| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00442/И |
| Дугаар | 129/ШШ2024/00390 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 129/ШШ2024/00390
|
|
129/ШШ2024/00390 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын . тоотод оршин суух Б овгийн Т.А
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Т.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 онд халагдсан. Би Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Өндөр-Уулын бүсийн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн лаборатарид уурын зуухны машинистаар 1988 оны 4 сараас 1993 оны 02 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Тухайн үед Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Өндөр-Уулын бүсийн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн лаборатари нь Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Мал эмнэлгээс тусдаа байгууллага байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт энэ байгууллагад ажилласныг бичсэн боловч архивт баримт нь хадгалагдаж үлдээгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байгаа учраас ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Өндөр-Уулын бүсийн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн лаборатарид уурын зуухны машинистаар 1988 оны 4 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 625 тоот тодорхойлолт
- Хүсэлт гаргагчийн 142247 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, 536830 дугаар цэргийн батлах зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Т.А-н хүсэлтээр Б.Н, С.У нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/602 тоот лавлагаа
- 1986 оны 09 сарын 09-ний өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1, хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 03-02/4074 тоот лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.А-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Архангай аймаг дахь Өндөр-Уулын бүсийн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн лаборатарид уурын зуухны машинистаар 1988 оны 4 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 625 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 142247 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, 536830 дугаар цэргийн батлах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/602 тоот лавлагаа, 1986 оны 09 сарын 09-ний өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1, хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 03-02/4074 тоот лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Б.Н, С.У нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа мал эмнэлгийн 1988-1993 он, 2 дугаар арван жилийн дунд сургуулийн 1994-1998 онуудын баримтыг шүүн үзэхэд Туваанбуугийн Алтайд холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 625 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан боловч гэрч Б.Н-н “Намайг 1983 онд Архангай аймгийн Мал эмнэлэгт ажиллаж байхад Т.А тус байгууллын уурын зуухны гачегариар ажилд орж байсан. Т.А Архангай аймгийн Мал эмнэлэгийн лабораторийн уурын зуухны гачегариар 1993 он хүртэл тасралтгүй ажилласан. Архангай аймгийн Мал эмнэлэгийн лабораторид 3 гачегар ажиллаж байсан. Тэдний нэг нь Т.А. Би Т.А-тай хамт Архангай аймгийн Мал эмнэлэгт ажиллаж байсан учраас түүнийг Архангай аймгийн Мал эмнэлэгийн гачериар 1993 он хүртэл ажиллаж байсныг нь сайн мэднэ. Т.А яг хэдэн онд Архангай аймгийн Мал эмнэлэгт гачегариар ажилд орсныг нь сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг, гэрч С.Ун-н “Намайг Архангай аймгийн Мал эмнэлэгт ажиллаж байх үед Т.А тус байгууллын уурын зуухны гачегариар ажилд орж 1992, 1993 он хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан. Тухайн үед Архангай аймгийн Мал эмнэлэгийн даргаар Ж, мөн гачегариар 3 хүн ажиллаж байсан. Тэдний нэг нь Т.А юм. Т.А-тай хамт Архангай аймгийн Мал эмнэлэгт ажиллаж байсан учраас түүнийг Архангай аймгийн Мал эмнэлэгийн гачериар 1992, 1993 он хүртэл ажиллаж байсныг нь сайн мэднэ. Олон жилийн өмнө болохоор Т.А-г хэдэн онд Архангай аймгийн Мал эмнэлэгт гачегариар ажилд орсныг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, “1988 оны 4 сарын 01-нд мал эмнэлгийн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн лабораторид уурын зуухны машинистаар, МЭЭШҮ лабораторийн захирлын 1988 оны 4 сарын 02-ны өдрийн 05 тоот тушаалаар, 1993 оны 02 сарын 01-нд, уурын зуух мал эмнэлгийн газрын мэдэлд шилжсэн тул мал эмнэлгийн газрын мэдэлд шилжив. ӨУБМЭЭШ лабораторийн захирлын 1993 оны 02 сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн 142247 дугаар хөдөлмөрийн дэвтэр, “Т.А, ажилладаг байгууллага-мал эмнэлэгт, ажилд орсон он-1988, уурын зуух, эрхэлдэг ажил-машинист, эрхэлж эхэлсэн он-1988, Цэцэрлэг хот” гэж бүртгэгдсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, “хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор Архангай, Цэцэрлэг хотод оршин суугч Т.А, хүү, нас-24, эрэгтэй, эрхэлдэг ажил-нормчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 03-02/4074 тоот лавлагаа болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Т.А-н Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Архангай аймаг дахь Өндөр-Уулын бүсийн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн лаборатарид уурын зуухны машинистаар 1988 оны 4 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд Т.А-н Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Архангай аймаг дахь Өндөр-Уулын бүсийн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн лаборатарид уурын зуухны машинистаар 1988 оны 4 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Т.А-н Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Архангай аймаг дахь Өндөр-Уулын бүсийн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн лаборатарид уурын зуухны машинистаар 1988 оны 4 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА