Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/680

 

 

       2022          06           30                                         2022/ДШМ/680

 

А.Төд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч А.Т,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Тийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2106 00000 2480 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А... овгийн А...ийн Т..., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 42 дугаартай захирамжаар 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

А.Т нь 2021 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 48 дугаар сургуулийн баруун талын авто зогсоолд байршуулсан хохирогч Б.Бямбадоржийн өмчлөлийн 87-66 УБХ улсын дугаартай “Тоёота Вокси” загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын шилийг хагалж, автомашин дотроос зургийн аппарат, проректор зэргийг авч, нийт 2.282.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, эд зүйл хулгайлан авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөх тэнгэр” хотхоны автобусны буудал дээр байрлах иргэн А.Ариунаагийн эзэмшлийн ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/ буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, нөүтбүүк, сиди зэрэг эд зүйлс болон бэлэн 220.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 5.339.600 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам, задгай тоотод байрлах хохирогч Г.Баяртулгын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт цоожийг нь хөшиж онгойлгон нэвтэрч, 50 инчийн 4к Смарт маркийн зурагт, хар мөнгөн аяга тавагны ком зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 8-ны шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадмын хуушуур” нэртэй гар утасны худалдааны газрын хаалгыг төмрөөр хөшин онгойлгон орж, гар утаснууд, бэлэн мөнгө, нокиа утасны зай, пабжи тоглоомын гар, хяналтын камер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч З.Лхагва-Эрдэнэд 5.640.000 төгрөгийн, хохирогч М.Сарангэрэлд 4.690.100 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, бусдын нийт 20.451.700 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.... овгийн А...ийн Т....ийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Төд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Төд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Тийн урьд цагдан хоригдсон нийт 159 /нэг зуун тавин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 /нэг/ ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Төөс 10.649.100 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ариунаад 5.659.000 төгрөг, хохирогч Г.Баяртулгад 1.000.000 төгрөг, хохирогч М.Сарангэрэлд 3.990.100 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Төд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, мөрдөн шалгах шатнаас шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх шатны явцад хэргээ хүлээн бусдад учруулсан хор уршиг, хохирол гомдлоо барагдуулахаар өөрт байх боломж бололцоогоо ашиглан өдийг хүрсэн билээ. А.Т миний эхтэйгээ хамт амьдардаг, залуу нас, хийсэн хэрэгтээ гэмшин үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхийг хичээсэн зэргийг минь харгалзан хаалттай хорих ялыг минь нээлттэй дэглэмээр сольж, ажил хөдөлмөр эрхлэн үлдсэн хохирлоо төлөх боломжоор хангаж өгнө үү. 2017 оноос өмнөх өөрийн минь дордуулсан хувийн байдлыг минь харгалзан үзэлгүйгээр 2017 оноос хойш анхны гэдэг хувийн байдлыг харгалзан үзэж, хохирол хор уршигаа барагдуулах боломж олгон гомдлыг минь шийдвэрлэж өгнө үү. Нээлттэй хорих ангид ажил хийж, цалин авч үлдсэн хохирлоо нөхөн төлөх боломжтой. Хаалттай хорих ангид очбол ажилд бараг гаргадаггүй, цалинтай ажил байдаггүй, ажлын хоног л авдаг. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

 

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолоор хавтаст хэрэгт авагдан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.Т нь 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.Төд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй эсвэл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүгдэгч А.Т 4 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол 20.451.700 төгрөгөөс 9.820.600 төгрөгийг нөхөн төлсөн. Шүүгдэгч А.Т нь нээлттэй хорих ангид ял эдэлж, хохирлоо барагдуулах боломжоор хангаж өгнө үү гэж хүсэлт гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.6 дахь хэсэгт хаалттай хорих ангид хорих ял эдэлж байгаа хоригдлыг зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд хөдөлмөрлүүлнэ гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198, 199 дүгээр зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллага, хаалттай хорих байгууллагын ялгаа нь бол хоригдлыг түр болон удаан хугацааны эргэлт, уулзалт, утсаар ярих, илгээмж авах хугацаа нь ялгаатай боловч хоригдлын хөдөлмөр эрхлэх боломж буюу цалинтай хөдөлмөр эрхлэх нөхцөл адилхан юм. Иймд шүүгдэгч А.Тийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Цалинтай хөдөлмөр эрхлэж хохирол, төлбөрөө барагдуулах эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч А.Т нь 2017 оноос хойш анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг хувийн байдлыг харгалзан үзнэ үү гэж  хүсэлт гаргах бөгөөд өөрөөр хэлбэл ялтай байдал байхгүй болсон байхад 4 удаагийн ял шийтгэлтэй гэдгээр хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэж хүсэлт гаргасан гэж ойлгож байна. 2002 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэх ойлголт байсан бөгөөд 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн ойлголт байхгүй болсон. Шүүгдэгч А.Төд ял оногдуулахдаа урьд 4 удаа ял шийтгэл эдэлж байсан гэдгийг ялтай байдал гэдгээр биш ял хүндрүүлэх нөхцөл байдал гэж шийдвэрлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч А.Тийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Т нь 2021 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 48 дугаар сургуулийн баруун талын авто зогсоолд байршуулсан хохирогч Б.Бямбадоржийн өмчлөлийн 87-66 УБХ улсын дугаартай “Тоёота Вокси” загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын шилийг хагалж, автомашин дотроос зургийн аппарат, проректор зэргийг авч, нийт 2.282.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч үйлдсэн,

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хөх тэнгэр” хотхоны автобусны буудал дээр байрлах иргэн А.Ариунаагийн эзэмшлийн ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/ буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, нөүтбүүк, сиди зэрэг эд зүйлс болон бэлэн 220.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 5.339.600 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам, задгай тоотод байрлах хохирогч Г.Баяртулгын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн цоожийг нь хөшиж онгойлгон нэвтэрч, 50 инчийн 4к Смарт маркийн зурагт, хар мөнгөн аяга тавагны ком зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 8-ны шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадмын хуушуур” нэртэй гар утасны худалдааны газрын хаалгыг төмрөөр хөшин онгойлгон орж, гар утаснууд, бэлэн мөнгө, нокиа утасны зай, пабжи тоглоомын гар, хяналтын камер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч З.Лхагва-Эрдэнэд 5.640.000 төгрөгийн, хохирогч М.Сарангэрэлд 4.690.100 төгрөгийн хохирол учруулсан, бусдын нийт 20.451.700 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бямбадоржийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 48 дугаар сургуулийн баруун талд машины ил зогсоол дээр машинаа байрлуулсан. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн 40 минутын үед “машины чинь цонх хагарсан байна” гэж үл таних хүн хэлэхээр нь гэрээс гарч ирээд машинаа харсан чинь зүүн хойд цонх хагарч, эд зүйлс хулгайд алдагдсан байсан. ...миний “Тоёота вокси” загварын автомашинд хулгайч орж эд зүйлийг авсан байсан. ...миний алдагдсан эд зүйл болох Epson брэндийн проектор, Nikon D5100 загварын зургийн аппарат, дагалдах хэрэгсэл зэргийг надад хүлээлгэн өгсөн. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Тоёота вокси” загварын автомашины зүүн хойд талын хагарсан шилний мөнгө болох 160.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. ...” /1хх 21-22, 24/,

хохирогч А.Ариунаагийн “...Өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “Хөх тэнгэр” хотхоны автобусны буудал дээр байх ТҮЦ-ээ хаагаад явсан. Өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 09 цаг 50 минутад ТҮЦ-ээ нээх гээд ирсэн чинь манай ТҮЦ-ний хаалга онгорхой, түгжээг эвдэлсэн байдалтай байсан. Дотор нь ороод юмаа үзэхэд “Леново” болон НР маркийн нөүтбүүк, 100 ширхэг дуутай Сиди, LD тамхи 13 блок, зарим алдсан зүйлийг хэлж мэдэхгүй байна, бэлэн 220.000 төгрөг алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1хх 160, 179/,

хохирогч Г.Баяртулгын “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд ирээд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд гэрийн хаалга түгжээд буцаж явсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд манай хашаанд хамт байх төрсөн ах Н.Гарчаам ах над руу залгаад “танай гэрийн хаалга онгорхой хулгай орсон байдалтай байна” гэж хэлэхээр нь гэртээ очтол манай гэрийн хойморт байсан 50 инчийн зурагт болон хар мөнгөн аяга тавагны ком зэрэг алдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх 206-207/,

хохирогч З.Лхагва-Эрдэнийн “...2021 оны 11 дүгээр сарын 8-ны өглөө 09 цагт ажилдаа ирэхэд манай Наадмын хуушуурын хаалгыг хөшөөд хулгайч орсон байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. “Самсунг А-80” нэг ширхэг 450.000 төгрөгөөр худалдаж авсан, “Redmi note 8” нэг ширхэг 420.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг А-7” нэг ширхэг 2018 оных 290.000 төгрөгөөр худалдаж авсаг, “Самсунг А-50” нэг ширхэг 320.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг А-30” нэг ширхэг 300.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг Эс-9” нэг ширхэг 230.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг Эс-8” нэг ширхэг 200.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг Эс-8 Актив” нэг ширхэг 200.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг А-7” 2017 оных нэг ширхэг 180.000 төгрөгөөр худалдаж авсан, “LG Q9” нэг ширхэг 180.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг А-5” нэг ширхэг 150.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг Жи-6” нэг ширхэг 150.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг Вайд-3” нэг ширхэг 150.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг Эс-5” нэг ширхэг 80.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг Гранд макс” нэг ширхэг 80.000 төгрөгөөр худалдаж авсан, “LG Style” нэг ширхэг 80.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг Эс-6 Эджэ плас” нэг ширхэг төгрөгөөр худалдаж авсан, “ЛЖ нэксус-5” нэг ширхэг 90.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг эс-7” нэг ширхэг 90.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг эс-7” нэг ширхэг 120.000 төгрөгөөр худалдаж авсан, “Redmi note 5” нэг ширхэг 100.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг Меда” нэг ширхэг 65.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг А-8” 2018 оных нэг ширхэг 200.000 төгрөгөөр худалдаж авсан, “Самсунг Эс-8 плас” нэг ширхэг 220.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /2хх 24-25, 144-145/,

хохирогч М.Сарангэрэлийн “...Миний лангуунаас нийт 23 ширхэг утас алга болсон, нийт үнэлгээ нь 3.210.000 төгрөг болсон. Мөн 8 ширхэг нокиа утасны зай 40.000 төгрөг. Үүнээс гадна пабжи тоглоомын гар 5 ширхэг нийт үнэлгээ нь 80.000 төгрөг, төмөр хаалга 800.000 төгрөг, доторх вакум хаалга төгрөг болж байсан. Мөн хяналтын камер, тоног төхөөрөмжийн хамт алга болсон. Миний эзэмшлийн биш болохоор би хяналтын камерын үнэлгээг мэдэхгүй байна. Би тухайн утаснуудаас 16 ширхэг утсыг хүлээн авсан. Мөн бор өнгийн цүнхийг 120.000 төгрөгөөр авч байсан. ...” /2хх 32-34, 147-148/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-9, 150-155, 199-202, 2хх 14-19/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 10-13, 221, 2хх 68-75/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 218-220, 2хх 76-84/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч А.Тийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Тийн нийт 4 удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, нийт 20.451.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Төд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч А.Тийн “...хаалттай хорих ялыг минь нээлттэй дэглэмээр сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч А.Т нь зарим хохирол төлбөрөө биет байдлаар буцааж өгсөн гэх бөгөөд энэ талаараа нотлон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хохирол төлбөрөөсөө хасуулах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ      

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ