| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00338/И |
| Дугаар | 149/ШШ2024/00349 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 149/ШШ2024/00349
2024 оны 09 дугаар сарын 04-ны өдөр 149/ШШ2024/00349 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Нийгмийн даатгалын тасгийн хүсэлтээр тус сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль цаазын ахлах зөвлөх А.Энхтуяа, Хаяг: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3-р баг, Сэлэнгэ аймгийн мандал сум дахь сум дундын прокурорын газар-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* баг, ******* тоотод үйл ажиллагаа явуулдаг РД:*******, "*******" ББН /захирал *******, утас: *******/-д холбогдох
нийгмийн даатгалын санд учруулсан хохирол 3,904,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ББН нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтуудад заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Нийгмийн даатгалын санд 3,904,600 төгрөгийн өр төлбөрийг үүсгэсэн байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Нийгмийн даатгалын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 067 дугаартай албан бичгээр прокурорт гаргасан хүсэлтэд "...Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хавсралтад заасан 5 байгууллага ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй 23,342,400 төгрөгийн өр үүсгээд байгаа нь нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтуудыг зөрчиж бана. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуульд заасны дагуу тус байгууллагуудаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 23,342,400 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж, оролцож хамтран ажиллаж дэмжлэг үзүүлнэ үү..." гэсэн байна. Төрийн байгууллагын дээрх хүсэлтийг прокурор хүлээн авч, судалж үзэхэд, "Нийгмийн даатгалын сан" гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөр юм, "*******" ББН нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, нийгмийн даатгалын санд өр төлбөр үүсгэсэн нь төр, нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг, 7/"шимтгэл төлөгч" гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад "Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ", 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтад "Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ", 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 1-д "хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх" гэж тус тус хуульчилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно." Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана." гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд "******* ББН-с Нийгмийн даатгалын санд учирсан өр төлбөр болох 3,904,600 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус- тус үндэслэн улсад төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр прокурорын нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
Хариуцагч "******* ББН нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... "******* ББН нь нийгмийн даатгалын санд төлөх 3,904,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Энхтуяагийн 3,904,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч "******* ББН маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энхтуяагийн 3,904,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч "******* ББН төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ