| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0326/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/303 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Нямдаваа
Улсын яллагч Д.Оюунбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд
Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-ид холбогдох эрүүгийн 1738002760115 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Б-,
Шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ иргэн Д.Г-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ иргэн Д.Г-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Д.Г-ын: “...Ц.Б- намайг сардаа нэг уурлахаараа зоддог байсан. Харин өнгөрсөн 10 дугаар сараас 3-4 хоноод нэг удаа зоддог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Гэрч Д.Г-ын: “...Би утсаар тоглоод сууж байтал нөхөр Бямбаа хэнтэй мессеж бичээд байгаа юм гээд ар нуруу луу хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь тоогоогүй юм. Дахиад намайг утсаа аваад ир гээд дахиад өшиглөсөн. Яасан их цагдаад хэлдэг юм гээд утсыг минь булааж авсан. Тэгээд дээрээс минь 4 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
Гэрч Т.З-н: “...Д.Г- эгчийн биеийн байдал их муу байсан Толгойны зүүн хэсэгт хөхрөлттэй зүүн гарын булчин зүүн талын гуян дээр хавдсан байсан...” /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Ө.Д-йн: “...Архи ууж байхад Б-н эхнэр хамт байсан. Гэр оронд уугаад бай гэж хэлж байсан. Тэгэхэд Бя- эхнэр Ц-д би гэртээ байна гэж уурлаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
Гэрч С.Г-н: “...Би архи уугаад тасраад Б-гийн гэрийн баруун талын орон дээр унтсан. Тэгээд босоод иртэл Б- эхнэрээ хөөгөөд явуулчихлаа гэж байсан. Б- архи уух болгондоо эхнэр хүүхэддээ агсам тавьдаг. Б-н эхнэр гэрт архи ууж байна гэж уурлаж байсан. Б- миний гэр орон чи дуугай бай гэж эхнэр лүүгээ уурлаж байсан. Тэгээд би унтаад босоод иртэл эхнэрээ хөөгөөд явуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.Э-н: “...Аавыг архи уугаад байсан чинь ээж уурлаад тэр 2 хэрэлдсэн. Тэгээд аав, ээжийг өшиглөөд зодоод байсан. Тэгээд ээж намайг аваад Б- эгчийн гэрт нь очиж хоносон. Үүнээс өмнө бас аав, ээжийг зодсон. Тэгээд ээж айл руу явж хонооод би аавтай хамт гэртээ хоносон. Аав ээжийг байнга зоддог...” гэх мэдүүлэг
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 660 дугаартай:
- Доржпаламын Д.Г-ын биед гэмтэл тогтоогдлоо.
- Доржпаламын Д.Г-ын биед баруун гуя, зүүн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун сарвуу, хацарт зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
- Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
- Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
- Гэмтлээс үүдэлтэй сэдэрсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 30-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ц.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч нь эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохирол, төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.
Эрүүгийн 1738003540115 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор улсын орлогод оруулахыг үүрэг болгосугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ