Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/04136

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 03

101/ШШ2024/04136

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод оршин байрлах, ******* ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,*******,******* тоотод оршин суух, Буудайн тамга овогт Авирмэдийн ******* /рд:/,

 

Хариуцагч: ,,, тоотод оршин суух, Харчин овогт Цэрэннамжилын ******* /рд:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 34,628,192 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

3,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч А.*******, Ц.******* нар нь ******* ХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан хэрэглээний зээл зориулалтаар 40,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Банк нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч А.*******ийн эзэмшлийн******* дахь ******* тоот харилцах дансанд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч А.*******, Ц.******* нар нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасан эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, утсаар холбогдож зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн.

Зээлдэгч А.*******, Ц.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,777,512.35 төгрөг, үндсэн хүү 19,155,302.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2,207,419.88 төгрөг, хуримтлагдсан хүү 73,514.45 төгрөг нийт 34,213,749.19 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 34,213,749.19 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 329,443.74 төгрөг, нотариатын төлбөр 85,000 төгрөг, нийт 34,628,192.93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар шүүхэд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийн зээл аваад 27,222,487.7 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл банк 34,213,749.19 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэж гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө төлөгдсөн төлбөр дээр нэмэхэд нийт 61,436,236.8 төгрөг төлүүлэх тооцоо гарч байна. Бид үндсэн зээл 12,777,512.35 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Тухайн цаг хугацаанд халдварт Корона өвчин дэлхий нийтийг хамарсан хүнд жилүүд таарч хилийн хорио тавигдсан. Амьдарч ядаж яваа өвчтэй, ажил орлогогүй бидэнд хүнд дарамт болсон. Энэ талаар *******инд хандаж хүү зогсоож өгөх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй. ******* нь зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэхгүй явсаар хүүгийн төлбөр өндөр болсон байна. Иймд үндсэн төлбөр 12,777,512.35 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* нь нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд миний тэтгэврийн нэрийн ******* тоот дансны хөдөлгөөнийг зогсоож, сар бүр эм тарианы мөнгө, эмчилгээний зардалд зарцуулагддаг тэтгэврийг олгохгүй хууль бус ажиллагаа явуулсан. Би үе мөч эрхтэнд нөлөөлсөн чихрийн шижин өвчин хүнд хэлбэрээр оношлогдон хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдож группт орсноор сар бүр 650,000 төгрөгийн тэтгэвэр авч эм тариандаа зарцуулдаг байсан. ******* шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д энэ хуульд зааснаас бусад тохиолдолд тэтгэврээс суутгал хийхийг хориглоно гэх заалтыг зөрчсөнөөс өнөөдөр хүртэл хөдөлмөрийн чаадвар алдалтын тэтгэврээ авч зарцуулж чадахгүй хохирч байна. Иймд 2024 оны 8 сарын байдлаар тэтгэврийн нэрийн дансны гүйлгээг зогсоож олгоогүй 4-8 сарын тэтгэвэр 3,250,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 3,148,850 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, жилийн 16.80 хувийн хүүтэй авсан. Уг тэтгэврийн зээлийн төлбөрт нь төлөгдсөн мөнгө байх ба А.*******, Ц.******* нарын ******* ХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан тоот барьцаат зээлийн гэрээний төлбөрт энэ тэтгэврийн зээлээс нэг ч төгрөг суутгагдаж ороогүй. Мөн манай банк түүний тэтгэврийн мөнгийг битүүмжилж, зогсоогоогүй. Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

6.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн болон барьцааны гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2023/02236 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, хүү тооцооллын хүснэгт, мемориалын баримт, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрөл садангийн тухай лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, Хорооны Засаг даргын тодорхойлолт, зээлдэгчийн анкет, өргөдөл, зээлийн хорооны гишүүдийн саналын хуудас, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зээлийн барьцаа шалгасан акт, зээлийн өргөдөл, борлуулалтын орлогын түүвэр Эбээ ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, ойд цэвэрлэгээ хийх гэрээ, хамтран ажиллах гэрээ, харилцах дансны харилцагчийн хуулга, тэтгэврийн зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн өргөдөл, зээлийн дансны харилцагчийн хуулга,

6.2 хариуцагчаас гаргасан өрхийн эмчийн тодорхойлолт, шинжилгээний хариу, Хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А.*******, Ц.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,628,192 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь 3,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 40,000,000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлдүүлэх, А.*******, Ц.******* нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг сарын 2.5 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-13-15/

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд А.*******ийн өмчлөлийн *******,*******,*******,******* тоотод байрлах, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-16-17, 41/

 

3.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

3.2 Зээлийн гэрээний дагуу ******* ХК-иас зээлийн мөнгөн хөрөнгийг үндсэн зээлдэгч А.*******ийн эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлж олгосон болох нь зээлийн дансны харилцагчийн хуулга, мемориалын баримтаар тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй.

 

3.2а Хариуцагч А.*******, Ц.******* нар нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан байх ба тэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар тэрээр зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй байна.

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг, тохирсон хүүгийн хамт төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөрт 27,222,487 төгрөг, хүүд 16,218,952 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 117,992 төгрөг тус тус төлсөн, мөн гэрээний үүргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс зөрчиж, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгээгүй болох нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон.

2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үндсэн төлбөр 12,777,512 төгрөг, зээлийн үндсэн хүү бодогдож явсаар нийт 19,155,302 төгрөгийн хуримтлал үүссэн байна.

 

4.1 Хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөр 12,777,512 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үйл баримтад маргаагүй, уг мөнгөн хөрөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

 

4.2 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар А.*******, Ц.******* нар нь зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран зээлийн төлбөрийг төлж барагдуулах хүртэл хэтэрсэн хугацааны зээлийн хүүг зээлдэгч нар төлөх үүрэгтэй.

Гэвч ******* ХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан, зээлдэгч А.*******, Ц.******* нар нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөхгүй байгааг мэдсэн атлаа зээл төлүүлэх арга хэмжээ аваагүй, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй явсаар анх шүүхэд 2023 онд хандсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2023/02236 дугаар шийдвэрээр тогтоогдсон.

Үүнээс дүгнэхэд зээлийн хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээ нэмэгдэх нөхцөл байдалд зээлдүүлэгч ******* ХК-ийн үйлдэл нөлөөлсөн байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж тус тус заасан. Иймд зээлийн үндсэн хүү 19,155,302 төгрөгийн тал хувь 9,577,651 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д хариуцуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

4.3 Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 2,207,419 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч ******* ХК нь зээлдэгч нарын гэрээний үүргийн зөрчлийг аль хугацаанаас эхлэн хэзээ хүртэл тооцож байгаа болохоо үндэслэл бүхий тайлбарлаагүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийг хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тохирсон байна.

Талуудын байгуулсан дээрх гэрээний 2.1.5-д заасан заалтад нэмэгдүүлсэн хүүг зээлийн үндсэн дүнгээс тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцээгүй байна. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх байтал талууд гэрээнд зээлийн үндсэн дүнгээс тооцохоор тохирсон нь хууль зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгч нь хуримтлагдсан хүүд 73,514 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, хуульд заагаагүй хүү шаарджээ

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ гэж заасан.

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нөгөө тал болох иргэнд санал болгож байгаа талуудын байгуулсан гэрээний 2.1.5-д заасан хүүгийн талаархи зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч ******* ХК нь нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхгүй байх тул нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 2,207,419 төгрөг болон хуримтлагдсан хүү 73,514 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

4.4 Нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний хөлс 85,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,443 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй, улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч талуудад хариуцуулна.

 

4.5 Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч А.*******, Ц.******* нараас зээлийн үндсэн төлбөр 12,777,512 төгрөг, үндсэн хүү 9,577,651 төгрөг, нийт 22,355,163 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,273,029 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд А.*******ийн өмчлөлийн *******,*******,*******,******* тоотод байрлах, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан боловч нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5. Хариуцагч Ц.*******ээс гаргасан тэтгэврийн нэрийн дансны гүйлгээг зогсоож, 2024 оны 4-8 дугаар сарын олгоогүй тэтгэвэр 3,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* нь миний тэтгэвэрт орж ирсэн мөнгийг надад олголгүй, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тоот зээлийн гэрээний үүрэгт тооцон авсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй, уг тайлбараа баримтаар нотлоогүй.

Тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* ХК-тай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 3,148,850 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 16.80 хувийн хүүтэй зээлж авсан болох нь тэтгэврийн зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн өргөдөл, зээлийн дансны харилцагчийн хуулгын баримтаар тус тус тогтоогдсон. Уг зээлийн дансны хуулгаас үзвэл 2024 оны 02 дугаар сараас 08 дугаар сар хүртэл хугацаанд Ц.*******эд олгосон тэтгэврийн мөнгөн хөрөнгийг түүний тэтгэврийн зээлийн гэрээний үүрэгт суутган авсан болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул 22,355,163 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 269,726 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. Хариуцагч Ц.******* нь сөрөг нэхэмжлэлд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 66,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.*******, Ц.******* нараас 22,355,163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,273,029 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.*******ээс гаргасан 3,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 269,726 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.******* нь сөрөг нэхэмжлэлд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 66,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ