Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0221/З |
Дугаар | 128/ШШ2022/0232 |
Огноо | 2022-03-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2022/0232
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгийн дүгнэлттэй, Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Уранцэцэгт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэг шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Уранцэцэг нь тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг хянахад холбогдогч Ц.Мөнхцэцэгт 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 20 нэгжээр торгож шийдвэрлэсэн байна. Хэрэгт цугларсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, холбогдогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа 0029009 дугаартай шийтгэлийн хуудас зэргээр холбогдогч Ц.Мөнхцэцэгийн иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх байсан ба уг зөрчлөө 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрөө илчилж ирсэн ба мөн өдөр торгож шийдвэрлэжээ. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.1-т зааснаас бусад хүн, хуулийн этгээдэд оногдуулсан зөрчлийн торгох баривчлах эрх хасан шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлсэн хэсгийг өршөөн чөлөөлнө гэж заасан байдаг.
Холбогдогч Ц.Мөнхцэцэгийг гаргасан тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчил болох Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан зөрчил нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь хэсэгт заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.1-т заасан бусад зөрчилд орж байгаа мөн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн зөрчил байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Уранцэцэгийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0029009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Уранцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0029009 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь.
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгийн гаргасан дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 112.4.3-т: хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.15, 6.17 ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20-д: улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,... 15.24 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан зөрчил гэж заасны дагуу шүүх хүлээн авч, эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.
Ийнхүү эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэн Ц.Мөнхцэцэгийг тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар 20 /хорь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20.000 /хорин мянган/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулжээ.
Дүгнэлт гаргагчийн зүгээс Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Уранцэцэгийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0029009 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагатай гэж үзсэнийг хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Уранцэцэгийн зүгээс Прокурорын дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бичгээр тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Ингэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг хэрэглэн уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх, зөрчлийн хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зөрчил үйлдэгч болон өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс гаргасан Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Уранцэцэгийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0029009 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Прокурорын дүгнэлтийг хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Уранцэцэг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН