Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0451

 

2022 6 13 128/ШШ2022/0451

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Батсайханы дүгнэлттэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Баасанхүүд холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Батсайхан шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Баасанхүү нь иргэн Т.Мянган нь гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр 1 ширхэг тарвага тээвэрлэсэн гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.Мянганд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 340.000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Т.Мянганы холбогдогчоор өгсөн "... танихгүй хүнээс 1 ширхэг тарвага худалдаж аваад худалдан борлуулах зорилготой тээвэрлэж яваад цагдаад баригдсан..." гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар иргэн Т.Мянган нь тарваганы махыг худалдан авсан болох нь тогтоогдсон байх ба дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан..." зөрчлийн шинжтэй байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан холбогдогчид шийтгэл оногдуулсан 0051014 дугаартай шийтгэлийн хуудсанд гарал үүсэлгүй 1 ширхэг тарвага тээвэрлэсэн", "Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар 4 дэх хэсэгт заасны дагуу" гэж тус тус бичсэн нь үндэслэлгүй, материалд авагдсан баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана" гэж заажээ.

Дээрх зөрчлийн материалд экологийн цагдаагийн албаны зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Төртүвшин нь 1 ширхэг хөлдөөсөн тарвагыг хураан авч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авсан байхад улсын байцаагч Д.Баасанхүү нь шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудасны 5 дахь хэсгийн В-д заасан хэсэгт эд зүйлийг хураан авсан бол хэрхэн шийдвэрлэсэн талаар бичих ёстой атал дээрх хэсгүүдийг бичилгүй хоосон орхижээ. Мөн шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт "торгууль, нөхөн төлбөр" гэж хуульд байхгүй шийтгэлийн төрөл, хэмжээ бичжээ.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д. Баасанхүүгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0051014 дугаартай шийтгэлийн хуудасны "гарал, үүсэлгүй 1 ширхэг тарвага тээвэрлэсэн гэснийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр 1 ширхэг тарваганы махыг худалдан авсан" гэж, Зөрчлийн тухай хуулийн "7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт" гэснийг " 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэж, торгууль, нөхөн төлбөр" гэснийг " торгох, 300 нэгж" гэж, 5 дахь хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд "1 ширхэг тарваганы махыг" гэж, дараагийн хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж устгуулахаар" гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Баасанхүү шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д. Баасанхүү миний бие тус дүүргийн прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №36 тоот прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т ...энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасан.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Батсайханаас тус шүүхэд ирүүлсэн шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Баасанхүү хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Баасанхүүгээс Т.Мянганд холбогдуулан гаргасан 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 0051014 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ   Д.ЧАНЦАЛНЯМ