Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/00927 |
Огноо | 2016-09-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2016/00927
Д.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01560 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 793 дугаар магадлалтай,
Д.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй
ИНЕГ-т холбогдох,
орон сууцны үнэ 119.664.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт түүний өмгөөлөгч Д.Сэрдамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сүхбат, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 651 дүгээр тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газраас надад "Улаанбаатар хотод 2 өрөө шинэ орон сууц" авч өгөх талаарх эвлэрлийг баталж, орон сууцны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг биелүүлэх зорилгоор Иргэний нисэхийн Ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын тасгаас 2 өрөө байрны үнэ ханшийн судалгааг 2015 оны онлайн судалгаа, зар мэдээ сонин, орон сууц шууд борлуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн танилцуулга зэргийг үндэслэн хийж 60 м.к-ын хэмжээтэй 2 өрөө орон сууцны үнэ 120 000 000 төгрөг, 1 м.кв-ын үнэ нь 2 000 000 төгрөг гэсэн үнийн саналыг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16 тоот албан бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газарт албан ёсны санал тавьж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2014 оны 651 дүгээр тогтоолыг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гаргасан боловч хариуцагч биелүүлэхгүй байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдаваа тогтоолыг биелүүлэх зорилгоор 2 өрөө орон сууцыг Д.Эрдэнэцогт надад худалдан авч өгөхийг үүрэг болгон 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А/592 тоот тушаал гаргасны дагуу би "Юу Би Эйч Проперти" ХХК-тай "Орон сууц захиалгаар бариулах" НРТ1ЗС45 тоот гэрээг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулан 66.48 м.к 2 өрөө орон сууц захиалсан юм. Иймд дээрх "Юу Би Эйч Проперти" ХХК-тай байгуулсан 2 өрөө орон сууцны үнэ 119 664 000 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж өгнө үү. 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн үнийн санал дээр намайг оролцуулан гарын үсэг зуруулж байсан, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/592 дугаар тушаалд Иргэний нисэхийн ерөнхий газар хөрөнгө гаргахаар шийдсэн байгаа, би энэ тохиролцоонд үндэслэж нэхэмжилж байгаа байрыг захиалсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй гэсэн учраас нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хариуцагчаас нэхэмжлэгчид 2 өрөө орон сууц авч өгөхөөр тохиролцож эвлэрлийг баталсан 651 дүгээр тогтоол, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/592 дугаар тушаалаар Д.Эрдэнэцогтод байгууллагын зүгээс судалгаа хийж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, "Хангай" орон сууцны хотхоны 510 дугаар байранд 36.51 м.кв 2 өрөө 69 916 650 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг "Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулан санал болгосон боловч Д.Эрдэнэцогт хүлээж аваагүй. Дээрх 651 дүгээр тогтоол, тушаалд Д.Эрдэнэцогтод 2 өрөө орон сууц авч өгөхөөр тусгахдаа үнэ болон хэмжээг нарийвчлан заагаагүй. Мөн нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын тасгаас Захиргаа, удирдлагын газарт хүргүүлсэн дотоод албан бичиг нь зөвхөн үнийн судалгаа, санал бөгөөд Д.Эрдэнэцогтын нэхэмжилсэн үнэ, хэмжээ бүхий орон сууцыг олго гэсэн шийдвэр биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний нисэхийн ерөнхий газар нь жил бүр төсөв баталдаг, энэ асуудлыг байгууллагын үзэмжээр шийддэг асуудал биш, боломжгүй гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01560 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтын "Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Орон сууцны хэмжээ, үнэ тогтоолгох, орон сууцны үнэд 119 664 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 756.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 793 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 110 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 793 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь гэрээгээр хүлээсэн 2 өрөө /шинэ/ орон сууцыг худалдан авч нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ зөрчсөн...” гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч байгууллагын зүгээс Улсын дээд шүүхийн 2014 оны 651 дүгээр тогтоолыг биелүүлэхээр байгууллагын зүгээс судалгаа хийж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” орон сууцны хотхоны 510 дугаар байранд 36,51 м.кв 2 өрөө 69.916.650 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан олгохоор болсон боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй. Энэ тухай буюу нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтод 2 өрөө шинэ орон сууц худалдан авч өгөхөөр болсныг хариуцагчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/2971 тоот албан бичгээр тодорхой мэдэгдсэн.
Магадлалд “Эвлэрлийн гэрээнд заасан Улаанбаатар хот дахь 2 өрөө орон сууц нь Хан-Уул дүүрэгт байрлах 2 өрөө орон сууц байсан гэдэг хүсэл зоригийг илэрхийлсэн агуулгатай санал танилцуулах баримтад хариуцагч байгууллагын эрх бүхий ажилтнууд болон Д.Эрдэнэцогт нарын хооронд орон сууцны зах зээлийн дэлгэрэнгүй үнийн судалгааг хийж, хамгийн боломжит үнийн санал 120.000.000 төгрөгөөр зөвшөөрсөн ба дээрх үнийг бууруулж 110.000.000 төгрөг болгон тохирох саналыг хүргүүлж байсныг талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “хэлцэл” байгуулагдсан, уг хэлцэл нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасан “...хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага”-д нийцсэн гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь дээрх санал нь зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын тасгаас гаргасан үнийн танилцуулга бөгөөд шийдвэр биш, Эвлэрлийг баталсан хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны 651 дүгээр тогтоолд “Хан-Уул дүүрэгт” гэж тодорхой заагаагүй, зөвхөн 2 өрөө /шинэ/ орон сууц худалдан авч өгөх гэж тусгасан. Түүнчлэн батлагдсан төсвийн хүрээнд шийдвэр гаргах эрх бүхий субьект нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга байдаг. Газрын даргын зүгээс Магадлалд дурдсан “эрх бүхий ажилтнууд”-дад орон сууцны үнийг тогтоож, шийдвэр гаргах тухай эрх олгосон эрх зүйн баримт хэрэгт авагдсан материалд байхгүй байтал хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхгүй баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн.
Магадлалд “Д.Эрдэнэцогтын нэхэмжлэлийн шаардлага нь Улаанбаатар хотод 2 өрөө /шинэ/ орон сууцаар хангуулах тухай эвлэрлийн гэрээнээс татгалзаж, уг орон сууцны үнийг гаргуулах агуулгатай байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар уг 2 өрөө орон сууцаар хангуулах тухай гэрээнээсээ татгалзаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэсэн нь хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан гэх үндэслэлтэй байна.
Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад учирсан хохирлын талаар дурьдаагүй, нэхэмжилсэн 119.664.000 төгрөгтэй дүйцэх бодитой хохирол учруулсныг нотлох баримт хэрэгт цугларсан материал дунд байхгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг шүүхээс хэрэглэсэн нь Хяналтын шатны шүүх хуралдаанаар талууд эвлэрсэн байгаа нь эвлэрлээс татгалзах үндэслэл болохгүй, мөн хуулийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүссэн нь ямар үндэслэлтэй байгаа нь тодорхойгүй байтал шүүхээс санаачлагчаараа хохирол учруулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Магадлалд нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтын “Юу Би Эйч Проперти” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-нд 2 өрөө орон сууцыг 119.664.000 төгрөгийн үнэтэйгээр байгуулсан байх ба нэхэмжлэгчийн хувьд хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор 2 өрөө орон сууцны үнийг талуудын өмнөх тохиролцоонд тусгагдсан 110.000.000 төгрөгийн хэмжээнд хохирлыг учирсан гэж үзнэ” гэснийг зөвшөөрөх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн сайн дураараа “Юу Би Эйч Проперти” ХХК-тай 2 өрөө орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан нь манай байгууллагаар хянагдаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дурьдагдаагүй, мөн тухайн жилийн байгууллагын төсөвт тусгагдаагүй хэт өндөр үнэтэй тул бид тухайн орон сууцыг худалдан авч олгох боломжгүй. Хариуцагч байгууллага Иргэний нисэхийн ерөнхий газар нь жил бүрийн батлагдсан төсвийн дагуу “Хөдөлмөрийн дотоод журам”-д зааснаар тодорхой шаардлага хангасан ажилтанд орон сууц худалдан авахад нь нэг удаа дэмжлэг үзүүлдэг бөгөөд орон сууц худалдан авч өгнө гэсэн ойлголт биш юм. Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2 өрөө шинэ орон сууц авч өгөхөөр тохиролцож эвлэрсэн нь тухайн асуудлаар байгууллагыг төлөөлж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх, үүргээ хэтрүүлэн байгууллагын дотоод журмыг зөрчин, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулаагүйгээр шийдвэр гаргуулсан нь манай байгууллагын хувьд хохиролтой байгаа юм.
2. Магадлалын ТОГТООХ хэсэгт: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 110.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөлт оруулсныг эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь хариуцагч байгууллага Иргэний нисэхийн ерөнхий газар нь Эвлэрлийн дагуу 2 өрөө /шинэ/ орон сууцыг худалдан авч өгөхөөр тухай жилийн төсөвт багтаан шийдвэрлэн үүргээ биелүүлж шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн тухай нотлох баримтыг анхан шатны шүүхэд хүсэлт гарган шүүхийн журмаар гаргуулсан, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасан бодитой хохирлыг нэхэмжлэгч талд учруулаагүй, тодорхой эд хөрөнгийн хувьд хэрэглэх хуулийн заалт байсан ба шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай ажиллагаа хийгдэж, байгууллагын үзэмжээр шийдвэрлэх боломжтой асуудал байтал Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс гаргасан магадлал нь хариуцагч үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчиж нэхэмжлэгч талд хохирол учруулсан гэсэн агуулгатай шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэн тайлбарласан, хэт нэг талийг барьсан, илтэд ашиг сонирхол бүхий магадлал гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Д.Эрдэнэцогтын нэхэмжилсэн орон сууцны хэмжээ, үнэ тогтоолгох, орон сууцны үнэд 119 664 000 төгрөгийг өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар нь нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтод “...Улаанбаатар хотод 2 өрөө /шинэ/ орон сууц авч өгөх”-өөр харилцан тохиролцож эвлэрснийг Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 651 дүгээр тогтоолоор баталсан байх ба нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 119.664.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ИНЕГ-ын Хөрөнгө оруулалтын тасаг Улаанбаатар хотод баригдаж ашиглалтад орсон шинэ орон сууцны зах зээлийн үнийн судалгааг хийсний үндсэн дээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 2 өрөө орон сууцыг сонгож, үнийг 110.000.000 төгрөгөөр тохирох санал гаргасан, ИНЕГ-ын даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/592 дугаар тушаалаар Д.Эрдэнэцогтод орон сууц худалдан авах хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь “Юу Би Эйч Проперти” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 66.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 119.664.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 8-13, 35 дугаар тал/.
Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” орон сууцны хотхоны 510 дугаар байрны 79 тоот 36.51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Д.Эрдэнэцогтод санал болгосон гэх байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх “...ИНЕГ нь хүлээсэн үүргээ биелүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.
Хариуцагч ИНЕГ нь “...2 өрөө орон сууц авч өгөх” үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч орон сууцны үнийг шаардах эрхтэй, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс 110.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 793 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2016/18217 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ