Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0231

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Манай компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргад холбогдох Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн  “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэрэг маргаан тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа болно.

Хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 14-ны өдөр А/128 дугаартай захирамж гарган тус дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн “******* Орой” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “... Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн “******* Орой” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.С******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.С*******т  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

            Иймд нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаартай захирамжийн “******* Орой” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ