Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр
Улсын яллагч Д.Ариунжаргал
Хохирогч С.С
Шүүгдэгч Б.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох 17160011300043 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, У овогт Б-ийн М гэв.

Шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 0-0 тоот хашаанаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.С-ын эзэмшлийн “Каяак” маркын 00-00 ГАЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:


1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 
Шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 0-0 тоот хашаанаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.С-ын эзэмшлийн “Каяак” маркын 00-00 ГАЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:
Шүүгдэгч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би тухайн мотоциклийг 09 дүгээр сарын 20-ны өдөр хашааны хаалга нь онгорхой байхаар нь хашаанаас нь түрж гараад асааж унаад явсан... түлхүүр нь байхгүй байсан. Би кундакторын утсыг нь холбож асаагаад унаад явсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч С.С-ын  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... би тухайн мотоцикль алга болох орой ажил дээрэй жижүүртэй байсан, тухайн өдөр их хүчтэй шуургатай байсан тул хаалга онгойсон байсан байх гэж бодож байна. Өглөө ирэхэд мотоцикль алга болсон байсан. Тухайн мотоцикль гэрийн хажууд байдаг. Гэрт эхнэр, хүүхэд унтаж байсан... Алдсанаас нь хойш би мотоциклио хараагүй эвдэрч хэмхэрсэн зүйл их байгаа байх..”  гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Д.Н-ын “...Харзат багийн 1-р гудамжны зүүн талын үзүүр буюу хаягдал төмөр авдаг цэг дээрээс машины сэлбэг авах гээд явж байтал 25 орчим насны залуу, 50 орчим насны өвгөн 2 улсын дугааргүй, улбар шар өнгийн, хөдөлгүүрийн 00000, арлын 0000 дугаартай, “каяак” маркын мотоциклийг гэрийн гадаа унахгүй хэвтээд шувуу баагаад байгаа юм. Зарна гээд явж байсан. Би хэдээр зарах юм гэтэл гучин мянган төгрөг гэсэн. Тэгэхээр нь би бичиг баримтыг нь үзье гэтэл араас чинь хүргэж өгөөд үлдэгдэл таван мянган төгрөгийг нь авъя гэж хэлээд надаас хорин мянган төгрөг аваад үлдсэн. Тэгээд би дээрхи мотоциклийг гэртээ авч ирээд 1 сар орчим унаж байна... Гэрэл дохионоос бусад зүйл нь бүгд ажиллаж байгаа. Би хөдөө гадаа унаж явж ажлаа амжуулдаг юм....” гэх мэдүүлэг / ХХ18-19/,
  Гэрч Р.Д-ын “...Харзат багийн 1-р гудамжны зүүн талын үзүүр буюу хаягдал төмөр авдаг цэг дээрээс машины таван бул авах гээд явж байтал 25 орчим насны залуу, 50 орчим насны өвгөний хамт улсын дугааргүй, улбар шар өнгийн, хөдөлгүүрийн 00000, арлын 00000 дугаартай, “каяак” маркын мотоциклийг гэрийн гадаа унахгүй хэвтээд шувуу баагаад байгаа юм, зарна гээд явж байсан. Хэдэд зарах юм гэтэл гучин мянган төгрөг гэсэн. Тэгэхээр нь би бичиг баримтыг нь үзье гэтэл би араас чинь хүргэж өгөөд үлдэгдэл таван мянган төгрөгийг нь авъя гэж хэлээд Д.Н-аас хорин мянган төгрөг аваад үлдсэн. Тэгээд Д.Н дээрхи мотоциклийг гэртээ авч ирээд нэг сар орчим унаж байна... Гэрэл дохионоос бусад зүйл нь бүгд ажиллаж байсан....” гэх мэдүүлэг /ХХ20-21/,
Гэрч Я.О-н “...Д, Н хоёр төмрийн хаягдал зардаг газарт очиж машины таван бул авна гээд гараад явсан. Тэгээд 20 цаг болох гэж байхад манай нөхөр Н, Д нар мотоцикль хямдхан үнээр авлаа гээд дээрх улсын дугааргүй, улбар шар өнгийн “каяак” маркын мотоциклийг авч ирээд хашаанд оруулсан. Тэгээд манай нөхөр Н надаас гар утас чинь байна уу, Би буцаж очоод надад энэ мотоциклийг зарсан хүний зургийг авчихмаар байна. Хулгайнх байж магадгүй гэж байсан. Харин надад утас байхгүй болохоор тэгээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг /ХХ22-23/,
Гэрч С.Ц-ын “...М гэх залуу цуг ажилласан бөгөөд ажил хийж байх үедээ намайг мотоцикл худалдаж авах уу гэж асуусан. Би тэгье гэж хэлтэл М нь намайг Харзат багийн 0-0 тоотод оршин суух Но гэх залуугийн гэрт дагуулж очсон. Тэр залуу бид нар юм ярьж танилцаад байж байтал Но-н гэрийн гадаа байсан улбар шар өнгийн “каяак” мотоциклийг чи худалдаж авах уу гэсэн. Би хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуутал 100.000 төгрөгөөр ав гэж М хэлсэн. Тэгэхээр би авъя гэж хэлсэн. Тэгээд мөнгийг нь дараа өгье гэж хэлээд тус мотоциклийг аваад гэртээ харьсан. Би дээрх мотоциклийг гэрийнхээ гадаа 7 хоног байлгаж байгаад аймгийн төвийн Харзат багт хаягдал төмөр авдаг цэгт тушаах гээд явж байтал замд 2 залуу тааралдахаар нь хямд мотоцикль авах уу гэж асуутал тэр 2 авъя гэж хэлээд би 20.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /ХХ24-25/, 
Гэрч Б.Б-ын “...М гэх манай найз 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр нэг өглөө 10 цагийн үед манай гэрт улбар шар өнгийн “каяак” гэсэн бичигтэй мотоцикль унаад ирсэн. Тэр мотоциклийг нь ямар учиртай мотоцикль вэ? гэж асуутал миний мотоцикль юм. Амбаартаа хийчих гэж манай нөхөр Но-д хэлээд үлдээсэн. Тэгэхээр нь манай нөхөр амбаарт хийлгүй хашаанд оруулж тавиад орихсон...” гэх мэдүүлэг /ХХ26-27/,
Гэрч Б.Но-ийн “...М гэх манай найз 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр нэг өглөө 10 цагийн үед манай гэрт улбар шар өнгийн “каяак” гэсэн бичигтэй мотоцикль унаад ирсэн. Тэр мотоциклийг нь ямар учиртай мотоцикль вэ?  Бичиг баримт байгаа юм уу? гэж асуутал би найзаасаа аваад ирлээ гэж хэлсэн бөгөөд 100.000 төгрөгөөр зарчихмаар байна гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ28-29/,
Гэрч Б.С-ын “...2017 оны 09 дүгээр сарын 25, 26-ны орчим намайг гэртээ байж байхад өглөөний 12 цагт Б.М нь манай гэрт улбар шар өнгийн “каяак” гэсэн бичигтэй мотоцикльтой ирсэн. Тэгээд М нь надад мөнгөний хэрэг байна гээд байхаар нь би тэр өдрөө аймгийн баруун уулын цаад талд байдаг Өлийн гол гэх газар руу тус улаан шар мотоциклиор хүргүүлсэн юм...” гэх мэдүүлэг /ХХ30-31/,
Гэрч Р.Д-ын “...Би өглөө эрт босоод М-аар 1 ширхэг хонь бариулж алах гээд бид 2 гарцгаахад манай үүдэнд улаан шар өнгийн “каяак” гэсэн бичигтэй хятад мотоцикль байж байсан. М тэр мотоциклиор ирсэн гэсэн. Дээрх мотоциклийг би юун мотоцикль вэ? гэж асуухад М манай найзын мотоцикль гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ36-37/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ2/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ42-43/,  2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ16/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн /ХХ54-55/ бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. 
Прокурорын гаргасан санал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй  байна гэж дүгнэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.
Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч С.С-ын  гэмт хэргийн улмаас өөрийн эзэмшлийн улбар шар өнгийн “Каяак” маркын мотоцикльд учирсан эвдрэл гэмтэлтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн хөдөлгүүрийн 00000, арлын 00000 дугаартай “Каяак” маркын мотоциклийг эзэмшигч С.С-т, шүүгдэгч Б.М-ийн цахим үнэмлэхийг өөрт нь тус тус  буцаан олгож, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Шүүгдэгч  У овогт Б-ийн М-г  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд ялын найман цагийн ажлыг  нэг  хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.М-д сануулсугай.
4. Хохирогч С.С-ын  гэмт хэргийн улмаас өөрийн эзэмшлийн улбар шар өнгийн “Каяак” маркын мотоцикльд учирсан эвдрэл гэмтэлтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн хөдөлгүүрийн 00000, арлын 00000 дугаартай “Каяак” маркын мотоциклийг эзэмшигч С.С-т, шүүгдэгч Б.М-ийн ДЮ00000000 регистрийн дугаартай цахим үнэмлэхийг өөрт нь тус тус  буцаан олгосугай. 
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Мягмардаваа нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай. 
7.  Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
 
 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА