Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/749

 

 

       2022          07           21                                         2022/ДШМ/749

С.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч С.Ариунцацрал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаа, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/445 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаагийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлоор С.Тт холбогдох 2003 00204 0178 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б... овгийн С...ийн Т..., 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, ..., тусгай дунд боловсролтой, .... мэргэжилтэй, “В...” ХХК-нд .... ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

С.Т нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, 40 дүгээр гудамжны 506 тоот хаалганы урд замд, “Тоёота приус-20” маркийн 73-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б... овгийн С....ийн Т...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокуророос шүүгдэгч С.Тийн үйлдэлд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас нэхэмжилсэн 17.113.860 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч С.Тийн №902313 дугаарын жолооны үнэмлэхийг буцаан олгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаагийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд 2 үндэслэлээр гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан. Хоёрт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргасан. 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хэргийг прокурор болон шүүхэд буцаахгүй гэдэг зохицуулалт орсон. Үүнээс шалтгаалан гомдлын үндэслэл, шаардлага өөрчлөгдөх байдал тулгарлаа. Үүнд тулгуурлан үндэслэлээ хэлье. Хэргийг анхан шатны шүүх болон прокурор руу буцаахгүй болсон. Мөн давж заалдах шатны шүүхээс ялыг хүндрүүлэх зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй болсон учраас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлийг ярих нь илүүц юм. Харин гомдлын нэгдүгээр үндэслэл болох анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан талаар гомдлынхоо үндэслэлийг хэлье. Үүнд, анхан шатны шүүхээс хэргийг шийдэхдээ нэхэмжилж байгаа үнийн дүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна гэж шийтгэх тогтоолд тусгасан байгаа. Гэвч хавтаст хэрэгт хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/, өмгөөллийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 153-156/, өмгөөллийн хөлс төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 150 дугаар хуудас/, хохирогчийн ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого зэргийг тогтоох баримтуудыг /2 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас/ гаргаж өгч, хавтаст хэрэгт авагдсан байтал дээрх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь тухайн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байгаа. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг өмгөөлөгч өөртөө үйлчилгээ авах зорилгоор өмгөөлөгчийн зардалд төлсөн учраас хангах үндэслэлгүй байдлаар дүгнэсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээс хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардлыг шүүхээс шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь нэгэнт жишиг болон тогтсон байна. Хавсралтад шүүхээс хохирогч өмгөөлөгчид төлсөн зардлыг шүүдэгдэгчээр гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолуудыг хавсаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгчийн хувьд төлбөрийн чадваргүй бол төрөөс өмгөөлөгчөөр хангах зохицуулалт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өөрчлөлт оруулж, 10 хоногоо хүлээж 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон тул өмнө нь гаргасан гомдлын шаардлагыг гаргах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн гомдлын шаардлагыг гаргах боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдэж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүүхэд нь хүнд гэмтэл аваад, хэвтэрт байж байгаад 6 дугаар сарын 10-ны өдөр хавьцаа нас барсан. Тээврийн прокурорын газраас хэргийг нь будилуулаад, хэрэгсэхгүй болгож байсан тул зайлшгүй хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч авсан төлбөрөө банканд тодорхой зүйлээ тавьж, зээл авч төлсөн нөхцөл байдал үүсэж байгаа. Хүүхдээ машинд дайруулснаас хойш сэтгэл санааны гүн хямралд орсон баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Шүүх сэтгэцийн эмнэлэгт тушаасан 70.000 төгрөгийн баримт, хууль зүйн туслалцаа авсан 5.000.000 төгрөгийн баримт байгаа. Мөн хохирогч маань 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан байсан. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нас барах хугацааны хөдөлмөрийн чадвар алдсан мөнгөн тэтгэмжийг нь амьжиргааны баталгаажих түвшний доод хэмжээгээр бодож энэ хүнд олгож, шүүхийн шударга ёс байдаг гэдгийг миний үйлчлүүлэгчид мэдрүүлж өгсөн шийдвэр гаргаж өгнө гэдэг итгэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Хүү маань аваарт орсноос хойш гэртээ 7-8 сар хэвтэрт байж байгаад нас барсан. Хүү маань миний тэжээн тэтгэгч байсан. Би эмнэлгийн хяналтад байдаг. Прокурор нь бид хоёрыг эмнэлгээр явж байхад хэргийг нь хэрэгсэхгүй болгож, хаасан байсан. Талийгаачаасаа хойш өргөдөл бичиж, хэрэг нь шүүхэд ирсэн. Анхан шатны шүүх хохирогч намайг үг хэлүүлэхгүй байсан. Тэгээд би үг хэлье ч гэж бодоогүй. Тэгээд би мэддэг газар нь хэлье гэж бодсон. Миний хувьд маш хүнд байгаа бөгөөд ганцаараа амьдардаг. Талийгаач хүүгээсээ хойш унтаж чадахгүй болсон. Хохирлоо гаргуулахыг хүсэж байна. Солонгос улсад ажилладаг Батаа гэдэг хүний гэр бүлээс нь гуйгаад талийгаачийнхаа оршуулгын зардалд хэрэглэх гэж 6.000.000 төгрөг зээлсэн байгаа.” гэв.

Шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч С.Ариунцацрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан гэж үзсэн учраас яллах дүгнэлт болон гэм буруудаа, гэмтэл учруулсан дээр миний үйлчлүүлэгч маргаагүй юм. С.Т нь бага насны дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Өнөөдрийн байдлаар С.Т бага насны дөрвөн хүүхдээ зөөдөг байсан “Тоёота приус-20” маркийн 73-14 УБЕ улсын дугаартай автомашинаа зараад, тухайн үед 3.150.000 төгрөгийг хохирогчид өгсөн. Тухайн үед хохирогчоос ямар ч хохирлын баримт гаргаж өгөөгүй байсан. Хавтаст хэрэг дотор 3.000.000 төгрөг аваад дахиж шүүх, цагдаагаар явахгүй гэсэн 2 дугаар сарын 8-ны өдрийн мэдүүлгүүд байгаа. Энэ гомдлыг хэзээ гаргасан гэхээр 2021 онд гаргасан. 9 дүгээр сарын 23-ны өдөр талийгаач өнгөрсөн байгаа. Тэрнээс хойш гомдол гаргасан. Тэрнээс өмнө гомдол гаргаагүй байдаг. Мөн хохирогчийг эмнэлэгт хэвтүүлэх гэж 5 удаа очиж, 3 дахь дээр нь авч явсан байдаг. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээж аваад бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулсан. Шинжээч 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаартай дүгнэлтийг тайлбарлаж оролцсон байдаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн болон хууль буруу хэрэглэсэн асуудал байсангүй. Хоёрдугаарт миний үйлчлүүлэгч өрх толгойлсон эх бөгөөд амьжиргаагаа залгуулдаг машинаа зарж хохирогчид төлбөрийг нь өгсөн. Одоо хүүхдийн 100.000 төгрөгөөрөө л амьдардаг эмэгтэй. Ажил хийх боломжгүй, дөрвөн бага насны хүүхэдтэйгээ байдаг. Ээж нь группэд, эгч нь сэтгэцийн өвчтэй учраас хүүхдүүдээ хамт байлгаж болдоггүй. Тэгээд ээж, эгч хоёроосоо тусдаа амьдрахаас өөр арга байхгүй. Шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт байгаа. Хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгчийн өрх толгойлсон эх, ажил орлогогүй, машинаа зарсан худалдах, худалдан авах гэрээ нь хүртэл байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Т тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн материалтай танилцахад хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон байна гэж үзсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол, төлбөртэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан тул хохирол гаргуулахаар гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журмыг Засгийн газар тогтооно гэж заасан байгаа. Засгийн газрын 2018 оны 161 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад “гэм буруутай хүн, хуулийн этгээд хариуцвал зохих этгээдээр нөхөн төлүүлэх харилцааг энэ журмаар зохицуулна. Энэ журмын 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн хөлсийг гэрээнд заасан хэмжээгээр төлүүлнэ” гэж заасан учраас анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн зардлыг гаргах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилдэг. Энэ талаар шийтгэх тогтоолд дурдсан байсан. Энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй, ямар хэмжээний цалин хөлс авдаг талаарх баримт нь хавтаст хэрэгт байхгүй гэж дүгнэсэн учраас анхан шатны шүүхийн хохирол, хор уршгийн хэмжээг тогтоохдоо дүгнэсэн үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчид Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн гомдлоосоо өмгөөлөгч татгалзаж байх шиг байна. Гэхдээ анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх үед хавтаст хэрэгт авагдсан баримтаар шинжээчийн дүгнэлтүүдээр энэ хүний гэмтэл нь өмнө нь авсан хүнд зэргийн гэмтлийн улмаас болж нас бараагүй байна. Осол болсноос хойш 8 сарын хугацаа өнгөрсөн нь нас барсантай шалтгаант холбоогүй. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны зүйлийн хордлогын улмаас нас барсан гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж прокуророос яллах талын баримт болгож хэрэглэсэн байсан. С.Тийн хувьд гэм буруугийн хувьд маргаж байгаад Өршөөлийн хууль хэрэглэсэн асуудал ярьдаг. Энэ хүн хүнд гэмт учруулсан үйлдэлдээ маргадаггүй. Үүнтэй холбоотой хохирол 3.050.000 төгрөгийг урьд нь төлөөд, хохиролтой холбоотой баримт дууссан байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдлын дагуу энэ хэргийг эргэж сэргээсэн. Нас барсан шалтгаан нь зам тээврийн осолтой шалтгаант холбоотой эсэхийг тогтоо гэж энэ хэрэг сэргэсэн байсан. Үүний дагуу хэргийг сэргээж, С.Т нь хүнд хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаагийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч С.Тт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Т нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, 40 дүгээр гудамжны 506 тоот хаалганы урд замд, “Тоёота приус-20” маркийн 73-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлджээ.

Тухайн хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад  нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, магадлалын үндэслэл болгов. Үүнд:

хохирогч Д.Тын “...Би тэр өдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой 17 цагийн орчимд Доогий гэх залуугийн хамт 1 шил 0.33 литрийн Стандарт архи хувааж уучихаад хөлсөөр ажил хийхээр болж 80 ширхэг хонины гулууз махыг хаягийг сайн мэдэхгүй Нарантуул-22 хүнсний захын айлын хашаанд контейнэрт оруулж ажлын хөлсөө аваад тэндээс гараад ...0.5 литрийн Стандарт архи авч гэр лүүгээ харих замдаа ганцаараа уусан. Тэгээд гудамжаар алхаж яваад унасанаа санаж байна. Цааш юу болсоноо сайн санахгүй байна. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн хэвтэж байсан. ...” /1хх 17-18/ гэсэн мэдүүлэг,

            гэрч С.Пүрэвсүрэнгийн “...2020 оны 2 дугаар сарын 12-ны орой гэртээ охин, хүү хоёрын хамт орон дээрээ хэвтэж байсан чинь гадаа маш чанга чимээ сонсогдож, гараад харсан чинь манай хашааг цагаан өнгийн приус маркийн машин мөргөж, хашаа цөмөрч унасан байсан. Автомашинаас жолооч нь бололтой 30 орчим насны эмэгтэй бууж ирээд “хүүе энд хүн хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүн амьтан дайраад алсан юм биш биз” гэж тэр эмэгтэй жолоочид хэлэхэд “үгүй, би дайраагүй” гэж хэлээд “эгчээ би маргааш хашааг чинь янзланаа, та энэ газар хэвтсэн хүнийг таньдаг бол гэрт нь хүргээд өгөөч” гэхээр нь би “танихгүй” гэж хэлээд салсан. Тэр жолооч эмэгтэйтэй хөгшин настай эмэгтэй цуг явж байсан. ...” /1хх 24-25/ гэсэн мэдүүлэг,

            шинжээч эмч Б.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...талийгаачийн үхлийн шалтгаан авто ослоос түүнд учирсан гэмтэлтэй хамааралгүй. Д.Т нь спиртийн хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан. Талийгаачид өмнө нь учирсан яснуудын хугарал бүрэн эдгэрсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 159 дугаартай “...Талийгаач Д.Тын биед 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарсан зам тээврийн ослын улмаас хоёр талын олон хавирганы /зүүн 3, 6, 7-р, баруун 2, 3, 5, 6, 7-р хавиргануудын/ хугарал, цээжний зүүн хөндийн цусан хураа, зүүн нүдний дээд зовхи, баруун хөхний дээд хэсэг, аюулхайд цус хуралт, дух зүүн хөмсөг, баруун нүдний дээд зовхи, доод уруул, хоёр гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл учирсан байжээ. Эдгээр гэмтлүүд нас барахад нөлөөлөөгүй байна. Талийгаач Д.Т нь спиртийн хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан байх ба энэ нь авто ослын улмаас учирсан хүнд гэмтэлтэй холбоогүй болно. Этилийн спирт, түүний сувсны шууд үйлчлэлээр төв мэдрэлийн систем, өөх тос, нүүрс ус, уургийн солилцоо, зарим ферментийн үйл ажиллагаа дарангуйлагдсанаас зүрх судас, амьсгал, элэг бөөр зэрэг амьдралын амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдана. Мөн спирт бие махбодид задарснаас үүсэх ацетальдегид, цууны хүчил зэрэг хорт бодисуудын улмаас дээрх эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдсанаас олон эрхтний дутагдалд ордог болно. Талийгаачид өмнө учирсан яснуудын хугарал бүрэн эдгэрсэн байсан тул Д.Тын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ясны хугарал тодорхойлогдоогүй байна. Согтолтыг зөвхөн цусанд агуулагдаж буй спиртийн хэмжээгээр тогтоох бөгөөд ходоодны шингэнд, шээсэнд агуулагдаж буй спирт нь архи уусан байсныг илтгэдэг. Спиртийн хордлогын үед шууд спиртэд хордохоос гадна түүний задралын бүтээгдэхүүнд хорддог тул архи уусан үедээ төдийгүй уусны дараа ч спиртийн хордлогоор нас бардаг болно. Иймд спиртийн хордлогоор нас барсан хүний цус шээсэнд спиртийн зүйл илрэхгүй байж болно. Амь насанд аюултай гэмтэл гэдэгт эмчилээгүй тохиолдолд амь нас эрсдэж болох гэмтлүүд хамаардаг ба Д.Тад учирсан хоёр талын олон хавирганы хугарлаас үүссэн цээжний зүүн хөндийн цусан хураа нь ийм гэмтэлд хамаарна. Авто ослын улмаас учирсан хүнд зэргийн гэмтэл бүрэн эдгэсэн байсан тул уг гэмтлийн улмаас талийгаач Д.Т нас бараагүй, нас барахад хүнд зэргийг гэмтэл нь нөлөөлөөгүй болно. ...” /2хх 124-129/ гэх дүгнэлт,

            Тээврийн цагдаагийн албаны 157 дугаартай мөрдөгчийн “...“Тоёота приус-20” маркийн 73-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сүхбалсан овогтой Төгсцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-т заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” /1хх 151-152/ гэх магадлагааг тус тус нотлох баримтад тооцлоо.

Тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-10/, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх 48-51/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Тийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Тийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,

мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс С.Тийн үйлдэлд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар С.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаагийн өмгөөлөгч С.Болорчулуун “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдэж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүүхэд нь хүнд гэмтэл аваад, хэвтэрт байж байгаад 6 дугаар сарын 10-ны өдөр хавьцаа нас барсан. Тээврийн прокурорын газраас хэргийг нь будилуулаад, хэрэгсэхгүй болгож байсан тул зайлшгүй хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч авсан төлбөрөө банканд тодорхой зүйлээ тавьж, зээл авч төлсөн нөхцөл байдал үүсэж байгаа. Хүүхдээ машинд дайруулснаас хойш сэтгэл санааны гүн хямралд орсон баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Шүүх сэтгэцийн эмнэлэгт тушаасан 70.000 төгрөгийн баримт, хууль зүйн туслалцаа авсан 5.000.000 төгрөгийн баримт байгаа. Мөн хохирогч маань 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан байсан. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нас барах хугацааны хөдөлмөрийн чадвар алдсан мөнгөн тэтгэмжийг нь амьжиргааны баталгаажих түвшний доод хэмжээгээр бодож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгч С.Тийн үйлдсэн гэмт хэргийн улмаас талийгаач Д.Тын амь нас хохироогүй талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 159 дугаартай дүгнэлтэд ““...Талийгаач Д.Тын биед 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарсан зам тээврийн ослын улмаас хоёр талын олон хавирганы /зүүн 3, 6, 7-р, баруун 2, 3, 5, 6, 7-р хавиргануудын/ хугарал, цээжний зүүн хөндийн цусан хураа, зүүн нүдний дээд зовхи, баруун хөхний дээд хэсэг, аюулхайд цус хуралт, дух зүүн хөмсөг, баруун нүдний дээд зовхи, доод уруул, хоёр гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл учирсан байжээ. Эдгээр гэмтлүүд нас барахад нөлөөлөөгүй байна. Талийгаач Д.Т нь спиртийн хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан байх ба энэ нь авто ослын улмаас учирсан хүнд гэмтэлтэй холбоогүй болно.” гэж тодорхой тусгагдсан байх бөгөөд шүүгдэгч С.Т нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 3.050.000 төгрөгийг хохирогчид бүрэн төлж барагдуулсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаагийн нэхэмжилсэн хохирол төлбөр нь зам тээврийн осолтой холбоогүй байх тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзэв.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/445 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаагийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/445 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаагийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ