуудын хохирлын үнэлгээ нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр 150.000.000 гаруй төгрөг болсон боловч прокурорын зүгээс яллагдагчид ашигтай байх, хүнлэг энэрэнгүй байх зарчмыг чанд баримтлан хохирогчийн гаргасан 75.365.660 төгрөгийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоосон.
Прокурорын шатанд яллагдагч Б.Б нь “Ковид тусчихлаа”, “Банкнаас зээл авах гээд хөөцөлдөж байна”, “ББСБ-аас зээл гарах гээд хүлээж байна”, “Ахынхаа Ланд круйзер 200 автомашиныг зарах гээд байна” хэмээн элдэв шалтаг тоочиж хохирогчид хохирлоо төлж барагдуулахаа удаа дараа амлаж байсан. Хэдийгээр энэхүү хэрэг нь шүүхэд 2021 оны 7 сар гэхэд шилжих байсан боловч хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс яллагдагчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, өндөр настай эмээгээ асарч хамт амьдардаг /эмээ нь 2021 оны 12 сард нас барсан/, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзээд прокурорт хүсэлт тавьж, прокурорын зүгээс хүнлэг, энэрэнгүй байх зарчмыг хангалттай баримталж ажилласан. Гэтэл шүүгдэгч Б.Бид холбогдох эрүүгийн хэргийг шүүхээс Сүхбаатар дүүргийн прокурорт буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэт нэг талыг баримталж, шүүгдэгчийн талд шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын дүнтэй маргаагүй, дээрээс нь прокурорын зүгээс хохирлын дүнг хохирогчийн анхны гомдолд гаргасан дүнгээр буюу 55.608.819 төгрөг байхад шүүгч уг нөхцөл байдлыг дүгнэж үзээгүй нь шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд Б.Б нь манай гараашийн түрээсийн төлбөр 550.000 төгрөг болсон бөгөөд доороо 3 хүн ажиллуулдаг байсан тул тухайн мөнгийг хувьдаа зарцуулахаас илүүтэйгүүр гараашийн түрээс, ажилчдын цалин өгч дууссан гэж тодорхойлсон байдаг. Зарсан 5 автомашины мөнгөөр гараашийн түрээс 11.000.000 төгрөг байсныг төлж, 3 хүний цалин 3.000.000 төгрөг төлсөн тухай хэлсэн байдаг. Гэрч н.Билгүүний хавтаст хэргийн хуудас 31, 32, гэрч н.Энхнарангийн 34 дүгээр хуудас, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 157, 183, Б.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд, Б.Бийг яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг гэж байгаа. Шүүгчийн захирамжид Пүрэвхүү, Азхүү нарыг гэрчийн мэдүүлэгт дуудах ёстой гэж заасан. Тухайн үед Азхүү нь ахлах менежерээр ажиллаж байсан. Билгүүн худалдааны зөвлөх Бямбадоржтой ажилласан учраас Билгүүнийг гол гэрч гэж дуудсан байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/855 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчоор гомдол гаргаж байгаа юм уу, эсвэл хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гомдол гаргаж байгаа юм уу. 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 1 жилийн хугацаагаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоогдсон нь хавтаст хэрэгт авагдсан байсан. Энэ байдлаас харахад хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хугацаа хэтэрсэн байдал харагдаж байна. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 855 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтуудыг зөрчсөн, үндэслэлүүдийг няцаасан гомдол гаргаагүй. Зөвхөн Б.Бийн хэргээ хүлээсэн, хохирлыг хойшлуулж байсан, шинжээчийн дүгнэлтээр 150.000.000 төгрөг болсон боловч прокурорын зүгээс хүнлэг энэрэнгүй байх зарчмыг баримтлан хохирогчийн гаргасан 75.000.000 төгрөгийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан үндэслэлүүд нь үндэслэл бүхий тогтоол гарахад шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, зайлшгүй мөрдөн байцаах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэл бүхий заалтуудыг шүүх тусгасанд прокурор эсэргүүцэл бичээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол гаргасан байдаг. 2 тал харилцан тохиролцож Б.Бийн эзэмшилд 9 тээврийн хэрэгсэл шилжүүлсэн гэдэг. 70 хувийн үлдэгдэл төлбөрийг тээврийн хэрэгслийг зарж, борлуулсаны дараа төлбөрийг хийхээр харилцан тохиролцсон байдаг. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 9 тээврийн хэрэгслийг Б.Бид хохирогч байгууллага шилжүүлсэн мэтээр прокурор яллах дүгнэлт бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг шалгаж тогтооно гэж заасан. Гэтэл 9 тээврийн хэрэгслийн нэг нь хувь хүний машин. 8 ширхэг машин нь япон улсаас орж ирсэн, баталгаат агуулахад 30 хувиа шилжүүлээд авна гэсэн өөр этгээдийнх байсан. Тэр нь үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй нь гээд агуулахад удсан. Энэ агуулахын төлбөр, торгууль гэж их мөнгө гарсан. Санхүүгийн боломж байсан. 80-90 сая төгрөг төлсөн байхад шалгаагүй. Мөн 30 хувийг төлсөн. Ингээд 70 хувийн үнэлгээн дээр эргэлзээтэй. “Дамно” ХХК-иас 150.000.000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Энэ компани хууль ёсны үнэлгээ гаргадаг эрхийн гэрчилгээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс “Дамно” ХХК-ийг үнэлгээ гаргах эрхгүй гэж өөр компанийг томилж байсан. Энэ үед “Дамно” ХХК үнэлгээ гаргасан боловч энэ компанийг үнэлгээ гаргадаг эрхтэй компани мөн эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. Хохирогч гомдол болон мэдүүлэгтээ 55 сая төгрөг гэдэг. 9 машиныг ганцхан энэ өдөр аваагүй. Сарын хугацаанд гаалийн төлбөр төлж авсан гэж Б.Б мэдүүлдэг. Энэ талаар шалгуулах хүсэлтэй байна. Б.Бийн биеийн эрүүл мэндийн байдал муу, эмнэлэгт хэвтэж шинжилгээ өгөхөд хариу нь муу гарч, цөсөнд нь 5 том чулуу байна, зайлшгүй мэс заслын хагалгаанд орох шаардлагатай гэж эмч хэлсэн. Б.Бийн шинжилгээний хариу болон эмнэлэгт хэвтсэн талаар тодорхойлолт гаргаж өгөөч гэж хүссэн боловч амжаагүй байдаг. Энэ хүн гарах юм бол гаалийн татварт хэдэн төгрөг төлсөн, тээврийн татварт хэдэн төгрөг төлсөн, агуулахад хэдэн төгрөг төлсөн гэдгийг өөрөө гаргана. Азхүүгээс авсан юм уу, Билгүүнээс авсан юм уу, 9 машиныг хэнээс хүлээж авсан гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч бол Азхүүгээс авсан гэдэг. Билгүүн болохоор Азхүүгээс зөвшөөрөл авч Бямбадоржид өгсөн гэж эрс зөрүүтэй мэдүүлдэг. Прокурорын яллах дүгнэлт Билгүүн болон Аззаяагийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзсэн. Эрүүгийн хэргийн шинжтэй биш, үнэн бодит байдлыг шалгахын бол иргэний хэргийн шинжтэй 2 тал харилцан тохиролцсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Б.Бийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Прокурор Ш.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг зохиомол байдал бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжүүдийг агуулсан байдаг. Бямбадорж нь Төрмандах гэдэг хүний авах гэж захиалга өгсөн машины 30 хувийг өгөөд үлдсэн 9 машины 70 хувийг төлөөгүй гэдэг асуудал яригддаг. Гэтэл Бямбадорж Төрмандах гэдэг хүний 30 хувийг хэрхэн барагдуулсан юм. Үлдсэн 70 хувь дээр хохирлын хэмжээг хэрхэн тооцсон. Гэмт хэргийн шинж буюу Бямбадорж тухайн цаг хугацаанд 30 хувиа төлж машин авах боломжтой байсан уу гэдгийг прокурорын зүгээс шалгах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ шүүгчийн захирамжийг харахад 4 заалттай, дотроо нэлээн олон агуулгатай заалтуудаар ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. 1 дэх заалтад Бямбадоржийн санхүү, төлбөрийн боломж, их сурвалж, хугацааны талаар талицуулж байсан, бодит байдал дээр боломж ямар гээд асуудал яригдаж байгаа. Энэ нь 3 дахь заалтын агуулга буюу Бямбадоржийн цалин бусад орлого юу байсан, хэрэгт холбогдох үеийн байдал, одоогийн эд хөрөнгийн байдал, хувийн байдлыг хамт тогтоох гэж агуулгын хувьд давхацсан гэж үзсэн. Гэрч Билгүүний мэдүүлгээр хэрхэн тохироо хийж, хэрхэн мөнгө шилжүүлсэн гэдэг асуудал байгаа учраас компанийг хохироох санаа зорилго хэдийд үүссэн гэдэг асуудлуудыг нэг бүрчлэн шүүгчийн захирамжийн заалтуудыг биелүүлэх мөрдөн байцаалтад шатанд боломжгүй. 2 дахь заалтын Төрмандахын төлбөрийн 30 хувийг төлж захиалсан гэх автомашиныг бодит байдал дээр Бямбадорж шилжүүлж авсан эсэх асуудал захирамжийн заалтад таслал болж нэг заалт юм шиг харагдаж байна. Гэтэл Бямбадорж 9 машиныг шилжүүлж авсан гэдэг дээр маргадаггүй. Ямар машин, ямар марктай машин, ямар арлын дугаартай тээврийн хэрэгсэл авсныг холбогдох баримтуудыг тодруулах талаар хохирогчийн зүгээс хавсралтууд болон мөнгөн дүнгээ иенийн ханшаар гаргаж өгсөн. 1 болон 2 дахь заалтуудын зарим заалтыг биелүүлэх боломжгүй гэж үзсэн. 4 дэх заалт дээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 31в байрны 10 тоот хувийн сууцанд шингэсэн хэмээн хохирогчийн зүгээс үзэж уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжлүүлсэн. Хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх тохиолдолд дээрх үл хөдлөх хөрөнгөд хохирогчийн тодорхой хэмжээний мөнгөн дүн шингэсэн эсэх, барьцаанд буй эсэх зэрэг асуудлыг тодруулах гэсэн. Хавтаст хэрэгт хөрөнгө битүүмжлэх гэсэн тогтоол олж хараагүй. Хэргийн материалтай танилцахдаа байхгүй байна гэж харсан. Тэгэхээр энэ заалтыг бас биелүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Хэрэг дээр залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж буюу Бямбадорж тухайн тээврийн хэрэгсэл авахад санхүүгийн эх үүсвэр нь юу ямар байсан, боломж нь ямар байсан. Дараа нь төлж барагдуулаагүй буюу хохирогчийн зүгээс гомдол гаргах хугацаанд яагаад төлж барагдуулаагүй юм. Бямбадорж авсан, хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж хэлдэг боловч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг шалгаж шүүхээр шийдвэрлэгдэхэд хэргийн хувьд болоогүй гэж томилгооны дагуу оролцож байгаа прокурорын хувьд бодсон. Шүүх бүрэлдэхүүнийг гагцхүү 4 заалтын үг, өгүүлбэр болгонд дүгнэлт хийж, яг аль заалтыг биелүүлэх үү гэдэг дээр харж үзнэ үү гэсэн саналыг оруулж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Б.Бид холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-д “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой эргэлзээ, маргаан үүсвэл шүүхээс шинжээч томилуулан шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.Бийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд энэ талаар гаргасан хохирогч “Сбэтэ Монголиа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Золзаяагийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Б.Бид холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/855 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Бид холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хохирогч “Сбэтэ Монголиа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ