| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0336/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/313 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Нямдаваа
Улсын яллагч П.Итгэл
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг
Шүүгдэгч Д.Б-, Н.А- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-, Н.А- нарт холбогдох эрүүгийн 1738003500122 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Б-,
Монгол улсын иргэн, Н.А-,
Шүүгдэгч Д.Б-, Н.А- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хилийн ... дүгээр тэмдэгтээс баруун тийш 500 метр зайтай газраар морин уналгатайгаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Д.Б-, Н.А- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өд өр хилийн ... дүгээр тэмдэгтээс баруун тийш 500 метр зайтай газраар морин уналгатайгаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Иргэний нэхэмжлэгч Н.Г-ийн: “...Н.А- морио алдчихсан гол өгсөж барьж авчаад ирье гэхээр нь би өгөөд явуулчихсан. Тэдний аавын гэрийн гадаа морьж байхгүй байсан. Тэдний гэрийнхэн отрын газар руу бууцаа янзрах гээд явчихсан байсан. Уналгагүй байсан учраас гуйхад нь би өгсөн. Улсын орлого богоод хураавал надад гомдол байхгүй. Н.А- надад төлж барагдуулна байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р тал/,
Гэрч Ц.М-н: “...Эхнэртэй нь утсаар ярихад сумын хилийн заставаас утсаар ярьж дуудаад Мөрөн хот руу хүмүүс аваад явсан талаар ярьсан. Хилээр зөвшөөрөлгүй гарч явж байгаад баригдсан юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р тал/,
Гэрч Н.А-н: “...Би тэр үед гэрт байгаагүй. Манай өвсний хашаанд үхэр орчихсон тэрийг янзалж, цэгцлэх ажилтай байсан. Маргааш өглөө нь гэртээ ирсэн. Ах маань байгаагүй. 25-ны өдөр гэртээ ирэхэд гэрийнхэн манай үрээ морь алга болсон гэж ярьж байсан. Ахыг үрээ морио хайгаад явсан гэсэн. Түүний дараа 27-ны өдөр ах маань гэртээ ирсэн. Ах үдээс хойш ирсэн санагдаж байна. Ах гэртээ ирээд 2 хонож байсан байх. Цагаан-Үүрийн заставаас дуудаж байна гээд гараад явсан. Ямар асуудлаар дуудсаныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р тал/,
Гэрч Э.О-н: “...Яг нэвтэрсэн юм уу яасан юм би өөрөө сайн мэдэхгүй байна. Хил даваад гараад ирсэн бол маш буруу хариуцлага хүлээнэ шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р тал/,
Гэрч М.Б-: “...Тухайн үед 26-ны өдөр манайх хил хамгаалах томилгооны дагуу --- дугаар тэмдэгийн чиглэлд сэргийлэх манаатай байсан. 27-нд 1 дүгээр багийн иргэн Эрдэнэцогтынх 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой нүүж ирсэн. Маргааш нь буюу 27-нд тус айлд Зөрчлийн тухай хууль, хилийн тухай хууль танилцуулж баталгаа авах зорилгоор ирсэн. Ирэх үед 14 цагийн орчимд Заставаас хил талаа явж шалга гэсэн үүрэг өгсөн. Үүргийн ахлагч, С.Г- миний бие 2 --... чиглэлд сэргийлэх манааны үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хилийн ... дүгээр тэмдэгтээс зүүн баруун гар талаар 500 метр газраар Монгол Улсын тал руу 2 морьтой хүний мөр илэрсэн. Үүнийг заставт мэдэгдэж заставын даргын шийдвэрээр ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р тал/,
Гэрч П.О-н: “...Орой унтаж байх үед ирсэн. Яг хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна. Хазаартай үрээ морио хайж адуугаар явж байгаад ирлээ. Цаг орой болчихлоо танайд хоноод явж болохуу гээд хоносон. Манайд хоноод үдийн үед л явсан байха. Манайх ямар ч байсан малаа бэлчээчихсэн байсан. Н.А- нь шөнө ирэхээсээ өмнө, орой нь морьж асууж орж ирж байсан. Шөнө нь ирэхдээ Д.Б-тай хамт ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-р тал/,
Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-ийн 6-8-р тал/,
Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт /хх-ийн 12-13-р тал/,
Хилийн уулзалтын протокол /хх-ийн 22-р тал/,
Улсын хилийн дэглэм зөрчигч амьтдын ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /хх-ийн 23-25-р тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-43-р тал/,
Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-51-р тал/,
Галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-54-р тал/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 73-76-р тал/,
Үнэлгээний хуудас /77-78-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Б-, Н.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан гэх 2 морь, эмээлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7, 8 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Учир нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нэхэмжлэх зүйлгүй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Б-, Н.А- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 118,119-р/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 1738003500122 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ хэргэлсэн гэх 2 морь, тоз-8 маркын буу, эмээл хазаар битүүмжилсэн гэх боловч хэргийн хамт ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 6, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Б-, Н.А- нарыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-, Н.А- нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Н.А- нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай.
4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Б-, Н.А- нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн яллагдаг Н.А-гийн унаж явсан Н.Г-н эзэмшийн ам халтар, хар зүсмийн морь, морь унахдаа ашиглаж байсан гар хийцийн эмээл, хазаар, яллагдагч Д.Б-ын унаж явсан ам цагаан халтар морь, морь унахдаа ашиглаж байсан гар хийцийн эмээл, хазаар зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-, Н.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ