Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0521

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийтгэлийн хуудсанд

нэмэлт өөрчлөлт оруулж, зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор А.Т*******гын дүгнэлттэй, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******т холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор А.Т*******гаас шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С******* нь "Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй" гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.Х*******д 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 /хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 /хорин мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан: үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, холбогдогчийн мэдүүлэг, шийтгэлийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар "тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй" болох нь тогтоогдож байна. Харин Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С******* нь зөрчлийн холбогдогч Б.Хаш-Эрдэнийг "Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй" гэсэн үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 20 /хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулахдаа "Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 24.1, 15.24 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулсугай" гэж хуульд байхгуй заалтаар шийтгэл оногдуулсан байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******ийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0149747 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад "Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар" гэж нэмэлт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******ээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С******* би Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор А.Т*******гийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар дүгнэлттэй танилцаад дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т ...энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасан.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор А.Т*******гаас тус шүүхэд ирүүлсэн шийтгэлийн хуудаст нэмэлт өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******ээс хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******ээс Б.Х*******д холбогдуулан гаргасан 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0149747 дугаартай шийтгэлийн хуудсанд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор А.Т*******гын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсанд нэмэлт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ   Д.ЧАНЦАЛНЯМ