Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 591

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Сэлбэ зуслангийн газартай хэсэгчлэн давхцуулж нэр бүхий 5 иргэнд газар олгосон захирамжийг хүчингүй болгохыг даалгасан дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, зохих акт гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “*******”-ийн захирал Л.С*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******”-ийн захирал Л.С******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ““*******”-ийн захирал Л.С*******ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.

Сүхбаатар дүүргийн газрын албаны удирдлага, зарим холбогдох албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас шалган эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Үүнтэй холбогдуулан нэхэжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар эрүүгийн журмаар өргөдөл гарган шалгуулан, шийдвэрлүүлэх болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжтай маргахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******”-ийн захирал Л.С******* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Сэлбэ зуслангийн газартай хэсэгчлэн давхцуулж нэр бүхий 5 иргэнд газар олгосон захирамжийг хүчингүй болгохыг даалгасан дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, зохих акт гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ татгалзах ... эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч “*******”-ийн захирал Л.С******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч “*******”-ийн захирал Л.С******* нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан “*******”-ийн захирал Л.С*******ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Сэлбэ зуслангийн газартай хэсэгчлэн давхцуулж нэр бүхий 5 иргэнд газар олгосон захирамжийг хүчингүй болгохыг даалгасан дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, зохих акт гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч “*******”-ийн захирал Л.С******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                     М.БАТЗОРИГ