| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00072/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нармандах,
Хохирогч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урантуяа,
Хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгч Ү.Эрдэнэцэцэг,
Хохирогч *******ийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг,
Хохирогч *******, ******* нарын хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтуяа,
Иргэний хариуцагч*******,
Хохирогч *******ы өмгөөлөгч З.Энхтуяа,
Хохирогч *******ийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Эрдэнэцэцэг, Г.Мөнхтуяа нарын өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоно долоо овогт Чөнхөөгийн Дэлгэрцогтод холбогдох 1733000030014 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 10-р сарын 30-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1959 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Малчин сумд төрсөн, 58 настай, бүрэн дунд боловсролтой, группэд байдаг, эксковаторын машиннист мэргэжилтэй , ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сонгино Хайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 8-19 тоотод оршин суух, Чоно долоо овогт Чөнхөөгийн Дэлгэрцогт .
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто засмал замын 39-40-р тэмдэгтэд 85-77 УББ приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 2 хүний амь нас хохирч, 6 хүнд хүндэвтэр, 2 хүнд хөнгөн хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нармандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
3.Хохирогч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
4.Хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгч Ү.Эрдэнэцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
5.Хохирогч *******ийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
6.Хохирогч *******, ******* нарын хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
7.Иргэний нэхэмжлэгч Ж.Болортунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /х.х.ийн 339-р хуудас/,
8.Иргэний хариуцагч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
9.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 19-ны өдрийн №154 тоот шинжээчийн дүгнэлт / х.х-ийн 35-р хуудас/,
10.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн цагдаагийн зохицуулагч Х.Мянганбаярын 2017 оны 08 сарын 13-ны өдрийн №21 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 49-р хуудас/,
11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн №7021 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 65-р хуудас/,
12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн №7022 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 66-р хуудас/,
13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн №7023 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 117-р хуудас/,
14.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн №7024 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 118-р хуудас/,
15.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн №74 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 67-68-р хуудас/,
16.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн №75 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 119-120-р хуудас/,
17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн №9015 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 128-р хуудас/,
18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн №9014 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 132-р хуудас/,
19.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 20-ны өдрийн №753 тоот шинжээчийн дүгнэлт / х.х-ийн 211-р хуудас/,
20.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 19-ны өдрийн №750 тоот шинжээчийн дүгнэлт / х.х-ийн 215-р хуудас/,
21.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 21-ны өдрийн №8992 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 279-р хуудас/,
22.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн №8993 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 330-р хуудас/,
23.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 18-ны өдрийн №732 тоот шинжээчийн дүгнэлт / х.х-ийн 341-р хуудас/,
24.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / х.х-ийн 5-13-р хуудас/,
25.”Бан Хас” ХХК-ний 2017 оны 08 сарын 01-ний өдрийн №17/01/00713 тоот Авто машины техникийн тайлан /хх-ийн 41-44-р хуудас/,
26.”Бан Хас” ХХК-ний 2017 оны 08 сарын 01-ний өдрийн №17/01/00708 тоот Авто машины техникийн тайлан /хх-ийн 45-46-р хуудас/,
27.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 262-р хуудас/,
28.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто засмал замын 39-40-р тэмдэгтэд 85-77 УББ приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж “…Хюндай Сонота-6 маркийн 10-25 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 2 хүний амь нас хохирч, 6 хүнд хүндэвтэр, хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:”... Энэ аваарын хэргээс болж миний аавын амь нас хохирсон байгаа. Бид нар нэхэмжлэх шаардлагатай хохирол төлбөрөө нотлох баримтаар тусгаж өгсөн байгаа. Үүнд оршуулгын зардалд 16 600 168 төгрөгний баримт бүрдүүлж холбогдох баримтыг нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Миний аавын унаж явсан Соната-6 маркийн машиныг зах зээлийн үнэлгээгээр 7 000 000 төгрөгөөр үнэлж байгаа. Ван-Хас хөрөнгө үнэлгээний газар авто машинд учирсан эвдрэлийн хохирлын үнэлгээг гарахдаа 7 000 000 төгрөг гэж бичсэн байсан. Тэр үнэлгээгээр нь үнэлж байгаа. Бид нар 36 600 000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр миний аав Дархан-Уул аймаг, Хөтөлийн тендерт “Авто зүтгүүр” гэдэг ХХК-тай гэрээгээр ажилладаг байсан. Энэ хүн өдөрт 48 000 төгрөгний орлого олдог. Үүнийг “Авто зүтгүүр” ХХК-ний захирлын тодорхойлолтоор гаргаж авсан. Уг тодорхойлолт нь хэрэгт байгаа. Манай аав сард 15 хоног Дархан-Хөтөлийн хооронд явж байсан. Компанитай байгуулсан гэрээгээр ч сард 15 хоног явахаар гэрээтэй байдаг юм байна. Тэр компаниас нь сард танай аав 720 000 төгрөг олдог гэсэн тодорхойлолт хийж өгсөн. Үүнийг бид нар 1 жил 12 сартайгаас нэг сарыг нь хасаад 11 сараар тооцоод 55 наснаас 60 нас хүрч тэтгэвэрт орох хүртлээ олох ёстой орлогыг нь нэхэмжилж байгаа. Бид нар өнөөдрийн байдлаар дахиад 43 900 000 төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай байна. Миний аав, эхнэр Болормаагийн хамт, хамтран зээлдэгчээр 2 удаа зээл авсан байгаа. Нэг нь ипотекийн 8 хувийн хүүтэй байрны зээл авч одоо 41 000 000 төгрөг үлдсэн байна. Нэг нь бичил бизнесийн зээл гэж 3 500 000 төгрөгний зээл авсанаас одоо 2 900 000 төгрөг үлдээд байгаа. Үүнийг би хор уршигийн хохирол гэж нэхэмжилж байна. Миний аав 720 000 төгрөг сардаа олоод байрныхаа зээлийг төлчихдөг тийм эрх үүрэг, хариуцлагатай байсан. Энэ хүн бурханы оронд очсоноос хойш зээлийн асуудал нилээн хүнд байна. Албан ёсоор ажил хийгээд энэ зээлийг нь төлдөг хүн энэ гэр бүлд ховор болсон. Би тусдаа гарсан өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн орлоготой, зээлтэй байдаг учраас би тэр болгон нэмэр болж чадахгүй байна. Нэг оюутан хүүхэд байдаг тэр оюутан хүүхдийн хэрэгцээний мөнгө, энэ зээлийн үлдэгдлийг яаж төлж барагдуулах талаар энэ гэрт том асуудал үүсээд байна. Тийм учраас 43 900 000 төгрөгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нармандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:”... 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний талийгаач ах, ******* ахтай Улаанбаатар хотоос гарлаа гэж утсаар мэдэгдсэн. Би Дархан-Уул аймагт амьдардаг. Тэр өдөр ажилтай байсан. Үдээс хойш 16 цагийн үед Номгон сумд аваарт орсон байна гэж утсаар ярьсан. Би тухайн үед ажилтай байсан учраас ажлаа зохицуулаад 5 цагийн үед осол болсон газар луу гарахад талийгаач ах маань замдаа нас барчихлаа гэж дуулаад хэргийн газар дээр ирэхэд ******* ах маань нилээн шокийн байдалтай, хөл, гарнаас нь цус гарсан байсан. Цагдаагийн байгууллагынхан үзлэгээ хийж байсан. Би үзлэгийг нь дуусгаад машинаа ачуулчихаад ирсэн. Тухайн үед эмч ******* ахыг даралт нь унаад авч явах боломжгүй байна. Номгоны эмнэлэгт байлгаж байгаад 2 цагийн дараа авч яв гэж хэлээд эмнэлэг дээр очсон. Хоёр цагийн дараа сумын эмчтэй Дархан-Уул аймгийн эмнэлэгт очиж үзүүлээд тэр орой нь талийгаач ахынхаа шарилыг, ахтайгаа аваад Улаанбаатар хот руу явсан. Миний хувьд нэг ах маань бурханы оронд очсон. Хохирсон хүмүүс хэцүү байгаа гэдгийг ойлгож байна. Нэг ах маань шүүхийн тавцан дээр шүүлгэж байна. Миний зүгээс болон ах дүү, талийгаач ахын эхнэр, үр хүүхдүүдийн зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна...” гэх мэдүүлэг,
3.Хохирогч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:”... Би хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн төрсөн дүү нь байгаа юм. Эгч маань 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр энэ осолд ороод Дарханы эмнэлэгт очиход ийм хагалгаа хийгдэхгүй хүлээж авах боломжгүй гээд хот руу Гэмтлийн эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Манай эгчийн зүүн хөлний өвдөгний доод үены яс нь бяцарсан байсан. Наадмын үе таарсан учраас нэг хоноод хот руу хүргэгдэж очиход Гэмтлийн эмнэлгийн эмч нар нь амарсан, гэмтэж бэртсэн хүмүүс ихтэй байсан учраас Монгол Хьюндай гэдэг гэмтлийн хувийн эмнэлэгт хандаж хэвтэж эмчлүүлсэн. Энэ эмнэлэгт хэвтэхэд 9 сая гаран төгрөгний эмчилгээний төлбөр гарсан. Манай эгч 29 хоног эмнэлэгт хэвтсэн. Охин Сүри нь 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Маяа нь хөл, нүүр нь хавдсан байсан учраас эмнэлэгт хэвтээгүй эхо оношилгоо хийлгэж бариа хийлгээд гайгүй болсон. Эгч маань хагалгаанд ороод 14 хоног эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан. Хагалгаа сайн гэж хэлээд гипсдээд гаргасан. Би өөрөө ажилтай боловч эгчийгээ эмнэлэгт хэвтэж байхад нь асарч байсан. Манай эгчийн нурууны 3 үе нь гэмтсэн, зүүн талын өвдөгний доогуур бяцарсан. Тэр бяцарч үүрсэн яснуудыг цуглуулж хагалгаа хийгдсэн. Зүүн талын нь үүдэн 3 шүд нь үүрч унасан. Энд тэнд хөхөрч бяцарсан жижиг, жижиг гэмтлүүд нь сүүлдээ гарч ирээд байсан. Нилээн удаж байж эдгэрсэн. Би эгчийгээ Дарханд асарч байсан. Эмнэлгээс гарч ирсэн ч гэсэн гипсээ үзүүлэх болгондоо хот руу байнга явж байсан. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр осол гарсан. Манай эгч 8 дугаар сарын 28-ны өдөр хүүхдүүдээ аваад буцах билеттэй ирсэн байсан. Хүүхдүүдийнх нь билет хүчингүй болж, дахин билет авсан. Өөрийнх нь билет хойшлогдсон. Нөхөр нь ирж авч явсан байгаа. Эгч маань Америкад очоод дахиад 3 хагалгаанд орохоор төлөвлөгдөж байгаа. Шөрмөсний хагалгаа нь нэг дор хийгдэхгүй, шөрмөс нь огт холбогдоогүй байгаа. Нэг дүгээр хагалгаа нь өвдөгний урд талын чагтан холбооснуудыг холбоно гэж байгаа. Хоёр дугаар хагалгаа нь ар талын шөрмөснүүдийг холбоно гэж байгаа. Энэ хоёр хагалгаа нь нэг дор хийгдэхгүй гэж хэлсэн. Дахиад дараа нь холбосон байгаа шруфнуудыг авах хагалгаа хийгдэнэ гэсэн. Эгч маань хэвтрийн байдалтай буцсан. Хоёр хүүхдийг нь гайгүй гэж хэлсэн. Шүүх 72 000 000 төгрөгний хохирол төлбөр нэхэмжилсэн гэж дурдаж байна. Сая нэмээд нөхөр нь ирж авсан 5 400 000 төгрөгний баримтыг бүрдүүлж өгсөн байгаа. Ингээд нийт 78 000 000 төгрөгний зардал гарсан байгаа. Цаашдаа гэдэг асуудлыг энд огт яриагүй. Одоо бодит гарсан зардлуудын талаар ярьж байгаа. Цаашид 3 хагалгаанд орохоор төлөвлөгдөж байгаа. Эгч маань ажил хийдэг байсан. Бид нар цаашдын асуудлыг одоогоор огт яриагүй байгаа. Миний эгч уйлаад буцсан. Би ийм болно гэж бодож ирээгүй гэдгийг минь хэлээд өгөөрэй гээд надад итгэмжлэл өгөөд явсан. Эрүүл саруул Монголд ирээд амь насаараа дэнчин тавиад хэвтрийн болоод буцлаа гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Бид нар маш их гомдолтой байна. Манай эгч уг нь тендерийн жолоочийн машинд суусан гэж найдаж суусан. Тийм учраас эгч маань хариуцсан компани гэж байдаг бол тэр газарт нь хариуцлага тооцож өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Тендерийн гэдэг нэрэн дор хувийн таксинд суугаагүй. Тэр байгуулага нь тодорхой хэмжээний үүрэг хүлээх байх гэж бодож хохирлыг барагдуулалцах байх гэж бодож хүсэлтээ гаргаад явсан...” гэх мэдүүлэг,
4.Хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгч Ү.Эрдэнэцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:”... Би Мөнхжингийн ээж нь байна. Манай охин 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эгч Цолмон түүний хүү Анарын хамт Дархан-Уул аймаг руу явж байгаад авто тээврийн осолд ороод зүүн талын хөл, зүүн талын гар нь бэртэж, хэл нь тасарсан. Аман дотроо маш олон задарсан бэртэлтэй мөн зүүн гарын ядам хуруун завсар нь задарсан. Уруул нь сэтэрсэн бэртэлтэй байсан. Тухайн үед яагаад би хүүхэдтэйгээ хамт байгаагүй юм бэ гэхээр миний төрсөн аав Үнэнбүрэн нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний байдлаар элэгний хорт хавдартай гэсэн онош гараад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв дээр хагалгаанд орох тов гарсан учраас би аавыгаа хагалгаанд оруулж, эмчлүүлэхээр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад явсан байсан. Бид нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 17 дугаар байрны 45 тоотод ам бүл 7-уулаа амьдардаг учраас хүүхдээ эгчдээ хариуцуулж үлдээгээд явсан хугацаанд ийм аваар гарсан байсан. Би хүүхдээ аваарт орсоныг мэдэхэд манай хүүхдийг Дарханы эмнэлэг рүү аваад явсан гэж байсан. Дарханы эмнэлэг манай хүүхдийг эмчилж чадахгүй Улаанбаатар хот руу авч яв гэсэн учраас хүүхдээ хот руу авч яваад эхлээд Гэмтэл согогын үндэсний төв дээр авч очсон. Осол 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4 цагийн үед аваар болоод Дарханд очоод анхны тусламж үзүүлж рентгенд харуулаад хот руу явахад 8-9 цаг болсон. Тэр үед наадмын амралт гээд их түгжрээтэй байсан учраас хот руу орой 12 цагийн үед очоод Гэмтэл согогын үндэсний төв дээр очсон чинь энэ хүүхдийн хөл гар нь яахав, эхний удаад Эх нялхасын төв рүү очиж хүүхдийнхээ хэлийг эмчлүүлж ир тэгсний дараа дараагийн эмчилгээг нь хийе гэж хэлсэн учир бид нар Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв дээр очиход хагалгаа хийх эмч нь тэр орой жижүүртэй байж таарсан учраас цусны бүлгийг нь тодорхойлоод, карт нээгээд өглөө 06 цагийн үед манай хүүхэд хэлний хагалгаанд орсон. Манай хүүхэд хэлээ тас хазчихсан учраас тэр хоорондоо мэдээ алдуулалт хийсэн байсан тулдаа тэр хүртэл явж байсан. Хүү маань 6 цагт хагалгаанд ороод 8 цаг өнгөрч байхад гарч ирсэн. Эх нялхаст эмчилгээ хийлгэж байгаад гайгүй байж магадгүй болохоор нь дараагийнх нь эмчилгээг хийж хөл, гарыг нь эмчлүүлэхийн тулд эмнэлэг хоорондын солилцоогоор өвчтөнөө шилжүүлээд бид хоёр Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Хөл, гар нь хугарсан байгаа тохиолдолд хагалгааг заавал 5 дээш насны хүүхдэд хийх ёстой байдаг юм байна лээ. Манай хүүхэд 3 настай байсан учраас хагалгаа хийж болохгүй гээд гипстсэн. Гипсдээд эмчилгээ хийлгэж байгаад гайгүй байж магадгүй гадуур эмчилгээ хийлгэхээр гаргая гээд эмнэлгээс гарахын өглөө Эх нялхасын үндэсний төв дээр хэлний хагалгаанд орсон оёдол нь хайлаад дууссан чинь бүрэн төлжөөгүй дахиад хэл нь ангайчихсан. Тэгээд эмчтэйгээ ярьсан чинь бүх эмч нар нь амраад явчихсан. Нүүр мэс заслын эмч нь байхгүй байсан учраас бид нар Архангай аймагт явсан эмчийг нь утсаар дуудаж гуйж авчирч байж тэр эмч нь маргааш нь дахиж хагалгаанд орсон байгаа. Одоо нэхэмжилж байгаа зардалд тэр эмчийг дуудаж авчирсан зардал ороогүй. Яагаад гэвэл тэр хүнийг хувиараа дуудаж, хувиараа мөнгө төгрөгийг нь өгсөн учраас баримтыг нь бүрдүүлж чадаагүй. Эмнэлгээс гарч ирсэний дараа хугацаанд нь гипсээ авахуулсан чинь манай хүүхдийн хөл, гар нь нэгэн жигд гарч ирээгүй тахир анх ямар хугаралтай байсан тэр хэвээрээ гарч ирсэн. Тэгээд бид нар хөл, гаранд нь чиг тавиулж ардын эмчилгээр явсан. Ард эмчилгээгээр хувь хүнээр эмчлүүлсэн учраас тэр баримт нь нэхэмжилж байгаа мөнгөн дүнд бас ороогүй. Хүүхдээ тээвэрлэсэн шатахууны зардал баримт болж үлдсэн учраас орсон байгаа. Эмчилгээ оношилгооны зардалд 359 060 төгрөг байгаа. Манай хүүхдийн хэл нь тасраад оёсон учраас ямар ч юм идэх боломжгүй байсан учраас жимс, жимсгэн нухаж нухаш байдалтайгаар зутан шөл хэрэглэж байсан. Тэрний зардалд нь 168 793 төгрөг, Дарханы эмнэлгээс Гэмтэл согогын үндэсний төв рүү явуулсан авто тээврийн замын зардал 150 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 17-ний өдрөөс 07 дугара сарын 24-ний өдрийн хооронд хүүхдээ авч явж тээвэрлэсэн зардал нь 580 044 төгрөг, сүүлд 20 000 төгрөгний баримт гарч ирсэн. Нийтдээ замын зардалд 750 044 төгрөг нэхэмжилж байгаа. Хүүхдээ асраад цалингүй чөлөө авсантай холбоотой манай нөхөр бид хоёрын цалингийн зардал байгаа. Үүнд би 07 сард ээлжийн амралтаа аваад, 7 сард ихэнх өдөр нь амралтын өдөр байсан. Нийт 120 цаг ажиллах байснаас миний 7 сард ажилдаа орох 1 хоног байсан. Тэрний 30 660 төгрөг, би 8 сард бүтэн 23 хоногийн цалингаа аваагүй. 9 сард 6 хоног хүүхдээ хараад цалин аваагүй байж байгаад ажилдаа орсон. Үүний баримтуудыг бүрдүүлээд нийтдээ 864 620 төгрөг гарсан. Манай нөхрийн хувьд бид хоёр 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний хооронд хүүхдээ хараад хотод байсан учраас тэр хугацаанд цалингүй чөлөө авсан. 7 дугаар сарын 27-30-ны хооронд хүүхдээ Хөтөл авчирчихаад буцаж явахад нь өөр хамт явах хүн байхгүй байсан учраас нөхрөө ажлаас нь албан ёсоор чөлөө авахуулаад явсан. Тэр хугацааны манай нөхрийн цалин 1 010 000 төгрөг болж байгаа. Нийтдээд 1 874 620 төгрөгний цалингаа нэхэмжилж байгаа. Өмгөөлөгч хөлсөлсөн 600 000 төгрөг. Нийтдээ 3 752 517 төгрөгний баримттай нэхэмжлэл гаргаж байгаа. Бид нар 10 000 000 төгрөг нэхэмжилсэн. Учир нь бид нар хойшид гарах эмчилгээг нь бодож энэ мөнгийг нэхэмжилсэн байсан. Яагаад гэвэл манай хүүхдийн хэл нь тасарсан. Эмч нар энэ хүүхдийн хэл нь бүрэн гүйцэт эдгэрэх хугацаа нь маш урт гэж хэлсэн. Манай хүүхэд одоо гацаж, түгдрээд ярихад хүнд байгаа. Бид хойшид эмчилгээ хийлгэнэ гэж 10 000 000 төгрөг нэхэмжилж байсан. Одоо яг баримтандаа тулгуурласан 3 752 517 төгрөг байгаа...” гэх мэдүүлэг,
5.Хохирогч *******ийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:”... Би насанд хүрээгүй хохирогч Номин-Эрдэний эмээ нь байгаа юм. Манайд ирсэн байсан. Тэр өдөр Номин-Эрдэнийг Дарханаас эмээ өвөө нь дуудсан. Манай худ тэр талийгаач жолоотой найзууд юм байна лээ. Манай худ найздаа хэлчихлээ хүүхэд яаралтай урд зам руу очоод суулгаад явуулчих гэж хэлсэн. Би хэсэг хугацаанд унтчихсан байсан. Аав нь манайд байсан. Манай хүү охиноо зам дээр очиж суулгаад өгчихлөө гэж хэлсэн. Удалгүй 15 минутын дараа аваар боллоо гэж хэлэхээр нь очоод аав нь Дархан-Уул аймаг руу яаралтай түргэний тэргээр аваад явсан. Надад бүрдүүлсэн баримт байхгүй. Би гардаж оролцоогүй. Ээж нь халамжийн байцаагчаар дөнгөж төрд ажилд орсон. Аав нь бас ажилд орох гэж байсан. Хадам талдаа амьдардаг юм. Хохирол дээр би баримт бүрдүүлээгүй. Эрүүний яс нь хоёр хугараад эрүүгээ хадуулсан. Урд үүдэн 4 шүд нь унасан. Нялх хүүхэд учраас шүд нь ургах байх гэж бодож байгаа. Эрүү нь хадаатай байж байгаад сая 10 гаран хоногийн өмнө Дархан-Уул аймагт эрүүний хагалгаанд орж хадаасаа авахуулсан. Охин сая 9 сард 4 нас хүрсэн. Одоо цэцэрлэгтээ явахгүй аав нь хүүхдээ гэртээ харж байгаа. Юм зажилж идэж чадахгүй. Шингэн зүйл идэж байгаа. Одоо асаргаанд байгаа. Аав, ээж хоёр нь 2 500 000 төгрөгний зардал гарсан. Халамжийн газар нь цалинг нь урьдчилаад 1 300 000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Би 500 000 төгрөг нэмэрлэсэн. Хадам ээж нь Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж хагалгаанд оруулсан. Хадам ээж нь төрийн албан хаагч учраас намайг хууль ёсны төлөөлөгчөөр нь оролц гэж хэлсэн. Бид нар охин маань амьд гарсан учраас энэ хүнийг яллаад яахав, би тухайн үед нь аваарын газар очсон. “Авто зүтгүүр” гэдэг тендер нэртэй компани байгаа юм байна. Энэ ослоос болж олон хүн хүнд бэртэж хохирч байна. Энэ бүх зардлыг ганцхан энэ хүн төлж чадахгүй. Энэ шүүх хурлаас тендерийн компаний амь даатгалаас нь энэ хүмүүсийн хохирлоос төлөлцөж болдоггүй юм уу гэсэн саналтай байна. Надад нэхэмжлэх тодорхой баримт байхгүй байна. Ээж, аавынх нь хэлсэний дагуу 1 500 000 төгрөгийг нь энэ хүн төлчихвөл тэр хоёр хүн чинь хадамынхаа гэрт амьдарч байгаа учраас мөнгө төгрөг хэрэгтэй байгаа. Манай хүү Дэлгэрцогттой ярьсан байсан. Та өөрөө бас их хэнэггүй хүн байна. Нас барсан жолоочийн ар гэрийн хүмүүс нь манай хүүхдийг эргэж гэрт нь ирсэн байсан. Хоёр хоногийн өмнө тантай манай хүү утсаар бид нараас 2 сая гаран төгрөг гарсан. Гэхдээ таныг ингэж зовж явахад тэр мөнгөө нэхээд яахав та 300 000 төгрөг өгчих бид нар гомдол саналгүй гэж хэлье гэж ярьсан байна лээ. Таныг 300 000 төгрөгийг нь тэр хүүхдүүдэд дамжуулаад өгөх байх гэсэн саналтай байна...” гэх мэдүүлэг,
6.Хохирогч *******, ******* нарын хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:”... Миний төрсөн дүү ******* нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр осолд ороод Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж хэвтсэн. Анх эмнэлэгт очиход нь баруун гарынх нь шуу хугарсан. Зүүн хөлийнх нь дунд чөмөг хугарсан. Баруун хөлийнх нь шагай сууринаасаа эргээд гарсан. Олон ясны хугарал гэмтэлтэй, их хэмжээний цус алдалттайгаар эмнэлэгт очиж 10 хоног эмчилгээ хийлгэж байгаад 07 дугаар сарын 19-ний өдөр мэс засалд орж, хөл, гарын хугархайнуудыг нь хадуулсан. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эмнэлгээс гарахад нь бид нар Хөтөлөөс машин хөлсөлж очиж авсан. Мөн Сэлэнгэ аймаг руу явж групп тогтоолгоход замын зардалд 162 000 төгрөг орсон. Миний дүү Цолмон нь хүүтэйгээ 17 дугаар байранд төрсөн эгч Отгонхүүгийн гэрт амьдардаг юм. Эгч нь одоо асарч байгаа. Эм тариа, боолт, наалт, памперс зэргийн зардалд нийт 580 900 төгрөг, эмчилгээ оношилгооны зардалд 200 000 төгрөг, мэс заслын зардалд 1 125 000, нэмэлт бүтээгдэхүүний зардалд 123 640 төгрөг, замын зардал буюу Хөтөлөөс Дархан орж авчирсан, Хөтөлөөс Сэлэнгэ орж групп тогтоолгосон зардалд 162 000 төгрөг, Цолмонг сахиж байгаа Отгонхүүгийн олох ёстой байсан орлогод 3 946 200, нийт 6 999 740 төгрөг нэхэмжилж байгаа. *******гийн хүү *******ын хөл нь гэмтэлтэй байсан. Мөн хүүхдийн өсөлтийн шугам нь 1 мм-н зөрүүтэй гэмтсэн учраас эмчийн байнгын хяналтанд байлга гэж хэлсэн. Анар нь 6 сартай байхдаа ээжтэйгээ хамт явж байгаад осолд орсон. Хүүхэд одоо 10 сартай. *******ыг эмчилгээнд авч явсан замын зардалд 80 000 төгрөг, эм тарианы 18 227 төгрөг, Анарын зардалд нийт 98 227 төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг
7.Иргэний нэхэмжлэгч Ж.Болортунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:…Ослын улмаас миний гар утас эвдэрч, миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Энэ ослын улмаас 2 хүн нас барчихсан, олон хүн надаас хүнд гэмтсэн учраас би хэн нэгнээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Би ирэх 9 сараас Улаанбатар хотод оюутан болж байгаа учраас шүүх хуралдаанд оролцохгүй…гэх мэдүүлэг /х.х.ийн 339-р хуудас/
8.Иргэний хариуцагч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:”... Би “Авто Зүтгүүр”ХХК-ний захирал Т.Төмөрхүү гэж хүн байна. Манай компани 1997 оны 05 дугаар сард байгуулагдсан. Энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэсэн. Манай компаний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Дархан-Сэлэнгэ, Дархан-Хөтөл, Хөтөл-Дархан гэсэн үндсэн хоёр чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгаа. Тус шугаманд хувьдаа тээврийн хэрэгсэл бүхий стандартын шаардлага хангасан. Зорчигч тээвэрлэх дүрмийн шаардлага хангасан мэргэшсэн жолоочийг авч би ажиллаар хангаж байсан. Талийгаач жолооч маань нас тогтсон, дадлага, туршлага суусан хүн байсан. Бид нар жолооч нарынхаа замын хуудсан дээр хурдаа тохируулж яв, хальтиргаа гулгаанаас болгоомжил гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн 4,5 зааварчилгааг бичиж өгсөн байдаг. Мөн авто тээврийн үндэсний төвөөс 7 дугаар сарын 05-ны өдөр бүх аймгийн тээврийн төвд наадмын үед аюул осол, гэмтэлгүйгээр хэвийн үйл ажиллагаа явуулах албан тоот ирсэний дагуу бид 7 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд бүх жолооч нартаа зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байгаа. Би бол ажил олгогч хүн. Надад шүүх хуралтай холбоотой хуулийн мэдлэг алга. Шүүх хэргийн үнэн зөвийг олж шударга шүүх байх гэж найдаж байна...” гэх мэдүүлэг,
9.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 19-ны өдрийн №154 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“…Шинжилгээнд авсан *******ын цусанд этилийн спирт илэрсэнгүй..” гэх дүгнэлт / х.х-ийн 35-р хуудас/,
10.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн цагдаагийн зохицуулагч Х.Мянганбаярын 2017 оны 08 сарын 13-ны өдрийн №21 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“…Хюндай Сонота-6 маркийн 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Цогбадрах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна…” гэх дүгнэлт /х.х-ийн 49-р хуудас/,
11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн №7021 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“…Шинжилгээнд ирүүлсэн “Б.Цогбадрах 55н эрэгтэй Ш.Э Т.Насанжаргал” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй…” гэх дүгнэлт /х.х-ийн 65-р хуудас/,
12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн №7022 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“Шинжилгээнд ирүүлсэн Б.Цогбадрахын гэх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна…” гэх дүгнэлт /х.х-ийн 66-р хуудас/,
13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн №7023 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“...Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Бат-Эрдэнэ 55н эрэгтэй Ш.Э Т.Насанжаргал” гэж хаягласан цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэх дүгнэлт /х.х-ийн 117-р хуудас/,
14.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн №7024 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“...Шинжилгээнд ирүүлсэн Ч.Бат-Эрдэний гэх цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна...гэх /х.х-ийн 118-р хуудас/,
15.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн №74 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Талийгаач Б.Цогбадрахын биед уушигны цоорол, элэгний задрал, олон хавирганы хуграл, баруун шуунд далд хугарал, зүүн өвдөгө, баруун шагайнд ил хуграл, зүүн хөмсөгө, зүүн өвдөгө, баруун шагайнд шарх, зүүн эгэм, хэвлий, цээж, зүүн тохой, зүүн шуу, баруун өвдөгө, зүүн гуянд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Талийгаач Б.Цогбадрахын биед учирсан дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт, дарагдалын үед үүсгэгдэнэ.
3.Талийгаач Б.Цогбадрах нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.
4.Талийгаач Б.Цогбадрах нь ямар нэг архаг хууч өвчингүй байжээ.
5.Талийгаач Б.Цогбадрах нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.
6.Талийгаач Б.Цогбадрах нь хурц цус алдалтын улмаас нас баржээ гэх дүгнэлт /х.х-ийн 67-68-р хуудас/,
16.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн №75 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Талийгаач Ч.Бат-Эрдэнийн биед хүзүүний нугаламын хугарал, нугас тасрал, дэлүүний задрал, олон хавирганы хугарал, дотуур цус алдалт, баруун шуу, зүүн гуяны далд хугарал, хамар, зүүн хацар, цээж, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, зүүн өвдөгө, баруун зүүн шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхийг гэмтэл тогтоогдлоо.
2.Талийгаач Ч.Бат-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт, доргилт, дарагдалын үед үүсгэгдэнэ.
3.Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.
4.Талийгаач нь ямар нэг архаг хууч өвчингүй байжээ.
5.Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.
6. нь дэлүүний задралын улмаас дотуур цус алдаж нас баржээ... гэх дүгнэлт /х.х-ийн 119-120-р хуудас/,
17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн №9015 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.*******ийн биед зүүн шаант ясны үе дайрсан далд хугарал, бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, үүдэн дээд зүүн 1,2,3-р шүдний хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, цээж, өгзөг, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг улаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.3-н шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15% нөлөөлнө.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /х.х-ийн 128-р хуудас/,
18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн №9014 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Г.Сүүрийн биед баруун гарын 4-р шивнүүр ясны хугарал, зүүн шилбэний шарх, 2 нүдний зовхины цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байж боломжтой гэх дүгнэлт /х.х-ийн 132-р хуудас/,
19.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 20-ны өдрийн №753 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.*******гийн биед зүүн хөлийн дунд чөмөг, баруун атгаал ясны битүү хугарал, баруун шилбэний шаант ясны үе дайрсан хугарал, баруун хөлийн шилбэ тавхайн үений мултрал, 2 хавчаар ясны хугарал, зүүн талын умдаг ясны хугарал, зүүн шилбэний шарх, тархи доргилт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл болно.
4.*******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална гэх дүгнэлт / х.х-ийн 211-р хуудас/,
20.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 19-ны өдрийн №750 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.*******ын биед баруун хөлийн шилбэний шаант ясны битүү хугарал, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүлмэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
4.*******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална гэх дүгнэлт / х.х-ийн 215-р хуудас/
21.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 21-ны өдрийн №8992 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.*******гийн биед зүүн шуу яс, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, эрүү, зүүн сарвууны шарх, хэлний үзүүрийн 3/1 тасрал, зүүн зовхи, хацрын зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /х.х-ийн 279-р хуудас/,
22.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн №8993 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.*******ийн биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, нүүрний цус хуралт оочны шаарх зулгаралт, үүдэн дээд баруун 3-р шүдний булгарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /х.х-ийн 330-р хуудас/
23.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 18-ны өдрийн №732 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Ж.Болортунгалагийн биед тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт, нурууны зулгаралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.Ж.Болортунгалагт учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт / х.х-ийн 341-р хуудас/,
24.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / х.х-ийн 5-13-р хуудас/,
25.”Бан Хас” ХХК-ний 2017 оны 08 сарын 01-ний өдрийн №17/01/00713 тоот Авто машины техникийн тайланд:
“... Hyundai Sonata-6 маркийн 10-25 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрал, хохирлын үнэлгээ нь 5.936.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 41-44-р хуудас/,
26.”Бан Хас” ХХК-ний 2017 оны 08 сарын 01-ний өдрийн №17/01/00708 тоот Авто машины техникийн тайланд:
“...Toyota Prius маркийн 85-77 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь 4.980.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/,
27.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 262-р хуудас/,
28.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:”... Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт хот рүү дүүтэйгээ хоёулаа явсан. Талийгаач дүү маань алтан гадас одонгоор шагнагдсан түүнийг нь авах гэж явсан юм. Тухайн үед Номгон сумын нутагт орж ирээд явж байхад урдаас ирж явсан машин харагдаад бүх юм чөлөөтэй харагдаж байсан. Гэнэт миний нүдэнд нэг хар юм харагдах шиг болохоор нь гадагшаа дарсан. Тэрнээс хойш юу болсоныг нь мэдэхгүй байгаа. Ослын дараа бүх хүмүүсийг эмнэлэг рүү аваад явсан. Би шоконд ороод даралт унаад түргэний машинтай явалгүй үлдээд Номгонд 2 цаг байж байгаад хот руу яваад Гэмтлийн эмнэлэгт 2 хоног хэвтсэн. Дараа нь гэрээр эмчлүүлсэн. Миний гаргасан ослын улмаас эсрэг урсгалаас ирж явсан Соната 6 маркийн машины жолооч, надтай хамт явсан миний дүү болох 55 настай эрэгтэй хоёр нас барсан. Машинд сууж явсан бусад хүмүүс хүнд, хөнгөн бэртэл авсан. Өөр мэдүүлэх зүйлгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна.
Иймд *******ыг авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ч.Нармандах, Б.Цогбадрах нарын амь нас хохироож, *******, Г.Сүүрий, *******, *******, *******, *******э нарын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
*******од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Иргэний нэхэмжлэлийн хувьд:
1.Нас барсан хохирогч Б.Цогбадрахын хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардалд 16.600.168 төгрөг, Соната-6 маркийн машины эвдрэлийн хохиролд 5.936.000 төгрөг, талийгаач 55 наснаас 60 нас хүрч тэтгэвэрт орох хүртлээ олох ёстой орлого гэж 43.200.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн талийгаач Б.Цогбадрах эхнэрийн хамт авсан банкны зээлийн үлдэгдэл 43.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгч *******оос нийт 109.636.168 төгрөг нэхэмжилснээс урьдчилан оршуулгын зардалд төлөгдсөн 1.000.000 төгрөг автомашины эвдрэлд төлөгдсөн 5.000.000 төгрөгийг тус тус хасаад одоо үлдэгдэл 103.636.168 төгрөгийг нэхэмжилж байна.
Хохирогч нас барснаас түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд 16.600.168 төгрөг нэхэмжилснээс урьдчилан төлөгдсөн 1.000.000 төгрөгийг хасаад 15.600.168 төгрөгийг нэхэмжилж түүний нотлох баримт хавтаст хэрэгт авагджээ. /х.х-ийн 73-92-рт/
Үүнээс нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж хавтаст хэргийн
79-рт авагдсан 375.000 төгрөгийн том лаа авсан баримт он сар өдөр тодорхойгүй,
80-рт авагдсан 66.000 төгрөгийн салфетка авсан баримт он сар өдөр тодорхойгүй,
83-рт авагдсан 3.799 төгрөгийн шампунь, 3.599 төгрөгийн шүдний оо, 3.399 төгрөгийн үсний сам нь оршуулахтай холбоотой шууд зардал биш тул,
90-рт авагдсан 410.000 төгрөгийн 411.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн тус тус авсан баримт он,сар өдөр тодорхойгүй тул нийт нэхэмжлэлийн шаардлагаас 1.272.797 төгрөгт холбогдох хэсгийн хасаж оршуулахтай холбогдсон шууд зардалд 14.327.371 төгрөг /15.600.168₮-1.272.797₮=14.327.371₮/
Талийгаач Б.Цогбадрахын унаж явсан “…Хюндай Сонота-6 маркийн 10-25 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлыг “Ван хас” ХХК 5.936.000 төгрөг гэж үнэлсэнийг үндэслэн /1-р х.х-ийн 42-рт/ үүнээс урьдчилан төлсөн 5.000.000 төгрөг хасаж 936.000 төгрөг /5.936.000₮-5.000.000₮=936.000₮/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн ба энэ нь хуульд нийцэж байна гэж үзлээ. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар оршуулгын зардалд 14.327.371₮ эд хөрөнгөд учирсан хохиролд 936.000₮ төгрөг нийт 15.263.371 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан *******д олгохоор шийдвэрлэлээ.
Харин талийгаач 55 наснаас 60 нас хүрч тэтгэвэрт гарах хүртлээ олох ёстой орлого гэж 43.200.000 төгрөг банкны зээлийн үлдэгдэл 43 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасан оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөр биш тул хасаж, Нийт гэм хорын хохиролд нэхэмжилсэн 103.636.168 төгрөгөөс 15.263.371 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийн үндэслэлгүй болон нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн 88.372.797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
2.Хохирогч ******* Г.Сарнай буюу Сүүрийн нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд /1-р х.х-ийн 138-рт/ 2017 оны 07-р сарын 09-ны өдрөөс 08-р сарын 21 хүртэлх Г.Сарнайн эмчилгээний зардалд 1.141.263 төгрөг ******* эмчилгээний зардалд 9.063.937 төгрөг мөн АНУ руу буцах онгоцны билет устсан гэж 3.800.000 төгрөг нийт 14.050.000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж /х.х-ийн 166-рт/ 58.567.455 төгрөг нэхэмжилснээс эмчилгээний зардалд 967.455 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 57.600.000 төгрөг шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд *******ийн нөхөр АНУ-аас ирж гэмтсэн эхнэр хүүхдээ авч явсан онгоцний билет 5.411.000 төгрөг Нийт 78.028.655 төгрөг нэхэмжилжээ. /14.050.000+58.567.655+5.411.000 =78.028.655 төгрөг/
******* гэмт хэргийн улмаас хүндэвтэр, Г.Сарнай хүндэвтэр гэмтсэн бөгөөд эдгээр иргэд нь АНУ-д амьдардаг болох нь тогтоогдож байгаа болно.
******* нь АНУ-ын Техас мужийн Хөүстэн хотод Номад Тракингид том оворын ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанид менежер диспетчерээр ажиллаж сард 4000 ам долларын цалин хөлс авдаг талаар тодорхойлолт ирүүлжээ. /х.х-ийн 173рт/ ******* нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 57.600.000 төгрөг нэхэмжилсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт зэрэг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул гаргуулах боломжгүй байна. /78.028.655-57.600.000=20.428.655/
******* Г.Сарнай нарын эмчилгээ, болон замын зардалд 20.428.655 төгрөг зарцуулагдсан болох нь Г.Сарнайн Монгол Хьюндай эмнэлэгт эмчлүүлсэн 1.141.263 төгрөг төлсөн баримт/х.х-ийн147-рт/ мөн *******ийн эмчлүүлсэн 7.939.322 төгрөг баримт /х.х-ийн148-рт/онгоцны билет дахин авсан 3.800.000 төгрөг, ******* хиймэл шүд хийлгэсний 2.400.000 төгрөг /х.х-ийн174-рт/ *******ийн нөхөр АНУ-аас ирж гэмтсэн эхнэр хүүхдээ авч явсан онгоцний 5.411.000 төгрөг билет зэргээр хангалттай нотлогдож байна гэж үзлээ. /262.950/ төгрөгийн илүү баримттай/ *******ийн 78.028.635 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилан төлөгдсөн 1.500.000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 57.600.000 төгрөгт холбогдох хэсгийг хасаж тооцон 18.928.655 төгрөг шүүгдэгч *******оос гаргуулан *******т олгож шийдвэрлэлээ. Шүүх *******ийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг иргэний хэргийн шүүхээр нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
3.******* нь эмчилгээний зардалд 6.997.000 төгрөг хүү Ц Анарын эмчилгээнд 98.027 төгрөг бүгд 7.095.027 төгрөг нэхэмжилж байгаа болно.
Гэмт хэргийн улмаас 06 сартай *******т хүндэвтэр гэмтэл учирсан ба замын зардал 80.000 төгрөг/1-р х.х-ийн 223-рт/ нэмэгдэл хоол хүнс авч өгсөн 18.027 төгрөг/1-р х.х-ийн 226, 227-рт/ зарцуулсан нь нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж нийт 98.027 төгрөг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
*******гийн эмчилгээнд зарцуулсан 6.997.000 төгрөг нь эм, тарилга боолт авсан 106.000 төгрөг, /х.х-ийн 22-рт/ шинжилгээ оношлогооны зардал КТГ-150.000 төгрөг, Рентгэн зураг-50.000 төгрөг / эмнэлгийн картанд бичигдсэн/, мэс заслын зардал 1.125.000 /х.х-ийн 224-рт/ нэмэлт хоолны зардал 123.464 төгрөг, эм тариа авсан ангаах тун эмийн сангаас авсан 95.150 төгрөгийн, 52.000 төгрөгийн 10,11 сард хэрэглэсэн 68.750 төгрөгийн эм, Алимаксийн 260.000 төгрөгийн эмчилгээний бүтээгдэхүүн зэрэг баримтаар нотлогдож байна гэж үзлээ.
Мөн ******* ******* нар нь хүндэвтэр гэмтэл авсны улмаас эх нь хүүхдээ харж асарч чадахгүй болсон, ******* хэвтэрт байгаагаас шалтгаалан түүний төрсөн эгч Г.Отгонхүү асарч сахиж байсан ба 118 хоног ажилгүй байсан хугацаандаа авах байсан цалин гэж 3.946.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Г.Отгонхүү нь *******, ******* нарыг сахиж байгаа болон “Аяны жигүүр” ХХК-д ажиллаж сард 900.000 төгрөгийн цэвэр ашиг олдог байсан нь багийн засаг даргын тодорхойлолт, “Аяны жигүүр” ХХК-ийн тодорхойлолт, Худалдааны байранд байр түрээслэх гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт, Сайхан сумын Татварын хэлтсийн тодорхойлолт, татвар төлөгчийн дэвтэр зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тул эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдож гарсан асарч сувилахтай холбоотой зайлшгүй зардал гэж үзэж 3.946.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар *******гийн эмчилгээний зардал нэхэмжилсэн 6.997.000 төгрөгөөс өмгөөлөгчийн хөлс 850.000 төгрөг нь гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш тул хасаж, урьдчилан төлөгдсөн 500.000 төгрөгийг хасаж тооцон нотлох баримттай хуулийн үндэслэлтэй нэхэмжилсэн 5.647.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэлээ.
4.Гэмт хэргийн улмаас 3 настай ******* хүндэвтэр гэмтэл авсан ба түүний эх хууль ёсны төлөөлөгч Ү.Эрдэнэцэцэг эмчилгээний зардалд 3.752.517 төгрөг нэхэмжилжээ. Үүнд: рентгэн зураг эм тарилганы /х.х-ийн 320рт/ 359.060 төгрөг, хоол хүнсний зардал 168.793 төгрөг /х.х-ийн 322-рт/ замын зардал 750.044 төгрөг, хүүхэд асрах хугацаанд цалингүй чөлөө авсны улмаас авах байсан цалин Ү.Эрдэнэцэцэг, 864.620 төгрөг, аав О.Шинэхүү 1.010.000 төгрөг гэжээ.
Гэмт хэргийн улмаас 3 настай *******гийн хэл тасарсан тул зутан жимсний нухаш зэрэг нэмэлт хоолны зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин Ш.Мөнжингийн аав О.Шинэхүү нь хүүхэд асарч ажилгүй байсан хугацаандаа авах байсан цалин гэж нэхэмжилсэн 1.010.000 нь нотлогдохгүй тул хасаж, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг нь гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш тул хасаж 2.142.517 төгрөгийг *******оос гаргуулан Ү.Эрдэнэцэцэгт олгож шийдвэрлэлээ. /3.752.517-1.010.000-600.000=2.142.517₮/
5. 3 настай *******ийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг нь шүүгдэгчээс 700.000 төгрөг эмчилгээний зардалд авснаа хүлээн завшөөрч 300.000 төгрөг нэхэмжилснийг ******* төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Авто зүтгүүр ХХК-ийн захирал*******г мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар татсан байх ба тус компаний жолоочоор ажиллаж байсан Б.Цогбадрах нь албан үүргийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцадаа бусдад гэм хор учруулаагүй, замын хөдөлгөөий дүрэм зөрчөөгүй мөн түүний жолоодож явсан тээврийн хэргсэл нь өөрийнх нь эзэмшлийнх байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д заасан үндэслэлгүй гэж *******г иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон болно.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтолоо.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Б.Цогбадрахын №207743 дугаартай жолоочийн үнэмлэх, №0001226 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх, №01537022 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг *******д, №01626034 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг *******од буцаан олгож, *******ын №261046 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нармандах, Болортунгалаг нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Чоно долоо овогт Ч-н Д-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, 2 хүний амь насыг хохироож, 6 хүнд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д зааснаар шүүгдэгч Ч.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ч.Д-д оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дуусан үеэс эхлэн тоолсугай.
5.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д заасан үндэслэлгүй тул Г.Т-г иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509.1, 510.1-д зааснаар Ч.Д-с 15.263.371 төгрөг гаргуулан Ц.Б-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 88.372.797 төгрөгт холбогдох хэсгийг, 18.928.655 төгрөг гаргуулан Д.У-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 59.100.000 төгрөгт хобогдох хэсгийг, 5.647.000 төгрөг гаргуулан Г.Ц-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.350.000 төгрөгт холбогдох хэсгийг, 2.142.517 төгрөг гаргуулан Ү.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.610.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7.М.Н-н нэхэмжилсэн 300.000 төгрөгийг шүүгдэгч, хариуцагч Ч.Д-т зөвшөөрсөн зөвшөөрлийг баталсугай.
8.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг иргэний хэргийн шүүхээр нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Ц-н №207743 дугаартай жолоочийн үнэмлэх, №0001226 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх, №01537022 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Б-д, №01626034 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ч.Д-д буцаан олгож, Ч.Д-н №261046 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
11.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА