Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/532

 

 

 

 

 

 

    2022            5             18                                         2022/ДШМ/532                                 

 

                             

 

О.Э, Б.Анарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Баярмаа,

            шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Ц.Энхбаатар, Ө.Батбаяр,

            шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогч У.У, шүүгдэгч Б.Аөмгөөлөгч Ө.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох эрүүгийн 2109000001638 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Харчин овгийн Б.А, 2003 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван богд” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ............

2. Боржигин овгийн О.Э, 2000 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцэгийн хамт ..................

Шүүгдэгч Б.А, О.Э нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хоймор” төвийн орчимд хохирогч У.Утолгой, шанаа хэсэг рүү цохих байдлаар хүч хэрэглэн халдаж түүний эзэмшлийн 967.500 төгрөгийн үнэ бүхий “Рэдми К40” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Э, Б.Анарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.      

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчин овогт Б.А, Боржигин овогт О.Э нарыг бүлэглэн хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, О.Э нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, О.Э нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эы энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 01 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч О.Э, Б.Анар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Эд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Эы өмгөөлөгч Ө.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А, О.Э нарыг бүлэглэн хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан тус зүйл заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч О.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргахгүй, хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа талаар мэдүүлсэн байдаг. Тухайлбал, О.Эы гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Тэгээд би тухайн мөнгийг нь хадгалж байтал цагдаагаас залгаад тухайн хүнд мөнгийг нь өгөөд гар утсыг нь буцааж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Би дээрмийн хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. ..."/хх  24-25/

О.Эы сэжигтнээр өгсөн “...Би дээрмийн хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. ..." /хх 55/

О.Эаас яллагдагчаар өгсөн ...мөрдөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Та тогтоолтой уншиж танилцсан уу гэх асуултад хариулахдаа ...Би тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй, уншиж танилцлаа прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....” /хх 59/ О.Эаас яллагдагчаар өгсөн “....Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, дахин танилцах шаардлагагүй, асуух болон ойлгомжгүй зүйл байхгүй. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... /хх 63/ гэх мэдүүлгүүдийг тус тус өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал нотлогддог. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид хохирол төлбөрийг төлсөн нь хохирогч У.У“...би гар утсаа хүлээн авсан...” /хх 19/ гэрч Л.Пүрэврагчаагийн “...Би тухайн гар утсыг хүлээлгэж өгөхөөр аваад ирсэн. Миний гар утсыг худалдаж авсан залуу өчигдөр надтай холбогдоод миний данс руу 900.000 төгрөгийг шилжүүлж намайг хохиролгүй болгож өгсөн /хх 29/ зэрэг мэдүүлгээр хэрэг хянан шалгах ажиллагааны шатанд өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн зэрэг хувийн байдал нь тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд хууль тогтоогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчлан тогтоохдоо “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан.

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Эы гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлсөн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон байдал /хх 88/ эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэг болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч У.У давж заалдах гомдолдоо: “...Миний бие У.У нь 2021 оны 11 дүгээр сарын 9-ний шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Хоймор” төвийн орчимд явж байгаад Б.А, О.Э нарт гар утсаа дээрэмдүүлсэн. Хэрэг гарснаас хойш Б.А, О.Э нар нь надтай нэг нутаг ус болж таарсан. Үүнээс хойш хэрэг шалгах хугацаанд надтай байнга харилцаа холбоотой байж, шүүх, цагдаа, прокурорын дуудсан цагт тааралдах бүрд уучлалт гуйж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа нь тэр хоёр залуугийн гадаад байдлаас илхэн харагдаж байсан. Тухайн хэрэг гардаг шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, үнэхээр зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаадаа харамсдаг. Гэхдээ дээрх хэрэгт холбогдсон Б.А, О.Э нарын зүгээс миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай 8 хуудас шийтгэх тогтоолтой уншиж танилцсан. Шүүхийн шийтгэх тогтоолд хүндэтгэлтэй хандаж байгаа бөгөөд энэ хоёр залуугийн хувьд надаас удаа дараа уучлалт гуйсан, хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа зэргийг сайн харж, бодсон. Иймд хохирогчийн зүгээс Б.А, О.Э нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан, эрх зүйн байдлыг дээрдүүлэн 1 жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэлтийн хувьд хараат бус, шударгаар шийдвэрлэсэн. Гагцхүү хохирогч нь дээрх 2 шүүгдэгчийг уучилж, эрх зүйн байдлыг дээрдүүлж, оногдуулсан  ялыг ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оноож өгөхийг туйлын их хүсэж ийнхүү гомдлыг гаргасан болно. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Аөмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж тус тус заасан байдаг. Гэтэл прокуророос нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй, зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн нь эрүүгийн хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна. Тухайлбал хохирогч тухайн үйл явдал гарахад их хэмжээний согтолттой байсан, зарим нэг үйл явдлыг санахгүй байсан тухай мэдүүлдэг бөгөөд шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ би гар утсаа халаасандаа хийсэн байсан, тухайн үед газар унасан байхыг үгүйсгэхгүй би гар утсаа алдсанаа өглөө эрүүлжүүлэхээс гарахдаа мэдсэн гэсэн байдаг. Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, эсвэл, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан бол дээрэм гэж үзнэ, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан бол хулгайн гэмт хэрэг гэж үзэхээр тус тус заасан байдаг. Тухайн үйл явдал болох үед хохирогч эд зүйлсээ алдсанаа мэдээгүй байгаа нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Э хохирогчийг босгох үедээ газар байсан /халаасанд байсан гэдгийг нарийн тогтоогоогүй/ гар утсыг авсан байх бөгөөд хохирогч үүнийг мэдээгүй байгаа нь хулгайн гэмт хэргийн шинжийг  агуулсан байна. Мөн шүүгдэгч Б.Амашинд орсон хойноо О.Э хохирогчийн гар утсыг авсан гэдгийг мэдсэн  байдаг.  Энэ нь шүүгдэгч О.Э,          Б.Анарын мэдүүлгээс гадна хохирогчийн би гар утсаа алдсан гэдгээ өглөө эрүүлжүүлэхээс гарахдаа мэдсэн гэсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогддог. Үүнээс харахад Б.Ань хохирогчийг зөвхөн зодоод явсан байх бөгөөд эд хөрөнгийг нь авах дээрэмдэх санаа зорилго огт агуулаагүй байгаа нь харагддаг. Өөрөөр хэлбэл дээрэм хийх зорилго агуулсан байсан бол гар утаснаас гадна түрийвч зэрэг бусад эд зүйлсийг авах бүрэн боломжтой байсан. Харин шүүгдэгч О.Э нь хохирогчийг босгох үедээ гар утсыг нь өөрт нь мэдэгдэлгүйгээр аваад шууд хэргийн газраас Б.Амин-Эрдэнийг аваад холдон машиндаа очоод утас авсан тухай хэлснээс харахад О.Эгийн үйлдэл хулгайн шинжийг илүү агуулсан байгаа нь харагддаг. Дээрх баримт материалаас харахад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж үзээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг алдагдуулсан. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж миний үйлчлүүлэгч Б.Ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн гэмт хэргийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Мөн хохирогчид гар утаснаас гадна шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө Б.Атай хувааж 2.500.000 төгрөгийг түүний сэтгэл санааны хохиролд төлж хохирогчоос удаа дараа уучлалт гуйсан. Хохирогч нь миний буруутай үйлдлийг ойлгож, намайг уучилсан. Миний бие цаашид дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй нийгэмд өөрийн биеэ зөв авч явна гэдгээ шүүхийн өмнө хэлье. Иймд надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэг жилээр тооцон ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Эы өмгөөлөгч Ц.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Эы хувьд анхнаасаа мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Иймд хорих ялыг нь багасгаж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А, О.Э нарын өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгч Б.Ань дөнгөж 18 нас хүрээд уг хэрэгт холбогдсон. Утсыг авсан талаар тодорхой зүйл мэддэггүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э утсыг яаж авсан болохоо тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Ахорих ялыг мөн багасгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Атус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

            Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Яллагдагч, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн бодит байдлыг нотлох, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй. Шүүгдэгчийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсаны үндсэн дээр үнэлдэг. Шүүгдэгч О.Э, Б.Анар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөггүй. Дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй талаар мэдүүлдэг боловч дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч У.У, гэрч Баттөр, Пүрэврагчаа, Оюун-Эрдэнэ, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос “утасны код гаргаад байгаа хүнийг таних уу, таны утасны дугаарыг яаж мэдсэн бэ” гэж шүүгдэгч Б.Аэс асуухад “танихгүй” гэж хариулсан. Кодыг нь гаргаад утсыг Пүрэврагчаад худалдсан байдаг. Бусдад худалдан борлуулсан үйлдлээс харахад ашиг олох зорилгоор бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн. Хохирогч мэдүүлгээ зөрүүтэй өгсөн асуудал байдаг. Гэхдээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос хохирогч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй болохыг сануулан хохирогч У.Уаас “таны устыг яаж авсан бэ” гэж асуухад “миний гараас утсыг булааж авсан” гэж хариулсан. Шүүгдэгч нарын үйлдэл хууль журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, зүйлчлэл дээр маргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэнэ. Гэтэл шүүгдэгч нарын өмгөөлөгч нар анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэх байдлаар өмгөөллийн үгээ хэлж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А, О.Э нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хоймор” төвийн орчимд хохирогч У.Утолгой, шанаа хэсэг рүү цохих байдлаар хүч хэрэглэн халдаж түүний эзэмшлийн 967.500 төгрөгийн үнэ бүхий “Рэдми К40” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь:

хохирогч У.У“...араас үл таних 2 залуу дагаж явж байгаад ар талын харанхуй хэсэг рүү орох үед араас ирээд надаас тамхи асуусан тэгээд би тамхи гаргаад өгөх үед намайг цохиод гартаа бариад явж байсан гар утсыг булааж аваад зугтаасан... Миний шанаа хэсэг рүү толгой хэсэг рүү цохисны улмаас дагзны ар хэсгээр хөндүүртэй, шанаа хэсэгт шалбарсан байсан одоогоор эдгэж байгаа. ...гар утас миний гарт байсан, тэгээд нэг нь миний гараас гар утсыг хүчээр сэгсэрч булааж авсан, тэр үед нэг нь миний шанаа хэсэг рүү цохисон тэгээд би газар унасан. ...” /хх 14-15, 18-19/,

гэрч Б.Б“...нэг залуу ирээд Рэдми К40 маркийн гар утас гаргаж ирээд кодын гаргаад өгөөч гэсэн тэгээд гар утсыг шалгаад үзтэл бүртгэлтэй дугаар нь тухайн 99918061 дугаар байхаар нь өөрийнх нь утас гэж бодоод гаргах гээд тухайн дугаар луу код явуулаад тэр кодоо нь гаргах гэтэл тухайн өдөр 5 код авсан дахин код ирэхээргүй байхаар нь утсаа үлдээгээд маргааш код аваад янзлаад өгье гээд явуулсан. Тэгээд маргааш нь тухайн дугаараар нь кодыг аваад VPN суулгаад ашиглах боломжтой болгосон. Тэгээд над руу найзыгаа явуулна гээд 85937414 дугаараас залгаад манай гэрийн гадаа ирчихлээ гээд би гаргаж өгөөд явуулсан. ...” /хх 32-33/,

гэрч Л.П“...би тухайн гар утсыг гар утас зарна гэсэн зарын дагуу холбогдоод үнэ тохироод өөрөө явж амжихгүй болохоороо ажпын хүнээ явуулаад авахуулсан. Тэгээд аваад гар утсыг форматлаад ашиглах гэтэл айди локтой код нэхээд орохгүй байсан. Тэгэхээр нь худалдаж авсан гэх залуугийн 85157031 гээд дугаараар нь холбогдоод хэлтэл наадхын чинь кодыг би нээгээгүй юм, манай нэг ах нээж өгсөн болохгүй бол яриад хэлээрэй гэсэн. Тухайн хүнтэй холбогдоод янзлуулчих гээд надад 91987887 дугаарыг өгсөн, тэр дугаараар нь залгаад ярьтал “надтай хүн ярьсан зүйл байхгүй, юу яриад байгаа юм” гэсэн. Тэгээд удахгүй над руу залгаад “наад утсыг чинь надад нэг залуу ирээд гаргуулаад байсан дараа нь бас нэг залуу залгаад би утсаа алдсан эзэн нь байна гээд яриад байсан” тэр хүн сайн мэдэж байгаа байх...би тухайн гар утасны 900.000 төгрөгийг 5376260307 Оюун-Эрдэнэ гээд гээд эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. ...”/хх 28-29/,

гэрч Б.О“...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний дансанд 900.000 төгрөг орж ирсэн тэгээд би ямар учиртай мөнгө болох талаар асуухад гар утас зарсан л гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. ...” /хх 37-38/ гэсэн мэдүүлгүүд,

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10-11/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн №СБ1-21-1446 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 967.500 /есөн зуун жаран долоон мянга таван зуун төгрөг/-р үнэлэгдэв гэх тайлан, /хх 40-41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Б.А, О.Э нарыг бүлэглэн хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.А, О.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.А, О.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан хуулийн заалтаас  2 жилийн хугацаагаар хорих ялыг буюу доод хэмжээнээс сонгон оногдуулжээ.  

Шүүгдэгч О.Эы өмгөөлөгч Ө.Батбаярын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэг болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч О.Эы “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэг жилээр тооцон ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

хохирогч У.У“...Хоёр шүүгдэгчийг уучилж, эрх зүйн байдлыг дээрдүүлж, оногдуулсан  ялыг ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хугацаагаар  ял оногдуулж   өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан.

Шүүгдэгч О.Эы гэмт хэрэг үйлдэж, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Харин шүүгдэгч Б.Аөмгөөлөгч Г.Батбаярын “...шийтгэх тогтоолыг өөрчилж, Б.Ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

Хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судлахад,  Б.Адээрмийн гэмт хэргийг О.Этай хамтран үйлдсэн нь нотлогдсон ба анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Б.Ань анхан шатны шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байхгүй байна.

Иймд О.Эы ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогч У.Угаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч Б.Аөмгөөлөгч Ө.Батбаярын гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гомдлыг хэрэгсэхгүй болгож Б.Ад оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.А, О.Э нар нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, О.Э нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амин-Эрдэнийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Эыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, О.Э нарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2  жилийн хорих ял, О.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Б.Аөмгөөлөгч  Ө.Батбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, О.Э нар нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 62 хоног хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ        

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ