Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/721

 

       2022          07           07                                         2022/ДШМ/721

 

Э.Б, Ж.Т, Ж.П,

П.Э, С.Б, Б.Ж,

Т.Д, Э.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

яллагдагч Э.Б, Ж.Т,

яллагдагч Ж.Пын өмгөөлөгч Б.Батболд,

яллагдагч П.Э, С.Б нарын өмгөөлөгч Д.Цолмон,

яллагдагч Э.Мы өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/1299 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцлээр Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Т.Д, Э.М нарт холбогдох 2002 00095 0105 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х... овгийн Э...ын Б...,

2. Б... овгийн Ж...ийн Т...,

3. Б... овгийн Ж...ийн П...,

4. Б... овгийн П...ийн Э...,

5. Х... овгийн С...ын Б...,

6. Б... овгийн Б...ний Ж...,

7. Б... овгийн Т...ын Д...,

 

8. Б... овгийн Э...ийн М...,

 

Э.Б нь Ж.Т, Б.Ж, С.Б, П.Э нартай гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.Mholdem.net гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод зохион байгуулсан,

Ж.Т нь Б.Ж, Э.Б, Ж.П, С.Б, П.Э нартай гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.Mholdem.net гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17- ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод зохион байгуулсан,

Ж.П нь П.Э, Б.Ж, Ж.Т, Э.Б, С.Б нартай гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.Mholdem.net гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17- ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод зохион байгуулсан,

Б.Ж нь Ж.Т, Э.Б, Ж.П, С.Б, П.Э нартай гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.Mholdem.net гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17- ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод зохион байгуулсан,

П.Э нь Б.Ж, Ж.Т, Э.Б, Ж.П, С.Б нартай гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.Mholdem.net гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод зохион байгуулсан,

С.Б нь Ж.П, П.Э, Б.Ж, Ж.Т, Э.Б нартай гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.Mholdem.net гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17- ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод зохион байгуулсан,

Э.М нь Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа бүл ах Т.Дтой гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.mglmoney.com, www.mongolpoker.mn гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицер таун 19 дүгээр байрны 303 тоотод 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд зохион байгуулсан,

Т.Д нь Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан бүл дүү Э.Мтай гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.mglmoney.com, www.mongolpoker.mn гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицер таун 19 дүгээр байрны 303 тоотод 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Т.Д, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж тус тус заажээ.

Яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нарын оролцоог шалгаж тогтоолгүйгээр тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн сэдэлт, зорилго нь ашиг олох зорилготой, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Уг гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч ашиг олох зорилгоор үйлдсэн гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэж хөрөнгө, орлого олсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаруулна”, тус зүйлийн 3 дахь хэсэгт “...улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Ж.Т, Э.Б, Э.Буянхүү, Ж.Инжбулган, Ж.П, П.Э, П.Хас-Эрдэнэ, Т.Д, Ч.Баасанцэрэн, А.Эрхэмбаяр нарын дансанд 2020.01.01-ээс өмнө 9,484,877,299 төгрөгийн орлого, 6,637,845,603 төгрөгийн зарлага, 2020.01.10-аас хойш 1,543,008,262 төгрөгийн орлого, 1,119,479,123 төгрөгийн зарлага, нийт орлого зардлын зөрүүгээр нийт ашгийн дүн 3,270,396,635 төгрөгийн ашигтай ажилласан байна” /22хх-ийн 54-95 дугаар хуудас/, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Ж.Т, Э.Б, Ж.П, Т.Д, П.Э, П.Хас-Эрдэнэ, Э.Буянхүү, Ж.Инжбулган, Ч.Баасанцэрэн, А.Эрхэмбаяр нарын дансанд орсон орлого зарлагыг 2018.04.01-2020.02.23, 2020.02.24-2020.03.17-ны өдрүүд гэж ялгасан боловч нийт ашгийн дүн нь 3,270,560,835 төгрөгийн ашигтай ажилласан байна” гэж нэгтгэж дүгнэжээ. /22хх-ийн 211-244 дүгээр хуудас/

Мөн яллагдагч Ж.Т, Э.Б, Т.Д, Б.Ж нарын гар утсыг хураан авсан боловч эд мөрийн баримтаар тооцохгүй буцаан олгосон нь ойлгомжгүй байна.

Дээрхээс үзэхэд яллагдагч тус бүрийн олсон орлого тодорхойгүй тул шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл бүрдээгүй, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, гэмт хэрэгт үйлдэж олсон орлогын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл, 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодруулах нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэж үндсэн эрхийг баталгаажуулсан байхад яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нараас мэдүүлэг авахдаа дээрх хуулийг сануулаагүй, тэдгээрийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Яллагдагч Э.М, Т.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамтатган нэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь ойлгомжгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 140 дугаартай шүүгчийн захирамжаар 2102000000156 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллагдагчаар татсан Б.Түвшинжаргалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан тухай баримт 37 дугаар хавтасны 191-194 дүгээр талд авагдсан байх ба Б.Түвшинжаргал нь эрүүгийн 2002000950105 дугаартай хэрэгт ямар хамааралтай болох нь тодорхойгүй,

яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2002000950105 дугаарыг олгосон байх боловч Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын 1 дэх заалтад хэргийн дугаарыг 2020000950105 болгож нэмэлт өөрчлөлт оруулсан атлаа яллах дүгнэлтдээ эрүүгийн 2002000950105 дугаартай хэрэг гэж бичсэн нь ойлгомжгүй,

яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч нарын үйлдэл холбогдолыг бичихдээ ойлгомжгүйгээр бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл бүрдээгүй, яллагдагч нарын гэм буруугийн оролцоог тодорхойлоогүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 ширхэг Сиди, ягаан өнгийн зөөврийн компьютер 2 ширхэг, саарал өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дугаартай процессорууд, сервер 2 ширхэг, шинжээчийн 2534 дугаартай дүгнэлтэд тусгагдсан шинжилгээ хийгдсэн плаш диск 1 ширхэг /22хх/-ийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж, яллагдагч Ж.П, Э.М, Э.Б, Ж.Т, Б.Ж нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч П.Э, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Т.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шалгасан нотлох баримтуудаар “Э.Б, Ж.Т, Б.Ж, С.Б, П.Э нарт гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.Mholdem.net гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод үйлдсэн,

яллагдагч Э.М нь Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа бүл ах Т.Дтой гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор “www.mglmoney.com, www.mongolpoker.mn” гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицер таун 19 дүгээр байрны 303 тоотод 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд үйлдсэн” нь нотлогдож тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлыг нотолсон гэж үзнэ.

Нөгөөтээгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарт холбогдох хэргийн бодит байдлыг нотлохын тулд хийж гүйцэтгэсэн ажиллагаа, хуульд заасан бүх арга хэмжээг авч, түүнд оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон мөрдөн шалгах ажиллагааг шүүх үгүйсгэсэн, няцаасан дүгнэлтийг хийгээгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт заасан яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Ж.Жаргалсүрэн, Э.М, Т.Д нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог шалгаж тогтоосон.

Харин яллагдагч Ж.П, П.Э, С.Б, Ж.Жаргалсүрэн, Т.Д нарын гэмт үйлдэлд оролцсон оролцоог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн зөрчилд хамаарахгүй байна.

Яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, П.Хас-Эрдэнэ, Ж.Инжбулган, Ч.Баасанцэрэн, А.Эрхэмбаяр нар нь мөрийтэй тоглоом зохион байгуулсны улмаас тэдний дансанд орсон орлого, зарлагыг 2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрүүд гэж ялгасан. Яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан арилжааны банкнууд дахь харилцах дансны лавлагаануудад үндэслэн хийсэн шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас нийт ашиг буюу 3,270,560,835 төгрөгийн хөрөнгө, орлого олсон гэж тогтоосон.

Яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Ж.Жаргалсүрэн нар нэг бүлэг, мөн Э.М, Т.Д нар нэг бүлэг буюу хүн тус бүрдээ мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдээгүй тул гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүн тус бүрээр тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзсэн.

Харин яллагдагч нарын бүлэглэн үйлдсэн үйлдэл тус бүрийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Төгсжаргал, Э.Б, Т.Д, Б.Ж нарын гар утсыг мөрдөгч хураан авсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, мөн гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан” гэх эд мөрийн баримтаар тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нарын үйлдэлд 2020 оны 3 дугаар сараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мөрийтэй тоглоомын газар байгуулсан, мөн бусдын байгуулсан мөрийтэй тоглоомын газрыг хэн нэгэн ажиллуулсан” гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй болно.

Яллагдагч Э.М, Т.Д нарт холбогдох үйлдлийг яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж нарт холбогдох үйлдэлтэй нэг эх сурвалжаас үүссэн, нэг бүлэг гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.

Яллагдагч      Э.М, Т.Д, Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2002000950105 дугаарыг олгосон, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын 1 дэх заалтад хэргийн дугаарт өөрчлөлт оруулаагүй, харин хэргийн үйл баримт, зүйлчлэлд өөрчлөлт оруулж тогтоол үйлдэхдээ хэргийн дугаар 2020000950105 гэж бичсэн нь техникийн шинжтэй бичиглэл байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадгаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэж үндсэн эрхийг баталгаажуулсан. Гэвч яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П нар нь хэргийн талаар бие биеийнхээ үйлдлийг гэрчилж, эсрэг мэдүүлэг өгөөгүй. Яллагдагч П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг”; 3.1.5 “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг”; 3.1,6 “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийг” гэсэн зохицуулалтад хамаарахгүй байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтаар яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Ж.Жаргалсүрэн, Э.М, Т.Д нарын үйлдэл оролцоо, сэдэлт, гэм буруугийн хэлбэр хангалттай тогтоогдсон байтал анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/1299 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлыг нотолсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэр бүхий яллагдагч Э.Б, Ж.Т, Б.Ж, С.Б, П.Э нар гэмт хэрэг үйлдэх үедээ санаатайгаар нэгдсэн. Мөн Э.М, Т.Д нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаатайгаар нэгдэж покер, мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Энэ гэмт хэргийг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлдсэн болох нь тогтоогдсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарт холбогдох хэргийн бодит байдлыг нотлохын тулд хийж гүйцэтгэсэн ажиллагаа, хуульд заасан бүх арга хэмжээг авч түүнд оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон нөхцөл байдал, хэргийн нотлох баримтад анхан шатны шүүхээс үгүйсгэсэн, няцаасан дүгнэлт хийгээгүй. Мөрдөн байцаалтын явцад яллагдагч нарын үйлдэл оролцоог бүрэн шалгаж тогтоосон. Прокурорын зүгээс яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдсэн. Нөгөөтээгүүр шүүхэд шилжсэн хэргийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр яллагдагч нарын үйлдэл, оролцоог нарийвчлан тогтоох боломжтой. Энэ нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь хуульчлагдсан учраас тухайн хуулийг дагаж мөрдсөн огноо буюу 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн болон төгссөн огноог зааглаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн. Тухайн яллах дүгнэлтийг үйлдэн шүүхэд хүргүүлэхдээ олсон орлогыг шинжээчийн дүгнэлтээр гаргуулсан байдаг.

2021 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 21/7 шинжээчийн дүгнэлтээр гарсан. Шинжээчийн дүгнэлтэд 2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, мөн 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл гэдэг заагласан дүгнэлтүүдийг гаргасан. Нийлбэр дүн нь 3.270.560.835 төгрөг байна гэж тооцож гаргасан. Иймд хохирлын хэмжээг бүрэн шалгаж тогтоосон. Яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Ж.Жаргалсүрэн нар нэг бүлэг, мөн Э.М, Т.Д нар нэг бүлэг буюу хүн тус бүрдээ мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдээгүй тул гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүн тус бүрээр тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзсэн. Учир нь, гэмт хэрэгт хамтран оролцсон учраас олсон орлогыг бусад хувь хүний дансаар шилжүүлэн авсан нөхцөл байдал байдаг. Яллагдагч Ж.Т, Э.Б, Т.Д, Б.Ж нарын гар утсыг мөрдөгч хураан авсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, мөн гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан” гэх эд мөрийн баримтаар тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Э.Б тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагч Ж.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хэн нь хэдэн төгрөгийн ашиг олсон талаар нарийвчлан тогтоогоогүй. Учир нь энэ хугацаанд Э.Б бид хоёрын зүгээс тухайн “покер” тоглоомонд нэг ч төгрөг гаргаагүй, мөн нэг ч төгрөгийн ашиг олоогүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Мөн миний зүгээс энэ хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Яллагдагч Ж.Пын өмгөөлөгч Б.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй, үндэслэл бүхий захирамж бөгөөд прокурорт буцаасан нь үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

Яллагдагч П.Э, С.Б нарын өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна. Тиймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Э.Мы өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс шүүгчийн захирамжийг бүхэлд нь дэмжиж байна. Гэхдээ нэг үндэслэлийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхэд шилжүүлсэн байх боловч шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодруул гэсэн нь яллах дүгнэлтийн хүрээнээс хальсан, хэт яллах талыг баримталсан агуулга бүхий захирамжид хууль зүйн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлаар дүгнэлт хийхгүй шилжүүлсэн нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдэг агуулгаар шүүхэд шилжүүлсэн гэж ойлгож байна. Харин шүүхээс дээрх заалтад хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Бусдаар шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Т.Д, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Нийслэлийн прокурорын газраас Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж нарыг гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.Mholdem.net гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан гэмт хэрэгт,

Т.Д, Э.М нарыг гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор www.mglmoney.com, www.mongolpoker.mn гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицер таун 19 дүгээр байрны 303 тоотод 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нарын оролцоог шалгаж тогтоолгүйгээр тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь учир дутагдалтай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн сэдэлт, зорилго нь ашиг олох зорилготой, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Уг гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч ашиг олох зорилгоор үйлдсэн гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэж хөрөнгө, орлого олсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. ...яллагдагч тус бүрийн олсон орлого тодорхойгүй тул шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл бүрдээгүй, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, гэмт хэрэгт үйлдэж олсон орлогын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл, 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодруулах нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой байна. ...” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан бөгөөд дээрх ажиллагааг явуулахад зайлшгүй гэмт хэргийн улмаас олсон орлогыг тогтоох шаардлагатай ба уг орлоготой холбогдуулан яллагдагч нарын хэн нь ямар ашиг олсон талаар тодруулснаар дээрх хуульд зааснаар хөрөнгө, орлогыг хураах арга хэмжээ үүснэ.

Энэхүү нөхцөл байдлыг шүүх өөрийн таамгаар, яллагдагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах байдлаар шийдвэрлэх боломжгүй юм.

Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтийг үндэслэн яллагдагч нарын хэний ямар дансаар, хэдэн төгрөгийн гүйлгээ орж гарсан, хичнээн хэмжээний орлого олсон гэдгийг бодитой тогтоох ёстой.

Ингэснээр яллагдагч нарыг гэм буруутай гэж үзвэл тэдэнд эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн яллагдагч нарын үйлдлүүд яг ямар ямар үйлдлээрээ ялгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хамаарч байгаа талаар харьцуулсан хэм хэмжээнүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой шалгаж тогтоон хэргийн зүйлчлэлийг нэг мөр зөв зүйлчлэх шаардлагатай гэж үзлээ.

Харин шүүхээс “...яллагдагч Ж.Т, Э.Б, Т.Д, Б.Ж нарын гар утсыг хураан авсан боловч эд мөрийн баримтаар тооцохгүй буцаан олгосон нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэж үндсэн эрхийг баталгаажуулсан байхад яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нараас мэдүүлэг авахдаа дээрх хуулийг сануулаагүй, тэдгээрийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Э.М, Т.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2002000950105 дугаарыг олгосон байх боловч Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын 1 дэх заалтад хэргийн дугаарыг 2020000950105 болгож нэмэлт өөрчлөлт оруулсан атлаа яллах дүгнэлтдээ эрүүгийн 2002000950105 дугаартай хэрэг гэж бичсэн нь ойлгомжгүй. ...” гэсэн ажиллагаануудыг зайлшгүй гүйцэтгэх ажиллагаа биш байна гэж үзлээ.

Учир нь, яллагдагч Ж.Т, Э.Б, Т.Д, Б.Ж нарын гар утсыг буцаан олгосон нь нэгэнт нотолгооны ач холбогдолоо алдсан, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаас хасах эрх хэмжээ нь шүүхэд олгогдсон, мэдүүлэг өгөхтэй холбогдсон эрх нь зөрчигдсөн гэх гэрч, яллагдагч нарыг шүүх хуралдаанд оролцуулан тайлбар мэдүүлэг авах, эрүүгийн хэргийн дугаарыг аль ч шатанд зөвтгөн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд, яллагдагч Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Т.Д, Э.М нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/1299 дугаартай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/1299 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ