| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0332/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/311 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд
Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 1738000000067 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.Б-,
Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг Мөнхийн царам гэх газраас иргэн Б.Б-ы 4 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг Мөнхийн царам гэх газраас иргэн Б.Б-ы 4 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх зундаа малтайгаа хөдөө энэ голын урдаа гүүрний доод хэсэгт Мөнхийн царам гэх газарт зусдаг юм. Тэгээд ч энэ жил мөн манайх хөдөө мал дээрээ гарсан. Тэгсэн чинь сая 2017 оны 9 дүгээр сарын 22-23нд шилжих шөнө манай хөдөө гэрийн гаднаас 4 үхэр алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-39-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр баасан гаригт хичээлээ тараад Т.Б- ах, ээжийнхээ хамт Хатгал руу хөдөө явсан. Тэгээд Хатгал тосгоны Сагсагын давааны цаана малчин толгойн ард намаржаанд Т.Б- ахынд очсон. Тэднийд ээж, манай 2 дүү бид 3 хоносон ба тэднийд хоол, цай хийж идээд хоносон юм. Би 2 дүүтэйгээ хамт унтсан, ээж тусдаа хувцастайгаа бүхлээрээ унтсан. Тэгээд унтаж байтал өглөө үүрээр миний гэдэс базлаад гадаа бие засаад явж байхад урд талын модны хаяанд ээж, Т.Б- ах 2 хүрз, сүх, жоотуу аваад үхэр тууж явсан ба бүр орой болсон хойно Т.Б- ах буцаж ирээд машинаа аваад эхнэртэйгээ цуг явсан. Бүр орой харанхуй болсон хойно бүгдээрээ машинтайгаа тэвшин дээрээ хучаатай зүйл ачиж ирсэн. Би орой шөнө гарахдаа сөхөж харахад мах байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.П-н мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/, Гэрч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 51-р тал/,
Гэрч Д.Б-н: “...Намайг хөдөөнөөс ирэхэд П- тогоон дээр үхрийн мах чанаж байсан. Би тэгээд юун мах хаанаас авсан юм гэж асуугаагүй. Бодвол захаас авсан юм боловуу гэж бодсон...” /хх-ийн 53-р тал/,
Гэрч М.М-н: “...Би яг хэзээ гэдгийг нь нарийн хэлж мэдэхгүй байн. Багцаагаар одоогоос 10-аад хоногийн өмнө байх хотноосоо хар зүсмийн сарлагийн гунжин үнээ барьж авч гэрийнхээ гадаа нядалсан. Тэгэхэд нь би байсан. Хамт хамжилцаж, янзлалцсан. Түүнийхээ махыг Мөрөнд аваачиж зарна гээд оройдоо эхнэр, хүүхдийн хамт өөрийнхөө хар өнгийн Бикаб машинаар явсан. Үхрээ өглөөгүүр бэлчээрт гарахаас өмнө янзалсан...” /хх-ийн 55-56-р тал/,
Гэрч З.О-н “...Т.Б- 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Мөрөн яваад буцаж ирэхдээ надад хар зүсмийн сарлаг үхрийн толгой, 4 шийртэй нь янзалж иэдэхүү гэж өгөхөөр нь би 4 шийрийг нь яах юм хог болно. Би янзалж чадахгүй гээд буцаагаад явуулсан. Харин толгойг нь авч үлдсэн одоо янзлаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/,
Гэрч Ж.У-н “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед над руу Болордулам утсаар яриад та 2 үхрийн маханд гарал үүслийн гэрчилгээ аваад өгөөч гэхээр нь би за гээд О-с очиж Т.Б-ын нэр дээр 300 килограмм махны гарал үүслийн гэрчилгээ бичүүлж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/,
Гэрч Б.О-н: “...Би махны газар үүслийн гэрчилгээ бичиж өгөхдөө махыг нь үзээгүй. Надаас махны гарал үүслийн гэрчилгээг У- гээд эмэгтэй бичүүлж авсан. У- надаас манайх руу утасдаад махны гарал үүсэл аваад өгөөч гээд бана гэхээр нь би бичиж өгсөн юм. Т.Б-н манай мал эмнэлгийн харьяаны өрх байгаа юм...” мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 67-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-19-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-25-р тал/
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-р тал/, гэрэл зургийн үзүүлэлт, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Т.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 95-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Т.Б-ын эзэмшлийн Муссо маркийн -- улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738000000067 дугаартай хэрэгт хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирол төлбөрөө нөхөн төлсөн тухай 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хохирогчтой хийсэн эвлэрлийн гэрээ, багийн засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдал ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ялыг биечлүүлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.7.3.3, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Б-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б-ын эзэмшлийн Муссо маркийн -- улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ