Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/736

 

       2022          07           19                                         2022/ДШМ/736

Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяа,

шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Н.Бд холбогдох 2210 00000 0319 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х... овгийн Н...ийн Б..., 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, “К...” ХХК-нд ... ажилтай, ам бүл ..., .... хамт .... дүүргийн ... дүгээр хороо, “....” хотхоны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......../,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Н.Б нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Шинэ өглөө” хотхоны 236 дугаар байрны 56 тоот болон тухайн байрны орцонд хамтран амьдрагч, хохирогч А.Эг “хүүхэд зовоогоод байна” гэх шалтгаанаар гар руу цохиж, түлхэж унагаан 2 гарын шуунд цус хуралт, зүүн ташаа орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.... овгийн Н....ийн Б....ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Бд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Баас 170.550 төгрөг гаргуулж хохирогч А.Эд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Баас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3-аас 4 дүгээр нүүрт байх “Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт” гэх хэсэгтэй танилцахад шүүгдэгч Н.Быг гэм буруутайд тооцохдоо хохирогч А.Эгийн мэдүүлэг, гэрч Ю.Амгаланбаатарын мэдүүлэг, шинжээч эмчийн 240 дугаартай дүгнэлт, аюулгүй зэргийн үнэлгээ гэх баримтуудыг үндэслэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч А.Эгийн мэдүүлгийн талаар: А.Эгээс хохирогчийн мэдүүлэг авахдаа мөрдөгч нь хавтаст хэргийн 18 дугаар хуудасны ар талд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг сануулсан байна. Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж уг зүйлээс “эрх хасах” нэмэгдэл ялыг хассан байдаг. Өөрөөр хэлбэл “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэснийг өөрчилж, гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасах ялыг тухайн хэсгээс хассан байдаг. Одоо Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд эрх хасах ялтай гэмт хэрэг байхгүй.

Ийм байтал мөрдөгч Ш.Амарбаясгалан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт ороод даруй 2 жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад Эрүүгийн хуулийн хүчингүй болчихсон зүйл заалтыг хохирогчид сануулж мэдүүлэг авсан байна. Үүний үр дагавар бол хохирогч А.Эгийн мэдүүлэг нотолгооны чадвараа нэгэнт алдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх, улмаар нотлох баримтаас хасах ёстой баримт байжээ.

Гэтэл анхан шатны шүүх мөрдөгч, прокурорын энэхүү хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үндэслэн Н.Быг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

А.Эгээс хоёр дахь удаагаа хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийн тухайд хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан байх бөгөөд уг мэдүүлгийг авахдаа А.Эд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн эрх, үүргийг нь танилцуулсан тухай тэмдэглэл байхгүй, мөн Эрүүгийн хуульд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг сануулаагүй байгаа нь уг мэдүүлэг мөн л анхны мэдүүлэгтэй нэгэн адил нотолгооны чадваргүй болсон байх бөгөөд нотлох баримтаар тооцогдохгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Ю.Амгаланбаатарын мэдүүлгийн талаар: Мөрдөгч Т.Амарсанаа нь хавтаст хэргийн 26 дугаар хуудасны ар талд Ю.Амгаланбаатараас гэрчийн мэдүүлэг авахын өмнө Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг сануулсан байх боловч мөн л хохирогч А.Эгийн мэдүүлэгтэй адилаар Монгол Улсад нэгэнт байхгүй болчихсон, хүчингүй Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг сануулсан байна. Энэ нь гэрч Ю.Амгаланбаатарын мэдүүлэг мөн дээр дурьдсаны нэгэн адилаар нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл болох бөгөөд анхан шатны шүүхээс уг мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Н.Быг гэм буруутайд тооцсон явдал нь хууль бус юм.

Дараагийн нэгэн үндэслэл бол гэрч Ю.Амгаланбаатар нь шууд гэрч биш юм. Өөрөөр хэлбэл Ю.Амгаланбаатар бол шүүгдэгч нь хохирогчийн биед гэмтэл учруулж байхыг огт хараагүй хүн юм. Гэрч Ю.Амгаланбаатар нь шүүгдэгч, хохирогч хоёр орон сууцны коридор буюу орцонд харилцан маргалдан зогсохыг харсан болохоос шүүгдэгч нь хохирогчийн эрх чөлөөнд халдаж, зодож гэмтээсэн гэх үйлдлийг нотолдоггүй.

Ю.Амгаланбаатарын мэдүүлэг нь хэрэг шийдвэрлэх ач холбогдолтой биш, нотолгооны ач холбогдлоор эрс бага, мөн дээр нь уг гэрчийн мэдүүлгийг бэхжүүлэхдээ мөрдөгч хууль зөрчсөн байхад анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг огт харгалзан үзэлгүйгээр хүнийг гэм буруутайд тооцоход ашиглажээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээч эмчийн дүгнэлтийн талаар: Мөрдөгчийн зүгээс А.Эгийн биед учирсан гэх гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилсон тогтоолын огноо нь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр буюу хэрэг гарсан гэх өдрөөс даруй 4 хоногийн дараа үйлдэгдсэн байна. Мөн тус тогтоол дээрх шинжээчид хууль сануулсан заалт буюу Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйл “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэдэг гэмт хэрэгт Монгол Улсын Их Хурлаас 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байхад мөрдөгч нь мөн л хүчингүй болсон хуучин хуулийн заалтыг шинжээчид сануулж дүгнэлт гаргуулсан байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх ямар ч боломжгүй болгож байна. Мөн шинжээч томилсон тогтоолд 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн огноотой “яаралтай тусламжийн хуудас” гэх баримтыг хавсаргасан байна. Энэхүү яаралтай тусламжийн хуудсыг хэн, хэзээ, хэнээс, хаанаас хураан авсан болох нь тодорхойгүй, уг хуудсыг үйлдсэн эмчийн гарын үсэг, тамга, тэмдэг огт байхгүй байна. Тэгэхээр уг баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичиг гэх нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.

Шинжээч эмч Д.Туяагийн дүгнэлтэд бичигдсэнээр А.Эг 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн огноотой яаралтай тусламжийн хуудас гэх баримтад тулгуурлан, 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хохирогчийг биечлэн үзсэн болох нь тодорхой байна. Энэ нь хэрэг гарсан гэх өдрөөс бүхэл бүтэн 6 хоногийн дараа бөгөөд хохирогчийн биед байгаа гэмтэл шинэ, хуучин гэмтлийн алин болох, үнэхээр 2022 оны 2 дугаар сарын 14-ний шөнө шүүгдэгч Н.Бын зүгээс учруулсан гэх гэмтэл мөн үү, үгүй юу гээд үндэслэл бүхий эргэлзээг үүсгэж байна. Хамгийн гол нь шинжээч эмчийн 240 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт А.Эгийн биед тогтоогдсон гэмтэл нь шинэ, хуучин гэмтлийн алин болох, эдгэрэлтийн явц байсан эсэх, гэмтэл хэзээ үүссэн байх боломжит таамаг хугацааны талаар шинжээч дүгнэлтдээ огт тусгаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон аюулгүйн зэргийн үнэлгээний талаар: Хавтаст хэрэгт авагдсан аюулгүйн зэргийн үнэлгээ бол шүүгдэгч Н.Б нь хохирогч А.Эгийн шуу, ташаанд гэмтэл учруулсан гэх үйл баримтыг нотлох ямар ч боломжгүй зүйл юм. Энэ баримт бол А.Эгийн мэдүүлгийг үнэн байх магадлалтай хэмээн дүгнэхэд дэм болох төдий баримт юм. Өөрөөр хэлбэл шууд нотлох баримтын нотолгооны ач холбогдлыг өсгөж буй шууд бус нотлох баримт гэж үзэхээр байна.

Гэтэл дээр дурдсанаар хохирогч А.Эгийн мэдүүлэг нь хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ мөрдөгч нь нэгэнт хүчингүй болсон Эрүүгийн хууль сануулж авсан байдаг. Энэ нь хохирогчийн мэдүүлэг аль хэдийн нотолгооны чадвараа алдсан тул түүний хүчийг нэмж буй шууд бус нотлох баримт нь дагаад нотолгооны чадвараа алдах буюу нотлох баримтаар тооцогдохгүй байх үндэслэл болно.

Мөрдөгч нь аюулгүйн зэргийн үнэлгээг хийхдээ зөвхөн хохирогчоос асуулга авах бус, давхар шүүгдэгч болон энэ хүмүүсийн гэр бүлийн харилцаа, аж байдлыг сайтар мэдэх гэрч нараас асуулга авах, хэргийн газарт очиж бусад этгээдээс асуулга авах ёстой байтал огт ийм ажиллагаа хийгээгүй явдал нь аюулгүйн зэргийн үнэлгээ тогтоох аргачлалыг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй хэрэгт авагдсан бусад баримтын тапаар: Анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдагдаагүй, хохирогчийн зүгээс гаргаж өгсөн гэрэл зураг гэх мэт баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх боловч мөрдөгч нь эдгээр баримтыг эх сурвалжийг шалгах зорилгоор хохирогчийн гар утсанд үзлэг хийх, фэйсбүүк чатад үзлэг хийх гэх мэт мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй байдаг.

Үүнээс гадна А.Э цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэлдээ өөрт нь гэмтэл учруулсан хүнийг Н.Б хэмээн шууд заасан, мэдүүлэгтээ Н.Б гэмтэл учруулсан хэмээн дахин нотолж хэлсэн байна. Энэ тохиолдолд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулж, Н.Быг сэжигтнээр тооцон мэдүүлэг авч болох хуулийн зохицуулалт байсаар атал мөрдөгч нь Н.Быг зориуд гэрчээр дуудаж, түүнд гэрчийн эрх үүргийг тайлбарлан, хүчингүй болчихсон Эрүүгийн хуулийн заалт сануулж байгаад өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч Үндсэн хуульд заасан эрхэнд нь халдсан байна.

Хэрэв Н.Б нь сэжигтнээр асуугдсан бол тэрээр ямар хэрэгт холбогдон шалгагдах гэж байгаагаа тайлбарлуулах, өмгөөлөгч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах, мөрдөгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах гээд сэжигтэнд хуулиар олгосон олон эрхээ бүрэн эдлэх боломжтой байлаа. Гэтэл мөрдөгч нь Н.Быг заавал мэдүүлэг өгөх үүрэгтэй, хэрэв худал мэдүүлбэл эрүүгийн хариуцдага хүлээдэг, ямар нэгэн байдлаар гомдол гаргах эрхгүй, хэргийн оролцогч биш, зөвхөн нотолгооны хэрэгсэл төдий болдог гэрч гэх статусаар дуудан авчирч шүүгдэгчээс өөрөөс нь өөрийнхөө нь эсрэг мэдүүлэг авч үндсэн эрхийг нь хязгаарласан байна. Сэжигтний хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой этгээдийг мөрдөгч нь гэрчээр дуудан мэдүүлэг авсан энэхүү үйлдэл бол гэмт хэргийн шинжтэй юм.

Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн байх бөгөөд уг нотлох баримтуудыг прокурор нь шүүгдэгч Н.Быг яллахдаа ашигласан байна. Хэргийн нөхцөл байдал ийм байхад анхан шатны шүүхээс нотлох баримтаар тооцогдох ёсгүй, нотлох баримтаас хасах ёстой баримтыг үнэлэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон байна. Энэ бүгд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн дүгнэхээр байна. Хуулийг ноцтой зөрчих гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан;” хэмээн заасан байдаг.

Мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуүлж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараахь шийдвэр гаргана:” гэж заасан байна. Энэ нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтууд бүгд нотолгооны чадвараа алдсан хэмээн дүгнэхэд хүргэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болсон нотлох баримтуудын эх сурвалжийг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Ю.Амгаланбаатарын мэдүүлэг зэргийг тодорхой зааж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс “шинжээч 7 хоногийн дараа дүгнэлтийг гаргасан. Хохирогчид учирсан шарх сорви зах ирмэгээсээ шарлах, ямар нэгэн эдгэрэлт үүсээгүй байна. Шүүгдэгч Н.Бын зодсон үйлдлээс биш, шинжээч эмчид үзүүлэхээсээ өмнө дахиж хүнд зодуулсанаас өөр гэмтэл авсан байж болно” гэсэн. Харин би бол эсрэгээрээ 7 хоногийн дараа шинжээчид үзүүлэхэд эдгэрэлт үүсээгүй байна гэдэг нь тухайн үед хохирогч А.Эд ямар хэмжээний гэмтэл учруулсан бэ гэдэг нь харагдаж байна. Өмгөөлөгч гэрчээс мэдүүлэг авах эрхийг хязгаарласан гэсэн. Гэтэл гэрчийн гаргасан мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Мөн фото зураг байна, тухайн зургийг хаана бэхжүүлсэн бэ гэж байна. Энэ баримтыг мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Дээрх үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Тиймээс анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Н.Б нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Шинэ өглөө” хотхоны 236 дугаар байрны 56 тоот болон тухайн байрны орцонд хамтран амьдрагч, хохирогч А.Эг “хүүхэд зовоогоод байна” гэх шалтгаанаар гар руу цохиж, түлхэж унагаан 2 гарын шуунд цус хуралт, зүүн ташаа орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Эгийн “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 120 мянгатын “Шинэ өглөө” 236 блок байрны 56 тоотод ...өөрийн хүү 7 сартай Хабулыг хөхүүлээд байхад Н.Б над дээр ирээд “чи намайг байхгүйд хүүхэд зовоогоод байдаг юм байна. Хүүхдэд хор өгөх гээд байгаа юм уу” гэж намайг гүтгэсэн. Тэгээд хүүг маань булааж аваад миний баруун болон зүүн гар руу гараараа цохиж гарнаас зулгаагаад гэрийн маань хувцастай орцонд гаргаад намайг түлхэж унагаасан. Би унахдаа нуруу дал хэсгээрээ плитан шалан дээр унасан. ...Миний бие эмчилгээний зардал, тээврийн зардалд нийт 500.000 төгрөг зарцуулсан. ...” /хх 20-21/,

гэрч Ю.Амгаланбаатарын “...2022 оны 02 дугаар сарын дундуур байх манай нохой айхтар хуцаад байхаар нь гайхаад үүднийхээ дурангаар харсан чинь хажуу айл маань буюу 56 тоот айлын хүүхэн, залуу хоёр муудалцаад орцонд хувцсаа гаргаад шидчихсэн байсан. Тэгсэн чинь хүүхэн нь орцонд зогсож байсан. Би “юу болж байна та нар” гээд асуусан чинь тэр айлын эрэгтэй гарч ирээд “ахаа зүгээрээ” гээд хувцаснуудаа хамсан. ...” /хх 26-27/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 240 дугаартай “...А.Эгийн биед 2 гарын шуунд цус хуралт, зүүн ташаа орчимд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. А.Эгийн биед илэрсэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /хх 37-38/ гэх дүгнэлт,

хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт /хх 13/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 64/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг бөгөөд шүүгдэгч Н.Б хамтран амьдрагч А.Эг “хүүхэд зовоогоод байна” гэх шалтгаанаар гар руу цохиж, түлхэж унагаан 2 гарын шуунд цус хуралт, зүүн ташаа орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.Анхбаяр “...шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтууд бүгд нотолгооны чадвараа алдсан... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, хохирогч А.Эгийн биед учирсан гэмтэлд хэрэг учрал болсоноос хойш 6 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гаргасан гэх боловч тухайн дүгнэлтийг тусгай мэдлэг, чадвар бүхий шинжээч гаргасан тул үгүйсгэх боломжгүй юм.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг авсан байх боловч энэ нь тухайн гэмт хэргийг үгүйсгэх ноцтой алдаа биш бөгөөд энэхүү алдааг зөвтгөж шийдвэрлэснээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, болсон үйл баримтад нөлөөлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тул шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Хохирогч, гэрч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа талаараа үнэн зөвөөр мэдүүлэх үүргийнхээ хүрээнд мэдүүлэг өгсөн ба мөрдөгчийн хууль сануулсан албан бланканд хуучин хууль сануулсан нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж уг зүйлээс “эрх хасах” нэмэгдэл ялыг хассан нь хохирогч, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдалд хамааруулж ойлгох боломжгүй юм.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ