Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/493

 

 

 

 

 

 

     2022            5            10                                          2022/ДШМ/493

 

 

 

П.Ч, С.Онарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батдэлгэр,

шүүгдэгч П.Ч, С.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч П.Ч, С.Онарын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлоор П.Ч, С.Охолбогдох эрүүгийн 2005027390837 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Хүйцэлэг овогт П.Ч, 1974 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Оросын холбооны улсын Москва хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ......................

            2. Жаарайсаг овогт С.О, 1981 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 41 настай эмэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .......................

Шүүгдэгч П.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол дотор хохирогч Д.М“зам тавьж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зүүн гарын долоовор хурууг мушгиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

С.Онь “Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 218 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “манай нөхөр гэрээсээ орой 21 цагаас хойш гардаггүй, гэртээ байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Оүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                      

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Чыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, С.О“мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Ч, С.Онарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Чоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 309.800 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхбатад олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Ч, С.Онарын өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох, шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоох мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон байхыг хууль тогтоогч маш тодорхой зааж, хуульчилж өгсөн. Гэтэл П.Ч, С.Онарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг нэг талын буюу зөвхөн хохирогчийн ашиг сонирхолд нийцүүлэн түүнээс мэдүүлэг авахдаа хөтлөх, сэжигтэй этгээдийг зааж өгөх, урьдчилан харуулсны дараа таньж олуулах ажиллагааг явуулах зэргээр хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Улмаар дутуу мөрдөн шалгасан хэргийг хяналтын прокурор нь шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Ингэхдээ хохирогч Д.Мхоорондоо харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийн алийг нь үнэн зөв гэж үнэлсэн болон мөрдөгч таньж олуулах ажиллагааг явуулахдаа урьдчилан сэжигтэн, яллагдагчийн зааж харуулсан, хөтөлсөн байдлаар явуулсан нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуульд заасан журам зөрчсөн эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмгөөлөх тал тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогч Д.Мэрүүл мэндээрээ хохирсон үйл баримттай маргадаггүй ба миний үйлчлүүлэгч С.Онь тухайн үйл баримтыг болсон талаар гэрчилдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь түүний найз залуу П.Ч биш тухайн үед такси барьсан зорчигч эрэгтэй хүн байсан талаар тогтвортой мэдүүлдэг. Мөн хохирогч Д.Мнь тухайн хэрэг үйлдсэн этгээд нь жолооч эмэгтэйн нөхөр нь байсан гэж мэдүүлдэг ч яг юунд тулгуурлан тэгж бодсоноо анхан шатны шүүх хуралдааны үед ч тайлбарлаж чадаагүй, С.Отаксинд явдаг гэж бодохгүй байна гэсэн өөрийнх нь хийсвэр дүгнэлтүүдэд тулгуурлан хохирогчийн мэдүүлгийг үнэлж хоёрын хоёр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон яллах талын цуглуулсан нотлох баримтын талаар эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Отус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Ч тухайн үед байгаагүй. Зорчигч авч явж байсан” гэж үнэн, зөвөөр мэдүүлээд байхад яагаад намайг худал мэдүүлэг өгсөн гээд байгааг ойлгохгүй байна. Тухайн үед миний тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч буугаад тэр хүнтэй маргалдаж байхыг сонссон. Гэхдээ хурууг нь хугалсныг мэдээгүй. Байгаагүй хүнийг байсан болгож, эзэнгүй хэрэг бид нарт тохох гээд байгаад гомдолтой байна. Миний өгсөн мэдүүлгийг яагаад харгалзаж үзэхгүй байгааг ойлгохгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч П.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэргийг үнэн, зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. н.Дүүрэнбаяр гэж мөрдөгч анхнаасаа хэт нэг талыг барьж ажилласан. ...” гэв.

Прокурор Б.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааг яллах болон цагаатгах нөхцөл байдлыг тэгш харгалзан үзэж явуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд ямар нэгэн байдлаар оролцогч нарын эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, бусад нөхцөл байдал зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан үзэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр ямар нэгэн хууль зөрчсөн зүйлгүй. Шүүгдэгч П.Ч нь тухайн үед байгаагүй гэж мэдүүлдэг боловч тэр талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Тэр талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч тухайн нөхцөл байдал нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал:

            Прокуророос, шүүгдэгч П.Чыг “хүний эрүүл мэндэл хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.О“мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүгдэгч П.Ч, С.Онарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ...” гэсэн заалт бий.

Хэрэгт буй баримтаас тухайн үйл явдал бий болсон гэж үзэх цаг хугацааг үзэхэд 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Д.Мгэдэг хүн цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл, гаргаж гэрчээр мэдүүлэг авчээ. /1хх 10, 20-21/

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр С.О, П.Ч нараас гэрчийн мэдүүлэг /1хх 23-27/,  Д.М хохирогчоор мэдүүлэг авчээ. /1хх 14-16/ Уг цаг хугацаанаас өмнө юм уу, уг цаг хугацаатай давхцуулж яагаад таньж олуулах ажиллагаа хийгдээгүй нь ойлгомжгүй.

Хохирогч Д.М таньж олуулах ажиллагаа хийгдэхийн өмнө буюу  буюу 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр  мэдүүлэг авахад “...мөрдөн байцаагч, мөрдөгч намайг дуудаад, хурууг чинь мушгисэн хүнийг чинь олчихлоо, хүрээд ир гээд очиход миний хурууг хугалсан гэх Чинбат сууж байсан. Ингээд содон тэмдэгийг нь ярьсан. /1хх 19-20/ гэж мэдүүлсэн байх бөгөөд тэр өдрөө буюу 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр таньж олуулах ажиллагаа хийгджээ.

Хэргийн оролцогч нарыг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бүгдийг нь дуудаж мэдүүлэг авсан бөгөөд түүнээс хойш 5 сарын дараа таньж олуулах ажиллагааг  2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр явуулсан. Энэ хугацаанд дээрх хүмүүс бие биенийгээ харсан, ямар хүмүүс вэ гэдгийг харах боломжит хугацаа өнгөрсөний дараа таньж олуулах ажиллагааг хийсэн нь ойлгомжгүй, энэ талаар тодруулах нь зүйтэй.

Мөн тухайн цаг хугацаанд буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол хотхоны камерын бичлэгт үзлэг хийгээгүй бөгөөд камерийн бичлэг тухайн орчинд байсан талаар огт шалгаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Ч, С.Онарт холбогдох хэргийг тухайн шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хэрэг буцсантай холбогдуулан тус шүүх хуралдаанаар П.Ч, С.Онарын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Ч, С.Онарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол П.Ч, С.Онарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                          Б.АРИУНХИШИГ

                                 ШҮҮГЧ                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ