| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1285/э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 42
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Д.Б-, хохирогч В.С-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1352 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1050 дугаар магадлалтай, Д.Б-өд холбогдох 1806005750747 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, группд байдаг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхоны 5-34 тоотод оршин суух,
УБГШүүхийн 1983 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулж, 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
НРШүүхийн 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Х овогт Д-н Б-.
Д.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны 34 тоотод хамтран амьдрагч В.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б- гаргасан гомдолдоо “...Д.Б- миний бие шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шийдвэрийг буруу гаргасан гэж үзэж гомдолтой байна. 2017 оны 12 сарын 29-ний өдөр С- нь манай гэрт хүүхдүүдтэйгээ уулзана гэж ирээд хэрүүл хийж маргаан үүссэн. Тухайн үед миний бие С-гын биед нэг ч удаа хүрээгүй. Гэрт орилж хашхираад байхаар нь би өөрөө цагдаа дуудаж өгсөн ба өргөдлийг би бичиж өгсөн. Миний бие энэ хэрэг болохоос өмнө 2017 оны 12 сарын 26-ны өдөр гэрээс эд зүйлс алдсан буюу С- нь хэлэлгүй гэрт маань ирж ирээд хулгай хийсэн талаарх гомдол гаргасныг 3 хоногийн дараа энэ маргаантай холбогдуулан миний өргөдлийн 3/3397 тоот хэргийг 2018 оны 01 сарын 03-ны өдрийн хэрэг шилжүүлэх тогтоол дээр миний гаргасан өргөдлийг С-г бичсэн болгож гомдлыг маань шалгалгүй сольж бусдын биед гэмтэл учруулсан хэрэг үүсгэсэн. Энэ хэргийн хохирогч сэжигтэн 2-г сольж шийдвэрлэж хэрэг үүсгэсэн тул гомдолтой байгаа.
Гэтэл хавтаст хэрэгт миний гаргасан өргөдлийг С-г өргөдөл бичсэн болгож миний гаргасан өргөдлийг авч үзээгүй. Мөн болсон явдлын талаар хөрш маань гэрчийн мэдүүлэг тайлбар өгснийг харгалзан үзээгүй. Дуудлагаар ирсэн цагдаагийн ажилчдын мэдүүлэг зэргээр манайхаас гарахад С-гын биед эл үүссэн шарх, сорив, хавдар байгаагүй зэргийг гэрчилсэн. Гэтэл хэргийг хохирогч гэх С-гын мэдүүлгийг үндэслэн хэзээ, хаана, учирсан гэмтэл болохыг ч тогтоогоогүй байж миний учруулаагүй гэмтлийг намайг цохисон болгон хэргийг шийдвэрлэж надад ял өгсөнд гомдолтой байна. Миний бие энэ талаар хэргийг шалгаж байх хугацаанд мөрдөгчид 2 удаа, прокурорт 2 удаа хүсэлт бичиж өгсөн боловч миний хүсэлтийг нягтлан шалгаагүй өөрсдийн үүрэгт ажлаа хийгээгүй.
Мөн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр нь үнэн бодит байдалд нийцээгүй шийдвэр гарган шийтгэх тогтоол бичиж болсон явдлын талаар шүүх прокурор нь ирээдүйд болсон мэтээр шийдвэр гаргасан тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие өрх толгойлсон 1-5 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдаж группд байдаг болно” гэв.
Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б- нь хамтран амьдрагч В.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Д.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны 34 тоотод хамтран амьдрагч В.С-гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Д.Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1352 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1050 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Д.Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН