| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2005 02369 1552 |
| Дугаар | 2022/ДШМ/734 |
| Огноо | 2022-07-19 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 24.3.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/734
2022 07 19 2022/ДШМ/734
Ц.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Гэрэлмаа,
яллагдагч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,
хохирогч О.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Батжаргалын өмгөөлөгч О.Билгүүн, Б.Баттуяа,
нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/514 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай эсэргүүцлээр Ц.Бд холбогдох 2005 02369 1552 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б... овгийн Ц...ийн Б..., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Булган аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Г...” ХХК-ийн .... ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 75.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;
Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран ган” нэртэй автомашины төвийн зогсоолд автомашин худалдан борлуулдаг иргэн Д.Энхбатад зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж, байрлуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн “JMJCV00W604007155” арлын дугаартай “Lexus LX 450 D” маркийн Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй хохирогч О.Пүрэвдоржийн эзэмшлийн автомашиныг “Таны автомашиныг Хятад Улсын иргэн худалдаж авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар иргэн Д.Энхбатаас автомашиныг авч явах зөвшөөрлийн дагуу уг автомашиныг шилжүүлэн авч залилан, 270.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
мөн хохирогч Г.Баттүшигт Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан мөнгөн ус /Hg/ зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Юнайтед” худалдааны төвд байрлах АТМ-ээс өөрийн эзэмшлийн Хаан банкны 5019833345 тоот харилцах данснаас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 7.000.000 төгрөгийг иргэн Ганхуягийн Лхагва-Очирын эзэмшлийн Хаан банкны 5018395662 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилан, нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 3 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5 ширхэг бортоготой мөнгөн усыг /Hg/ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ц.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ц.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэргийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус тодорхойлон заажээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 379 дугаартай магадлалд заасан прокуророос Ц.Бийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг залилах гэмт хэргийн замаар олж авсан, уг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өөрчлөн бусдад барьцаалах журмаар захиран зарцуулах мөнгө авсан гэх үйлдлийг нэг гэмт хэргийн шинжээр дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна гэж, мөн хэрэгт “Lexus 450” загварын автомашин нь иргэн О.Пүрэвдоржийн нэр дээр бүртгэлтэй гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг хүлээн авч эд мөрийн баримтаар тооцсон байх ба тухайн гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт ямар арга замаар Ц.Бийн нэр дээр болж өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нотлох баримтад үндэслэж тогтоох шаардлагатай гэх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх магадлалын заалтыг тус тус биелүүлээгүй байна. Иймд Буурал овгийн Цэдэн-Ишийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн 1 ширхэг төмөр хайрцаг, хүрэн өнгийн шилэн савтай тус бүр 1.96 кг жинтэй 5 ширхэг бортогтой мөнгөн ус /Мегсuгу/ нь Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газарт хадгалж байгааг дурдаж, 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “яллагдагч Ц.Б шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар эд хөрөнгө өөртөө бий болгох зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн” нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу яллагдагчийн хувийн байдал, үйлдэл бүрийн хоорондын шалтгаант холбоог шалган тогтоож, хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон.
Нөгөөтээгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн Ц.Бд холбогдох хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, түүнд оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон мөрдөн шалгах ажиллагааг шүүх үгүйсгэсэн, няцаасан дүгнэлтийг хийгээгүй байна.
Түүнчлэн шүүгчийн захирамжид заасан дээрх байдлуудыг нарийвчлан шалгаж тогтоолгохыг зорьсон арга, хэлбэрийг хуульд тусгайлан зохицуулаагүй, мөн хэрхэн, яаж шалгах талаар тодорхой дурдалгүйгээр “хэргийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг зөрчсөн гэж үзнэ.
Анхан шатны шүүх нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 379 дугаартай магадлалд заасан прокуророос Ц.Бийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг залилах гэмт хэргийн замаар олж авсан, уг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өөрчлөн бусдад барьцаалах журмаар захиран зарцуулж мөнгө авсан гэх үйлдлийг нэг гэмт хэргийн шинжээр дүгнэн, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна гэж, мөн хэрэгт “JMJCV00W604007155” арлын дугаартай “Lexus LX 450 D” маркийн Монгол Улсын автомашины улсын дугааргүй, хар хөх өнгөтэй автомашин нь иргэн О.Пүрэвдоржийн нэр дээр бүртгэлтэй гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт ямар арга замаар Ц.Бат-Эрдэнийн нэр дээр болж өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нотлох баримтад үндэслэж тогтоох шаардлагатай...” гэснийг иш татсан боловч шүүх хуралдааны явцад гаргасан яллагдагчийн тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбарыг хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, 2017 онд үйлдвэрлэсэн “Лексус-450” маркийн, Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгийн автомашины гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг эзэмших эрх олгосон бичиг баримтыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Ц.Бийн захиалгаар хуурамчаар үйлдсэн гэх Ширбазарын Бат-Амгалан нас барсан, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг” төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг нотариатч Т.Марияшийн мэдүүлэг, нотариатчийн гэрчилсэн гэрээ болон түүн дээрх гарын үсгийн шинжилгээ зэрэг ач холбогдолтой байгаа нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, мөн нотлох баримтууд болон прокурорын гаргасан санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дурдаагүй байна.
Шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтад үндэслээгүй гэдгийг нотолж байна. Яллагдагч Ц.Б 2019 оны 12 дугаар сард “JMJCV00W604007155” арлын дугаартай “Lexus LX 450 D” маркийн Монгол Улсын автомашины улсын дугааргүй, хар хөх өнгөтэй автомашины иргэн О.Пүрэвдоржийн нэр дээр бүртгэлтэй гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт өөрөө худалдан авсан мэтээр хуурамч худалдах, худалдан авах гэрээ бусдаар үйлдүүлсэн нь үнэн, энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.
Яллагдагч Ц.Бийн 2019 оны 12 дугаар сард бусдад захиалга өгч, хуурамч баримт бичиг үйлдүүлсэн үйлдлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтаар яллагдагч Ц.Бийн үйлдлүүд хангалттай тогтоогдсон байтал анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/514 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Батбямбын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж оролцож байна.” гэв.
Яллагдагч Ц.Б тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Яллагдагч Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор Ц.Батбямбын бичсэн эсэргүүцэлтэй танилцсан. Прокурор Ц.Батбямбын зүгээс мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “яллагдагч Ц.Б шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар эд хөрөнгө өөртөө бий болгох зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн” нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзсэн. Гэтэл бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн үндэслэлийг ноцтой зөрчиж байна гэж үздэг. Гэтэл энэ нь шүүхийн шийтгэх тогтоол биш урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар хэлэлцэгдэж гарсан. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчдийн хүсэлтийг харгалзаад хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Ямар үндэслэлээр вэ гэхээр тухайн хэргийг тусгаарласан гэдэг үндэслэл гарсан. Мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.
Хэргийг буруу тусгаарласан гэдэг асуудал яригддаг. Хан-Уул дүүрэгт энэ гэмт хэрэг шалгагдаж байх үед бас нэг машиныг хятадын иргэн аваад энүүгээр дамжуулж зарсан гэмт хэрэг гарсан. Тухайн гэмт хэргийг тусгаарлах шаардлагатай. Учир нь “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тодорхой биш байна, хятадад байгаа хятад иргэн корона вирусын улмаас монгол улсад нэвтрэх боломжгүй, хэргийн эзэн нь байхгүй учраас хохирогчоор тогтоох боломжгүй” гэдэг үндэслэлээр тусгаарласан. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ийм нөхцөл байдал арилсан гээд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх рүү тусгаарласан хэргээ өгсөн. Мөн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гарсан. Миний зүгээс нэгэнтээ нэг төрлийн хэрэг учраас нэгтгүүлэх хүсэлтэй байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд протоколын 1 дүгээр ботийн 242 дугаар хуудсанд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн автомашиныг эрэн сурвалжлуулах тухай прокурорын тогтоол байгаа. Энэ ажлыг хийсэн, машиныг хайсан. Гэхдээ энэ машин улсын хилээр гараагүй. Түүнчлэн улсын дугаар аваагүй. Энэ нөхцлүүдийг харахад нотлогдвол зохих байдлууд нотлогдсонгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогч О.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Автомашинаа хурдан хугацаанд олуулах хүсэлтэй байна.” гэв.
Хохирогч О.Пүрэвдоржийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэсэн заалттай. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “яллагдагч Ц.Б шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар эд хөрөнгө өөртөө бий болгох зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн” нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан С.Батжаргалын мэдүүлэгт “Бичиг баримтгүй машиныг авмаар байна. Бид өөрсдөө зохицуулаад бичиг баримт авна. Энэ дээр 140.000.000 төгрөгийг зарсан. 450 юм уу 570-ын бичиг баримтыг арлын дугаартай нь хамт гаргачихдаг гэсэн.” гэж мэдүүлсэн байдаг. С.Батжаргал нь яллагдагч Ц.Бтэй утсаар ярихдаа “Энэ машинаа ирж ав. Машиныг чинь байгаа газраас нь гаргаад өгье” гэдэг агуулгатай хэд хэдэн удаа утсаар ярьсан бичлэгүүд байдаг. Дээрээс нь С.Батжаргалын мэдүүлгээр 2020 оны 3, 4 дүгээр сарын хавьцаа итгэмжлэлийн хугацаа дуусахаас өмнө энэ машиныг худалдан борлуулсан гэдэг агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл 2020 оны 8 дугаар сарын ихээр хохирогч О.Пүрэвдорж машины 3 жилийн хугацаа дуусахаас өмнө байрны төлбөр бага байгаа үед татварын байгууллагад татвараа төлөхөөр бүрдүүлэлт хийгээд явж байхад нь 9911-тэй дугаараас яриад наадах чинь миний машин та нар өөр хүн дээр гаалийн бүрдүүлэлт хийж болохгүй гэсэн агуулгатай зүйл ярьсан. 2021 оны 1 дүгээр сарын 27-ны шүүх хуралдаан дээр тухайн 9911-тэй дугаар хэнийх вэ гэхэд С.Батжаргалааас миний дугаар би өөрөө ярьсан гэж мэдүүлдэг. Тиймээс гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг тогтоох шаардлагатай. Хохирогчийн өмгөөлөгч миний зүгээс С.Батжаргал нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байж болзошгүй. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүддээ хулгайн машиныг бичиг баримтгүй байсан гэдгийг мэдэж байдаг. Мөн зах зээлийн ханшаар 270.000.000 төгрөгөөс 300.000.000 төгрөгийн үнэтэй байдаг машиныг 140.000.000 төгрөгөөр хямдхан зарсан. Хямдхан зарсан үндэслэлээ бичиг баримтгүй учраас гэж тайлбарладаг. 2021 оны 3 дугаар сард танихгүй хүмүүст зарсан гэсэн машинаа тухайн оны 8 сард “миний машин гаалийн бүрдүүлэлт хийж болохгүй” гэж ярьсан байдаг. Тэгэхээр шүүгчийн захирамжид энэ мэдүүлгийн зөрүүг тогтоох мөн машиныг боломжит хугацаанд хурдан олох гэх үндэслэлийн хүрээнд анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Батжаргалын өмгөөлөгч Б.Баттуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Учир нь нотлогдвол зохих байдал нотлогдоогүй. Жишээлбэл, хохирогч гээд байгаа О.Пүрэвдорж яг хохирогч мөн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ерөөсөө ажиллагаа хийгдээгүй. Хохирогч О.Пүрэвдорж олон мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг бүр нь зөрдөг. Хавтаст хэрэгт автомашины бичиг баримт байгаа гэсэн боловч тухайн бичиг баримт нь Оросын Холбооны улсын иргэний нэр дээр бүртгэлтэй байсан. Үнэлгээ бүр нь зөрдөг гэх мэтчилэн нотолбол зохих байдал хангагдаагүй учраас урьдчилсан хэлэлцүүлэг, мөрдөн байцаах ажиллагаа руу буцааж өгнө үү.” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Батжаргалын өмгөөлөгч О.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 379 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тухайн магадлалд тусгагдсан тодорхой ажиллагаанууд хийгдээгүй тухай шүүгчийн захирамжид тодорхой тусгагдсан. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Бат-Эрдэнийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран ган” нэртэй автомашины төвийн зогсоолд автомашин худалдан борлуулдаг иргэн Д.Энхбатад зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж, байрлуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн “JMJCV00W604007155” арлын дугаартай “Lexus LX 450 D” маркийн Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй хохирогч О.Пүрэвдоржийн эзэмшлийн автомашиныг “Таны автомашиныг Хятад Улсын иргэн худалдаж авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар иргэн Д.Энхбатаас автомашиныг авч явах зөвшөөрлийн дагуу уг автомашиныг шилжүүлэн авч залилан, 270.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
мөн хохирогч Г.Баттүшигт Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан мөнгөн ус /Hg/ зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Юнайтед” худалдааны төвд байрлах АТМ-ээс өөрийн эзэмшлийн Хаан банкны 5019833345 тоот харилцах данснаас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 7.000.000 төгрөгийг иргэн Ганхуягийн Лхагва-Очирын эзэмшлийн Хаан банкны 5018395662 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилан, нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 3 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5 ширхэг бортоготой мөнгөн усыг /Hg/ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Ц.Бат-Эрдэнийн бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг залилах гэмт хэргийн замаар олж авсан, уг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өөрчлөн бусдад барьцаалах журмаар захиран зарцуулах мөнгө авсан гэх үйлдлийг нэг гэмт хэргийн шинжээр дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна, мөн хэрэгт “Lexus 450” загварын автомашин нь иргэн О.Пүрэвдоржийн нэр дээр бүртгэлтэй гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг хүлээн авч эд мөрийн баримтаар тооцсон байх ба тухайн гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт ямар арга замаар Ц.Бат-Эрдэнийн нэр дээр болж өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нотлох баримтад үндэслэж тогтоох шаардлагатай үндэслэлээр Ц.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ДШМ/379 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд тус магадлалд заасан ажиллагаанууд огт хийгдээгүй, магадлалын заалт биелэгдээгүй байна.
Иймд, яллагдагч Ц.Бд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/514 дугаартай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/514 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ