| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 1910 02148 1166 |
| Дугаар | 2022/ДШМ/681 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/681
2022 06 30 2022/ДШМ/681
А.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Хурц,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/375 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр А.Нд холбогдох 1910 02148 1166 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э... овгийн А...ын Н..., 19... оны .. дүгээр сарын ...-ний өдөр .... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .... хамт .... аймгийн ... баг, ... 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод түр оршин суух хаягтай, /РД:..../,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 293 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,
Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн;
А.Н нь 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр иргэн Б.Ан эзэмшлийн 4781 ГЧ улсын дугаартай чиргүүлийг аман хэлцлээр түрээслэхээр шилжүүлэн авч, улмаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад 3.200.000 төгрөгт барьцаалан завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно.” гээд 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг ...хаана... үйлдсэн.../” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.А нь шүүгдэгч А.Нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу 3 дугаар цахилгаан станцын авто зогсоолоос өгч явуулсан талаар мэдүүлдэг /хх 44/ ба түүний анх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл гомдолд мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу 3 дугаар цахилгаан станцын авто зогсоолоос өгч явуулсан талаар бичигдсэн байдаг. /хх 36/
Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.А нь тус чиргүүлийг “эмээлтээс очиж авсан” гэж, шүүгдэгч А.Н мөн “эмээлтээс очиж аваад Ховд руу явсан. ...Би эмээлтийн тэнд чиргүүл байсан айлын хашаанаас очиж авсан, тэр хашааг зааж өгч чадна, харуул нь байсан. ...” гэж тус тус мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасан.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “...мөрдөн шалгах ажиллагаа харьяалал зөрчиж хийгдсэн, прокурор, мөрдөгчийн зүгээс иргэний хэлцэлтэй холбоотой асуудлыг гэмт хэрэгт хамааруулж шалгасан, уг хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй” гэж маргадаг. Нэгэнт хэргийн оролцогч нар гэм буруу болон хэргийн харьяалал зөрчигдсөн, мөрдөгч, прокурор уг хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэх тайлбарыг гаргасан тул тус шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, шүүх хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтоосон эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна гэж үзлээ. Иймд гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар нэмэлт ажиллагаа буюу шүүгдэгчийн мэдүүлсэн эмээлтийн хашаанаас тухайн чиргүүлийг авах үед байсан гэх харуулын ажилтан, холбогдох гэрчээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа хийн хэргийн харьяаллыг нэг мөр тогтоож, тус шүүхэд харьяалагдахгүй болох нь тогтоогдвол харьяалах шүүхэд хэргийг шилжүүлж шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.Нд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч А.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.А нь “А.Нтэй анх уулзсан газраа буюу Эмээлт гэх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өгч явуулсан” гэж, шүүгдэгч А.Н мөн уг газраас авч явсан гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлгийн хооронд ноцтой зөрүү гараагүй байхад шүүх “гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байна.” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, уг дүгнэлтээ шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитой тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Нийн гэмт хэрэг үйлдсэн газар нь өөрчлөгдөж, өөр шүүхэд харъяалагдах нь мэдэгдсэн боловч хэргийн байдлыг бүрэн бодитой тогтооход нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Нд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/374 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Нд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас А.Нийг 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр иргэн Б.Ан эзэмшлийн 4781 ГЧ улсын дугаартай чиргүүлийг аман хэлцлээр түрээслэхээр шилжүүлэн авч, улмаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад 3.200.000 төгрөгт барьцаалан завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн харьяалал зөрчигдсөн, мөрдөгч, прокурор уг хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэх тайлбарыг гаргасан тул тус шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, шүүх хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтоосон эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна.
Иймд гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар нэмэлт ажиллагаа буюу шүүгдэгчийн мэдүүлсэн эмээлтийн хашаанаас тухайн чиргүүлийг авах үед байсан гэх харуулын ажилтан, холбогдох гэрчээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа хийн хэргийн харьяаллыг нэг мөр тогтоож, тус шүүхэд харьяалагдахгүй болох нь тогтоогдвол харьяалах шүүхэд хэргийг шилжүүлж шийдвэрлүүлэхээр А.Нд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3-д “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:” гэж, 3.2-д “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт.” гэж тус тус заасан байхад прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн газрыг тусгаагүй байна.
Түүнчлэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдлыг /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ нотлох учиртай бөгөөд хавтаст хэрэгт гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар хохирогч, шүүгдэгч нар нь зөрүүтэй мэдүүлдэг тул дээрх эргэлзээтэй байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэв.
Иймд, шүүгдэгч А.Нд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/375 дугаартай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/375 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Хурцийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ