Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Нямдаваа

Улсын яллагч П.Итгэл

Хохирогч Б.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг

Шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-өд холбогдох эрүүгийн 1738000000118 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Б-,

Шүүгдэгч С.Б- нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас түүний нохой нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Б.Ц-ыг хазаж, унагаасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух С.Б- нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас түүний нохой нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Б.Ц-ыг хазаж, унагаасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би хэсгийн эмнэлэг орж хөнгөлөлтөөр авдаг эмээ бичүүлэхээр ороод бичүүлж авч чадалгүй гэртээ харихаар Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байрлах хашааны ертөнцийн зүгээр зүүн талаар явж байхад тус тоотод оршин суух айлын нохой нь хашаан дотроосоо гараад ирчихсэн байсан. Угаасаа тухайн айлын нохой нь хашааныхаа зүүн талын банзны доод хэсгээр шороо ухаад гараад ирчихсэн хуцаад байж байдаг байсан. Ингээд намайг явж байхад тэр айлын нохой нь хашаанаас гараад ирчихсэн хуцаад байж байсан ба би тухайн нохойг ухайс гэж хэлчихээд нохойноос арай холуур тойроод явж байтал нохой гинжээ 2 удаа ухасхийж тасдаад  над руу гүйж ирээд миний урдуур ороод миний зүүн гарын булчингаас хазаад, намайг гинжинд нь орооцолдсон чинь угз татаж унагаагаад миний зүүн гарын булчингаас хазаад, намайг гинжинд нь орооцолдсон чинь угз татаж унагаагаад миний хоёр хонгоноос хазаж байсан. Мөн миний 2 хөлнөөс жаахан, жаахан хазаж, мөн хөхний доод хэсгээс хазсан. Тэгээд намайг хазаж байгаад болиод үүр нь байдаг газар луугаа гүйж очоод хэвтсэн. Тэгээд би хүн байвал надад туслаарай гэж хэлчихээд орилоод байж байтал хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд хашааных нь үүдэнд машин байхаар нь ямар ч байсан машин дээр нь очъё гээд босох гэсэн чинь босож чадахгүй хөл өвдөөд байхаар нь хөлөө чирээд машиных нь хажууд очтол нохой нь дахиж дайрахгүй байсан. Тэгээд хүн байна уу туслаарай гээд орилоод байсан чинь гэрийн эзэн нь болох залуу гарч ирээд надаас яасан бэ гээд асуухаар нь би танай нохой хазчихлаа гэсэн чинь нохойгоо барьж авах гээд нохой нь цаашаа зугатаагаад байсан. Тэгээд тэр залуу намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Гомдолтой байна. Гэхдээ өөрсдөө нэг ирээд уулзсан бол би нэг өөрөө хандах бйсан. Харин буруу талаас надтай ирж уулзахгүй явдаг газраараа яв гээд байгаа. Одоо би Улаанбаатар хот руу явж олон хагалгаанд орох ёстой гэсэн. Би үүнд одоо 10.000.000 төгрөг нэхэмжилнэ. Үүнийг буруутай этгээдээс яаралтай гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р тал/,

Гэрч Ж.М-н: “...Би Б-ийн нохой хүн хазсан талаар 9 дүгээр сард мэдсэн. Өдрийг нь сайн санахгүй байна. Энэ талаар Б- өөрөө надад хэлсэн. Б-ийн хашаанд байж байгаад хүн хазсан нохой нь манай нохой байгаа юм. Б-ийн гэр өдрийн цагаар эзгүй байдаг болохоор ойр ойрхон хулгай ороод байна гээд Б- надаас гуйгаад манай нохойг 2016 оны 9 дүгээр сард авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 655 дугаартай

  • Б.Ц-ын биед зүүн бугалганы зүүн бугалга, шуу, цээжний зүүн хэсэг, баруун гуя, өвдгөнд сорви, сүүжний зүүн талын олон уулзах үений холбоосонд тасралт, бүсэлхийн L5 нугалмайд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрхи сорви бүхий гэмтэл нь араа, соёо бүхий амьтанд олон удаа хазуулах үйлчлэлээр үүсгэгдсэн бол сүүж болон бүсэлхийн L5 нугалмайн гэмтэл нь унах үед тус тус үүсгэгдсэн байна.
  • Б.Ц-ын биед учирсан сорви бүхий гэмтэлүүд нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  • Б.Ц-ын биед учирсан сүүжний олон уулзах үений холбоосны тасрал, бүсэлхийн нугалмайн хугарал гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээ хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 687 дугаартай:

  • Б.Ц-ын биед зүүн бугалганы зүүн бугалга, шуу, цээжний зүүн хэсэг, баруун гуя өвдгөнд сорви, сүүжний зүүн талын олон уулзах үений холбоосонд тасралт, бүсэлхийн L5 нугалмайд хугарал тогтоогдсон бөгөөд нэмэлтээр зүүн дунд чөмөгний мэс заслын хүзүүний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрхи сорви бүхий гэмтэл нь араа соёо бүхий амьтанд олон удаа хазуулах үйлчлэлээр үүсгэгдсэн бол сүүж болон бүсэлхийн L5 нугалмайн гэмтэл нь унах үед тус тус үүсгэгдсэн байна.
  • Б.Ц-ын биед учирсан сорви бүхий гэмтлүүд нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаана.
  • Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  • Б.Ц-ын биед учирсан сүүжний олон уулзах үений холбоосны тасрал, бүсэлхийн нугалмайн хугарал гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчиндоо аюул учруулах амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч С.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 1738000000118 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг, хохирол төлбөрт 300.000 төгрөг төлсөн ба хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар цаашид гарах эмчилгээний зардал 10 сая төгрөгөө нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.4 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.Б-ийг орчиндоо аюул учруулах амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор улсын орлогод оруулахыг үүрэг болгосугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь эмчилгээнд гарах бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ