Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 129/ШШ2024/00391

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00391

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч:  А аймгийн Ө сумын . багт оршин суух Н овгийн Т.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Т.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1985 онд 8 дугаар анги төгсөөд Шивэрт рашаан сувилалд худгийн моторчноор ажиллаж байгаад дараа нь эмчилгээ тэжээлийн цэгт сахиул, малчнаар ажилласан. 1987 оны 10 сард цэргийн албанд татагдаж, 1989 онд цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн Шивэрт рашаан сувилалд малчнаар ажилласан. Миний Шивэрт рашаан сувилалд ажиллаж байсантай холбоотой хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох тушаал, шийдвэр архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна. Иймд миний Архангай аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалд эмчилгээ тэжээлийн цэгт сахиулаар 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, малчнаар 1987 оны 6 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1986 оны 11 сарын 12-ны өдрийн “ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” 110 дугаар тушаал, Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1987 оны 6 сарын 17-ны өдрийн “ажилчид чөлөөлж томилох, амралт олгох тухай” 71 дүгээр тушаал

- хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 5 сарын 17-ны өдрийн 03-04/2825 тоот лавлагаа/

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 5 сарын 13-ны өдрийн 06/1334 тоот лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Т.Б-н хүсэлтээр С.С, П.А нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

 

- 2011 оны 03 сарын 22-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 01/581 тоот лавлагаа

- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1986 оны 4 сарын 15-ны өдрийн “мал эрүүлжүүлэх таргалуулах хаврын 13 ажлыг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” 49 дүгээр тушаал, Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1986 оны 11 сарын 12-ны өдрийн “ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” 110 дугаар тушаал, Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1987 оны 6 сарын 17-ны өдрийн “ажилд чөлөөлж томилох амралт олгох тухай” 71 дүгээр тушаал зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Т.Б нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалд эмчилгээ тэжээлийн цэгт сахиулаар 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, малчнаар 1987 оны 6 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1986 оны 4 сарын 15-ны өдрийн “мал эрүүлжүүлэх таргалуулах хаврын 13 ажлыг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” 49 дүгээр тушаал, Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1986 оны 11 сарын 12-ны өдрийн “ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” 110 дугаар тушаал, Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1987 оны 6 сарын 17-ны өдрийн “ажилд чөлөөлж томилох амралт олгох тухай” 71 дүгээр тушаал, хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 5 сарын 17-ны өдрийн 03-04/2825 тоот лавлагаа/, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 5 сарын 13-ны өдрийн 06/1334 тоот лавлагаа, 2011 оны 03 сарын 22-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 01/581 тоот лавлагаа, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.С, П.А нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч Т.Б-н Архангай аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалд эмчилгээ тэжээлийн цэгт сахиулаар 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, малчнаар 1987 оны 6 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. ЭТЦ-ийн сахиул В.Ц бие нь муу ээжийгээ асрах шаардлагатай байгаа тухай гаргасан өргөдлийг үндэслэн 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн сахиулын ажлаас нь чөлөөлж Т.Б-г 11 сарын 10-ны өдрөөс эхлэн ЭТЦ-ийн сахиулаар томилж ажиллуулсугай” гэсэн Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1986 оны 11 сарын 12-ны өдрийн “ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” 110 дугаар тушаал, “1. Мал аж ахуйн хэсгийн эмчилгээ, тэжээлийн цэгийн сахиул Т.Б-г өөр ажилд томилох болсон тул 6-р сарын 01-ээр тасалбар болгон чөлөөлсүгэй” гэсэн  Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1987 оны 6 сарын 17-ны өдрийн “ажилд чөлөөлж томилох амралт олгох тухай” 71 дүгээр тушаал, “Т.Б БХЯ-ны сайдын 1987 оны 9 сарын 25-ны өдрийн н/507дугаар тушаалаар Архангай аймгаас 1987 оны 10 сарын 15-ны өдөр  хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 /208/ дугаар ангид алба хааж мөн сайдын 1989 оны 9 сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 сарын 15-ны өдөр 644935 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 5 сарын 13-ны өдрийн 06/1334 тоот лавлагаа, гэрч С.С-н “Б 1985 онд 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын эмчилгээний тэжээлийн цэгийн муу малыг 1985-1987 онд маллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдсан. Б 1989 онд хугацаат цэргийн алба хаасан ирээд Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд 1989-1991 он хүртэл буюу тус байгууллагыг хувьчлагдах хүртэл малаа малласан. Б-н ээж Т Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд үнээ сааж мал маллаж байсан. Би Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд ажиллаж байхдаа Б, түүний ээж Т нартай ойрхон айл аймаг байсан учраас Б-н талаар мэднэ. Б Шивэрт рашаан сувилалын муу мал, хонь маллаж байсныг л би мэднэ, өөр ажил хийж байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг, гэрч П.А-н “Т.Б 1985 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд ажилласан. Б-н ээж Т Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын эмчилгээний тэжээлийн цэгт үнээ сааж үхэр маллаж байсан. Б Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оноос хурга төлөг маллаж, сахиулаар ажиллаж байгаад 1987 онд цэрэгт явсан. Б ээжтэйгээ хамт амьдарч ажилладаг байсан. 1989 онд цэргийн албанаас ирээд Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд 1989-1991 он хүртэл буюу тус байгууллагыг хувьчлагдах хүртэл эр хонь малласан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Т.Б-н Архангай аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалд эмчилгээ тэжээлийн цэгт сахиулаар 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, малчнаар 1987 оны 6 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

4. Хүсэлт гаргагч Т.Б Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд эмчилгээ тэжээлийн цэгт худгийн моторчоор ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаагүй тул хэрэгт авагдсан Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Шивэрт рашаан сувилалын даргын 1986 оны 4 сарын 15-ны өдрийн “мал эрүүлжүүлэх таргалуулах хаврын 13 ажлыг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” 49 дүгээр тушаал хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н овгийн Т.Б-н Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харъяа Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд эмчилгээ тэжээлийн цэгт сахиулаар 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, малчнаар 1987 оны 6 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА