Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр

Улсын яллагч Д.Ариунжаргал

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 17160008800042 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О овогт Д-ийн Б гэв.

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Тайшир сумын Соёлын төвд иргэн Э нь гар утсаа гээгдүүлсэн бөгөөд түүнийг олж завшсан  гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Ташир сумын Соёлын төвийн байранд иргэн М.Э-ийн гээсэн гар утсыг олж, бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан. Тухайн өдөр гэртээ амарч байхад байгууллагын дарга ирж соёлын төв нээмээр байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрынхан ирж амралтаа тэмдэглэж, тоглож, наадаж бүжиглэнэ гээд намайг дуудсан. Би очиж соёлын төвийг нээж өгсөн. Бид нарыг оруулаагүй, хэнийг ч оруулж гаргахгүй шүү гээд байгууллагын дарга хэлсэн тэгээд дарга бид хоёр үүдэн дээр зогсож байсан. Тэгээд тэр олон хүнээс нэг нь одоо тарах гэж байна хаалгаа нээ гэхээр нь хаалгыг нээсэн. Гэтэл байгууллагын дарга хүмүүсээ буцаагаад оруул тарах болоогүй гээд буцаад орсон. Тэгтэл утас алга болсон байна гэсэн тэгээд дарга бид нар хайгаад олоогүй тэгээд тарсан. Маргааш өглөө нь гадаа орчинд цэвэрлэгээ хийж байхдаа тухайн утсыг гаднаас олсон, унтарчихсан ажлуулж мэдэхгүй байсан. Тэгээд хүүхэддээ хэлтэл та олсон юм бол над руу явуулчих гэсэн тэгээд би явуулсан цааш нь охиндоо өгч ашигласан нь миний буруу...”  гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч М.Э-ийн “...Манай аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчид Тайшир сумд амарч яваад тус сумын Соёлын төв дээр тэмцээн уралдаан зохион байгуулаад тэр үеэр би гадуур хувцсаа тайлаад халаасанд нь “HUAWEI P9” маркын утсаа хийгээд уг арга хэмжээ тарах үед утсаа гадуур хувцаснаасаа авах гэтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ20-21/

Гэрч А.Д-ийн “... аймгийн Засаг даргын Тамгын газрын хүмүүс ирээд үйл ажиллагаа зохион байгуулаад явсан. Тэрний маргааш өглөө нь манай ээж Соёлын төвийг цэвэрлэх гэж очоод гадаа үүдний сандалны хажуунаас олсон гэж надад хэлсэн... Манай ээж утсыг олоод ажиллуулж мэдэхгүй байсан учраас би тэр утсыг над руу явуулчих, би энд янзлуулах гэж үзье гэсэн...” гэх мэдүүлэг, / ХХ25/

Гэрч Б.Н-ын “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Тамгын газрынхан бүгд ирсэн ... Орой 20 цаг өнгөрөөд 21 цаг дөхөж байхад тарцгаасан. Э-ийн гар утас тухайн үед алга болсон гэж сонсогдож байсан... Б, Ба нар заал руу огт ороогүй...” гэх мэдүүлэг, /ХХ26-27/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх5/, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ34/, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ17/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур буюу санамсаргүй байдлаар гээгдэж түүний эзэмшлээс гарсан эд хөрөнгийг олсон хүн бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж тухайн эд хөрөнгийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх, хүлээлгэн өгөх эсхүл эзнийг нь олж өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ өөрийн өмч хөрөнгө мэт эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжийг бий болгосноор төгссдөг.  Эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, түүнээс ашиг олсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй харин учруулсан хохирол бага хэмжээнээс дээш буюу 300 /гурван зуун/ нэгжээс илүү гарсан тохиолдолд гэмт хэргийн шинж хангагдана.

Иймд шүүгдэгч Д.Б-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

 

Шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж, /ХХ3-4/ 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын гаргасан санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/ дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй  байна.

Гэмт хэрэг үйлдэсний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч М.Э-ийн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн“...миний утсыг иргэн Б авсныг олж тогтоож, утсыг олсон тул утас авсан хэрэгт холбогдож буй Д.Б-д гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтээр /ХХ71/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн HUAWEI P9 маркын шаргал өнгөтэй гар утсыг хохирогч М.Э-т олгож, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д-ийн Б-г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Д-ийн Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ны дотор төлж барагдуулахаар тогтоосугай

4. Монгол улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн HUAWEI P9 маркын шаргал өнгөтэй гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Э-т олгосугай.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА