| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0346/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/316 |
| Огноо | 2017-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал
Улсын яллагч Д.Оюунбилэг
Хохирогч Б.О-
Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж
Шүүгдэгч Л.Э- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн 1738003060133 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л.Э-,
Шүүгдэгч Л.Э- нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн нутагт Б.О-ийг гэрт нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Л.Э- нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн нутагт Б.О-ийг гэрт нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Б.О-ийн: “...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ өөрийн хүүхдүүд болох О.Ц-, Ц-, Г-, Ц- нарын хамт байж байтал өдөр 14 цагийн үед манай бэр эгч болох Л.Э- нь өөрийн төрсөн хүүхэд Э-н хамт манайд ирсэн. Гэрийн гадаа энэ 2 ирээд П.Э- нь гадаа үлдээд Л.Э- нь орж ирэнгүүтээ тогоо угаагаад зогсож байсан намайг шууд үсдэж дараад зуухны урд талд байдаг шалны өрийг мөргүүлсэн мөн зуухыг мөргүүлээд чирээд хажуу тийш нь унангуут манай том охин О.Ц- холдуулах гэсэн салахгүй үсдсэн чигээрээ та нар яах гэж миний хүүг боож үхсэн гэж ярьсан юм. Чи миний хүүг алсан биздээ алуурчин минь, чамайг ингээд зүгээр явуулаад байна гэж байхгүй. Чамайг ингээд алчихъя гээд хашгираад байсан. Энэ үед гаднаас П.Э- нь орж ирээд ээжийгээ салгаж аваад гараад явсан. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Л.Э- гэдэг хүний хүүхэд Б- нь малын хашаанаас боож нас барсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-р тал/,
Гэрч О.Ц-гийн: “...Л.Э- эгч гаднаас ганцаараа орж ирэнгүүтээ зуухны урд толгойгоо угаагаад сууж байсан ээжийг шууд үсдэж дараад шал мөргүүлээд байсан. Үснээс нь чирж зулгаагаад гэрийн баруун хэсэгт хүртэл чирсэн. Зүүн гараараа үснээс нь барьж дарж байгаад баруун гараараа толгой нүүр лүү нь цохьсон. Ээж хариуд нь ямар ч үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Гэрч П.Э-ын: “...Ээж машинаас түрүүлж буугаад Г- дээр очих гэтэл машинаа унаад яваад өгөхөөр нь ээж гэр лүү нь орсон. Би машин дотроо суугаад үлдсэн. Ээжийг гэрт орсноос хойш би машинаа унтраачихаад гэрийн гадаа бие засчихаад Г-н гэрт орсон чинь гэрийн үүдний хэсэгт, гэрийн довоо давангуут ээж сөхрөөд суучихсан Б.О-ийн мөрнийх нь орчмоос гараараа зуураад барьсан, Б.О- болохоор ээжийн үснээс нь зулгаачихсан хажууд нь сөхрөөд суучихсан, О.Ц- гэдэг хүүхэн болохоор тонгойоод ээжийн үснээс нь зулгаагаад зогсож байсан. Тэгэхээр нь би ороод та нар юу болоод байгаа юм бэ гээд тэд нарыг салгаад ээжийг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай:
- Б.О-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
- Б.О-ийн биед тархи доргилт бүхий гэмтэл учирсан байна.
- Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
- Гэмтэлтэй холбоотой сэдэрсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 54-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1738003060133 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2, 37.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Л.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн плаш 1 ширхэгийг хэрэгт уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ