Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 0404

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 1725000000197 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөө, эмээ, ээж, дүү нарын хамт , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Б.С, 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 09 сарын 14-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайгер баарны гадна Т.П- болон түүний найзуудтай маргалдаж улмаар Т.П-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: П-ыг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрнө. П- нь манай найзуудтай маргалдсан болохоор цохисон. Хохиролд 700.000 төгрөг төлсөн. Өөр цохиж зодсон хүн байхгүй. П-ыг 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Би тэр үед нь бага зэргийн согтолттой байсан. Дахин гэмт хэрэгт орохгүй. Ийм үйлдэлд холбогдохгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Т.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг баарнаас гарч ирэхэд баарны гадаа манай найз Тэмүүжин болон Мэндбаяр нар 2-3 залуучуудтай маргалдаж байсан. Тэгээд нэг өндөр залуу нь буюу А- нь манай найз Тэмүүжинг барьж авч цохиж, зодсон юм. ...тэгээд тэд нарыг салгах гэж байхад мөн Тэмүүжинг зодсон залуутай хамт явсан, өөр нэг өндөр махлаг биетэй, сүүлд уулзаж нэрийг нь мэдэж авч танилцсан С- гэдэг залуу намайг барьж аваад миний нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Тухайн үедээ миний нүд хавдаж, хамрын яс гэмтсэн гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

 

-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Зодоон бол Тэмүүжингээс эхэлсэн юм. Тэрээр эхлэн манай найз Мөнх-Эрдэнэ, С- хоёр дээр очиж нүүр лүү нь түлхэж хэл үгээр доромжилж, цохиод байх шиг байсан, тэгээд түүнээс болж зодоон болсон...Тэгээд зодоон бол тус тусдаа болсон юм гэсэн мэдүүллэг /хх 34 ху/,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 798 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.П-ын биед хамрын ясны хугарал, нүүрэнд, зүүн нүдний алимны салстад цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид бүрэн эдгэрэх боломжтой. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 15 ху/

 

-Б.С-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 50-53 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37-38 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.С нь 2017 оны 09 сарын 14-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайгер баарны гадна Т.П- болон түүний найзуудтай маргалдаж улмаар Т.П-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Т.П-ын “...Тэгээд тэд нарыг салгах гэж байхад мөн Тэмүүжинг зодсон залуутай хамт явсан, өөр нэг өндөр махлаг биетэй, сүүлд уулзаж нэрийг нь мэдэж авч танилцсан С- гэдэг залуу намайг барьж аваад миний нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиж гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /хх 13 ху/, гэрч Б.А-ын /хх 34 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед хамрын ясны хугарал, нүүрэнд, зүүн нүдний алимны салстад цус хуралт үүссэнийг тогтоосон 798 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.С-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Б.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

 

                     Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овгийн Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА