Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/01185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл **************холбогдох

Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/01067/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагч байгууллагын дарга *********, хариуцагчийн өмгөөлөгч ******** нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******************* ажиллаж байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 03-нд гарсан газрын даргын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагаас бүх ажилчдын хурал болж намайг ажлаас халах тушаал уншсан. ...Манай байгууллага дээр санхүүгийн ноцтой зөрчил илрээгүй. Манай байгууллагад жил бүр хяналт үнэлгээ мониторингийн шалгалт хийгддэг. Тэр шалгалт хийгдээд санамж бичгээр санхүүгийн баримтын бүрдэл дутуу байна, бүрдлүүдээ бүрдүүлж 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүл л гэсэн. ...Ажлаас халагдаж байгаа учаас Хүний нөөцийн даргатай ярьж, миний хүүхэд гурван нас хүрээгүй, би өрх толгойлсон эмэгтэй, яагаад ажлаас халж байгаа юм бэ, энэ бол ажлаас халагдах үндэслэл биш шүү дээ гэж ярихад билл тооцооны асуудлыг би мэдэхгүй, тийм юм надад ирээгүй. Чамд арга хэмжээ авчихаад байхад дахиад чи хүний 20 хувийн цалинг хоёр сар хасаагүй учраас халж байгаа гэсэн тайлбарыг дарга чинь өгсөн гэсэн хариу өгсөн. ... Хариуцагч талаас гаргаж өгсөн 43 хуудас материал бол ямар нэгэн байдлаар хяналт шалгалтаас хойш нөхөж хийгдсэн гэж үзэж байна. Ажлас халсан тухай тушаал уншихаар нь төвөөс ирсэн бичигтэй танилцмаар байна гэхэд өгөхгүй, та төв компаниасаа авч танилц гэж байсан. ...Хоолонд орчихоод хүрээд ирэхэд миний өрөөг лацадчихсан байсан тул шууд яваад өгсөн. Тэр өдрийн оройн 18 цаг болж байхад *********дарга над руу утасдаад та хаана яваад байгаа юм бэ, ажлаа өгөхгүй гэхээр нь би миний өрөөг лацадчихсан байна, миний буруу нотлогдоогүй байхад та нар яагаад ингэж хандаж байгаа юм бэ, би өнөөдөр ажлаа өгөхгүй маргааш очно гээд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тушаалд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөхөөр байсан учраас би 5 дугаар сарын 04-ний өдөр очоод ажлаа хүлээлгэж өгөөд гарсан. ...4 дүгээр сарын 30-ны өдрийн тайлан тооцоогоор миний санхүүгийн тайлан, билл, нэг ч мөнгөний зөрүүгүй гарсан байгаа. Билл төлбөр тооцооны хөрвүүлгийг 10 дугаар сард хийгээд янзалчих байсан боловч манай аймагт ирэх Хяналт үнэлгээний хэлтсийн мониторингийн шалгалт хойшлогдсоор байгаад 4 дүгээр сард ирсэн. Хэрвээ үнэхээр ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан бол Монголын цахилгаан холбоо хувьцаат компани 2015 оны 10 дугаар сараас хойш 7 сар болж байхад тэр тайлангуудыг нэгтгэж аваад мөн *********дарга түүнийг авч баталгаажуулахгүй байх байсан. 2015 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар, 2016 оны бүх саруудад ямар ч зөрчилгүй явж ирсэн. Хэрэглэгчийн төлбөр тооцоо, хэрэглэгчийг билл төлбөр тооцооны системээс хасах үйл ажиллагааг маркетингийн хэлтэс хариуцдаг. Хамгийн сүүлчийн шат буюу хэрэглэгчийн бүртгэлийг устгах ажлыг ахлах инженер хариуцсан техникийн хэлтэс техникийн нөхцлийг нь судалж хаадаг. Гэтэл энэ зөрчилд намайг хохироож ажлаас халсан. Энэ зөрчил нь ажлаас халах үндэслэл болохгүй. ...4.600.000 төгрөгийн зөрчил гарч ирсэн нь намайг ажлаас гарснаас хойш баазаа татахдаа буруу татсанаас болсон байх. Түүнээс биш би 4.121.000 төгрөгийн залруулгыг хийхэд билл төлбөр тооцооны систем, санхүүгийн тайлан хоёрт ямар нэгэн алдаа зөрчилгүй яг таарсан. Санхүүгийн тайлангийн хувьд ямар ч зөрчилгүй явсаар ирсэн. Зөвхөн билл төлбөр тооцооны системд ийм асуудал үүссэн. Энэ нь ажлаас халагдах хэмжээний зөрчил биш гэж үзэж байна. Байгууллагын дотоод журамд зааснаар билл төлбөр тооцооны системийг бүрмөсөн таслах гэдгийг юу гэх вэ гэхэд тухайн хэрэглэгчтэй байгуулсан гэрээг нэг талын санаачлагаар цуцлагдсанд тооцож, хэрэглэгчийн дугаарыг баазаас устгаж, өртэй хэрэглэгчийн баазад шилжүүлэн үйлчилгээний эрхийг бүрэн цуцалж техникийн нөхцлийг суллана гэсэн байгаа. Гэтэл үүнийг дөнгөж эхэлж байхад зөрчилд тооцсон. Билл төлбөрийг тэглэж, гэрээний мэргэжилтэн хэрэглэгчийг цуцалж, ахлах инженер техникийн нөхцлийг цуцалсан процесс явагдсан. Гэтэл би үүнд журам зөрчих болчихоод байгаа юм. Жишээлбэл, журмын 5.1.5-д орох ярианы эрх хаагдсан дараагийн сард суурь хураамж авахгүйгээр үйлчилгээний төлбөр гарсан 91 дэх хоногоос бүрмөсөн таслалт хийж гэрээг цуцлана гэж заасан. Улирал бүр өртэй хэрэглэгчийн бааз үүсгэн цуцалж явдаг. Даргын хувьд өмнө нь манайд ажиллаж байсан боловч санхүүгийн төлбөр тооцооны ажлыг мэдэхгүй байгаа. Бид 4 дүгээр улирлын тайланг энэ байдлаар найдваргүй авлагын материалыг бүрдүүлж, дараа дараагийн ажлууд хийгдэх байсан. Өртэй хэрэглэгчийн бааз руу энэ шилжигдээгүй, өр төлөгдсөн талаар хөөцөлдсөн зүйл ч байхгүй. Авлагын байцаагчийг ажлаа муу хийж байна гээд сольчихсон. Авлагыг би хариуцах ёсгүй. Яагаад гэвэл би 10 дугаар сарын 12-ны өдөр ажилд ороод 10 дугаар сарын 28-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар намайг авлага хариуцахыг бүрмөсөн болиулж, авлагын байцаагч өөрөө ажлаа тайлагнаж байхаар болсон. Дарга ажилд орсон цагаасаа хойш надтай үл ойлголцох байдалтай байдаг байсан. Авлага хариуцахгүй болж байгаад би миний ажлыг хөнгөвчилж байна гэж бодсон. 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш би нэг ч авлагыг тайлагнаагүй. Надаас шаардсан тохиолдолд л би даргад тайлагнаж байсан. 10 дугаар сард тайлан гаргахад авлага 23 сая төгрөг байсан бол 4 дүгээр сарын 30-ны өдөр тайлан гаргахад 21 сая төгрөг болж 2.000.000 төгрөгөөр буурсан байгаа. 4 дүгээр сарын 30-ны өдөр 10 дугаар сарын 30-ны нийт авлага 40 сая төгрөг гарч байсан бол 4 дүгээр сарын 30-ны өдрийн тайлангаар 38 сая төгрөг буюу нийт авлага 4 сая төгрөгөөр буурсан байсан. Эдгээр нотлох баримтуудыг хэвлэж өгөөч, шүүхэд гаргаж өгмөөр байна, олон сар ажилгүй явж байна, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан тул намайг хаана ч ажилд авахгүй байна гэж уламжилж, шүүх хуралд баталгаажсан баримтуудыг авмаар байна гэхэд төвөөс ч эндхийн дарга нарт ч хэлсэн боловч баталгаажуулсан тайлангаас нэг хувийг ч надад хэвлэж өгөөгүй. Ийм учраас өөрийн авч үлдэж байсан хувийг авчирсан. Эдгээр баримтанд санхүүгийн тэмдэг байхгүй. Санхүүгийн баталгаажсан тайланг тулгаж үзэхэд таарч байгаа. Энэ хугацаанд 5 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хохирсон. Би цалингүй, ажилгүй мөн сэтгэл санааны хувьд ч гэсэн хохироод явж байна. Эдгээр хохирлуудыг барагдуулах хүсэлтэй байна. Үүнд цалингиин нөхөн олговор 3.876.000 төгрөг, мөн ажилдаа эргэж орох хүсэлтэй байна. Яагаад гэвэл зарим нэгэн хэрэглэгчдээс санал гомдол надад ирж байгаа. Намайг ажлаас гарсныг мэдээгүй байх. Хөрвүүлгэ хийсэн хэрэглэгч нараас хэрэглэгчийн төлбөр буцаад нэмэгдчихсэн явж байгаа. Сүүлд орсон авлагын байцаагч авлага бууруулах талаар суурь хураамжийг зогсоогоогүй учраас нэмэгдээд уншигдаж явж байгаа. Гэтэл зарим хэрэглэгчдээс төлбөрөө төлчихсөн байхад тэд гээд шивэлт хийгдчихсэн байсан байна. Та нар мөнгө төгрөгийг нь ашиглачихсан юм биш үү гэсэн асуудлыг хэрэглэгч нар хэлж байсан. Авлагын байцаагч хураасан мөнгөнийхээ квитанцуудыг өөрийнхөө тайланд хавсаргадаг. Би кассуудын шивэгдсэн мөнгө, авлагын байцаагч нарт төлөгдсөн мөнгийг л шивдэг. Түүнээс биш бусад асуудлыг холбогдох хүмүүс хариуцна. Нэхэмжлэлийн шаардлагынхаа дагуу **********-иас гаргасан энэ бүх мэдээлэл, гаргаж өгсөн тайлан мэдээ, дахин нөхөж гаргаж өгсөн гэж миний ойлгож байгаа баримтуудыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвхөн надад ажлаа сайжруул гэсэн үүрэг өгсөн. Санхүүгийн баримтын бүрдэл дутуу, баримтаа бүрдүүл гэсэн санамж бичигт л гарын үсгээ зурсан. Надад өөр гарын үсэг зуруулсан баримт байхгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор 3.876.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын тасарсан хугацааны шимтгэлүүдийг төлүүлэх шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч *********шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ********* нь Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлангаар ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргасан нь санхүү дотоод аудитын шалгартаар илэрсэн тул ажлаас чөлөөлсөн. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагийн хувьд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. ,,

Хариуцагч *********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд ахлах нягтлан бодогч ********* 2009 оноос хамтарч ажиллаж байсан. Би тухайн үед орлогын байцаагч, кассаар ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйлийг сонсоход мэргэжлийн хүмүүс байсан бол олон худлаа зүйл хэлж гүтгэж байгаад хувь хүний зүгээс харамсч байна. Нэхэмжлэгч ярьсан зүйлээ баталгаажуулах байх гэж бодож байна. Нэгдүгээрт 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн хэмжээнд уламжлал ёсоор жилд хоёр удаа болдог хяналт, мониторингийн аудитын шалгалт хийгдсэн. Уг шалгалтаар 174 хэрэглэгчийг цуцалсан нь санхүүгийн ноцтой зөрчил гэдгийг холбогдох байгууллагууд нь ирж судлаад дүгнэлтүүдийг шат дараалан өгсөн. Хяналт үнэлгээ мониторингийн шалгалт хийгдээд 4 дүгээр сарын 12-ны өдөр санамж бичгийг өгөөд 4 дүгээр сарын 25-ны дотор энэ зөрчлөө арилга гэсэн тул манайд ийм ажиллагаа хийгдээгүй байсан учраас хяналт мониторингоос ирүүлсэн санамж бичгийн талаар Захиргаа удирдлагын газарт хэлсэн. Хөвсгөл аймгийн Холбооны газрын нягтлан бодогч *********гийн ажлыг гэрээний бааз бүрдүүлэх, билл тайлан гаргалтын смарт программтай тулгаж шалгахад идэвхгүй хэрэглэгчийн цэг болон авлагатай хэрэглэгчийн авлага барагдуулах ажиллагааг тогтмол хийгээгүйгээс авлагын хугацаа уртсаж, цэгийн хөөсжилт ихэссэн байна. Мөн гүйцэтгэх захирлын 2014 оны А133 дугаартай тушаалаар батлагдсан суурин утас, интернет, кабелийн телевизийн үйлчилгээг түр болон бүрмөсөн таслах, эрх сэргээх журмын хэрэгжилт хангалтгүй, хэрэглэгчдийн авлага 7-38 сарын насжилттай болтол таслалт хийгээгүй, олноор нь нэг дор хийсэн. Ахлах нягтлан бодогч ********* нь 174 хэрэглэгчийн 4.657.393.76 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгдөөгүй байхад банкаар төлбөр нь орж ирсэн мэтээр шивэлт хийж орлогыг хаасан байсныг 2016 оны 4 дүгээр сард буцааж суулгуулсан. Дээрх байдлаас болж мэдээллийн смарт программын авлагын тайлан, санхүүгийн тайлангийн нэгтгэл зөрүүтэй гарсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. Дээрх зөрчлүүдийг үндэслэн Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогч *********д холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэж Захиргаа удирдлагын газрын даргад хүсэлт бичсэний дагуу Захиргаа удирдлагын газрын дарга хуулийн мэргэжилтэн ******* чиглэл өгч ******** явуулсан. Үүнд Хяналт шинжилгээ дотоод аудитын албанаас Хөвсгөл аймгийн Холбооны газарт хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн санал дүгнэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах мэргэжилтэн нягтлан бодогч *********г Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах асуудлаар Хөвсгөл аймгийн Холбооны газарт хууль зүйн зөвлөгөө өгч авсан арга хэмжээг гүйцэтгэх захирлын ажлын зөвлөлд танилцуулахыг мэдэгдэж байна гэсэн. Араас нь манай Хөвсгөл аймгийн Холбооны газарт Захиргаа удирдлагын газраас ирүүлсэн санал дүгнэлт хүргүүлэх тухай гэсэн факс, мэйл ирсэн. Түүнд тус компанийн хяналт шинжилгээ муу байгаагаас Хөвсгөл аймгийн Холбооны газарт хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2016 оны 4 дүгээр сарын 06-аас 11-ний өдрүүдэд хийсэн бөгөөд хяналт шалгалтаар илэрч тогтоогдсон зөрчил дутагдлын талаарх тайлан дүгнэлтийг Захиргаа удирдлагын газарт ирүүлсэн байна. Дээр дурдагдсан зөрчил дутагдал нь Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн хөдөлмөрийн дотоод журам, суурин утас, интернет, кабелийн телевизийн үйлчилгээг түр болон бүрмөсөн таслах, эрх сэргээх журам, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн билл тайлан гаргалтыг сайжруулах тухай 02 дугаартай санамж, биллийн тайлан болон бусад тайлан дүгнэлтээс харагдаж байна гэж дүгнэж байна. Иймд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогч *********г зөрчил дутагдал гаргасан баримт материалтай танилцуулан тайлбарыг авч, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байгаа тул бүх ажиллагсдын хурлыг зохион байгуулж авсан арга хэмжээний талаар Захиргаа удирдлагын газарт ирүүлнэ үү гэсэн дүгнэлтийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 10-ны Б76 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Тушаалын талаар дэлгэрүүлж хэлэхэд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ахлах нягтлан бодогч хэрэглэгч цуцалсан талаар гүйцэтгэх захирлын 2010 оны А143 дугаар тушаалын хавсралтын 5.1.6-д төлбөрийн зөрчлөөс суурин утасны хэрэглээг тасалж гэрээг цуцлах хэрэглэгчийн жагсаалтыг тооцооны ажилтан гаргаж орлогын ахлах нягтлан бодогчоор хянуулан нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргаар баталгаажуулж, хэрэглэгчийн үйлчилгээ, борлуулалтын хэлтэст өгнө гэсэн байгаа. Хэдийгээр зөвхөн дарааллыг ярьж байгаа боловч үүнийг мөрдөж 174 хэрэглэгчийг цуцлаагүй, дур мэдэн цуцалсан юм уу, төлбөрийг авсан гэж дүгнэж байгаа. 6.2.1-т нягтлан бодогчийн хүлээх үүрэг гэж үүнд байгаа. Үүнд хэрэглэгчийн үйлчилгээний тооцоог билл гарсны дараах хяналтын хугацаанд төлбөрийн нэхэмжлэхийг инкассийн хэрэглэгчдэд хүргэж, төлбөр төлүүлэх ажлыг хариуцна гэж байгаа. Нягтлан бодогч хүний үүрэг ийм байгаа. 6.2.2-т төлбөрийн тооцоо гарсан өдрөөс эхлэн гэрээг цуцлах өдөр хүртэл хугацаанд үүссэн төлбөр тооцоог тооцооны ажилтнууд хүлээн авч ахлах нягтлан бодогч хийж гүйцэтгэнэ гэсэн. 6.2.3-т бүрмөсөн таслалт хийж гэрээг цуцалснаас хойш 60 хоногийн дотор нягтлан бодох бүртгэлийн хэлтэс авлага барагдуулах ажиллагааг гүйцэтгэж дуусгана. 6.2.4-т бүрмөсөн таслалт хийгдсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор багтаан авлагатай хэрэглэгчийн талаарх мэдээллийг холбогдох баримт бүрдүүлэн шүүхэд нэхэмжилнэ гэсэн байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн ажлын байрны чиг үүрэг байгаа. Мөн ажлын байрны тодорхойлолтонд банкин дахь орлого зарлагын харилцах данс, бэлтгэн нийлүүлэгчдийн тооцооны гүйлгээг боловсруулж холбогдох тайланг гаргах, хэрэглэгчийн хандлага үлдэгдэлд судалгаа хийж, орлого төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, орлогын харилцах гүйлгээг холбогдох программд боловсруулан гүйлгээг үндэслэсэн хэрэглэгчийн тооцоог биллийн программд үнэн зөв шивэх, касс салбаруудын тооцоог тулган шалгаж, тайлан гаргах ажлуудыг гүйцэтгэнэ гэсэн байгаа. Энэ хэрэглэгчийг яасан бэ гэхэд 10 дугаар сарын 03-ны өдөр миний ажилд авах тушаал гараад 10 дугаар сарын 12-ны өдөр ********* гэдэг хүн 174 хэрэглэгчийг хэн цуваадаж гаргаж өгснийг мэдэхгүй, биллийг тэглэсэн, дараагийн шатанд үлдэхгүй зогсож байгаа. Яагаад гэвэл тэр 174 хэрэглэгч өөрсдөө манайд ороход орлогын байцаагч Бямбазаяа манай бүх ажилчдын хурал дээр 6 сая гаруй төгрөгийн авлага буурсан. 174 хэрэглэгч орж байгаа нь сайн байна, орлогын байцаагч ажил үүргээ сайн гүйцэтгэсэн байна. 3 сая гаруй төгрөгийн авлага барагдсан байна гээд баяр хүргэж энэ бэлэн мөнгөөр орсон уу гэхэд бэлэн мөнгөөр орсон гэж байсан. Хэрвээ шаардлагатай гэвэл орлогын байцаагчийн тухайн үед хэлсэн үгийг нотлох баримтаар гаргаж өгье гэж бодож байна. Энэ 174 хэрэглэгчийг та нар яг бэлэн мөнгөөр оруулж авсан уу, хөрвүүлгэ хийсэн үү гэхэд ********* нягтлан бодогч, орлогын байцаагч хоёр хөрвүүлгэ хийгээгүй, бэлэн мөнгөөр авсан гэж хэлсэн. Тэр талаарх баримт нь бий. Үүнийг бэлэн мөнгөөр авсан эсэхийг зохих байгууллагууд нь шалгах байх. Би зөвхөн нэхэмжлэгчийг ажлаас халсан талаарх үндэслэлээ тайлбарлаж байна. ...Ерөнхийдөө энэ хүнээс болж Хөвсгөл аймгийн хэмжээнд авлага 6 сая гаруй төгрөгийн авлагатай болчихоод байна. Манай ажилчид болон би ч гэсэн авлагатай хүмүүстэйгээ очиж уулзсан. Зарим нь өгчихсөн гэсэн иймэрхүү 10-аад баримт байна. Дахин авлагатай хэрэглэгчтэй уулзаж байгаад хэрвээ мөнгөө өгөөгүй хэрэглэгчдийг шүүхэд өгнө. Газрын дарга үүрэг чиглэл өгөх ёстой байсан боловч нэхэмжлэгч дур мэдэн хийсэн дээрх үйлдлийг хийсэн. Газрын даргын хувьд авлага ямар байгаа, авлага барагдуулах талаар дэлгэрэнгүй ажил хийн тэр талаараа тайлан мэдээ явуулж, үр дүнг нь хянаж шалгах үүрэгтэй. Тухайн үед даргаас илүү мэдэлтэй нягтлан бодогч байсан юм байна гэж ойлгож байна. Манай байгууллагын хувьд системийг буцаж хөрвүүлснээр байгууллагын нэр хүнд хохирч хэрэглэгч нараас авах төлбөр 6 сая төгрөг болчихоод байгаа. Даргын хувьд надад дээрээс ********* гэдэг хүнээс өр авлагаа барагдуул гэсэн үүрэг өгсөн. Тэр мөнгийг авлагын байцаагч авсан гэх баримтууд байгаа болохоос биш хэн авсан нь тодорхойгүй байгаа. Ийм учраас авлагатай хэрэглэгч нартай очиж уулзаад эцсийн шат буюу шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээ авч байна. Ажлаас халсан тушаалын гол үндэслэл нь *********гийн гаргасан зөрчлийг санхүүгийн ноцтой зөрчил гэж үзсэн. ...Намайг анх ажилд ороод удаагүй байхад буюу 01 дүгээр сарын 08-ны өдөр бүгд сануулах арга хэмжээ авцгаасан. Сануулах арга хэмжээ авсан тушаалыг сүүлд нөхөж гаргана гэж байхгүй учраас би гайхаж байна. Ямар учраас сануулах арга хэмжээ авцгаасан юм бэ гэхэд Гурван аварга сургууль дээр интернет тавих гэсэн боловч 14 хоногт тавиагүй байсан. Тийм учраас манайд гомдол орж ирсэн. Энд холбогдох маркетингийн мэргэжилтэн, нягтлан бодогч, техникийн хэсгийн ажилтнуудад сануулах арга хэмжээг авч байсан. Энд байгаа хурлын протоколын тэмдэглэлээс ч гэсэн нотлох баримт шинжлэн судлахад гаргаж үзүүлж болно. Өөрөө ч мэдэж байгаа. Сануулах арга хэмжээтэй байсан тул ноцтой зөрчил гэж үзээд шууд халах арга хэмжээ авсан. ...Би өөрийн гаргасан шийдвэрээ зөв гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд урд сахилгын шийтгэл хүлээсэн, ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж, ажлын ёс зүйгүй хандлагыг гаргаж байсан учраас ноцтой зөрчилд тооцож ажлаас халсан. Тийм учраас ажилд эгүүлэн авахгүй. Сая зөвхөн ажлаас халсан шалтгаанаа тайлбарлах гэж ирсэн учраас санхүүд гаргасан зөрчлийн материалуудыг авчирсангүй. Шаардлагатай гэвэл шалгуулж болно. Энэ хугацаанд мөнгө төгрөгтэй холбоотой зүйлүүд нэлээд байсан. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдуулан Урьд ажиллаж байсан Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *********г ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүдээр ажлаас халсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай ********* тоот тушаалаар нотлогдлоо.

Нэхэмжлэгч ********* ажлаас халагдсан тушаалыг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буруу халсан...гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчиж, шүүхэд гомдлоо хугацаа хэтрүүлэн гаргасан бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч ********* хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлж гомдол гаргасан тухайгаа нотлож чадаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд *********гийн урьд ажиллаж байсан Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ************** бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч *********гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН