Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/750

 

       2022          07           21                                         2022/ДШМ/750

А.Мод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Б.Энхтүвшин,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булганы өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/648 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.Мын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлуудаар А.Мод холбогдох 2108 03036 0153 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.... овгийн А....ын М..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт .... дүүргийн .... дугаар хороо, .... гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

А.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Э.Нг 12 нас 1 сартайгаас 16 нас 8 сар хүртэл нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамж, 336б тоот гэртээ түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан 2018 оны 1 дүгээр сарын 1-ний шөнө 03 цагийн үед 12 нас 01 сартай Э.Нг унтаж байхад бэлэг эрхтнийг илж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн,

2018 оноос 2019 оны 6 дугаар сарын сүүл хүртэл Э.Нг удаа дараа гуяыг нь илж, хөх, өгзгийг базсан, бэлэг эрхтэнг илж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн,

2019 оны 6 дугаар сарын сүүлээр Э.Нг хүчээр дээр нь дарж, өмдийг тайлж өөрийн бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэн рүү оруулж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 7 дугаар сарын 5-наас 10-ны өдрийн хооронд Э.Нг унтаж байхад бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэн рүү оруулж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 10 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Э.Нг өөрийн бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэнд оруулж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2021 оны 9 дүгээр сарын дундуур Э.Нг модон жорлонд байхад өөрийн бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэнд оруулж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2021 оны 9 дүгээр сарын 10-ны үед Э.Нгийн бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ оруулж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамж, 336б тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Э.Нг “өөр рүү нь муухай харлаа гэж хэллээ” гэх шалтгаанаар алгадаж, цохиж зодон биед нь “тархи доргилт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д... овгийн А...ын М...ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 19 жил, 9 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 19 жил, 9 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 20 жилээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцон хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “насанд хүрээгүй хохирогчийн өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг”-ийг шүүгдэгч А.Моос гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст олгож, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Мод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Насанд хүрээгүй хохирогч Э.Н нь удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгчийн гар утасны дугаар руу “Аав та намайг уучлаарай, таньд гомдсондоо муухай зүйл хийсэнд” гэх утга бүхий мессежийг явуулсан нотлох баримт авагдсан. Энэ талаар мөрдөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогчоос уг мессежийг ямар учиртай талаар тайлбарлуулах зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлэг авсан байдаг. Гэтэл хохирогчийн зүгээс мессежний утга, шалтгааны талаар тайлбарлаагүй ба мөрдөгч энэ талаар дэлгэрэнгүй асуулт асуугаагүй дуусгасан. Энэ нь насанд хүрээгүй хохирогчийн зүгээс өгсөн мэдүүлгүүд үнэн зөв эсэх, аливаа хөндлөнгийн нөлөөлөлд автагдсан эсэхийг тодруулахад чухал ач холбогдолтой байсан. Дээрх мессежийг ямар утга агуулгатай болох, яагаад ингэж бичих болсон шалтгааныг дахин мэдүүлэг авах замаар шалгаж тогтоох шаардлагатай юм.

А.Мод холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол гарсан байдаг. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан. 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 11492 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “А.М нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй байна.” гэж тодорхойлогдсон байдаг Шинжээчийн дүгнэлтүүд гарсанаас хойш 2 сарын дараа, 1 сарын гэх мэтээр сүүлд 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчид танилцуулсан.

Энэхүү шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Учир нь, уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Г.Цас-Оргил нь “Трихомониаз өвчин нь бэлгийн замаар халдварладаг бөгөөд маш ховор тохиолдолд ахуйн замаар буюу бохироос халдварлах боломжтой. Мөнхтогтохын хувьд урьд нь энэ өвчнөөр өвчилж байсан байна. Харин шинжилгээгээр ирсэн дээжинд илэрсэн трихомониаз нь бусдад халдварлах чадвараа алдсан байсан. Энэ өвчнийг хэзээ туссаныг тогтоох боломжгүй” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч, хүний их эмч Т.Чимэд-Очироос уг дүгнэлт, өвчинтэй холбоотойгоор мэдүүлэг авалгүйгээр өөр ямар мэргэшлийн эмч гэдэг нь тодорхойгүй шинжээч эмч Г.Цаст-Оргилоос мэдүүлэг авсан байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч нь шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.” гэснийг зөрчсөн байна. Гэтэл насанд хүрээгүй хохирогч Нямзаяагийн шинжээчийн дүгнэлтэд халдварт өвчин илрээгүй нөхцөл байдал байдаг. Шүүгдэгчийн эхнэр Шүрэнчимэгт шинжээч томилж, халдварт өвчин байгаа эсэх талаар дүгнэлтэд гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн.

Шүүгдэгч А.Мыг анх цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг авахдаа мөрдөгчийн зүгээс хууран мэхлэх аргаар буюу ингээд мэдүүлэг өгвөл гайгүй, торгуулна гэх мэтээр хууль бус арга хэрэгсэл хэрэглэсэн талаар холбогдох байгууллагад гомдол гаргасан байдаг. Энэ талаар Улсын мөрдөн байцаах албаны Дотоод хяналт шалгалтын хэлтсээс хэрхэн шийдвэрлэсэн талаар албан ёсны хариу одоог хүртэл алга байна. Мөн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан ба нарийвчлан шалгахгүйгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Гэрчээр өгсөн мэдүүлэгт үйл явдал болсон гэх он, сар, өдөр хохирогчийн мэдүүлэгтэй ян цав тохирч буй нь хууран мэхлэх аргаар мэдүүлэг авсан байх боломжтойг харуулж байна.

Шүүгдэгч А.Мын зүгээс хяналтын прокурорт “Эхнэр Шүрэнчимэг, хадам аав Ц.Энэбиш, хадам эгч Хандармаа, хадам ах Э.Уламбаяр, хадам дүү Э.Амарбаясгалан нар нь үгсэн хуйвалдаж, гэмт хэрэгт гүтгэн, дарамтлан мөнгө, эд хөрөнгө хулгайлсан, заналхийлсэн, амь насанд халдсан, хохирогчийн зүгээс бусадтай бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй” талаар дэлгэрэнгүй үйл баримт бүхий хүсэлтийг гаргасан байдаг. Прокуророос уг хүсэлтийг хангахаас татгалзсан ба нэгдүгээрт яллах дүгнэлт үйлдсэн байсан нь нөлөөлсөн байж болзошгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс ийм, ийм баримтууд байна, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Гэтэл цаг үеийн нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсан. Уг хууль өнөөдрийн байдлаар хэрэгжиж байгаа учраас энэ бүх зүйлүүдийг харгалзаж үзэж гэм буруугийн асуудалд эргэлзээ төрж байгаа, хөдөлбөргүй нотолж чадаагүй нотлох баримт авагдсан байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Мыг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулт ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн. Ямар, ямар эргэлзээ бүхий байдал үүссэн талаар гомдолдоо тодорхой тусгасан. Шинжээчийн дүгнэлтүүд, миний үйлчлүүлэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг эрс зөрүүтэй байхад нотлогдсон гэж гэм буруутай байдлаар шүүх хэргийг дүгнэсэн нь буруу байна гэж өмгөөлөгчийн хувьд үндэслэлээ тайлбарлаж байна. Хохирогч Э.Нгийн онгон хальс бүтэн, хохирогчийн мэдүүлгээр удаа дараагийн үйлдлээр манай аав надтай бэлгийн харьцаанд орж гэж мэдүүлдэг. Шинжээч эмч онгон хальс бүтэн байх боломжтой гэж мэдүүлэг өгдөг. Биологийн талаас нь авч үзэхэд “эрэгтэй хүний бэлэг эрхтэн бэлгийн харьцаанд орохдоо чалх нь хэр томордог билээ” тэр бага насны хүүхдийн онгон хальс бүтэн байх ямар ч боломжгүй байхад боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлтийг хуулийн хүрээнд нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлт шууд нотлох баримт биш, шууд бус нотлох баримтыг хэмжээнд үнэлэгдэнэ. Эрүүгийн хариуцлага оногдуулахад шууд бус нотлох баримтыг үндэслэж, шүүх шийдвэр гаргаж байгаа нь буруу байна. Хохирогчийн мэдүүлэг тодорхой ярьдаг, цаг хугацаа, минут, өдөр, сартай нь байнгын удаа дараагийн үйлдлээр гэдэг. Үүнийг бичгийн ямар шууд нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж шүүх дүгнэж байна бэ. Энэ дүгнэлтийн хэсэг нь ойлгомжгүй, хэт ерөнхий байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлэг өгөгчийн өгч байгаа мэдүүлэг дангаараа нотлох баримт болох үндэслэл болохгүй гэж тодорхой заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн шүүгдэгчийн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийг сая дурдагдсан зүйл ангиар ял оногдуулахад нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Мөн гомдолд дурдагдсан хохирогчийн ээж Э.Шүрэнчимэг, түүний эгч Э.Хандармаа болон түүний садан төрөл болох Ц.Энэбиш, Э.Амарбаясгалан нарын мэдүүлэгт дүгнэлт өгөөрэй. Энэ мэдүүлгийн ард санхүүгийн ашиг сонирхол байдаг. Манай үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд орлого олдог, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг далимдуулсан нөхцөл байдал байгаа. Хэргээс уншихад анхны хэргийн газрын мэдээлэл, дуудлага нь гэр бүлийн хүчирхийллээр бүртгэгдсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийллээ салгаж байх явцдаа бага насны хүүхэд хүчиндсэн гэдэг мэдүүлэг шинээр орж ирсэн. Хохирогчийн өгч байгаа мэдүүлэгт анхаарал хандуулбал А.Мын эхнэр Э.Шүрэнчимэг, түүний эгч Э.Хандармаа болон түүний садан төрөл болох Ц.Энэбиш, Э.Амарбаясгалан нарын нөлөө байна гэж дүгнэгдэхээр байгаа. Мөрдөн байцаалтын явцад эрүүгийн мөрдөгч нар дарамталсан, хуурч мэхэлсэн арга хэрэглэсэн гэж миний үйлчлүүлэгч надаа хэлдэг. Аливаа хэргийг шийдвэрлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу, шударга хууль ёсны зарчмыг баримтлах зарчимтай. Гомдолд дурдсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа. Хавтаст хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгт хашааны саравчаар харахад “Мөнхтогтох ах хохирогчийн мөөмийг базаад, үнсээд сууж байсан” энэ нь гэмт хэргийн шинжийг агуулах уу, үгүй юу, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна уу, үгүй юу. Хэрвээ миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг гэмт хэрэг байна гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг зөв журамлах, Эрүүгийн хуулийг зөв зүйлчлэх асуудал яригдана. Тэгэхээр 2 салаа утга бүхий зүйл ярьж байж магадгүй. Гомдолдоо гэмт хэргийн шинж агуулаагүй байна. Хавтаст хэрэгт цугларсан шууд бус нотлох баримтуудыг үндэслэж эрүүгийн хариуцлага оногдуулсан, хэргийг байдалтай нийцэхгүй байна. Хэрвээ гэрчийн мэдүүлгийг үндэслэж гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэхээр бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлаж, өөрчлөх боломж байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулахаар бол завдалт нь гуравны хоёроос дээд хэмжээг давуулахгүйгээр ял шийтгэл оногдуулана гэж заасан зохицуулалт байгаа.” гэв.

Шүүгдэгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Хавтаст хэргийн материалтай 6 дугаар сарын 13-ны өдөр танилцсан. 2018 оны 1 дүгээр сараас эхэлж хүчиндсэн гэсэн байна. Тэр үед би гэртээ байгаагүй, хөдөө Архангай аймгийн Хашаат сум руу явсан. Эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтсэн байсан учраас хөдөө явахаасаа өмнө эхнэртэйгээ утсаар холбогдсон. Би хөдөө явлаа намайг иртэл төрөхгүй байж байна биз дээ гэж утсаар ярьсан. Би энэ хэргийг хийгээгүй. Анхан шатны шүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй. Охиныг алгадсан нь үнэн хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булганы өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 648 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход хангалттай нотлох баримтууд цугларсан байгаа. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа нотлогдоогүй, эргэлзээ бүхий байдал байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай санал нийлэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, насанд хүрээгүй хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч А.М өөрийн хамаарал бүхий бага насны охин Нямзаяагийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй буюу хүчиндэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгч нарын ярьж байгаа насанд хүрээгүй хохирогчид нөлөөлсөн гэдэг асуудал байх боломжгүй. Хэрэг бүртгэлтийн шатанд гомдол, мэдээлэл авсан цаг хугацаанаас хойш насанд хүрээгүй хохирогчийг хүүхэд хамгаалах байранд байлгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Ямар нэгэн байдлаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдтэй уулзах асуудал хаалттай байсан. Мөн шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байна гэсэн. Тийм зүйл байхгүй. Шинжээч эмч тухайн бэлгийн замын халдварт өвчин халдаах чадвараа алдсан гэсэн асуудал ярьсан. Насанд хүрээгүй хохирогчийн бие, физилогийн хувьд охин хальс хөндөгдөхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой гэдэг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч тайлбарлсан. Тухайн хэрэгт эргэлзээ бүхий байдал байхгүй. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр сууртай байна.” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Мыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн. Мөн хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх шийдвэр гарахдаа хавтаст хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан баримтуудыг үнэлэн дүгнэж, ойлгомжтой, тодорхой, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

А.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Э.Нг 12 нас 1 сартайгаас 16 нас 8 сар хүртэл нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамж, 336 б тоот гэртээ түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан 2018 оны 1 дүгээр сарын 1-ний шөнө 03 цагийн үед 12 нас 01 сартай Э.Нг унтаж байхад бэлэг эрхтнийг илж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн,

2018 оноос 2019 оны 6 дугаар сарын сүүл хүртэл Э.Нг удаа дараа гуяыг нь илж, хөх, өгзгийг базсан, бэлэг эрхтэнг илж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн,

2019 оны 6 дугаар сарын сүүлээр Э.Нг хүчээр дээр нь дарж, өмдийг тайлж өөрийн бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэн рүү оруулж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 7 дугаар сарын 5-наас 10-ны өдрийн хооронд Э.Нг унтаж байхад бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэн рүү оруулж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 10 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Э.Нг өөрийн бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэнд оруулж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2021 оны 9 дүгээр сарын дундуур Э.Нг модон жорлонд байхад өөрийн бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэнд оруулж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2021 оны 9 дүгээр сарын 10-ны үед Э.Нгийн бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ оруулж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамж, 336б тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Э.Нг “өөр рүү нь муухай харлаа гэж хэллээ” гэх шалтгаанаар алгадаж, цохиж зодон биед нь “тархи доргилт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Э.Нгийн “...2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хамгийн анх Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамж, 336 б тоот гэрт Мөнхтогтох миний унтаж байсан ор луу орж ирсэн. Манай дүү нар унтаж байхад буюу 03 цагийн орчимд Мөнхтогтох миний дотуур хувцас руу гараа хийж бэлэг эрхтэнг илж, хөхнөөс базалсан. 6-7 минут орчим энэ үйл явдал болсон. Надад айдас, гайхах мэдрэмжүүд төрж байсан. Би Мөнхтогтохыг өөрөөсөө аль болох холдуулах гэж түүний гарыг татаж, түлхэх зэрэг үйлдлүүд хийсэн боловч дийлэхгүй байсан. Дүү нар унтаж байсан учраас орилж чадаагүй. Мөнхтогтохын гар утас дуугараад орноос босоод хувцсаа өмсөөд хаашаа ч юм яваад эргэж ирээгүй.

2018 оноос 2019 оны 06 сарын сүүл хүртэл Мөнхтогтох 7 хоногт ихдээ 2 удаа гуя илэх, хөх базах, бэлэг эрхтэнг гараараа илэх, хажуугаар өнгөрөхдөө өгзөг базах, хацар, уруул дээр үнсэх гэж оролдох үйлдэл хийдэг байсан. 2019 оны 6 дугаар сард ээж 2 дугаар төрөхөд жирэмсний хүндрэлийн шалтгаанаар хэвтсэн. Энэ хугацаанд Мөнхтогтохтой хамт би дүү нартайгаа үлдсэн. Тэгэхэд гэрт газраар дүү нартайгаа унтаж байхад Мөнхтогтох миний зүүн талаар орж ирсэн. Би түүнийг түлхэхэд миний баруун гараас түлхээд газар дарж байгаад дээр гарч, өмссөн байсан цагаан, урдаа зүрхний зурагтай хувцаснаас доогуур өмдийг дотуур хувцастай хамт тайлсан. Би түлхэж байсан ч дийлэхгүй байсан. Сүүлдээ тамирдаад хөдлөх чадваргүй болсон. Мөнхтогтох өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд оруулж 10-15 минут хөдөлж байгаад дэвсгэр даавуун дээр дур тавьсан. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ээж 5 дахь дүүг төрүүлсэн. Ээжийг төрөх гээд эмнэлэгт байх хугацаанд гэрт шөнө унтаж байхад дахин бэлгийн харьцаанд орсон. Мөнхтогтох хамгаалалт хэрэглэсэн.

2019 оны 10 дугаар сард цэрэг татлага болсноос хойш 7 хоногийн дараа ээж хамаатны ах Дэмбэрэлжамцыг эргэхээр 4 хоног явсан. Энэ хугацаанд Мөнхтогтох 3 өдөр дарааллан хүчиндсэн, хамгаалалт хэрэглэсэн. Мөнхтогтох намайг хүсээгүй байхад, ээжийг байхгүй байхад тогтмол бэлгийн харилцаанд ордог байсан. Хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сарын дундуур ээж 122 дугаар сургуульд цэвэрлэгчээр ажиллахаар явсан байхад 16 цагийн орчимд хашаандаа байх модон жорлонд бие засаж дуусаад гарах гэж байхад Мөнхтогтох шууд орж ирээд намайг хүсээгүй байхад хүчиндсэн. 2021 оны 9 дүгээр сарын 10-ны үед ээжийг ажилдаа явсан хойгуур 15 цаг өнгөрч байхад дүү нар гадаа тоглохоор гарсан байхад Мөнхтогтох гэр дотор намайг хүчиндсэн. Тэрнээс хойш би ээжийн ажлыг тарахаар нь ээжтэй хамт гэртээ харих, ээжээс аль болох салахгүй байх талаар эрмэлзэж эхэлсэн. Ээжийг хамт байхад Мөнхтогтох намайг хүчиндэж чаддаггүй байсан.

Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу цагдаагийн байгууллагад энэ асуудлыг мэдэгдэхийн өмнөх өдөр 19 цагийн орчимд гэртээ ээж, Мөнхтогтох, дүү нарын хамт байсан. Би хичээлээ дэлгэж тавьчихаад хийх гээд сууж байхад аав над руу муухай хараад байхаар нь би “юугаа муухай хараад байгаа юм бэ” гэхэд “чам руу харж болдоггүй юм уу” гээд намайг алгадаж, цохиж, “намайг яаж зовоох гэсэн юм бэ” гээд зодоод байсан. Энэ үйлдлээс болж нүдэнд цус хурч, толгойн зүүн дээд хэсэгт хөндүүртэй болсон. Тэр шөнө ээж намайг дүү нарыг аваад өвөө Энэбишийн гэрт очсон. Тэр шөнө ээж төрсөн эгч Хандармаатай утсаар ярьж Мөнхтогтоход зодуулсан, намайг хүчинддэг байсан гэдгийг хэлсэн. ...Би Мөнхтогтох намайг хүчинддэг байсан талаар хэн нэгэн хүнд хэлж байгаагүй. Хэлэх гэхээр Мөнхтогтох “Дүү нар чинь эцэггүй өснө, та нарыг тэжээх хүн байхгүй” гэх зэрэг байдлаар сүрдүүлдэг байсан учраас би ээж, дүү нараа бодоод хэлдэггүй байсан. ...” /1хх 55-58, 63-66/ гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Шүрэнчимэгийн “...2021 оны 5 дугаар сард охин Нямзаяа дуугаа хураагаад нэг эвгүй болоод байхаар нь “яасан миний охин” гэж асуухад хойд аав надтай унтчихсан гэж хэлсэн. Мөнхтогтохоос асуухад “чи хүүхдийн үгээр үг хийлээ” гэж хэлсэн. Тэр үед Мөнхтогтох “миний буруу, би буруу юм хийсэн байна, цагдаа сэргийлэх гэж явуулахгүй 6 хүүхэдтэйгээ элэг бүтэн байя” гэж хэлсэн. Тухайн үед би юм бодолгүй өнгөрөөсөн. Тэгтэл 2021 оны 11 дүгээр сарын эхээр охин хамаатны хоёр хүүхэдтэй парк орж тоглосон. Тэр үед Мөнхтогтох хүүхэд алга болгочихлоо гэж надад уурласан. Мөнхтогтох “охин Нямзаяаг гадуур явлаа, энэ тэр” гэж уурлаад байсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин Нямзаяа айлд хичээлээ хийчихээд ирээд ширээний хажууд сууж байгаад Мөнхтогтоход “та яагаад муухай хараад байгаа юм бэ” гэж асуухад “би муухай хараагүй пизда минь, яагаад байгаа юм бэ” гээд өмдөө шидээд босож ирээд Нямзаяагийн толгой тус газар нь нэг удаа цохиод хэл амаар доромжилсон. ...Нэг удаа хутга аваад хойд аавдаа “та намайг удаа дараа хүчирхийлж бэлэг эрхтэн оролдсон биз дээ, би үхнэ” гэж амиа хорлох оролдлого хийж байсан. ...Харин 2019 онд өвөл гэж санаж байна. Гэрт Э.Н Мөнхтогтох хоёр “дэлгүүр явчихаад ирнэ” гэж гараад удаад байсан. Тэр хоёр орж ирээд Нямзаяа миний хажууд суусан. Тэр үед бэлгийн харилцааны дараа үнэртдэг эхүүн үнэр үнэртсэн. Би “хүүе” гээд Нямзаяагаас асуух гэтэл хоёулаа гараад явчихсан. Тэр хоёрыг бэлгийн харилцаанд орсон гэж сэжиг төрөөд эхэлсэн. Хэдэн сарын дараа би Нямзаяагаас “Миний охин ойр орчимд нь дарлаж, биеэр нь оролдож байгаа хүн байна уу” гэж асуухад “үгүй” гээд байсан. 2021 оны хавар би Нямзаяатай ярилцаж байгаад “чи ээжийгээ л гэж бодож байгаа юм бол үнэнээ хэл” гэхэд Нямзаяа уйлаад “аав намайг оролдоод, надтай унтсан” гэж байсан. Мөнхтогтохоос асуухад “тийм зүйл байхгүй, босгосон амьдралаа нураах гээ юу” гээд байсан. Тухайн үед надад баримт байхгүй байсан учраас хэнд ч хандаж чадалгүй өнгөрсөн. ...Мөнхтогтох өнгөрсөн долоо хоногт хүүхдийн данс хаалгах гэж уулзсан. Тэгэхэд надад “би хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа, бүх насаараа хоригдох ял эдэлнэ, охинтойгоо уулзаж байгаад гомдол саналгүй болчих, би өмгөөлөгчийн чинь мөнгийг гаргаад өгье, та хоёр ийм зүйл болоогүй гээд хэлчих” гээд байсан. Би “тийм боломжгүй, охин энэ талаар ярихаар уурлаад байгаа” гэдгийг хэлсэн. ...” /1хх 73, 77, 80/ гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Хандармаагийн “...2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Шүрэнчимэг залгаад “Мөнхтогтох охин Нямзаяаг зодсон, нүд нь улайчихсан, урьд нь хүчинддэг байсан байна” гэж хэлсэн. Би дүү Амарбаясгалантай холбогдоод энэ асуудлыг яаралтай цагдаагийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй гээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх 104-105/ гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Амарбаясгалангийн “...2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Шүрэнчимэг эгч надтай холбогдоод “Мөнхтогтох Э.Нг толгой руу нь цохисон, 2018 оноос эхлэн Э.Нг хүчирхийлдэг байсан байна, бид нар ах Уламбаярын гэрт ирсэн байна. Мөнхтогтох гэртээ байгаа” гэж хэлсэн. Тэр шөнө би Шүрэнчимэг эгч, дүү Э.Н нарыг авч цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл өгсөн. Нямзаяагийн зүүн нүд хөхөрсөн байсан. ...Одоогоос 9 сар гарангийн өмнө би аавынд байсан. Аавын гэрийн урд Мөнхтогтохын гэр байдаг бөгөөд 15 цагийн орчимд би бие засчихаад нойлоос гараад явж байхад Мөнхтогтохын гэрийн тамбарны завсараар хальт харахад Э.Нгийн хөхнөөс Мөнхтогтох атгаж байгаа харагдсан. Энэ үед миний сэжиг төрсөн боловч Э.Н аавтайгаа тоглоод ноцолдоод цохиод байдаг учраас би буруу харсан байх гэж бодсон. ...2019 оны өвөл байсан, өдөр 15 цагийн үед Э.Н үсний өнгөө өөрчлөхөөр надтай хамт ажил дээр ирсэн. Орой нь Мөнхтогтох “Нямзаяаг очоод авъя” гэсээр байгаад ирээд авсан. Цагдаад мэдэгдсэний дараа Нямзаяа надад “тэр өдөр Мөнхтогтох хүчирхийлсэн” гэдгийг хэлсэн. ...2020 онд яг хэзээ байсныг санахгүй байна Нямзаяа ээжтэйгээ маргалдаад ээждээ хэлэхдээ “та намайг ямар амьдрал туулж байгааг мэдэх үү” гэж хэлэхэд нь Мөнхтогтох зодсон байсан. Тэгээд Нямзаяа айгаад хэлж чадаагүй юм байна лээ. ...” /1хх 112-113/ гэсэн мэдүүлэг,

шинжээч эмч О.Нансалмаагийн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Нгийн биед үзлэг хийсэн. Эмэгтэйчүүдийн үзлэгээр охин хальс нүх том, суурийн өндөр дунд зэрэг, агшилт цочирлын шинж сул гэмтэлгүй байсан. Охин хальсанд гэмтэл учруулахгүй бэлгийн харьцаанд орох боломжтой. 9 см урт, 3,2 см өргөн бэлэг эрхтэнтэй хүн охин хальсыг гэмтээж, гэмтээхгүй орох эсэх нь шинжлэх ухааны ойлголт биш юм. Бэлэг эрхтэний хэмжээ болон охин хальсны хэмжээгээр тодорхойлогдохгүй, хүн бүрийн бие организм харилцан адилгүй. ...” /1хх 128/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11382 дугаартай “...Э.Нгийн биед тархи доргилт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Э.Нгийн үтрээнээс авсан арчдас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй. Э.Нгийн охин хальс гэмтэлгүй байна. Бэлгийн замын ДОХ, тэмбүү, заг хүйтэн трихомониад өвчний халдваргүй байна. ...” /1хх 123-124/ гэх дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1035 дугаартай “...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: Нямзаяа гээд манай эхнэрийн дагавар охин. Одоо 16 настай. Оролдож байсан зүйл байхгүй. 2021 оны 7, 8 дугаар саруудад 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Хүч хэрэглэж, заналхийлж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Шөнө цуг унтаж байхад бэлгийн харьцаанд ордог. Бэлгэвч хэрэглэсэн. Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болохгүй гэдгийг мэднэ гэнэ. Эхнэртэйгээ бэлгийн харьцаанд нэг их ороод байхгүй. Дүгнэлтэд: А.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.М нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгч асуусан асуултыг ойлгон хариулах чадвартай байна. А.М нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 139-140/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11492 дугаартай “...Эрэгтэйчүүдийн асуумж: ...эхнэртэйгээ 7 хоногт дунджаар 1 удаа бэлгийн харьцаанд ордог. Эхнэрээс өөр Нямзаяа гэх хүүхэдтэй 3-4 удаа бэлгийн харьцаанд орсон. Дүгнэлтэд: А.М бэлгийн харьцаанд орох чадвартай байна. А.М нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй байна. А.Мын цус нь ВЗ-р бүлгийн харьяалалтай байна. ...” /1хх 142-143/ гэх дүгнэлт,

насанд хүрээгүй хохирогч Э.Нгийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1хх 15-20/, насанд хүрээгүй хохирогч Э.Нтай харилцсан фэйсбүүк чатын хуулбар /1хх 25-44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Мыг үргэлжилсэн үйлдлээр өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг бөгөөд бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийг айлган сүрдүүлэх эсхүл хууран мэхлэх замаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглүүлсэн, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан байдлаар айлган сүрдүүлж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тохиолдолд “хүчиндэх” гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулдаг.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлд “...Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно. Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан ...-ыг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

Шүүгдэгч А.Мын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Э.Нг 12 нас 1 сартайгаас 16 нас 8 сар хүртэл нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан удаа дараа гуяыг нь илж, хөх, өгзгийг базсан, бэлэг эрхтэнг илж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн, мөн 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны хүртэл удаа дараа хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Э.Нг “өөр рүү нь муухай харлаа гэж хэллээ” гэх шалтгаанаар алгадаж, цохиж зодон биед нь “тархи доргилт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Мод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 19 жил, 9 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Б.Энхтүвшин, Л.Батаа нар нь “...гэм буруугийн асуудалд эргэлзээ төрж байгаа, хөдөлбөргүй нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

1. “Хохирогчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгчийн гар утасны дугаар руу “Аав та намайг уучлаарай, таньд гомдсондоо муухай зүйл хийсэнд” гэх утга бүхий мессежийг явуулсан нотлох баримт авагдсан.” гэсэн агуулга бүхий мессеж явуулсныг тайлбарлуулаагүй гэжээ.

 Шүүгдэгч А.М, дагавар охин Э.Нг 12 нас 1 сартайгаас 16 нас 8 сар хүртэл нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан удаа дараа гуяыг нь илж, хөх, өгзгийг базсан, бэлэг эрхтэнг илж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн, мөн 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны хүртэл удаа дараа хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь дээрх бичсэн мессеж хамааралгүй ба гэмт хэрэг үйлдээгүй гэх харилцан зөрүүтэй нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.

2. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Учир нь, уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Г.Цас-Оргил нь “Трихомониаз өвчин нь бэлгийн замаар халдварладаг ...Мөнхтогтохын хувьд урьд нь энэ өвчнөөр өвчилж байсан байна. Харин шинжилгээгээр ирсэн дээжинд илэрсэн трихомониаз нь бусдад халдварлах чадвараа алдсан байсан. Энэ өвчнийг хэзээ туссаныг тогтоох боломжгүй” гэж мэдүүлэг өгсөн байдаг.

Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч нь шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.” гэснийг зөрчсөн байна.

“Гэтэл насанд хүрээгүй хохирогч Нямзаяагийн шинжээчийн дүгнэлтэд халдварт өвчин илрээгүй нөхцөл байдал байдаг. Шүүгдэгчийн эхнэр Шүрэнчимэгт шинжээч томилж, халдварт өвчин байгаа эсэх талаар дүгнэлтэд гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн.” гэжээ.

1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудсанд бактериологийн лабраторид шинжилгээ хийлгэх илгээх бичгээр д/а Г.Цаст-Оргилд даалгасан бөгөөд “А.М нь бэлгийн замын халдварт трихоминиаз өвчтэй байсан” талаар Г.Цаст-Оргилоос шинжээчийн эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулан баталгаа авч гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

3. Хавтаст хэргээс үзэхэд, шинжээч эмч О.Нансалмаа нь “...охин хальс нүх том, суурийн өндөр дунд зэрэг, агшилт цочирлын шинж сул гэмтэлгүй байсан. Охин хальсанд гэмтэл учруулахгүй бэлгийн харьцаанд орох боломжтой. ...Бэлэг эрхтэний хэмжээ болон охин хальсны хэмжээгээр тодорхойлогдохгүй, хүн бүрийн бие организм харилцан адилгүй. ...” гэж тайлбарласан байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Н болсон хэргийн талаар тодорхой тогтвортой мэдүүлдэг ба түүний энэхүү мэдүүлэг нь гэрч Э.Амарбаясгалангийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, түүнчлэн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан гэмт этгээд хүчээр хурьцал үйлдэх эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх байдлаар илрэн гардаг билээ. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүчээр бэлгийн харьцаанд орох, эсхүл ийм шинжтэй үйлдэл хийх нь дээрх гэмт хэргийг үндсэн шинж юм.

Эдгээр хоёр шинжээс хууль тогтоогч “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэх”-ийг хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, түүний бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгон хэрэглэхээр тайлбарласан бөгөөд бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэж заажээ.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/648 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.Мын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч А.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш буюу 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/648 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.Мын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ        

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ