Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/00941

 

Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02259 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1063 дугаар магадлалтай,

Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.225.704 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ариунболдын шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс “Автобус-1” ОНӨҮГазарт кондуктороор ажилд орсон. Манай байгууллага цахим картаар үйлчлэх болсноор кондукторууд үүрэгт ажлаа хийхээ больж, шөнө очиж шал угаах, автобусыг бүртгэх зэрэг ажлуудыг хийх болсон. Би гараа хугарсан гэмтлийн улмаас 2 сарын хугацаанд акттай байж байгаад ажилдаа ороход хэсгийн дарга н.Отгонжаргал “...өөр ажилд ор, ...чамд ажил байхгүй...” гэх зэрэг үндэслэлгүй шаардлага тавьсан. Орон тоо хасагдсан учраас хамтын гэрээнд тохирсон ёсоор тэтгэмжээ аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар халагдахаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр даргын нарийн бичигт өргөдлөө өгсөн. Намайг тойрох хуудсаа зуруулж ир гэсний дагуу тойрох хуудсаа зуруулж дуусаад очиход н.Алтанцэцэг байхгүй байсан. Утсаар ярихад тушаал чинь аль хэдийн гарсан гэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын Б/1665 дугаар тушаалыг авахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсан байсан. Би дээрх тушаалд дурдсан шиг ажилдаа архи үнэртүүлэн очоогүй бөгөөд байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг зөрчиж байгаагүй. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар нь намайг ажлаас халсан тушаалдаа хяналт зөвлөгөө өгөх ажилтан гэж худал бичсэн бөгөөд өнөөдрийг хүртэл намайг хяналт зөвлөгөө өгөх ажилтан болгосон шийдвэр гаргаагүй бөгөөд нийгмийн даатгалын дэвтэр, байгууллагын даргын тушаалуудаар кондуктор хэвээрээ байгаа. Иймд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын нэгдүгээр баазын кондукторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон 3.225.704 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ариунболд, Ц.Баясгалан нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мөнхцэцэг нь “Автобус-1” ОНӨҮГазрын захирлын 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тушаалаар Сонсголонгийн бригадад кондуктороор ажилд орсон. Нэхэмжлэгч, хөдөлмөрийн гэрээний 5.1.8, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ажилдаа архи үнэртүүлэн ирж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тул түүнийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1665 дугаар тушаалаар ажлаас халсан. Манай байгууллага бол тээврийн үйлчилгээний байгууллага бөгөөд ажилдаа согтуу ирж болохгүй гэдгийг стандартчилсан байгаа бөгөөд уг стандартаар согтуугийн зэрэг тогтоох эрхийг байгууллагад олгосон. Б.Мөнхцэцэг согтуугийн зэргээ тогтоолгоогүй зугтаасан бөгөөд хурлаар оруулах гэхэд ирээгүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 5.1.8, байгууллагын дотоод журмын 7.6.1.7-д заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Дээрх үйл баримтын талаар гэрч М.Өнөрбаяр нотолно. Энэ хүн зөрчлөө нууж, өөр үндэслэлээр ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байсан. Б.Мөнхцэцэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхөөр өргөдөл өгсөн боловч түүний хүсэлтээр биш, гаргасан зөрчлөөр нь ажлаас халсан ба ийм үндэслэлээр халсан баримт тушаал байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02259 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын Нэгдүгээр баазын 3 дугаар хэсгийн хяналт зөвлөгөө өгөх ажилтан /кондуктор/-ын ажилд эгүүлэн томилж, хариуцагч байгууллагаас 2.584.440 төгрөг гаргуулан Б.Мөнхцэцэгт олгон, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалган, нэхэмжлэлээс үлдэх 641.264 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 56.301 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1063 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02259 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.301 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02259 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1063 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэт нэг талыг барьсан түүнчлэн хууль буруу хэрэглэсэн хуулиар бидэнд олгоогүй эрх хэмжээг хамаатуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлд нийцүүлэн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан ба уг гэрээнд хөдөлмөрийн харилцааг тодорхой зүйл заалтаар зохицуулахаар талууд гарын үсэг зуран баталгаажуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил буюу гэрээний 5.1.8, мөн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдлөгөө болгон хэрэгжүүлэхээр баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирсэн нь тухайн өдрийн байгууллага дээр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан нягтлан бодогч Өнөрбаярт илчлэгдсэн бөгөөд согтуурлыг шалгах үед ажлын байран дээрээ байгаагүй.

Энэ тухай гэрч Өнөрбаяр нь анхан шатны шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч түүнийг үнэлээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэдгээ ойлгож найз нөхөд танил талаараа нягтлан Өнөрбаярыг зөрчил гарсан тухай захиргаанд хэлэхгүй байх талаар арга хэмжээ авч өгөхийг гуйлгасан, тэрхүү үйлдэл нь бүтэхгүй болоход өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгсөн ба түүнийг хариуцагч тал зөрчил гаргаснаар нь шийдвэрлэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухайгаа тайлбарласан боловч үүнийг шүүх бүрэлдэхүүн анзаараагүйд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах, ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа  зэрэг тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Ажил олгогч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1665 тушаалаар Б.Мөнхцэцэгийг кондукторын ажлаас халсан байх бөгөөд тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.7, хөдөлмөрийн гэрээний 5.1.8 дах заалтыг үндэслэжээ /хавтаст хэргийн 8 дугаар тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг санаачилгаараа цуцлах эрхтэй. Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг  ажилдаа архи үнэртүүлэн ирж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг хариуцагч баримтаар нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын Нэгдүгээр баазын 3 дугаар хэсгийн хяналт зөвлөгөө өгөх ажилтан /кондуктор/-ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.584.440 төгрөг гаргуулан олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцжээ.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02259 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1063 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2016 оны 06 дугаар сарын 27-ний өдөр төлсөн 56.301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ