Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/735

 

 

       2022          07           19                                         2022/ДШМ/735

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/331 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Э.Амарбатын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Б.Бт холбогдох 2209 00060 0373 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А... овгийн Б...ийн Б..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., ... хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

Б.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Алтай бьюлдинг төвд “Стар интэлижэнт технологи” ХХК-аас албаны хэрэгцээнд ашиглуулахаар 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэн хариуцуулж өгсөн “Делл” брэндийн 8 дугаар үеийн ай7 загварын зөөврийн нөүтбүүкийг 2021 оны 7 дугаар сард ажлаа орхин явахдаа хүлээлгэн өгөлгүйгээр авч яваад 2021 оны 10 дугаар сард барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж, өөрийн дураар захиран зарцуулж завшсаны улмаас “Стар интэлижэнт технологи” ХХК-нд 1.552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.... овгийн Б....ийн Б...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бт анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 1.312.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Стар интэлижэнт технологи” ХХК-д даруй олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Э.Амарбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдтэй. Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв” гэж заасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад байхгүй ял оногдуулахаар дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж Эрүүгийн хуульд байхгүй зүйл хэсгээр шүүгдэгч Б.Бт ял оногдуулсан нь хууль зөрчжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй, шүүхийн шийтгэх тогтоол эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/331 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүхээс залруулга хийгээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Алтай бьюлдинг төвд “Стар интэлижэнт технологи” ХХК-аас албаны хэрэгцээнд ашиглуулахаар 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэн хариуцуулж өгсөн “Делл” брэндийн 8 дугаар үеийн ай 7 загварын зөөврийн нөүтбүүкийг 2021 оны 7 дугаар сард ажлаа орхин явахдаа хүлээлгэн өгөлгүйгээр авч яваад 2021 оны 10 дугаар сард барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж, өөрийн дураар захиран зарцуулж завшсаны улмаас “Стар интэлижэнт технологи” ХХК-нд 1.552.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Ган-Очирын “...Баянбаатар нь манай компанид 2019 онд ажилд орсон. Тэгээд манай компаниас тогтвортой ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Дэлл” брэндийн 8 дугаар үеийн Ай-7 үзүүлэлт бүхий зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн. Энэ өдрөөс 3 сарын дараа Баянбаатар нь гэрээний үүргээ биелүүлээгүй ажлаа дур мэдэн орхиж явахдаа уг компьютерийг хүлээлгэж өгөөгүй. Тэр хугацаанаас хойш холбогдоход “очно очно, өгнө” гэж худлаа яриад яваад байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Ажилд ороход нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан 1.600.000 төгрөгнөөс 240.000 төгрөгийг цалингаас суутгасан. Одоо үлдэгдэл 1.360.000 төгрөгөөрөө үнэлнэ. ...Баянбаатар нь манай компаниас авах авлага байхгүй, 3 удаа цалингаас нь 80.000 төгрөг суутгасан байгаа. Анх гэрээ хийхдээ 1.600.000 төгрөгийн зөөврийн компьютерийг байгууллагаас 800.000 төгрөг Баянбаатараас гаргуулж буюу цалингаас нь суутган төлүүлж уг ажилтныг байгууллагад тогтвор суурьшилтай ажиллуулах гэрээг амаар байгуулсан байсан. Гэтэл уг ажилтан нь 240.000 төгрөгийг төлөөд байхдаа ажлаа орхин уг зөөврийн компьютерийн мөнгийг бүрэн төлж барагдуулаагүй байхдаа аваад явсан. ...” /хх 29-30/,

гэрч Б.Уранзаяагийн “...Баянбаатар нь манай ломбарданд 2 удаа нөүтбүүк барьцаалж байсан. Сүүлд манай ломбарданд нөүтбүүк барьцаалаад авч чадахгүй хугацаа нь дууссан учраас хэд хэдэн удаа анхааруулсны эцэст уг эд зүйл нь хураагдсан талаар мэдэгдэж, эд зүйлийг борлуулсан. ...” /хх 25-26/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 20-нд ажилд орсон. Тэгээд 2020 оны 4 дүгээр сард компанийн удирдлагууд хуралдаад инженер компьютергүй яваад байна гээд нөүтбүүк авч өгсөн. Компанийн удирдлагаас тогтвортой ажиллах юм бол энэ нөүтбүүкийн үнийн дүнгийн 50 хувийг нь компаниас, 50 хувийг надаас гаргахаар амаар тохиролцож миний цалингаас тодорхой хувиар сар бүрээр авахаар болсон. ...2020 оны 10 дугаар сарын дунд орчимд Баянзүрх дүүргийн Ботаникийн эцсийн автобусны буудал дээр байдаг ломбарданд 250.000 төгрөгийн барьцаанд тавиад хугацаа хэтэрсэн учраас зээлийн барьцаанд хураагдсан. Тэр үед ковид цар тахлын хорио цээрийн дэглэм таарсан учраас очиж чадахгүй байсаар байгаад хураагдсан. ...” /хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

“Стар интэлижэнт технолиги” ХХК-ийн хүний нөөцийн менежер н.Батцэцэг болон Б.Б нарын мессенжерээр харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 37-39/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 41-42/, “Стар интэлижэнт технолиги” ХХК-ийн захирлын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 227 дугаартай түр ажилд томилох тухай тушаал /хх 52/, “Стар интэлижэнт технолиги” ХХК болон Б.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх 53-57/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Б нь “Стар интэлижэнт технологи” ХХК-аас албаны хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн “Делл” брэндийн 8 дугаар үеийн ай7 загварын зөөврийн нөүтбүүкийг 2021 оны 7 дугаар сард ажлаа орхин явахдаа хүлээлгэн өгөлгүйгээр авч яваад 2021 оны 10 дугаар сард барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж, өөрийн дураар захиран зарцуулж завшсаны улмаас “Стар интэлижэнт технологи” ХХК-нд 1.552.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.” гэж Эрүүгийн хуульд байхгүй ял оногдуулахаар дүгнэсэн хэдий ч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж зөвтгөн ял оногдуулжээ.

 

Түүнчлэн, шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлөх бөгөөд “Стар интэлижэнт технологи” ХХК-нд 1.552.000 төгрөгийн хохирол учруулж, Б.Б цалингаасаа 240.000 төгрөгийг суутгуулж, үлдэгдэл 1.312.000 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, дээд шатны прокурор Э.Амарбатын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хайнга хариуцлаггүй алдааг цаашид гаргахгүй байх талаар хатуу анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/331 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Э.Амарбатын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ