Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/751

 

       2022          07           21                                         2022/ДШМ/751

 

Б.О, Ж.Б, Ч.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.О, шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О, Ж.Б, Ч.А нарт холбогдох 2007 00135 0152 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ц... овгийн Б...ын О...,

2. Т... овгийн Ж...ны Б...,

3. Б... овгийн Ч...ын А...,

Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, 58 дугаар байрны 24 тоотод байрлах М.Сийн гэрт хохирогч Ч.Атай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.Б нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.С гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж М.Сийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн,

Ч.А нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...М.С араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Отгонмөнхтэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сд гомдолтой байна” гэж М.Сийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Б, Ч.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц... овгийн Б...ын О...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Т... овгийн Ж...ны Б...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн, шүүгдэгч Б... овгийн Ч...ын А...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оөд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд, шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 18 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аг 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч Б.О, Ж.Б, Ч.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Ж.Б, Ч.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт гэм буруутайд тооцсон. Иймд миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ж.Бд ял оногдуулахдаа шүүхээс хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол ял шийтгэл оногдуулахаар заасан. Ж.Б нь 2020 оны 3 дугаар сарын 2-ны шөнө хохирогч Ариунтуяагийн бусдад зодуулсан гэх хэргийн газраас цагдаагийн байгууллагад хүргэгдэж, эрүүлжүүлэх байранд хоноод 3-ны өглөө хохирогч, гэрч, холбогдогч нартай уулзаагүй, хэргийн талаар ярилцаагүй. Зөвхөн өөрийн нүдээр харсан, санаж, мэдэж байгаа зүйлээ гэрчийн хувьд мэдүүлсэн байдаг. Ж.Б мэдүүлэг Б.О, Ч.Аг зодож гэмтээсэн юм уу, М.С бусдыг зодож гэмтээгээгүй юм уу гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, удаа дараагийн шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтууд, гэрч нарын мэдүүлгээр бүрэн тогтоогдож чадаагүй. Хэрэг болох үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болсон хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр мэдүүлж чадах ганц гэрч Галмөнх байгаа. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогч Ариунтуяаг Отгонмөнх зодож гэмтээгээгүй гэдгийг Галмөнх удаа дараа мэдүүлдэг. Харин Ариунтуяа яагаад Отгонмөнхөд зодуулсан гэж гомдол гаргаж, ар гэр рүүгээ утасдах болсон, цагдаагийн байгууллагад анхны мэдүүлгээ ямар нөхцөл байдалтай өгсөн талаар энэ хэргийн шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтуудаас тодорхой байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг шалгаж байсан цагдаагийн ажилтнууд, мөрдөгч нар хэргийг хялбараар шийдвэрлэх зорилгоор хууль бус арга хэрэглэж, гэрчүүд болон сэжигтэн этгээдийг ятган зориуд худал мэдүүлэг авсан нь хэргийн бодит үнэнийг тогтооход хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Эцэст нь Отгонмөнх Ариунтуяаг зодсон гэх мэдүүлэг өгөхөд хүрсэн нь тодорхой байдаг. Ж.Б энэ талаараа прокурорт бичгээр болон амаар гомдол, хүсэлт гаргаж, тухайн байдлыг хэлсэн боловч дүгнэлт хийгээгүй. Гаргасан гомдол, хүсэлтэд нь хариу өгөөгүйгээс гадна болсон хэргийн талаар тодруулах ямар ч арга хэмжээ аваагүйгээс гадна шүүх хуралдаанд хэрэг шалгасан ажилтануудыг нь дуудан оруулж, давхар яллах ажиллагаа хийсэн. Б.О сүүлийн шүүх хуралдаануудад хамгийн эхний шүүх хуралдаанд өөрийг нь гэм буруутайд тооцож, Ариунтуяа, Баяржаргал нарыг цагаатгасан. Гэм буруугаа хүлээсэн тохиолдолд Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой гэсэн нөхцөл байдлуудыг үндэслэж, гэм буруугийн талаар маргахгүй гэсэн байр сууринаас хандаж байгаа. Энийгээч ил тод хэлдэг. Харин Баяржаргалын хувьд зориуд худал мэдүүлэг өгч Сарангэрэлийг гүтгэсэн болохыг энэ байдал нотлохгүй гэж ойлгож байна. Отгонмөнхийн гэмт хэрэг үйлдсэнийг нотлохын тулд хохирогч Ариунтуяа, гэрч Баяржаргал нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, ял шийтгэлээр айлган хэргийг нотлох ажиллагаа хийсэн тул өмгөөлөгчийн болон Баяржаргалын хувьд өнөөдрийг хүртэл гомдолтой байдаг. Шүүх хуралдааны явцад шинэчилсэн байцаалтуудад өгсөн баримтуудыг шүүх анхаарч үзэхгүй байгаа. Энэ нөхцөл байдлаас зориудаар санаатай худал мэдүүлэг өгсөн гэдэг үндэслэлээр улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байдлуудыг харгалзаж үзээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж анхны шүүх хуралдаанаар шүүхийн шийтгэх тогтоолд зааж, энэ нөхцөл байдлыг үндэслэн Баяржаргал, Ариунтуяа нарыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Энэ нөхцөл байдал ерөөсөө өөрчлөгдөөгүй, дараагийн 2 удаагийн шүүх хуралдаанд энэ нөхцөл байдал байсаар байтал дараагийн шүүх хуралдаанд энэ хүмүүсийг буруутай гэж тооцож, яллаж байгаа нь ойлгомжгүй байдаг. М.Сийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн Баяржаргал нар гүтгэсэн юм бол гэрч Галмөнхийг ямар үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татаагүй орхисон нь ойлгомжгүй хэвээр үлдсэн. 2 дах шүүх хуралдаанаас Ариунтуяаг цагаатгаж, Баяржаргалд ял оноосон. 3 удаа шүүх хуралдаанд хийхдээ харилцан адилгүй нөхцөл байдлыг дүгнэж байгаа. Эцсийн байдлаар гэм буруутайд тооцох нөхцөл байдал, бүрэн үндэстэй тогтоогдоогүй гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16 тоот тогтоолд “Мэдүүлгийн нотлох баримтад хамаарах гэрчийн мэдүүлэг нь криминалистик шинжилгээний бусад баримтуудтай харьцуулахад нөлөөлөлд эмзэг баримт сэлтэд тооцогдох бөгөөд шүүн таслах ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор “Зориуд” худал мэдүүлэг өгч эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлж, харин гэрчийн эрүүл мэнд, сэтгэл зүй бусад объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитоор тусган авч чадаагүй шалтгаанаар, эсвэл тусгалыг зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар зохицуулсан” гэж заасан. Ж.Бын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тухайн хэрэг болсоны маргааш хэний ч ятгалгагүйгээр, хэний ч заавар зөвлөгөөгүйгээр эрүүлжүүлэх байрнаас гарсан үедээ мэдүүлгээ өгч, 2020 оны 3 дугаар сарын 2-ны шөнө М.Сийн гэрт болсон үйл явдлыг өөрийн харсан, ойлгосон хэмжээнд мэдүүлсэн байдаг. Харин үүний дараа мөрдөгч түүнийг ятгаж, прокурор шүүх дээр очоод тэр үед согтуу байсан, зарим юмаа сүүлд санасан гэж хэлээрэй хэмээн зааж өмнөхөөс өөр мэдүүлэг хэлж өгч гарын үсэг зуруулсан байдаг юм. М.С, хохирогч Ч.А нарын хооронд хэрүүл зодоон болсон, М.С нь Ч.Агийн үснээс зулгааж, шал руу унагасан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон. Харин Б.О, Ч.Аг хэрхэн зодож, түүний биед гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй юм. Ч.А коридорт байсан гутлын тавиур мөргөсөн байх Отгонмөнх түүнийг зодоогүй гэж ганц эрүүл байсан гэрч Галмөнх сүүлийн шүүх хуралдаанд ч мэдүүлсэн. Ж.Бын хувьд зориуд худал мэдүүлэг өгөх, М.Сийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэх ямарч зорилго, шаардлага байхгүй бөгөөд М.С нь Ж.Бд гүтгүүлэн ямар нэг байдлаар хохироогүй, түүнд ямарч гэм хор учраагүй. Харин хэрэг гардаг шөнө М.С цагдаагийн газар дуудагдаж очоод өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн байсныг танил цагдаагаас мэдэж Ариунтуяагийн биед гэмтэл учруулаагүй гэдгээ нотлох үүднээс өөрт ашигтай мэдүүлэг дахиж өгч, уг мэдүүлгийн дагуу хэт нэг талыг барьсан ажиллагаа явагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тодорхой харагддаг. Ж.Б нь Ариунтуяа гэмтсэн хэрэгт зориуд худал мэдүүлэг өгч, М.Сийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориудаар гүтгээгүй. Ж.Бын мэдүүлгийн улмаас М.Сд учирсан хохирол байхгүй, цагдаа дээр очих, шүүхэд олон удаа дуудагдаж явах нь төвөгтэй байна гэснээс өөрөөр гомдол, санал хэлээгүй. М.С 2 шүүх хуралдаанд оролцоогүй, хохирл, төлбөр нэхэмжлээгүй. Ийм учраас Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн Ж.Быг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Ж.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж доорх гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Ч.А нь хохирогчоор байцаагдахдаа эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгөөгүй, мөрдөгчийн асуусан асуултанд хариулсан хэн намайг хохироосон түүнийг олж өгөөч л гэж хэлсэн. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь мэдүүлэг авсан, түүнийг шүүх нотлох баримтаар үнэлсэн. Хохирсон хүн нь Ч.А түүний биед хэн гэмтэл учруулсан тухай баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй. М.С үснээс нь зулгааж унагааж гутлын шүүгээ мөргүүлсэн, дээрх нөхцөл байдалд дагзанд гэмтэл учирч болохыг шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч тодорхой хариулсан. Түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн Б.Галмөнхийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, гэрчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үндэслэл болгосон, зөвхөн Ч.Агийн өмнөх мэдүүлгээс арай өөрөөр өгснийг үндэслэн зориуд худал мэдүүлэг өгсөн, М.Сийг гэмт хэрэгт гүтгэсэн гэж үзэж гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх боломжгүй юм. Мөн шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх хэсэгт түүний төрсөн эцэг Ч.Чулуунбаатар, төрсөн эх Н.Даваахүү нарын мэдүүлгийг шүүгдэгч Ч.Агийн эсрэг нотлох баримт болгон ашиглаж байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д зааснаар “Монгол Улсын иргэн нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” үндсэн эрхийг зөрчиж байна. Эдгээрээс дүгнэхэд Ч.Аг шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс бусад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэжээ. Хуульд зааснаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.О уг мэдүүлгээ худлаа мөрдөгчийг хурдан шийдэж өгнө гэхээр нь ингэж мэдүүлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Шүүгдэгч Ч.Агийн мэдүүлгийг бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд яллах талын баримтаар үнэлэгдэх ба түүний мэдүүлгийг нотолж буй баримт сэлт нь сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжтэй байх ёстой гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ. Ч.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар түүнийг гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу шүүгдэгч Ч.Ад холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон. Иймд шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ч.Ариунтяагийн эцэг, эхийн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгосон гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Агийн эцэг, эхээс мэдүүлэг авахдаа Үндсэн хууль сануулсан. Гэрч нарын харах өнцөг өөр, шүүгдэгч Б.О Ч.Агийн биед 3 удаагийн үйлдлээр биед нь гэмтэл учруулсан. Харин М.С 1 удаагийн үйлдэл байдаг. Гэрч Галмөнх болсон асуудлын талаар хараагүй гэдэг талаараа ярьсан. Шүүгдэгч Ж.Бын хувьд М.С нь Ч.Аг зодсон гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж мэдүүлэг өгсөн байдаг. Энүүгээрээ ялгаатай байдаг юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.О, шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, 58 дугаар байрны 24 тоотод байрлах М.Сийн гэрт хохирогч Ч.Атай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.Б нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.С гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж М.Сийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн,

Ч.А нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...М.С араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Отгонмөнхтэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сд гомдолтой байна” гэж М.Сийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ч.Агийн гэрчээр өгсөн “...Б.О миний гар утсыг үзэж байгаад намайг хардаад зодож эхэлсэн. Б.О намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна. Тухайн үед миний хажууд Мөнхгэрэл /Сарангэрэл/, Галмөнх, Баяраа нар хараад байж байсан. Өмнө нь 2019 оны 10 дугаар сард Отгонмөнх намайг хардаад зодож байсан. ...” /1хх 29-30/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Галмөнхийн “...М.С, Ж.Б бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.А газар унасан, Б.О хажууд нь байсан” /1хх 41-42/ гэсэн мэдүүлэг,

гэрч М.Сийн “...Би түрүүлж 00 өрөөнөөс гараад том өрөөнд ороход голд хивсэн дээр Ч.А газар уначихсан Б.О дээрээс нь нүүр толгойд нь 2-3 удаа цохиж байхаар нь би боль манай гэрт битгий муудалц, наан чинь жоохон хүүхэд амьдардаг, та нар одоо явцгаа гэхэд больсон. Тэгэхэд Ч.Агийн нүүр нүд хавдсан харагдсан.” /1хх 43-46/ гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Даваахүүгийн “...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ, хаана байгаа хэлээч гэхэд “Отгонмөнх зодчихсон” гэсэн. Хаягаа хэлээч гэхэд 58 дугаар байр гэсэн” /1хх 51-52/ гэсэн мэдүүлэг,

гэрч Ч.Чулуунбаатарын “...шөнө унтаж байхад манай хөгшин рүү Ариука залгаад хэлэхдээ Отгонмөнх намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Ариунтуяа нээх их согтуу байгаагүй болсон асуудлаа мэдэж байсан” /1хх 49-50/ гэсэн мэдүүлэг,

хохирогч М.Сийн “...Ч.А /Ариука/ эгчийг Б.О зодож байхад Ж.Б салгах нь битгий хэл “чамайг манай найз тоосон нь их юм янхан минь баярлаж яв” гэх мэтээр доромжилж байсан. ...” /1хх 43-46/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Ж.Бын гэрчээр өгсөн “...тэр үед 00 өрөөнд ороход 2 хүүхэн орилолдоод явчихаар нь гараад очиход гэрийн дотор үүдний хавьд шалан дээр Гэрлээ гэх хүүхэн нь Ч.Аг үсдээд дарчихсан байхаар нь бид 3 гар хөлийг нь татаж байж салгасан. ...Б.О Ч.А хоёр огт муудаагүй, Б.О огт биед нь гар хүрсэн, өшиглөсөн, зодсон зүйл байхгүй. Ч.Аг М.С /Гэрлээ/ гэдэг хүүхэн нь зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үсдээд газраар чирч дараад толгой руу нь өшиглөж байсныг би харсан. Салгахад зүүн нүдний доор нь хавдсан харагдсан. Ч.А согтчихсон эсэргүүцэх чадваргүй байсан. М.С Ч.Агийн толгойд нь 1 удаа өшиглөж харагдсан. ...” /1хх 34-39/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Ч.Агийн хохирогчоор өгсөн “...Сэрэхэд М.С хөөе 2 хүүхэдтэй янхан авгай минь наана чинь хүн уйлаад байна. Жаахан хүүхэдтэй явдаг байж уйлуулаад байхдаа яадаг юм гэхээр нь би харахад Б.О суучихсан уйлж байсан. Би чамд ингэж доромжпуулж чадахгүй харилаа гээд үүдэнд очоод куртикээ өмсөх гээд өлгүүрээс авахад араас М.С гүйж ирээд “юу гэнээ янхан” гээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан байх, нэг сэрэхэд би том өрөөнд нь гудсан дээр нь хана налаад сууж байсан, тэр үед зүүн нүд хавдаад аньчихсан толио өгчих гээд М.Сээс авч толинд харахад хавдчихсан байхаар нь М.Сд “чи яаж байгаа юм бэ” гэж намайг хэлэхэд “таныг сая Б.О өшиглөчихөөд гараад явчихлаа” гэхээр нь аав, ээжрүүгээ залгаж ээжид Б.О намайг өшиглөчихлөө гэж хэлсэн. ...Би Б.Отэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сд гомдолтой. ...” /1хх 23-25/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3244 дугаартай “...Ч.Агийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар, дагз, баруун зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 65-66/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Быг гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн, шүүгдэгч Ч.Аг хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг бөгөөд шүүгдэгч Б.О Ч.Атай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамар дагз баруун зулайн хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ж.Б, Ч.А нарыг М.Сийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэн худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Оийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Быг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Аг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан нар нь “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, хохирогч Ч.Агийн “...Б.О миний гар утсыг үзэж байгаад намайг хардаж зодож эхэлсэн. Б.О намайг үсдэж чирээд гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн, хөмсөгний гол хэсэг хавдсан өвдөж байна. Тухайн үед миний хажууд Мөнхгэрэл /Сарангэрэл/, Галмөнх, Баяраа нар хараад байж байсан” гэх,

гэрч Б.Галмөнхийн “...М.С, Ж.Б бид гурав 00 өрөөнд тамхи татаж байхад шал, хана мөргөж байгаа түс хийх чимээ гараад очиход том өрөөнд Ч.А газар уначихсан Б.О хажууд нь байсан” гэх мэдүүлгүүд авагдсан байх ба энэхүү мэдүүлгүүд нь:

гэрч М.Сийн “...Б.О нь хардалтын улмаас Ч.Агийн биед халдсан” гэх,

гэрч Ч.Чулуунбаатарын “...шөнө унтаж байхад манай охин Ариунтуяа ээж рүүгээ залгаад намайг Отгонмөнх аллаа, зодоод нүд таглачихлаа гээд уйлаад ярьсан...” гэх,

гэрч Н.Даваахүүгийн “...манай охин над руу залгаад “намайг зодоод нүд таглачихлаа” гээд уйлаад байхаар нь хэн бэ хаана байгаа юм хэлээч гэхэд “Отгонмөнх зодчихсон” гэсэн” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Ж.Б нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Б.О, Ч.А хоёр огт муудаагүй. Б.О огт биед нь хүрсэн зодсон, өшиглөсөн зүйл байхгүй. М.С гэх хүүхэн зодсон. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхэд үстээд газраар чирч дайраад толгой руу нь өшиглөөд байсан” гэж,

Ч.А нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...М.С араас гүйж ирээд үснээс зулгааж татаж газар дагзны зүүн хэсгээр мөргөж унаад ухаан алдсан. Би Отгонмөнхтэй огт муудалцаагүй. Намайг зодсон болохоор М.Сд гомдолтой байна” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсны улмаас бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хуулийн зорилгод нийцэж байна.

Шүүгдэгч Б.О нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө бичгээр хүсэлт ирүүлэн татгалзсан болохыг дурдав.

Иймд, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ        

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ